Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/740

 

2022          06          08                                        2022/ШЦТ/740

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Г.Хулан,

улсын яллагч: Р.Очирсүрэн,

хохирогч: Т.О,

шүүгдэгчийн өмгөөлөгч: А.О,

шүүгдэгч: Б.Н нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нд холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.05.24-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 0-р хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч ажилтай, ам бүл-0, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо Арцат 00-000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ М овогт Б-ийн Н нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны орой 22-23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргий дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн хэсгийн байранд иргэн Т.Ог “шаардлага эсэргүүцсэн, хэл амаар доромжилсон” гэх үндэслэлээр албаны резинэн бороохойгоор цохиж зодсоны улмаас бие махбодид нь олон тооны гэмтэл, шарх үүсгэсэн хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1-р хх-4/,

- Хохирогч Т.Огийн “Тэгээд өрөөнд орсны дараа дагуулж ирсэн 4 цагдаагийн нэг нь энэ дөрвөн я....ыг аваад ирлээ гэхээр нь би юу яриад байгаа юм бэ та нар, би өрөөндөө орж амаръя гэж зөндөө гуйлаа ш дээ, та нар өөрсдөө согтуу байна ш дээ гэж хэлсэн. Учир нь өрөөнд ороход архи үнэртэж байсан. Намайг тэгж хэлсний дараа богино ханцуйтай, цагаан цамцтай махлаг цагдаа залуу нь босож ирээд энэ муусайн п....аа нар ингэж давардаг байхгүй юу, муу сайн я...ууд гэхээр нь би юу яриад байгаа юм бэ, би амрах байраа авчхаад байхад оруулаагүй биз дээ гэхэд арын зүүн дал руу хар өнгийн резинэн бороохойгоор цохисон, би цохиулаад ухаан алдсан. Тэгээд ухаан ороход цагдаа нар та 4 маргааш өглөө 50, 50 мянган төгрөгтэй ирэхгүй болно а..а шүү гэж нэг цагдаа нь хэлээд гар гэхээр нь би босох гэхэд чадахгүй байсан, тэгээд арга буюу өрөөнөөс нь мөлхөж гарсан, өрөөнөөс хамт очсон 3 эмэгтэй түшиж гаргасан. Ингээд зочид буудлынхаа үүдэнд ирээд тэд нараас салсан, ингээд явж чадахгүй байсан учир зочид буудлынхаа үүдэнд шатан дээр сууж байхад хамгаалагч залуу нь гарч ирээд намайг өрөөнд оруулсан. Намайг яг хэн нь бороохойгоор цохисныг би харж чадаагүй, намайг нэг л хүн дараалаад зүүн дал орчимд 3 удаа цохисон, тэгээд л би ухаан алдсан. Би газарт унахдаа "би нурууны хүнд гэмтэлтэй шүү, та нар намайг өрөөнд очуулаад амраачхаач гэж хэлснээ санаад байна. Тэр өрөөнд байсан бусад цагдаагийн алба хаагчид зодож цохисон эсэхийг мэдэхгүй байна" гэх мэдүүлэг /1-р хх-142-143,146/,

- Гэрч Б.Дийн “Тухайн цагдаагийн хэсгийн байранд байсан цагдаа нарын нэрийг нь мэдэхгүй, бүгд ижил цагдаагийн дүрэмт хувцастай байсан учир ялгаж чадахгүй. Тэнд байсан цагдаа нар Лхагваа бид хоёрт гарч хүрч, цохиж зодоогүй. Харин О эгчийг нэг цагдаа нь л цохиж зодсон, тэр цагдаа нь махлаг биерхүү, бор царайтай цагдаа байсан, одоо царайг нь харвал танина. О эгчийг зодсон цагдаа нь хар бороохойны үзүүр хэсгээс барьж, бариултай хэсгээр нь цохисон, бороохойгоор маш олон удаа цохисон, яг хэчнээн удаа гэдгийг хэлж чадахгүй байна. О эгчийн нуруу, ташаа, гар гээд биеийнх нь бүхий л хэсэгт нь цохиж байх шиг байсан. Би тэр үед зодуулахгүй гээд айгаад юм дуугарч чадаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-83, 149-151/,

- Гэрч Д.Өын /хэсгийн байцаагч/ “...Ингээд өрөөнд дагуулж орж ирсний дараа 5 минут орчим болж байхад тэр настай эмэгтэй та нар яахаараа хүн дагуулж явдаг юм, би саппарогийн я...н байна, чи өөрөө согтуу байгаа байна гэж Нийг хэлсэн. Тэгсэн чинь Н ширээний араас босож ирсэн, би зөрөөд ширээ рүүгээ явсан. Намайг харахад Б.Н манай өрөөний хаалганы хажууд байдаг хувцасны өлгүүрт байсан агсамжаас хар өнгийн хатуу, резинэн бороохойг авч тэр настай эгчийн нуруу болон өгзөг хэсэг рүү нь цохисон, миний багцаагаар 3-4 удаа цохисон, би түүнийг цохиж эхлэхээр нь очиж болиулсан. Б.Нийг цохихоос өмнө тэр эгч хөл дээрээ зогссон байж байгаад цохисны дараа шалан дээр бөгсөөрөө суусан. Цохиулсныхаа дараа тэр эгч миний бие өвдөөд байна, миний буруу одоо явчихъя аа гэж хэлсэн. Тэр хооронд тэр хүмүүсийн биеийн байцаалтыг авах гэхэд бичиг баримтгүй, манай лавлагааны сүлжээ ажиллахгүй байсан. Мөн баталгаа бичүүлж авах гэхэд настай эгчтэй хамт явж байсан 2 эмэгтэй нь бичиг үсэг мэдэхгүй гэсэн. Тиймээс алинаар нь ч баталгаа бичүүлж авч чадаагүй. Тэгээд тэр 4 эмэгтэйг яв гэж бид нар хэлэхэд, тэд нар манай өрөөнөөс бөөнөөрөө гарч явсан, нөгөө настай эгчийг Б.Баярцэцэгийн нөгөө хоёр эмэгтэй нь тушээд гараад явсан. Тэр настай эгч өөрөө явж чадахгүй байсан учраас хоёр эмэгтэй нь түшээд гараад явсан” гэх мэдүүлэг /1-р хх- 55-57,153-155/,

- Гэрч О.Лгийн "...Орхоо эгч түүнийг “чи өөрөө согтуу юм биш үү уусан байгаа юм уу” гэж хэлэхэд согтуу хүн ямар байдгийг үзэх үү гээд хананд өлгөсөн байсан урт резинэн бороохойгоор нуруун дундуур нь цохиод газар унагаасан бөгөөд дээрээс дэвсээд өшиглөөд байсан” гэх мэдүүлэг /1-р хх-42-44/,

- Гэрч Б.Бгийн “...ширээний ард талд сууж байсан цагаан цамцтай цагдаа босож ирээд чи цагдаа хүнийг яагаад архи уулаа гээд агсраад байгаа юм бэ гээд хар бороохойгоор түүний нуруу, гар хөл орчимд цохиж О нуруу гараа бариад ёо ёо гээд газар хөндлөн хэвтээд байсан” гэх мэдүүлэг/1-р хх-47-48/,

- Гэрч Н.Огийн /зочид буудлын рецепшн/: 2022 оны 2 дугаар сарын 22-ны шөнө 00 цагийн орчимд орж ирсэн шиг санаж байна. Баруун талаас ирээл манай буудлын гадна шатан дээр суугаад байхаар нь би хамгаалагчаа гаргаж 201 тоо өрөөнд амарч байгаа хүн байна, өрөөнд оржжл өг гэж хэлсэн юм. Харин манай хамгааалагч Энхбаатар гэх хүн өрөөнд нь оруулаад бууж ирэхэдээ Баянгол дүүргийн цагдаа нарт зодуулаад ирлээ гэж хэлсэн байсан. Намайг харахад хувцас нь шороо болсон, бага зэрэг хөл нь доголсон юм шиг хөлөө хазагнаж гишгээд байсан юм. 2022.02.24-ний өглөө өөрөө гарч явсан байсан” гэх мэдүүлэг /1-р х.х-50-52/

- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-21-25/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 301 дугаартай “Т.Огийн биед зүүн дал ясны бяцарсан хугарал, зүүн талын 3, 4, 7, 6,10-р хавирга, баруун талын 11-р хавирганы хугарал, зүүн хөх, баруун мөр, бугалга, тохой, шуу, зүүн даланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун болон зүүн өгзөг, баруун болон зүүн гуянд цус хуралт, зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд резинен бороохой нь мохоо зүйлд орно. Үйлчлэлийн тоог нарийвчлан тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтэл нь босоо, хэвтээ, суугаа аль ч байрлалд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх 2022.02.22-ны орой үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл учрах үед амьсгал авч гаргах, ханиаж, найтаах, унтаж хөрвөөх, гараа хөдөлгөж идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх зэрэгт цээжээр хүчтэй, хатгуулж өвдөх, хөхөрсөн газруудаар хөндүүрлэх, өвдөх зэрэг шинжүүд илэрнэ” гэх дүгнэлт /1-р хх-182-185/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р х.х-21-28, 30-34/,

- Б.Нийн албан тушаалд томилогдсон тушаал, ажлын тодорхойлолт /1-р хх-210-200, 218-223/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Б.Нийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтуудаар шүүгдэгч Б.Н нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны орой 22-23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн хэсгийн байранд иргэн Т.Ог “шаардлага эсэргүүцсэн, хэл амаар доромжилсон” гэх үндэслэлээр албаны резинэн бороохойгоор цохиж зодсоны улмаас бие махбодид нь олон тооны гэмтэл, шарх үүсгэсэн хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Н нь тухайн үед Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч албан тушаалтай, албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь түүний албан тушаалд томилогдсон тушаал, ажлын тодорхойлолт, гэрч Д.Ө /хэсгийн байцаагч/, Б.Батжаргал /цагдаа/, Э.Б /цагдаа/, Э.Н /цагдаа/, М.Х /цагдаа/ нарын мэдүүлэг зэрэг баримтаар; мөн шүүгдэгч Б.Н нь Д.Ө, Э.Н, Б.Б, Э.Б нарын цагдаагийн хэсгийн байранд дагуулан орж ирсэн 4 эмэгтэйн 1 болох Т.О “би саппорогийн я...н байна” гэж орилоход нь цагдаагийн алба хаагчдаас “энэ согтуу байгаа юм уу” гэж асуухад Т.О нь “чи ч бас согтуу байна г..й чинь” гэж хэл амаар доромжлоход нь уурлан резинэн бороохойгоор зүүн дал, хоёр гарын булчинд, зүүн бөгс, гуя хэсэгт нь удаа дараа цохиж зодсон болох нь хохирогч Т.О, гэрч Д.Ө, Б.Д, О.Л, Б.Бг нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд Б.Н нь хэдий алба үүргээ гүйцэтгэж байх үедээ, цагдаагийн хэсгийн байранд тухайн үйлдлийг гаргасан боловч түүний үйлдлийг “эрүүдэн шүүсэн” гэж үзэх боломжгүй, мөн хохирогч Т.О нь алба үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэж, хэл амаар доромжилж зүй бус үйлдэл, харьцаа хандлага гаргасан нь Б.Н түүний хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж зодсон үйлдлийг үгүйсгэх, зөвтгөх нөхцөл байдал болохгүй нь тус тус тогтоогдож байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Нийг хувийн сэдэлтээр, шууд санаатайгаар резинэн бороохойг зэвсгийн чанартай хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Б.Нийн хувьд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулж тухайн эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэлээ. Харин шүүгдэгч Б.Нийн Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалт, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн үйлдэл, хохирогч Т.Огийн цагдаагийн албан байранд цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн үйлдлийг шалган шийдвэрлэх ажиллагааг энэ хэргээс тусдаа явуулах боломжтой гэж үзсэнийг тэмдэглэв.

Шүүгдэгч Б.Нийн хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн Т.Огийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 301 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Н нь өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч  Т.О өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга хэлбэрээр арилгахыг шүүгдэгч Б.Нээс шаардах эрхтэй байна.

Хохирогч Т.О нь шүүх хуралдаанд “хүү нь өөрийг нь асарч халамжлаад ажил төрлөө эрхэлж чадаагүй тул түүний ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин 4.5 сая төгрөг, амбулаторийн картанд бичигдсэн шинжилгээний төлбөрт 235000 төгрөг, эм авахад шаардлагатай 189860 төгрөг, сувилалд хэвтэж эмчлүүлэхэд 1 удаад 1 сая төгрөг болно гэж тооцоод нийт 8 сая төгрөгийг нэхэмжилнэ. Тухайн дүнгээс Б.Нийн өгсөн 1,3 сая төгрөгийг хасахад татгалзах зүйлгүй” гэв.

Хэргээс үзэхэд хохирогч Т.Огийн эмчилгээний болон бусад зардалд 637600 төгрөгийн баримт хавсаргагдаж ирсэн байх бөгөөд нэмж шинжилгээ хийлгэхэд 235000 төгрөг зарцуулсан, одоо эм тарианы зардалд 189760 төгрөг шаардлагатай болох нь баримтаар тогтоогдож байна.Энэ нь мөнгөн дүнгээр 1062360 төгрөг болж байна. Бусад зардлын тухайд хохирогч нь 3 сарын турш хэвтрийн дэглэмтэй байсан гэсэн нь, мөн сувилалын зардлыг урьдчилан нэхэмжилсэн зэрэг нь баримтаар хангалттай нотлогдохгүй байна.

Иймд хохирогч Т.Огийн иргэний нэхэмжлэлийн асуудлыг өнөөдрийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Н нь баримтаар нотлогдсон хохирлыг бүрэн нөхөн төлсөн тул өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй болсон байна.

Шүүгдэгч Б.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /1-р хх-207/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Н нь хохирогчийн зүй бус харьцаа хандлагаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо баримтаар нотлогдсон хэмжээнд бүрэн нөхөн төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин цагдаагийн алба хаагчийн резинэн бороохойг зэвсгийн чанартайгаар хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн нь эрүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна” дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно.

Дээрх нөхцөл байдал болон Б.Нийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгох хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг дискийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаа дуустал тухайн хэрэгт хавсарган үлдээж, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн резинэн бороохой нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст бүртгэлтэй, албаны зориулалтай хэрэгсэл байх тул холбогдох байгууллага руу шилжүүлэх, шүүх хуралдаанд хохирогчоос гаргаж эх хувиар нь шинжлэн судалсан баримтуудыг хуулбарлан хэрэгт хавсаргаж, эх хувийг хохирогчид эгүүлэн өгөх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М овогт Бийн Нийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар М овогт Бийн Нд 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Нд оногдуулсан 3 сая төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Н нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Т.Од 1300000 төгрөг хүлээлгэн өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Т.Огийн гэм хорын нөхөн төлбөрт 8 сая төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн өөрийн болон Б.Нийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дискийг Б.Нд холбогдох эрүүгийн хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

            9. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Б.Нд мэдэгдсүгэй.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн резинэн бороохойг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст рүү шилжүүлэн хүлээлгэн өгч баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.

            11. Хохирогчоос шүүхэд шинжлэн судлуулсан “М” эмнэлгийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, өвдөгний эхоны зураг, дүрс оношилгооны шинжилгээний дүгнэлтийг хуулбарлан хэрэгт хавсаргаж, эх хувийг хохирогчид баримтаар хүлээлгэн өгөхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ