| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2021/0400/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/742 |
| Огноо | 2022-06-08 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/742
2022 06 08 2022/ШЦТ/742
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга: Г.Хулан,
улсын яллагч: Ж.Сувданчимэг,
шүүгдэгч нарын өмгөөлөгч: О.Баярбаясгалан,
шүүгдэгч: С.А, Х.М нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А, Х.М нарт холбогдох эрүүгийн 20080000000000 тоот хэргийг 2022.05.20-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо хуучин Цэргийн хотхон 0-00 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**00000000/ Боржигин овогт Х-ын М,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Жаргалант суманд 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр гудамжны Ү ХХК-ийн хашаанд оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 00-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Балган овогт С-гийн А нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.М, С.А нар нь 2020 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Төмөр замын сувилал гэх байгууллагын гадна талд гудманд С.Аийн тээврийн хэрэгсэл дотор нэг сургуульд хамт сурч байсан дээд ангийн ах нар гэх Т.М, Ө, Г.Т нартай уулзсан, улмаар Г.Тийн араас боож газарт савж унаган толгойн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж дэвсэх зэргээр бүлэглэн зодсоны улмаас Г.Тийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Дуудлагын лавлагааны хуудас /хх-9/,
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Цэргийн хотхоны автобусны буудлаас Тахилт руу явсан засмал зам дагуу 430 метр явахад ертөнцийн зүгээр урагш эргэж төмөр замын ард хэсгийн гудамж руу ордог гудамж байх ба уг гудамж руу эргэж 50 метр явахад ямар нэгэн хаяг байхгүй 3 давхар шар, саарал алаг өнгийн байшинтай гудамжинд үзлэгийг хийхээр тогтов. Уг 3 давхар байшинд ямар нэгэн үйл ажиллагаа явагддаггүй, хаалттай, хоосон байлаа. Уг байшингийн ертөнцийн зүгээр урд хэсэгт цементэн талбайтай байх ба баруун талаараа модон хашаатай, урд талдаа 2 ширхэг төмөр чингэлэг байршуулсан байлаа. Ойр орчимд ямар нэг үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байхгүй байсныг тэмдэглэлд тусгав. Хохирогч Г.Т 3 давхар барилгын баруун хэсэг граш руу ордог хэсгийн урд хэсэгт зааж намайг энд унагааж зодсон гэж заав. Яллагдагч Х.М граш руу ордог хэсгийн урд хэсгийн газрын зааж би энд Г.Тийг цохиж зодсон гэж зааж байв. Яллагдагч С.А би Г.Тийг зодоогүй Өыг хөөгөөд зам руу гүйсэн гэж 3 давхар байшингийн баруун талын завсарт байрлах машин замыг заав” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх-25-28/,
- Мөрдөгчийн “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Төмөр замын сувилал орчимд хяналтын камер, харуул хамгаалалт байдаг эсэх талаар тодруулахаар ажиллахад ямар нэгэн хаяггүй объект байсан бөгөөд хяналтын камер нь ажилладаг үгүй нь мэдэгдэхгүй байсан талаарх” тэмдэглэл /хх-15/,
-Хохирогч Г.Тийн “2020 оны 4 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо хуучин цэргийн хотхоны ойролцоо найз Өтай уулзаад дэлгүүр ороод байж байтал араас М орж ирээд бид гурав тэр дэлгүүрээс 0,75 литрийн Эдэн нэртэй архи аваад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо хуучин Цэргийн хотхоны хажуугийн гудамжинд очиж, авсан архиа хувааж уугаад байж байтал М харилаа гээд явснаа 50 метр холдонгуутаа эргэж харснаа Ө бид хоёр чулуу шидсэнээ хэн араас чулуу шидээд байгаа юм гээд буцаж ирээд М бид хоёр маргалдаж эхэлсэн. М халааснаасаа гар утсаа гаргаж ирээд хоёр дүүгээ дуудна гээд залгаад байсан. Би эмээгийндээ явж орчихоод 5 минут хүрэлгүй эмээтэй хамт гарч ирээд эмээ намайг таксинд суулгаж өгсөн. Би гар утсаа Өт өгчихөөд мартчихсан буцаж очоод Өаас гар утсаа авах гэтэл Ө байхгүй байхаар нь хүний утаснаас Ө руу залгаад хаана байгаа гэж асуутал Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 13а байрны гадаа байна гэхээр нь би яваад очтол Х.М, С.А, Ө, М, Б нар Аийн Тоёота Приус-20 загварын машин дотор сууцгааж байхаар нь би машинд орж суугаад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Төмөр замын сувиллын гадаа очоод М бид хоёр үргэлжлүүлж маргалдаж эхэлсэн.
...Тухайн үед М бид хоёр зүгээр эр хүмүүс шиг ярилцсан түүнээс хоорондоо ямар нэг байдлаар зодолдсон, М намайг цохиж зодсон зүйл огт байхгүй... М бид хоёр тухайн үед байрны урд талын булан хэсэгт хоорондоо юм яриад зогсож байтал гэнэт ард талд Өыг газар унагаачихсан С.А, Х.М хоёр дээрээс нь хөлөөрөө өшиглөөд зодож байсан юм. М, Б бид гурав явж очоод тэд нарыг салгах гээд байж байтал гэнэт миний ард талаас Х.М болон С.А нарын хэн нэгэн нь намайг боож байгаа юм шиг татаж унагаасан. Би унаад шоконд орж толгойгоо хамгаалаад хэвтэж байхад дээрээс Х.М болон С.А хоёр хөлөөрөө өшиглөөд дэвсээд май чи муу гээд байсан. Би тэгээд юу болсныг санахгүй байна. Намайг босоод ирэх үед Т.М, Х.М, С.А нар машинтайгаа явчихсан байсан. Тэгээд Б нь цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед миний эрүүний яс хугарч хөмсөг сэтэрсэн, нурууны ар хэсэг шалбарсан, нүд хөхөрсөн гэх зэрэг гэмтлүүд учирсан бөгөөд уг гэмтлийг надад Х.М, С.А нар намайг бүлэглэн зодох үедээ хамт учруулсан. Өөр хүн намайг зодоогүй. Би өөрийн эмчилгээний зардал мөнгө болох 278000 төгрөгийг гаргуулан авах юм бол надад цаашид ямар нэг гомдол санал байхгүй. Намайг Х.М, С.А хоёрын хэн нэг нь намайг татаад шууд нүүр хэсэг рүү цохисон. Би тэр үед ухаан балартаад унаад биеэ хумиад газарт хэвтсэн. Тэгж байхад хэн цохисныг нь мэдээгүй. Намайг дээрээс өшиглөөд зодоод байсан.” гэх мэдүүлэг /хх-43-45, 50, 53/,
- Гэрч У.Өын “...Г.Тийг ирэхээс өмнө би байрны гадна Мтай уулзаад байж байсан. Г.Т ирээд бид гурав дэлгүүр орж 2 шил 0,7 литрийн Эдэн нэртэй архи аваад гудамжинд ууцгаасан. Эхний шил архи талдаа орж байхад Б бид нар дээр ирээд архинаас огт уугаагүй эхний шил архи дуусаж байхад М харилаа гээд явсан. Тэгсэн араас нь Г.Т тоглоод араас нь чулуу шидтэл хашаа оночихсон. М эргэж хараад хэн шидсэн бэ гээд буцаж ирсэн чинь Г.Т би шидсэн гээд тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Би голоор нь орж салгаад Мг харь гэж хэлсэн чинь надад утсаа өгч бай би Х.Мөөр хүргүүлнэ гээд залгаад байсан. Тэр үед Б Г.Тийг аваад гэр рүү орчихсон байсан. Удалгүй Х.М, С.А хоёр ирээд М бид нар С.Аийн машинд сууж байсан чинь Б бид нар дээр ирээд Г.Т урагшаа явчихлаа гэсэн. Г.Т над руу залгаад хаана байгаа би танай байрны гадаа байна гэхээр нь бид нар 13а байрны гадаа очоод Г.Т машинд суугаад бид нар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Төмөр замын сувиллын гадаа очсон. Бид үлдсэн нэг шил архиа задлаад гадаа уугаад байж байтал Г.Т, М хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би салгах гэтэл С.А “наад хоёроо хая аа, эр хүмүүс өөрсдөө учраа олог” гэхээр нь би уурлаад “юу яриад байгаа юм салгахгүй бол болохгүй” гэтэл С.А миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон би газар унасан чинь Х.М, С.А хоёр миний дээрээс дэвсээд байсан. Тэгсэн Г.Т ирээд С.Аийг татаж холдуулаад намайг босгох гэтэл Х.М Г.Тийн араас боогоод газар тархиар нь савж унагаснаа учиргүй гараараа нүдээд байсан. Тэгсэн С.А хажуугаас нь орж нэмж өшиглөөд байсан. М С.А, Х.М хоёрыг салгаад машиндаа суугаад яваад өгсөн. Миний биед гэмтэл бэртэл байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх мэдүүлэг /хх-36-37/,
- Гэрч А.Бын “2020 оны 4 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн орчим намайг гэртээ байж байтал найз Ө над руу залгаад “гэрийнхээ гадаа гараад ир ганц шил архи ууя” гэхээр нь би “үгүй халуураад байна” гэсэн чинь “ядаж гарч ирээд хань болчих” гэхээр нь би “за за” гээд орцныхоо үүдэнд гараад очтол М, Ө, Г.Т гурав байж байсан. Тэр гурав архиа задлаад ганц ганц татацгаагаад байж байтал М “гэртээ харилаа өглөө ажилтай” гээд салаад цаашаа явж байтал Г.Т газраас чулуу аваад араас нь зөөлхөн шидсэн чинь М эргэж хараад “яагаад чулуу шидээд байгаа юм” гээд Г.Т, М хоёр маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би Г.Тийг аваад гэр рүүгээ орсон тэгсэн гэр рүүгээ харилаа гээд манайхаас гараад явсан. Удалгүй би Ө, М хоёртой уулзахаар гартал манай байрны хажуугийн тоглоомын газарт Х.М, С.А, Ө, М дөрөв С.Аийн машинд сууж байсан. Би машинд орж суугаад байж байтал Г.Т танихгүй дугаараас Ө руу залгаад байсан. Бид нар хөдлөөд 13а байрны гадаа очсон чинь Г.Т ирчихсэн Өт гар утсаа үлдээгээд явчихсан байсан. Г.Т машинд суугаад бид нар Төмөр замын сувиллын гадаа очоод машинаасаа бууцгаагаад М, Г.Т нар маргалдаж эхэлсэн. Би голоор нь “ороод одоо больцгоо” гэсэн чинь хажуугаар Х.М гүйх шиг эргээд хартал Х.М, С.Атэй нийлчихсэн Өыг газар унагаад зодож байхаар нь би Г.Т, М бид гурав гялс очоод салгах гэтэл Х.М Г.Тийн араас боогоод цементэн шалан дээр дагзаар нь савж унагаад дээр нь гараад нүүр рүү гараараа 3 удаа маш хүчтэй цохисон. Цохиж дуусаад босож ирээд нүүрэн дээр нь гутлаараа дэвслээд байсан. Тэр үед С.Аийг М тэвэрчихсэн байсан. С.А Мгийн гарыг тавиулаад Г.Тийн дээрээс дэвслээд байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн чинь Х.М, С.А хоёр зугтаах гээд машиндаа суугаад хөдлөөд явахад нь Ө урд нь саад болтол машинаас С.А, Х.М хоёр бууж ирээд Өыг зодох гээд байсан чинь М Х.Мийг тэврээд “больцгоогооч ээ” гэсэн чинь С.А машиндаа суугаад Х.М Мг машиндаа суулгаад зугтаачихсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Ямар шалтгаан байхгүй гэнэт тийм зүйл болсон. Би тэр өдөр архи угаагүй эрүүл байсан. Г.Т тэр өдөр бид нартай уулзахдаа ямар ч гэмтэл шархгүй зүгээр байсан. Намайг харж байхад Г.Тийг Х.М, С.А хоёр хоёулаа зодсон. Өыг Х.М, С.А хоёр зодож байхад Г.Т, М хоёр салгах гэсэн чинь Г.Тийг Х.М газар савж унагаагаад Х.М дээрээс нь гараараа хөлөөрөө цохисон чинь Г.Т ухаан алдсан юм шиг ямар ч эсэргүүцэл үзүүлж чадахгүй байхад С.А бас гараараа, хөлөөрөө цохиод байсан. Тэгсэн Х.М нь хувцсаа тайлж шидээд орилоод байхаар нь би цагдаад өөрийнхөө 99631642 дугаараас дуудлага өгсөн. Г.Т газар хэвтсэн ямар ч босох тэнхэл байхгүй болсон, ухаан алдаад сэргэж байгаа бололтой оюун ухаан нь орон гаран байсан. Өыг зам руу зугтаахад С.А, Х.М хоёр араас нь хөөсөн. Тэнд ашиглалтад ороогүй 3 давхар байшин байсан одоо ч тэр газар ашиглалтад ороогүй эзэнгүй байгаа. Төмөр замын сувилал гэдэг нэртэй л газар түүнээс тэнд ямар ч сувилал байхгүй” гэх мэдүүлэг /хх-57-58, 63/,
- Гэрч Т.Мгийн “...Ө бид хоёр Г.Ттэй уулзсан. Бид гурав дэлгүүрээс 0,7 литрийн Эдэн нэртэй архи аваад дан байрны ойролцоо уусан. Архи ууж байхдаа Быг дуудсан... маргааш өглөө нь ажилтай болохоор “найз нь явлаа” гээд салаад явсан чинь хажуугаар чулуу өнгөрөхөөр нь эргэж хараад “хэн миний араас чулуу шидээд байгаа юм” гэхэд Г.Т “би чиний мэдрэлийг шалгасан юм” гэхээр нь эргэж очоод Г.Ттэй чулуу шидсэнээс болж хэсэг маргалдаж байгаад больсон. Би тэгээд Х.М рүү залгаад “ахыгаа ирээд авчих” гэсэн чинь Х.М “би С.Атэй байна, яваад очъё” гэсэн. Тэр хооронд Г.Т Бтай хамт харилаа гээд яваад өгсөн. С.Аийн машинтай Х.М тэр хоёр ирэхээр нь Ө бид хоёр машинд суугаад байж байтал Г.Т Ө руу залгаад “утсаа авъя” гээд ирэхээр болсон. Б гарч ирээд машинд суугаад байж байтал Г.Т Өаас утсаа авахаар ирээд машинд суусан. Бид нар хөдлөөд Төмөр замын сувиллын гадаа очоод машинаасаа бууцгаагаад архиа ууцгааж эхэлсэн. Тэгсэн Г.Т над руу “чи яагаад маньтайгаа муудаад байгаа юм” гээд бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Б, Ө хоёр “болиоч дээ” гээд болиулаад байж байсан чинь С.А Өыг “та яах гээд байгаа юм” гээд татаад холдуулаад байсан. Б, Г.Т бид гурав юм яриад зогсож байсан С.А, Х.М хоёр Өыг газар унагачихсан зодож байхаар нь бид гурав очиж салгаад би Х.Мийг тэврээд Г.Т С.Аийг тэврээд холдуулаад Ө босоод ирсэн. Тэгсэн Б гүйгээд явчихсан би араас нь харчихаад эргээд хартал Х.М, С.А хоёр Г.Тийг зодож байхаар нь Х.М, С.А хоёрыг түлхэж холдуулаад болиулсан чинь Х.М машин руугаа гүйж очоод машинаа бид нар руу ойртуулсан чинь С.А машинд суугаад намайг суу гээд байхаар нь би суутал хөдлөөд явчихсан. Ямар ч шалтгаан байхгүй гэнэт л тийм зүйл болсон. Г.Т, Ө бид гурав архи уусан согтуу байсан. С.А, Х.М, Б гурав бол цоо эрүүл байсан. Өыг С.А, Х.М хоёр газар унагачихсан дээрээс нь нүүр нүдгүй цохиод байсан. Г.Тийг болохоор газар унагачихсан Х.М нүүрэн дээр нь цохиод байсан. Тэгсэн С.А нүүр рүү нь өшиглөөд байсан. Тэгэхээр нь би очоод хоёуланг нь холдуулсан. Г.Тийн биед ямар ч гэмтэл, бэртэл, шарх харагдаагүй зүгээр байсан. Х.М Г.Тийг цохиж зодсон бол үнэн, С.А ч бас зодсон. Г.Т бүр хүнд цохилтод орсон юм ярьж чадахгүй дээшээ хараад хэвтээд ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй байсан. Өыг зам руу зугтаахад С.А эхэлж хөөж гүйгээд араас нь Х.М бас хөөж гүйсэн. Бид нарын маргаан зодоон хийсэн ард талд нэг 3 давхар барилга байсан. Тэгэхдээ ямар нэгэн үйл ажиллагаа явагддаггүй хаалттай байдаг юм байна лээ. Хуучин л төмөр замын сувилал гэж байсан байх. Бид нарыг бага байхаас л төмөр замын сувилал гэж яриад байдаг байсан. Түүнээс тэнд ямар ч эмнэлэг сувилал байхгүй. Хоосон ямар ч үйл ажиллагаа явагддаггүй 3 давхар байшин байгаа өөр юм байхгүй. Би Х.М, С.А нартай 10-н жилд нэг сургуульд сурч байсан бөгөөд өөр ямар нэг ах дүү, хамаатан садны холбоо хамааралтай зүйл байхгүй. Би Г.Т болон Ө нарт огт гар хүрээгүй. Бид нарын дунд зодоон болсон зүйл байхгүй. Тухайн үед Г.Т бид хоёр эр хүмүүс шиг юм ярьж л зогсож байсан хоорондоо зодолдсон зүйл огт байхгүй. Энэ талаар Г.Т ч хэлэх байх. Г.Т бид хоёрыг юм яриад зогсож байхад гэнэт хойд талд С.А, Х.М хоёр Өыг газар унагаачихсан хоёулаа дээрээс нь хөлөөрөө дэвсээд орилж чарлаад байсан. Г.Т, Б бид гурав Өаас С.А, Х.М нарыг салгах гэж очоод би Х.Мийг татаж холдуулаад тэр үед Ө газраас босоод булан эргээд явсан. Харин Х.М Г.Тийг ард талаас нь боож унагааж байгаа юм шиг савтал нь унагаасан юм. Г.Т толгойгоороо унаад шоконд орж толгойгоо бариад хэвтэж байхад нь Х.М, С.А хоёр дээрээс нь өшиглөөд эхлэхээр нь би тэр хоёрын дундуур орж салгаад тэндээс авч явсан. Түүнээс надад Г.Ттэй муудалцаж толгой тархинаас нь цус гаргасан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-67-68, 70, 72/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5233 дугаартай “Г.Тийн биед эрүү ясны хугарал, хөмсөгт шарх, цус хуралт, дух, хөхлөг сэртэнгийн хуйханд цус хуралт, тархи доргилт, уруулын дотор салстад язарсан шарх, бугалга, тохой, шуу, бүсэлхий нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой” гэх дүгнэлт /хх-81-82,
- Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн “Г.Тийн биед учирсан гэмтлүүдийн эрүү ясны хугарал гэмтэл нь хүндэвтэр, хөмсөгт шарх, цус хуралт, дух, хөхлөг сэртэнгийн хуйханд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, уруулын салстад язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, бугалга, толгой, шуу, бүсэлхий нуруунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Компьютерт томографын хариунд эрүү ясны баруун салаанд үений сэртэн дайрсан ташуу, зүүн салаанд эрүүний сэтэрхий дайрсан хөндлөн тус тус зөрүүгүй хугаралтай гэсэн байсан ба эрүү ясны 2 өөр байрлалд 2 хугаралтай байсан. Дээрх эрүү ясны баруун, зүүн салааны хугарал гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо зүйл гэдэгт ир, үзүүргүй зүйлийг хэлнэ. Цохих, өшиглөх, нүүрэн дээр дэвслэх үед алинд ч учирна” гэх мэдүүлэг /хх-114-115/,
- Шүүгдэгч С.А, Х.М нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэл болон яллах дүгнэлтэд тусгасан үйл баримтын талаар маргах зүйлгүй” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч С.А, Х.М нарын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтуудаар 2020 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 23 цагаас 00 цагийн хооронд Т.М, У.Ө, Г.Т нар нь архидан согтуурсан ба Т.М, Г.Т нар нь “яагаад маньтайгаа муудаад байгаан” гэх шалтгаанаар харилцан маргалдсан ба Т.Мг гэрт нь хүргэхээр ирсэн байсан С.А, Х.М нар нь тэднийг өөрсдийг нь дээрэлхлээ хэмээн уурлаж эхлээд У.Өыг түлхэн унагаж зодохыг харсан Г.Т Х.Мийн шанаан тус хэсэгт цохьсонд уурсан С.А, Х.М нар нь Г.Тийг бүлэглэн зодсон болох нь нотлогдон тогтоогдож байна.
Гэрч Т.М, А.Б нар нь Х.М нь Г.Тийн араас боож цементэн шалан дээр савж унаган дээр нь гарч нүүр лүү нь гараараа хүчтэй хэд хэдэн удаа цохьсон, босч ирээд нүүр лүү нь гутлаараа дэвсэлсэн, С.А нь Т.Мгийн гарыг тавиулаад Г.Тийн дээрээс дэвсэлснийг харсан талаараа мэдүүлсэн мэдүүлгүүд нь өөр хооорондоо зөрүүгүй, хохирогч Г.Тийн хохирогчоор болон гэрчээр өгсөн мэдүүлгүүдтэй тохирч байна. Хохирогч Г.Тийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээч-эмч Ц.Нандинцэцэгээс энэ талаар тодруулан мэдүүлэг авахад “Г.Тийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Мохоо зүйл гэдэгт ир, үзүүргүй зүйлийг хэлнэ. Цохих, өшиглөх, нүүрэн дээр дэвслэх үед алинд ч учирна” хэмээн мэдүүлсэн байна.
Иймд шүүгдэгч С.А, Х.М нар нь тухайн үед гэнэт үүссэн хувийн сэдэлтээр, шууд санаатайгаар Г.Тийг бүлэглэн зодож түүний бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.А, Х.М нарын хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн Г.Тийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх-эмнэлгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5233 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх ба хохирогч Г.Т гаргаж өгсөн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлэхэд 8000 төгрөг тушаасан баримт, мөн өдөр Натур эмнэлэгт толгойн компьютерт томограф хийлгэсэн 120000 төгрөгийн баримт, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нийт 150000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан баримт зэрэг нийт 278000 төгрөгийн баримтуудыг /хх-16-18/ хэрэгт хавсаргуулсан байна. Тухайн төлбөрийг Х.М нь төлж барагдуулсан /хх-144/ байх тул өнөөдрийн байдлаар С.А, Х.М нар нь бусдад төлөх төлбөргүй болсон байна.
Шүүгдэгч С.А нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-120/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.М нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 443 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр биелүүлж дуусгасан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-118/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-117/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Х.М нь шүүхээс оногдуулсан ялыг биечлэн эдэлсэн байх тул түүний урьд ял шийтгүүлж байсныг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.
Шүүгдэгч Х.М нь анх удаа гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, Х.М, С.А нар нь хохирогчийн зүй бус харилцаа хандлагаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.М, С.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 сая 700 мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 сарын хугацаанд сар тус бүр 225000 төгрөг хэсэгчлэн төлүүлэх” гэх саналыг, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “Шүүгдэгч нарын хувьд гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Тухайн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу 2021 оны 6 дугаар сарын 24-нөөс өмнө үйлдсэн гэмт хэрэг байгаа учраас 2021 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан үндэслэлээр хэргийг өршөөн хэлтрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно.
Иймд С.А, Х.М нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, тэдний үйлдсэн гэмт хэрэг нь 2022 оны 6 дугаар сарын 24-нөөс өмнө үйлдэгдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон төрөл, хэмжээгээр торгох ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигин овогт Х-ын М, Балган овогт С-гийн А нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Боржигин овогт Х-ын М, Балган овогт С-гийн А нарт тус бүр 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Х.М, С.А нарт тус бүр оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Шүүгдэгч Х.М, С.А нар нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, шүүгдэгч Х.М нь хохирогч Г.Тт 278000 төгрөг хүлээлгэн өгсөн ба хохирогч нь иргэний нэхэмжлэл гараагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол Х.М, С.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ