Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2022/0888/З |
Дугаар | 221/МА2023/0704 |
Огноо | 2023-11-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2023/0704
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “М х б” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтад зааснаар бүртгэлийн хураамж авах нь хууль бус байсан болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн нэгж эрхийн бүртгэлийн хураамжийг “М х б” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6.2.2-т заасан хувиар хураахыг “М х б” ХК-д даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 757 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 128/2022/0888/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас “М х б” ХК-д холбогдуулан ““М х б” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтад зааснаар бүртгэлийн хураамж авах нь хууль бус байсан болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн нэгж эрхийн бүртгэлийн хураамжийг “М х б” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6.2.2-т заасан хувиар хураахыг “М х б” ХК-д даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 757 дугаар шийдвэрээр: Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т заасныг тус тус баримтлан “М” ХХК-иас “М х б” ХК-д холбогдуулан гаргасан ““М х б” ХК-ийн төлөөлөх удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар хувьцаат хавсралтаар баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтад зааснаар бүртгэлийн хураамж авах нь хууль бус байсан болохыг тогтоолгох, эрхийн бүртгэлийн хураамжийг “М х б” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмын 6.2.2-т заасан хуваарь хураахыг “М х б” ТӨХК-д даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“М” ХХК нь “М х б” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтад зааснаар бүртгэлийн хураамж авах нь хууль бус болохыг тогтоолгох, “М” ХХК-ийн нэгж эрхийн бүртгэлийн хураамжийг “М х б” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт заасан хувиар хураахыг “М х б” ХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн хураамж хэт өндөр, эдийн засгийн тооцоо судалгаагүй хийгдсэн талаар “М” ХХК нь Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны газарт хүсэлт гаргаж байсан боловч хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан. Хүсэлтийг тухайн байгууллагууд өөрсдийн дотоод бүтцийн нэгждээ дамжуулан шийдвэрлэх боломжтой байсаар атал энэ асуудлыг огт шийдвэрлээгүй билээ.
Манай хөрөнгө оруулалтын сангийн зүгээс Санхүүгийн зохицуулах хороонд уг журмаар тогтоосон хураамжийн хэмжээг багасгах талаар ““М х б” ХК-д даалгуулах, хэмжээг буруулах талаар хандсан боловч шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан тул захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. Үнэт цаасны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.18-д заасан Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхэд “үнэт цааны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагаас тогтоосон үйлчилгээний хураамжийн хэмжээг бууруулахыг санал болгох, энэ саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн хураамжийн хувь хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох, энэ тухайгаа нийтэд мэдээлэх, 74 дүгээр зүйлийн 4-д “Хороо хууль тогтоомжтой зөрчилдсөн дүрэм, журмыг бүхэлд нь, эсхүл тэдгээрийн зарим заалтыг өөрчлөх даалгавар өгч болно” гэсэн эрхийг олгосон заалтууд байсаар байтал энэ эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан.
Нэхэмжлэгч тал хэргийн харьяалал болон урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан эсэхэд хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлттэй маргахгүй.
Анхан шатны шүүх хэргийг анхан шатны журмаар хэлэлцэж шийдвэрлэхдээ “М х б” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалт нь нэхэмжлэгчийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хангасан эсэхэд дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 757 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас ““М х б” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтад зааснаар бүртгэлийн хураамж авах нь хууль бус байсан болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн нэгж эрхийн бүртгэлийн хураамжийг “М х б” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6.2.2-т заасан хувиар хураахыг “М х б” ХК-д даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан маргажээ.
2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “М” ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр анх хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр байгуулагдаж, улмаар 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2021/72 дугаар “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ”-г “М х б” ХК-тай байгуулсан байна.
2.3. “М х б” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2-т “Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-Нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1%” гэж заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “М” ХХК-ийг нэгж эрхээ бүртгүүлэх үед дээрх журмын зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байжээ.
2.4. Түүнчлэн нэхэмжлэгчээс анх Санхүүгийн зохицуулах хороонд хаалттай хамтын хөрөнгө оруулалтын санг бүртгүүлэх үед гаргаж өгсөн Нэгж эрхийн танилцуулгадаа “М х б” ХК-ийн бүртгэлийн хураамж 1% 500,000,000 төгрөгийн зардал гаргахаар төлөвлөсөн байх төдийгүй “М х б” ХК-тай 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2021/72 дугаар “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ”-ний 2.1.2-т “Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувь” гэж тусгажээ.
2.5. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д “Хөрөнгийн бирж үзүүлж байгаа үйлчилгээнийхээ хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй” гэж хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд үйлчилгээнийхээ хөлсийг тогтоосон, мөн нэхэмжлэгчээс анх хамтын хөрөнгө оруулалтын санг байгуулахдаа Монголын хөрөнгийн биржийн нэгж эрхийн бүртгэлийн хураамжид 1 хувийн хураамж төлөхөө мэдэж, төлөвлөсөн байсан бөгөөд уг хураамжийг төлөхөөр гэрээ байгуулж, нэгэнт биржид бүртгүүлсэн байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.
2.6. Хэдийгээр “М х б” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар тогтоолоор “...тус зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолоор баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-д оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-Нийт бүртгүүлсэн үнийн дүнгээс хамаарч: 6.2.2.1-д “20 тэрбум хүртэлх үнийн дүнд 0.5%”, 6.2.2.2-т “20-50 тэрбум хүртэлх үнийн дүнд 0.375%”, 6.2.2.3-д “50 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнд 0.25%”” гэж өөрчилсөн байх боловч энэ нь нэхэмжлэгч компанийн уг тогтоол батлагдахаас өмнө бүртгүүлсэн нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлсийг буруулах үндэслэл болохгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ТУЗ-ийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлсний хувь хэмжээ өөрчлөгдсөн нь гагцхүү батлагдсан үеэсээ хүчин төгөлдөр болох ба батлагдахаас өмнөх хугацаанд ухарч үйлчлэхгүй” гэх тайлбар үндэслэлтэй.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталбал зохих хуулийн зохицуулалтыг баримтлахгүй орхигдуулсан, мөн утга найруулгын алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 757 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1, 49.3, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас “М х б” ХК-д холбогдуулан гаргасан ““М х б” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтад зааснаар бүртгэлийн хураамж авах нь хууль бус байсан болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн нэгж эрхийн бүртгэлийн хураамжийг “М х б” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6.2.2-т заасан хувиар хураахыг “М х б” ХК-д даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН