Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 516

 

        Г.А-т холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

              прокурор Б.Мөнгөншагай,

            шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч М.Баасанбат,

            нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.А-н өмгөөлөгч М.Баасанбатын гаргасан давж заалдах гомдлоор Г.А-т холбогдох 1903 0001 80096 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г-н А, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Т Э” ХХК-д сантехникч ажилтай, ам бүл 3, эцэг, ах нарын хамт .......... дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ....../;

Г.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн зам буюу Буянт-Ухаа 1 хорооллын урд замд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 20 цаг 10 минутын үед “Subaru Forester” загварын, 45-23 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: д/ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглана” гэж,

12 дугаар зүйлийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас “Nissan X trail” загварын, 87-73 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг болон уг тээврийн хэрэгслээс буугаад зогсож байсан зорчигч Ж.Т-г мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан зам тээврийн осол гаргасан,

Мөн дүрмийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх, болон жолооны үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог, нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авна” гэж заасныг зөрчиж, авто тээврийн осол хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Г.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т , 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-т оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Г.А-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.А-т торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь  хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Subaru” загварын автомашины эвдэрсэн эмблем 1 ширхэг, баруун талын тольны мөнгөлөг саарал өнгийн хүрээ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, Г.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №938096 дугаартай эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлж, тээврийн хэрэгслийн №02009570 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.А-т буцаан олгох, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Т, иргэний нэхэмжлэгч Д.Б-т нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.А-н өмгөөлөгч М.Баасанбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шийтгэх тогтоолын хууль зүйн дүгнэлт хэсэгт “... Шүүгдэгч Г.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй ...” хэмээн дүгнэсэн атлаа мөн тогтоолдоо “... түүний согтолтын зэргийг хуульд заасны дагуу шалгаж тодруулаагүй боловч гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тодорхой хэмжээнд согтуу байсан нь гэрч Б.Д-н “... би Г.А-с чи уучихсан юм уу гэхэд жоохон уусан гэж хэлсэн ...”, шүүгдэгч Г.А-н “... Нутгийн буян хорооллын гадаа өөрийн найз Болортөгстэй тааралдсан, тэгээд бид хоёр мэнд мэдэлцээд миний машинд сууж юм ярьж байгаад 0.5 литрийн 1 шил архи хувааж уусан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн болохоор айсандаа хэргийн газарт зогсолгүй цааш явж, найз Д-н гэрт очсон ...” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ...” хэмээн хуульчилсан байхад түүний мэдүүлгийг шийтгэх тогтоолын үндэслэл болгон дүгнэж, улмаар согтолтын зэргийг хуульд заасны дагуу шалгаж тодруулаагүй боловч тодорхой хэмжээнд согтуу байсан хэмээн таамаглан дүгнэж, хууль буруу хэрэглэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй ...” гэсэн хуулийн заалтыг зөрчиж, согтолтын хэмжээг тогтоосон нотлох баримт хавтас хэрэгт огт авагдаагүй байхад тодорхой хэмжээнд согтуу байсан гэж дүгнэсэн нь энэхүү хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.

Мөн шийтгэх тогтоолд “... Шүүгдэгчийн үйлдсэн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хэдийгээр гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг боловч тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утсыг гарны оролцоотойгоор ашиглахгүй гэсэн заалтуудыг мэдсээр байж санаатай зөрчиж, тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа осол гаргаж, ослын газрыг санаатай орхиж зугтаасан байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй байна ...” гэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл буюу Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно ...” гэж тодорхой хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, түр зогсохыг хориглосон газар зогсож байсан тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч Ж.Т-н биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байхад шүүгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ...” бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй ...” гэж хууль буруу хэрэглэн шийтгэх тогтоол гаргажээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ...”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “... Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж хуульчилсан байна.

Гэтэл шүүгдэгч Г.А нь “Термо Энержи” ХХК-д сантехникийн инженер ажилтай, хөдөлмөрч, шаргуу байдлаараа хамт олноо манлайлан ажилладаг, тус компанид ажиллаж байх хугацаандаа 2016 онд Нийслэлийн тэргүүний ажилтан залуу алтан медаль, 2017 онд байгууллагын хөдөлмөрийн аварга ажилтан болж, 2 өрөө орон сууцаар шагнуулж байсан, шилдэг ажилтан байхаас гадна хүнд өвчтэй /тархины наалдангийн улмаас ухаан алдаж унадаг/ эцгийгээ асран хамгаалж, тэжээн тэтгэж хамт амьдардаг хүү нь бөгөөд эдгээр хувийн байдлыг мөрдөгч, прокурорын зүгээс тогтоогоогүйгээс ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бий болгож чадаагүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт Г.А мэдүүлэхдээ “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өвчтэй аавыгаа асардаг, өрхийн бүртгэл дээр ам бүл 3 гэсэн боловч аавтайгаа хоёулаа амьдардаг ...” талаараа тодорхой мэдүүлсэн байх боловч эдгээр хувийн байдалтай холбоотой ажиллагааг мөрдөгч, прокурорын зүгээс хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйтэй шууд холбоотой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ” гэж хуульчилсан бөгөөд улсын яллагчийн яллах дүгнэлтэд яллагдагчийн гэм бурууг нотлохдоо гэрч Д болон яллагдагчийн өөрийн мэдүүлгийг үндэслэн Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн зүйлчлэн ирүүлсэн хэрэгт шүүх эрх зүйн талаас нь үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх дээрх мэдүүлгийг үндэслэн тодорхой хэмжээнд согтуу байсан болох нь тогтоогдож байна хэмээн дүгнэсэн байх боловч Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалаар “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ыг баталсан байх бөгөөд уг журмын 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд, Нотолбол зохих байдлыг тодорхой хуульчилсан бөгөөд яллагдагчийн согтуурлын хэмжээ хэдэн хувьтай байсан, тухайн архинаас хэдэн граммыг хэрэглэсэн болохыг тогтоож чадаагүй тохиолдолд мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх байтал шүүх хууль буруу хэрэглэн, Г.А-н эрх зүйн байдлыг дордуулж, ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өөрчлөлт оруулж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би архинаас амссан төдий л болсон. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий гарсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэгт маргахгүй байгаа ч согтуурлын хэмжээний хувьд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзээд байна. Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам” гэсэн 2016 оны А/138, А/131 дугаартай хамтарсан тушаал байдаг. Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгээ өөрөө мэдүүлдэг. Мөн энэ байдал нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа учраас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлтэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэдгийг санаатай гэж үзсэнийг  шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                        ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Г.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн зам буюу Буянт-Ухаа 1 хорооллын урд замд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 20 цаг 10 минутын үед “Subaru Forester” загварын, 45-23 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: д/ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглана” гэж,

12 дугаар зүйлийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас “Nissan X trail” загварын, 87-73 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг болон уг тээврийн хэрэгслээс буугаад зогсож байсан зорчигч Ж.Т-г мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан зам тээврийн осол гаргасан,

Мөн дүрмийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх, болон жолооны үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог, нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авна” гэж заасныг зөрчиж, авто тээврийн осол хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Т /хх 29-30/, гэрч Р.С /хх 35-36/, Д.Б-т /хх 47-48/, Б.Д /хх 50-52/, иргэний хариуцагч Г.Б /хх 66-67/ нарын мэдүүлгүүд,

Зам тээвэр, осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-6/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх 19-25/,  

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн “... “Subaru Forester” загварын, 45-23 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй, их хэмжээний эвдрэлтэй байгаа тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.2 дугаар заалтыг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй. ...” гэх /хх 80/,

“Nissan X trail” загварын, 87-73 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинжилгээ хийсэн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 5828 дугаартай дүгнэлт /хх 91-97/,

Мөрдөгчийн магадлагаа /хх 102-103/, “Мастер үнэлгээ” ХХК, “Ашид билгүүн” ХХК-ийн машин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх 126-131/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Ж.Т-н биед эрүү яс, хамар ясны далд хугарал, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний зовхины дотор булан, хамрын нуруу, доод уруул, эрүү, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх 882 дугаартай дүгнэлт /хх 76/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.А-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, осол хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Мөн шүүгдэгч Г.А-т анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Г.А-н өмгөөлөгч М.Баасанбатаас “... Г.А-г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдгийг тогтоогоогүй, анхан шатны шүүх согтуу байсан хэмээн таамаглан дүгнэж, хууль буруу хэрэглэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хэргийг шийдвэрлэсэн. ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.А-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Г.А нь зам тээврийн осол гаргаад хэргийн газрыг орхиж зугтаасны улмаас түүний согтуурлын зэргийг шалгах ажиллагаа хийх боломжгүй болжээ. Хууль тогтоогчоос яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан байдаг хэдий ч хэрэгт авагдсан бусад нотлох баримт буюу гэрч Р.Даваадоржийн “... би найз Г.А-с “чи уучихсан юм уу” гэж асуухад “жоохон уучихсан” гэж хэлсэн. ...” /хх 50-52/, яллагдагч Г.А-н “... манай найз Б торноосоо нэг шил 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архи гаргаж ирсэн ба Б бид хоёр хувааж уусан. ... 20 цаг өнгөрч байхад би гэртээ харихаар өөрийн эзэмшлийн автомашиныг жолоодон Нисэх рүү явсан. ...” /хх 115-116/  гэсэн мэдүүлгээр Г.А нь тухайн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явсан болох нь тогтоогджээ.

Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч осол гарсан газраас зугтаах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд осол гарсан газраас зугтаасан уг үйлдлийн улмаас шүүгдэгч Г.А-г драйгер багажаар үлээлгэж, согтолтын зэргийг шалгаж тогтоох ажиллагаа хийгдэх боломжгүй байсан гэж үзнэ.

Хэргийн эдгээр нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Г.А-г согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэн, түүнд холбогдох хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан боловч Г.А-н “... согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоогүй, архинаас амсах төдий л болсон. ...” гэсэн мэдүүлгээс үзвэл тэрээр үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь эргэлзээтэй байхын зэрэгцээ нэгэнт тогтоогдсон хэргийн үйл баримтыг үгүйсгэх байдлаар мэдүүлж байгааг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Г.А-н өмгөөлөгч М.Баасанбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.