Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/710

 

 

      2022          06          03                                   2022/ШЦТ/710

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Г.Хулан,

улсын яллагч: Б.Чинзориг,

улсын өмгөөлөгч: Л.А,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2203001000004 тоот хэргийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа борлуулалтын жолооч ажилтай, ам бүл-6, эхнэрийн 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 00 айл гудамж 00 тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй /РД:**000000/ Боржигон овогт Бын Б нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ, хэргийн газрыг зориуд орхин зугтаах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 21 цаг 37 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо “Х” захын хойд талд байх “О” караоке төвийн авто зогсоол дээр “Х” маркийн 00-00 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслээр явган зорчигч П.Нг мөргөн түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, тийнхүү мөргөж гэмтээсний дараа хэргийн газрыг зориуд орхин зугтаасан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх -6-13/,

- Хохирогч П.Нгийн “2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр найз Л-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн “Х” захын арын “О” нэртэй караокед уулзан.../...найзтайгаа хамт гараад хашаа нь дотор тамхи татаад зогсож байхад нэг хар машин ухарч гараад явах шиг болоод буцаж хашаанд орж ирээд зөөлхөн яваад тамхи татах цэгийн ойролцоо ирээд гэнэт хаазалж ирээд урд хамар хэсгээрээ намайг байшингийн бетонон цементтэй хэсэгт байшинтай хавсраад мөргөсөн. Би тэр доор нь газарт унаад баруун хөл гишгэж болохгүй ухаан балартан гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн” гэх мэдүүлэг /хх-22-23/,

- Гэрч Д.Лийн “2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр манай найз П.Н над руу утсаар залгаад “Хангай” захын арын “Од” нэртэй караокед дуудсан би очоод архи уугаагүй. П.Н хамт тамхи татъя гээд караокеноос гаран хашаа нь дотор тамхи татаад зогсож байхад хар өнгийн жижиг автомашин хашаанаас гарсан, буцаж нөгөө машин хашаа руу орж ирэхдээ их удаан явж байснаа гэнэт хаазаа нэмээд караоке руу орох гэж байсан П.Нг урд хэсгээрээ байшингийн бетонтой хавсарч мөргөөд унагаасан. Жолооч нь гарч ирэхдээ миний машины хроп нь болохгүй байгаа юм уучлаарай гэж хэлсэн. П.Н ухаан алдсан, тэр даруй эмнэлэг, цагдаа дуудсан. Автомашины жолооч машиныхаа ойролцоо зогсож байсан, би П.Нгийн хажууд очоод байж байхад нөгөө жолооч залуу алга болсон. Жолооч нь 30 орчим насны, шар царайтай туранхай залуу байсан. Жолооч залуу согтууруулах ундаа хэрэглэсэн, пиво барьсан автомашиндаа сууж байсан” гэх мэдүүлэг /хх-33/,

- Гэрч Г.Мын “би 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хуваарийн дагуу жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Орой 22 цаг өнгөрч байхад дээрх дуудлага ирсний дагуу хэргийн газарт ажилласан. 00-00 УНС улсын дугаартай “Хонда Пит” маркийн автомашин нь иргэн П.Нг мөргөж гэмтээн, автомашины жолооч нь автомашинаа орхин хэргийн газраас зугтсан байсан. Улсын дугаараар мэдээллийн сангаас шүүж үзэхэд Батцэцэг гэдэг хүний нэр дээр байсныг утсаар нь холбогдоход манай арын хашаанд байдаг эмээгийн Баагий гэдэг хүүхэд худалдаж авсан, тэр залуу 00-00 УНС дугаартай автомашинтай хулгайн хэрэг хийгээд Хан-Уул дүүргийн цагдаагаас хоригдон шалгагдаж байгаа байх, харин сүүлд Баагий гэх залуугийн дүү Баянаа гэдэг залуу унаж байсан гэж хэлсний дагуу мэдээллийг нь торгуулийн бүртгэлээс хайхад Бын Б унаж байгааг нь тогтоосон. 3 дугаар сарын 04, 06, 08-ны өдрүүдэд удаа дараа гэрийн хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо 22-18 тоот, мөн ээжийнх нь хаягийг шалгасан боловч гэртээ байхгүй, ирээгүй байсан. 3 дугаар сарын 11-ний өдөр өглөө эрт нь очиход байхгүй байсан. Ээжийн нь гэрийн гадаа очоод гэр рүү нь орох гэж байхад ******* гэрээс нь гарч ирэхэд барьж авсан” гэх мэдүүлэг /хх-35/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.03.14-ний өдрийн 3916 дугаартай “П.Нн биед баруун шилбэний шаант ясны ил хугарал, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн өвдөг, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-51-53/,

- Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022.03.23-ны өдрийн 0000000 дугаартай “...00-00 УНС улсын дугаартай Honda Fit-GD маркийн автомашины эд ангиуд нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. ...зүүн талын ойрын гэрэл, баруун талын ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байгаа нь осол гарахад нөлөөлсөн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-61-64/,

- Мөрдөгчийн 2022.04.11-ний өдрийн 384 дугаартай магадлагаа /хх-67-68/  зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Б.Бын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 21 цаг 37 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо “Хангай” захын хойд талд байх “О” караоке төвийн авто зогсоол дээр “Хонда Пит” маркийн 00-00 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслээр П.Нг мөргөн түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан ба уг үйлдлийг гаргасны дараа цагдаагийн ажилтан ирэхээс өмнө автомашинаа орхиж, хэргийн газраас зугтсан үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-ын “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй ” заалт, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-ийн “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй” заалт,  Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” мөн дүрмийн 3.7 дахь заалт “ Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг .../...согтууруулах ундаа,  .../... хэрэглэсэн, .../... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэх заалт, мөн дүрмийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэх заалтыг тус тус зөрчсөн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд, мөн энэ гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч *******ын хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас иргэн П.Нн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч П.Н нь ГССҮТөвд 2022.03.04-ний өдөр баруун шаантны ил хугарлыг гадна бэхлэгчээр бэхлэх мэс засалд орж, 8 хоног хэвтэж эмчлүүлсэн болох нь шинжээчийн 2022.03.14-ний өдрийн 3916 дугаартай дүгнэлт /хх-51-53/, өвчний түүх /хх-142-149/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь өөрийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч П.Н өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга хэлбэрээр арилгахыг шүүгдэгч *******аас шаардах эрхтэй байна.

          Хохирогч П.Н нь баримтаар 148075 төгрөг, баримтгүйгээр суга таяг, тэргэнцрийн төлбөрт 500000 төгрөг, зөөврийн суултуур 100000 төгрөг, 3 сар ажилгүй байсан хугацааны цалин 4500000 төгрөг, нийт 5248000 төгрөгийг *******аас нэхэмжилсэн байна /хх-25/.

          Дээр дурьдсан хуульд зааснаар хохирогч нь гэм хорын төлбөрийг нэхэмжлэх эрхтэй хэдий ч тухайн нэхэмжлэлээ нотлох баримтаа цуглуулж, хэрэгт хавсаргуулан ирүүлэх үүрэгтэй. Хэрэгт хавсарган ирүүлсэн баримтаар хохирогчийн нэхэмжлэл нь хангалттай нотлогдохгүй байх тул өнөөдрийн шүүх хуралдаанаар эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ. Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Н нь баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгааг энэхүү тогтоолын тогтоох хэсэгт заах нь зүйтэй байна.

          Шүүгдэгч ******* нь хохирогч П.Нд 500000 төгрөг хүлээлгэн өгсөн нь хохирогч хавтаст хэргийн материалтай танилцаад гаргасан тайлбараар нотлогдож байх тул өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй байна.

          Шүүгдэгч *******ын жолоодож замын хөдөлгөөнд оролцсон “Хонда Пит” маркийн 00-00 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчээр иргэн С.Батцэцэг нь бүртгэлтэй боловч бодит байдал дээр С.Батцэцэг нь 2021 оны 8 дугаар сард *******ын ах *******од 1500000 төгрөгөөр худалдсан болох нь С.Бгийн мэдүүлэг, шүүгдэгч *******ын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Иймд С.Батцэцэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан иргэний нэхэмжлэгч биш байх тул мөрдөгчөөс иргэн С.Бийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

          Шүүгдэгч ******* нь урьд шүүхээр 2 удаа ял шийтгүүлж байсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

          - 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 427 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

          - 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 336 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 11328000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, цагдан хоригдсон 59 хоногийн 1 хоногийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож торгох ялыг эдэлсэнд тооцсон болох нь эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-120/, шийтгэх тогтоолуудын хуулбар /х.х-123-137/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан ялыг биечлэн эдэлж дуусгасан, ялгүй болсон байх тул түүний урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

          Шүүгдэгч *******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах ялыг дүйцүүлэн 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, түүний цагдан хоригдсон 21 хоногийг хорих ялаас хасаж 1 жил 1 сар 9 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид 500000 төгрөг төлсөн. Шүүгдэгч ******* нь хохирол төлбөрийг бага хэмжээгээр төлсөн болон цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно.

          Дээрх нөхцөл байдлыг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, хот хооронд зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулан шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ял, нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч *******ын цагдан хоригдсон хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож хасах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Бын Быг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд,

мөн энэ гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Бын Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурван/ жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, хот хооронд зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ын цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 168 цагийн ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцон хасаж, биечлэн 132 /нэг зуун гучин хоёр/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр тогтоосугай.

6. Шүүгдэгч *******ын хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогчид 500000 төгрөг хүлээлгэн өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч П.Нгийн нийт 5248000 төгрөгийг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөрдөгчөөс иргэн С.Батцэцэгийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг тус тус хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ