Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/703

 

 

        2022         06            02                                    2022/ШЦТ/703

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: Г.Хулан,

улсын яллагч: Д.Ууганцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.Ж,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: А.О,

өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Ц,

өсвөр насны шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж *******т холбогдох эрүүгийн 2208000000000  тоот хэргийг 2022.05.18-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2004 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн Ерөнхий боловсролын 000 дүгээр сургуулийн 0в ангийн сурагч, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо Нүхтийн 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Монлааны 00-0 тоотод байрлах “Н” хүүхдийн асрамж халамжийн төвд амьдардаг, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Боржигон овогт О-гийн Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 151 дүгээр дунд сургуулийн гадна талд насанд хүрээгүй Н.Дий нүүрэн тус газар өшиглөж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Насанд хүрээгүй хохирогч Н.Дий ”...2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ...сургуулийн гадна талд найз А.Оын цуг сууж байтал ...******* хүрч ирээд “Сайн уу андаа. Үзэх үү?” гэх мэтээр намайг өдөөд байхаар нь би түлхсэн чинь яваад өгсөн. Би найзтайгаа утсаа оролдож байтал миний хамар руу хүн өшиглөсөн. ...Би утсаа оролдож байсан болохоор ирж байгааг нь мэдээгүй. Миний хамарнаас цус гараад, түүнийг жижүүр харчихсан байсан. Т бид 2 ер нь муудалцаад байдаггүй, өмнө нь зодолдож байгаагүй. ******* өшиглөсний улмаас миний хамар хугарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

- Насанд хүрээгүй гэрч А.Оын “...Би хичээлээ тараад Н.Дий сурдаг ...151 дүгээр сургууль дээр очсон. ...Бид 2 уулзаад юм яриад гаднах сандал дээр нь сууж байтал манай 104 дүгээр сургуулийн ...9в ангийн ******* хүрч ирсэн. ******* Дд хандаж “Чи чинь яасан өндөр болчихсон юм бэ?” гэж хэлсэн. Тэр үед нь Н.Д ямар нэгэн зүйл хэлээгүй чимээгүй сууж байсан. ...Түүний дараа Т сургуулийн хажууд өөр хүмүүстэй уулзаад, удалгүй буцаж ирээд Дий нүүрэн тус газар нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3367 дугаартай “Н.Дий биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, эрүү, уруулд зулгаралт, 1 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-ийн 20-21/,

- Өсвөр насны яллагдагч *******ийн “...2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ...151 дүгээр дунд сургууль дээр сагсны бөмбөг авах гээд өдөр хичээлээ тараад очсон юм. Тэр үед Н.Дөө буюу өмнө нь манай 104 дүгээр дунд сургуульд сурч байсан хүүхэд сургуулийн гадаа зогсож байсан. Тэгэхээр нь би “Сайн уу, андаа. Юу байна?” гэсэн чинь “Чи хэн юм бэ?” гэхээр нь “Чи намайг танихгүй байгаа юм уу?” гэтэл “Чамайг танихгүй байна” гээд намайг заамдаад байхаар нь би болиод найзтайгаа уулзах гээд явсан. Тэгээд буцаад явтал Н.Дөө сандал дээр сууж байхаар нь нүүрэн тус газар нь зүүн хөлөөрөө өшиглөчихсөн. Н.Дөө босож ирээд зууралдаад заамдалцаад байж байтал сургуулиас хүмүүс гарч ирээд салгасан. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Дахин ийм алдаа гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх баримтууд шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 151 дүгээр дунд сургуулийн гадна талд урьд нэг сургуульд хамт сурч байсан гэх Н.Дийг өөрийг нь танихгүй байна гэх шалтгаанаар заамдалцаж муудалцсан ба хэсэг хугацааны дараа буцан ирж Н.Дий нүүрэнд нь өшиглөж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч Н.Дий мэдүүлэг /хх-8/, гэрч А.Оын мэдүүлэг /хх-16/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3367 дугаартай “Н.Дий биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, эрүү, уруулд зулгаралт, 1 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-20-21/, шүүх эмнэлгийн шинжээчийн 2022.02.28-ны өдрийн 3416 дугаартай “*******ийн бие дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, хүзүүнд зулгаралт, зүүн гарын эрхий хураанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-25-26/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хувийн сэдэлтээр, шууд санаатайгаар хүний хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ийн хууль бус санаатай үйлдлийн улмаас Н.Дий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2022.02.25-ны өдрийн 3367 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Н.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Ж нар нь Н.Дий эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга хэлбэрээр арилгахыг шүүгдэгч *******ээс шаардах эрхтэй байна.

          Хохирогч Н.Дий толгойн КТГ хийлгэхэд зарцуулсан 120000 төгрөгийг 2022.05.30-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Жын шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.

          Хохирогч Н.Дий биед учирсан “хамар ясны хугарал, таславчийн мурийлт” гэмтлийг цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх боловч эмнэлгийн байгууллагаас “мэс засал хийх шаардлагатай эсэхийг тухайн хугарал гэмтэл нь бороолсны дараа буюу 6 сарын дараа үзлэг хийж шийдвэрлэнэ” гэх хариу өгсөн байх тул өнөөдрийн шүүх хуралдаанаар эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, хохирогч тал эмчилгээ хийлгэсэн талаараа нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

          Өсвөр насны шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоор баримтаар нотлогдсон хэмжээнд нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус харьцаа, үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Өсвөр насны шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт 3 цагаас дээшгүй хугацаагаар нийтэд тустай ажил хийл хийлгэх ялын хугацааг тогтоох” саналыг, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “өсвөр насны шүүгдэгч *******ийн хувийн байдал болон хувийн таарамжгүй харилцааны улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж өгнө үү” дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно.

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, баримтаар нотлогдсон төлбөрийг бүрэн төлж бусдад төлбөргүй болсон, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулан шийтгэж, тухайн ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр чөлөөлж, тухайн ялыг эдэлж дуусгах ажлын 40 хоногийн хугацаанд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн ажил сургууль руу очихыг хориглох, аливаа хэлбэрээр харилцахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт О-гийн Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт О-гийн Тт 120 /нэг зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар *******т оногдуулсан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Боржигон овогт О-гийн Тт энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 40 /дөч/ хоногийн хугацаагаар хохирогч Н.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Ж нартай аливаа хэлбэрээр /биечлэн, гар утсаар болон сошиал г.м/ харилцахыг хориглох, тэдний оршин суугаа газар, ажил, сургууль руу очихыг хориглох эрх хязгаарлах  албадлагын арга хэмжээ авсугай.

5. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогчид 120000 төгрөг хүлээлгэн өгсөн ба бусдад төлөх төлбөргүй болсон, хохирогч нь эмчилгээтэй холбоотой цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж, жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхээс тогтоосон эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд энэхүү шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна гэдгийг *******т мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 С.СЭРЖМЯДАГ