Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/711

 

      2022         06           03                                     2022/ШЦТ/711

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, ерөнхий шүүгч Б.Дашдондов, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Г.Хулан,

улсын яллагч: Г.Лхагвасүрэн,

иргэдийн төлөөлөгч: Г.Ундармаа,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ш.Дуламсүрэн,

улсын өмгөөлөгч: Л.Амартогос,

шүүгдэгч: Ш.Эрдэнэбаяр нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн 2208000000237 тоот хэргийг 2022.05.19-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                               

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Угтаал-Цайдам суманд 1977 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 34-04 тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай  /РД:НТ77090611/ Боржигон овогт Шагдарын Эрдэнэбаяр нь онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 427 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурьдсанаар: Ш.Эрдэнэбаярыг 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Хилчин 34 дүгээр гудамжны задгай тоотод өөрийн гэртээ хамт амьдарч, өөрийн асаргаанд байсан төрсөн ах Ш.Элбэрэлтийг “галаа түлж, хоолоо хийсэнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт, цээж, хөл, толгой хэсэгт гараараа болон хөлөөрөө цохих зэргээр зодож олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгаж онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг үйлдсэн үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /хх-245/

Шүүгдэгч Ш.Эрдэнэбаяр нь 2022 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Хилчин 34 дүгээр гудамжны задгай тоот гэх хаягт байрлах гэртээ төрсөн ах Ш.Элбэрэлттэй “галаа түлж, хоолоо хийсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүрэн тус газарт, цээж, хөл, толгой хэсэгт гараараа болон хөлөөрөө цохих зэргээр зодсоны улмаас хохирогч нас барсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-2/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-7/, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх-8-19/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-20-22/, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх-23-25/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-26-27/, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх-28-31/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Дуламсүрэнгийн: “...Ш.Эрдэнэбаяр тэр үед мөн эхнэр хүүхэдтэй болсон байсан ч ээжийг нас барахаас өмнө салсан байсан тул ээжтэй хамт амьдарч эхэлсэн. Миний ээж Рэгзмаа 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр элэгний хорт хавдраар нас барсан. Тэр цагаас хойш Элбэрэлт, Эрдэнэбаяр нар одоог хүртэл хамт амьдарч байсан. Миний 2 дүү аль аль нь архи уудаг болоод олон жил болж байгаа ...унаж татаж, ухаан санаа нь орж гарах үед шууд над руу яриад хэлдэг байсан болохоор Эрдэнэбаяр үргэлжлүүлэн харах болсон. Би Эрдэнэбаяртай хамгийн сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 10 дугаар хороололд уулзаад хоолны мөнгө өгөөд ахыг нь асуухад “ахын бие их тааруу байгаа. Бид 2 эмнэлгээр нь энэ 7 хоногт явж үзүүлэхгүй бол 2 дугаар сарын 06-ны өдөр группийн хугацаа дуусах гэж байгаа” талаар хэлсэн. Түүнээс хойш би ямар нэгэн байдлаар холбоо бариагүй ...Миний дүү Эрдэнэбаяр ахыгаа асарч байх хугацаандаа шантрах, хүнд хэцүү байсан үе зөндөө байгааг би мэднэ. Над руу эрүүлдээ, архи уусан үедээ ч уйлаад л болохгүй зүйлийн талаар надад хэлж ярилцдаг байсан. Намайг хамгийн сүүлд очих үед “ах өөрийн мэдрэлгүй өмдөндөө бааж, шээдэг болсон” гэж хэлээд баастай өмдийг нь угаагаад сууж байсныг би харсан” гэх мэдүүлэг /хх-45-49/,

- Гэрч Д.Чимэдцэрэнгийн: “...орой 22 цагийн орчим гаднаас Эрдэнэбаяр орж ирэхээр нь “Чи хаагуур явж байгаад орж ирэв” гэж асуусан чинь “Юманд явсангүй ээ, гэрээсээ орж ирлээ” гэж хэлсэн юм. Тэгээд би орондоо ороод хэвтчихсэн, Эрдэнэбаяр зурагтын хажууд суугаад бид хоёр зурагт үзэж байгаад би 00 цагийн орчим нам унтаад өгсөн юм. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 05 цагийн орчим Эрдэнэбаяр гаднаас амьсгаадаад аахилчихсан байдалтай орж ирээд “Ах аа босоорой, манай ах өнгөрчихсөн байна” гэж хэлээд миний гар утсыг аваад түргэн болон цагдаад дуудлага өгсөн юм ...Би хамгийн сүүлд бүтэн сайн өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрт нь очиход Эрдэнэбаяр талийгаач хоёр байсан. Тэгээд Эрдэнэбаяр нь “1 дэх өдөр бид хоёр эмнэлэгт орно” гээд ярьж байсан. Талийгаач орон дээрээ зурагт хараад сууж байсан. Талийгаачийн духан дээр нь шалбарчихсан, нэг чих нь улайгаад сэтэрчихсэн юм шиг харагдаж байсан. Надад өөр гэмтэл шарх харагдаагүй” гэх мэдүүлэг /хх-51-52/,

- Гэрч Ш.Ганзоригийн: “...Миний төрсөн дүү Ш.Эрдэнэбаяр нь ...2013 онд ээж нас бараад талийгаач ах Элбэрэлттэй цуг 2 уулаа үлдсэн. Үүнээс хойш ахыгаа хардаг болсон” гэх мэдүүлэг /хх-54-55/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 454 дугаартай “...Талийгаачид зүүн 2-9 дүгээр хавирганы шууд, баруун 2-6 дугаар хавирганы шууд бус хугарал, хоёр уушгины авчилт, толгой нүүр, мөчид, биеийн олон тооны няцарсан шарх, зулгаралт, цус хуралтууд тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх шүргэх, дарах үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эдгээр гэмтлүүд нь нэг буюу ойролцоо хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Үхэлд хүргэсэн гэмтлүүдийг өөрөө өөртөө учруулах боломж багатай, бусад гэмтэлд өөрийн гар хүрч болохуйц байна. Олон хавирга хугарч уушги авчин амьсгалын дутагдал үүсэх хүртэл 2-3 цаг амьд байж болно. Талийгаачид тогтоогдсон гэмтлүүд нь бүгд амьд байхад нь үүсжээ. Уушгины авчилт нь амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэг, хоёр талын олон хавирганы хугарал гэмтлийн хүндэвтэр зэрэг, толгой, бие, мөчдийн цус хуралт, няцарсан шарх, зулгаралтуудад хөнгөн зэрэг тогтооно. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байна. Хоёр талын олон хавирганы хугарал, уушги авчилтын улмаас амьсгалын дутагдалд орж нас баржээ. Шинжилгээгээр тэмцэлдсэн гэх гэмтэл үгүй байна. Нас барах үедээ согтолтгүй, мансууруулах бодис хэрэглээгүй байна. Эмнэлгийн тусламжийг эрт үзүүлсэн бол амь насыг аварч болно. Цус нь хоёрдугаар бүлэг байна” гэх дүгнэлт /хх-56-71/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “Ш.Эрдэнэбаяр нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ш.Эрдэнэбаяр нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ш.Эрдэнэбаяр нь хэл яриа, сэтгэн бодох чадвар нь хэвийн байна. Ш.Эрдэнэбаяр нь гэмт хэрэг үйлдэх үед, үйлдсэний дараа сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Ш.Эрдэнэбаяр нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай мөн хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /хх-72-74/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 496 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн ...хөх эрээн цамцанд үүссэн урд тал 258мм, 156мм, хөх цамцанд үүссэн 32 мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралтууд ...байна” гэх дүгнэлт /хх-92-98/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 493 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн ...саарал өнгийн футболканд 25мм татах чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт...байна” гэх дүгнэлт /хх-111-119/,

- Шүүгдэгч Ш.Эрдэнэбаярын сэжигтнээр өгсөн “....Би өчигдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө 10 өнгөрч байхад галыг нь түлж өгөөд гэрээс гараад гадуур зүгээр явж байгаад өдөр 14 цагийн үед гэртээ ирсэн. Намайг орох үед гэр их хүйтэн болоогүй байсан бөгөөд талийгаач зурагт үзээд баруун талын орон дээр хэвтэж байхаар нь “чи босоод хоолоо хийхгүй яасан юм” гэж асуухад “би өлсөөгүй юм чинь” гээд өөдөөс уурлаад, “би даарахгүй байна” гэж хэлээд босож ирээд над руу дайрахаар нь бид 2 барьцалдаж авсан. Тэгээд би нүүр хэсэг рүү нь алгадаад авсан чинь уруулынх нь шархыг оносон бололтой цус гоожоод эхэлсэн ба над руу дахин дайрахаар нь би түлхээд унагасан чинь толгойгоороо хоймор байсан ширээний булан мөргөөд газар унасан. Тэгээд дахин босож ирээд дайрахаар нь түлхсэн чинь хойш саваад зурагтын тавиур толгойн ар хэсгээр цохиод унасан. Тэгсэн дахин босож ирээд байхаар нь би нүүр хэсэг рүү нь өшиглөсөн чинь уруулаас нь илүү их цус гараад эхэлсэн. Мөн цээж рүү нь хөлөөрөө нэг, хоёр удаа өшиглөөд зугтаагаад гараад явчихсан” гэх мэдүүлэг /хх-146-148/,

- Яллагдагч Ш.Эрдэнэбаярын: “...Би талийгаач ах Элбэрэлтийг цохиж зодож, нүүр болон цээж рүү нь өшиглөсөн нь үнэн. Гэхдээ би үхэлд хүргэх хэмжээнд цохиж зодсон гэж болохгүй байна ...намайг гэрт орох үед ах архи уугаагүй эрүүл байсан. Би мөн адил архи уугаагүй эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх-155-156/,

- Хохирогч Ш.Элбэрэлтийн өвчний түүх /хх-201-222/,

- Шинжээч эмч Ц.Ганболдын: “...дээрх гэмтэл нь олон удаа гараараа цохих мөн хөлөөрөө өшиглөх дэвсэх үед үүсэх боломжтой гэмтлүүд юм” гэх мэдүүлэг /хх-228-229/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Ш.Эрдэнэбаярын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 454 дугаартай дүгнэлт, тухайн дүгнэлтийг гаргасан шинжээч-эмч Ц.Ганболдын мэдүүлэг зэрэг баримтаар хохирогч Ш.Элбэрэлт нь хоёр талын олон хавирганы хугарал, уушги авчилтын улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан ба хоёр талын олон хавирганы хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, толгой, бие, мөчдийн цус хуралт, няцарсан шарх, зулгаралтууд хөнгөн зэрэгт тус тус хамаарах гэмтэл бөгөөд хохирогч Ш.Элбэрэлтийн биед учирсан байсан зарим гэмтлүүд нь тухайн үйл явдал болохоос өмнө учирсан байсан болох нь гэрч Д.Чимэдцэрэн, Ш.Ганзориг, ялллагдагч Ш.Эрдэнэбаяр нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Ш.Эрдэнэбаяр нь “төрсөн ах Ш.Элбэрэлттэй маргалдаж харилцан зодолдсон” гэж мэдүүлсэн нь шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.02.09-ний өдрийн 2293 дугаартай “Ш.Эрдэнэбаярын биед хамар, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг саринулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-125-126/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-28-30/, Ш.Эрдэнэбаяр, Ш.Элбэрэлт нарын өмсөж явсан хувцсанд үзлэг хийж гаргасан криминалистикийн шинжээчийн дүгнэлтүүд /хх-92-98, 111-119/ баримтуудаар давхар батлагдаж байна. Мөн амь хохирогч Ш.Элбэрэлт нь “эпилипсия изменения характера личности” буюу унаж таталтын улмаас бие хүний зан үйлэнд өөрчлөлт орох өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар алдалттай хүн байсан болох нь тогтоогдож байх боловч биеэ хамгаалах чадваргүй хүн байгаагүй болох нь түүний төрсөн эгч Ш.Дуламсүрэн, төрсөн дүү Ш.Ганзориг нарын мэдүүлэг, амбулаторийн картын хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд шүүгдэгч Ш.Эрдэнэбаяр нь төрсөн ах Ш.Элбэрэлтийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан эсэх нь баримтаар хангалттай нотлогдохгүй, эргэлзээтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...Эрүүгийн хууль...ийг хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгч...д ашигтайгаар шийдвэрлэнэ” зарчмыг удирдлага болгон Ш.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэлээ.

Хэргээс үзэхэд хохирогч Ш.Элбэрэлт нь дүү Ш.Эрдэнэбаяртай нэг гэрт амьдардаг, гэр бүлгүй иргэн байсан бөгөөд түүний хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн эгч Ш.Дуламсүрэнг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Шүүгдэгч Ш.Эрдэнэбаярын хууль бус санаатай үйлдлийн улмаас түүний төрсөн ах Ш.Элбэрэлтийн амь нас хохирсон болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд хүний амь нас хохирсноос учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх боломжгүй юм.

Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд шүүх тухайн асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Ш.Эрдэнэбаярт холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Шүүгдэгч Ш.Эрдэнэбаяр урьд шүүхээр 2 удаа шийтгүүлж байсан болох нь:

-Төв аймгийн Сум дундын 2 дугаар Эрүүгийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн,

- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 272 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялаас Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ жилийн хорих ялыг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх нийт ялыг 2 /хоёр/ жил арав хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн ба тухайн ялыг биечлэн эдэлж дуусгасан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар хувь баримтаар /хх-105-109/ тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Эрдэнэбаяр нь шүүхээс тэнссэн хугацаанд болон хүнд гэмт хэрэгт шийтгүүлж ялыг биечлэн эдэлж дууссаны дараа найман жилийн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.1, 78.2.4-т тус тус зааснаар ялгүй болсон байна. Иймд түүний урьд 2 удаа ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүхээс шүүгдэгч Ш.Эрдэнэбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэх саналтай байна. Түүний цагдан хоригдсон 159 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Ш.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” дүгнэлтийг, иргэдийн төлөөлөгчөөс “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх буюу хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна” дүгнэлтийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно.

Шүүгдэгч Ш.Эрдэнэбаярын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон Ш.Эрдэнэбаяр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч шударгаар мэдүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал хүсэлт, Ш.Эрдэнэбаярын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ш.Эрдэнэбаяр, Ш.Элбэрэлт нарын хувцас, бусад эд зүйлийг нэхэмжилсэн хүнгүй тул энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Шагдарын Эрдэнэбаярт Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигон овогт Шагдарын Эрдэнэбаярыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Шагдарын Эрдэнэбаярт 10 /арван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Ш.Эрдэнэбаярт оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Ш.Эрдэнэбаярын цагдан хоригдсон 159 /нэг зуун тавин есөн/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Ш.Эрдэнэбаярын хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлэгдээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга нэг ширхэг, мод /муна/ нэг ширхэг, архины шил нэг ширхэг, алчуур нэг ширхэг, тамхины иш гурван ширхэг, цус мэт зүйлийн дээж гурван ширхэг, цамц нэг ширхэг, өмд нэг ширхэг, куртик нэг ширхэг, малгайтай цамц нэг ширхэг, дотоож нэг ширхэг, үдээстэй гутал нэг хос, 10 хурууны хумс, хоёр гарын арчдас, хар өнгийн цамц нэг ширхэг, фудволк нэг ширхэг, дотуур өмд нэг ширхэг, хөх өнгийн дотоож нэг ширхэг, түрүүтэй гутал нэг хос, оймс нэг хосыг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хутга нэг ширхэг, мод /муна/ нэг ширхэг, архины шил нэг ширхэг, алчуур нэг ширхэг, тамхины иш гурван ширхэг, цус мэт зүйлийн дээж гурван ширхэг, цамц нэг ширхэг, өмд нэг ширхэг, куртик нэг ширхэг, малгайтай цамц нэг ширхэг, дотоож нэг ширхэг, үдээстэй гутал нэг хос, 10 хурууны хумс, хоёр гарын арчдас, хар өнгийн цамц нэг ширхэг, фудволк нэг ширхэг, дотуур өмд нэг ширхэг, хөх өнгийн дотоож нэг ширхэг, түрүүтэй гутал нэг хос, оймс нэг хос эд зүйлсийг Шүүхийн Тамгын газарт хүлээлгэн өгч, баримтыг Ш.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн 2208000000237 тоот хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.Эрдэнэбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 С.СЭРЖМЯДАГ

 

                                    ШҮҮГЧИД                                  Б.ДАШДОНДОВ

 

                                                                                       Г.ГАНБААТАР