Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/750

 

2022          06          10                                    2022/ШЦТ/750

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Г.Хулан,

улсын яллагч: Б.Энэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Т,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2008000000000 тоот хэргийг 2022.04.29-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, эх, хоёр дүү нарын хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар баг 0-0 тоотод оршин суух, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Анчин овогт Вын Б  нь хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 57-14 тоотод байх иргэн М.Пийн эзэмшлийн 2 давхар байшингийн 2 давхрын вакум цонхыг хагалан нэвтэрч 13 төрлийн эд зүйлсийг хулгайлсны улмаас бусдад 520000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-13/,

 - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-18/,

- Эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Б.Гын: “...хөрш айл болох Баянголын 54-15 тоотод ороход Н.С болон түүний дүү 8 настай М.Н, О.Г нар байсан бөгөөд хаана байсан талаар тодруулахад О.Г нь би 23 цагт СХД-ийн 21-ийн автобусны буудал дээр найз Нтай тааралдаж хамт Тоёота приус-20 маркийн машинтай таксинд яваад 02 цаг өнгөрч байхад гэртээ орж ирсэн гэх ба хажуу айлд чинь хулгай орсон байна гэхэд тэрээр намайг Баянголын 61 дүгээр гудамжинд байдаг худгаас 2 шар усны саваар 40 литр ус аваад усаа султгаж байхад хажуу айлын цонхыг 22 цаг 50 минутын орчим нэг эрэгтэй хүн тогшиж “хөөе ахаа дүү нь ирчихлээ ш дээ хаалгаа онгойлгооч” гээд цонхыг нь тогшоод нэрээр нь дуудаж чанга орилж байсан. Яг хэн гэж дуудаж байсныг нь би одоо санахгүй байна. Согтуу эрэгтэй хүн байна даа гэж бодож байсан” гэх илтгэх хуудас /хх-19/,

- Хохирогч М.Пийн: “Би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянгол 57-14 тоотод оршин суудаг бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн өглөө 09 цагийн үед гэрээсээ гарч ажилдаа яваад орой 19 цаг өнгөрч байхад ирээд буцаж гараад шөнө 01 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гэр доторх эд зүйл эмх замбараагүй байхаар нь 2 давхартаа гарч үзэхэд байшингийн 2 давхрын тагтны хаалганы шил хагархай байсан. ...манай гэрээс тошиба 32 инчийн хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт, даваа толгойтой шар нуухтай төмөр халбагатай, эрэгтэй хүний зурагтай цагаан өнгийн шаазан хөөрөг, бор өнгийн даалингийн хамт, бор өнгийн эсгий бүрээстэй төмөр цан, эрэгтэй хүний 39 размерын хром, эмэгтэй хүний хавар намрын түрийтэй гутал, жижиг сийлбэртэй шатар, эрэгтэй хүний саарал өнгийн бүрх малгай, эмэгтэй хүний ногоон өнгийн бүрх малгай, бор өнгийн эрх, эмэгтэй хүний сувдан зүүлт, мөнгөн гинж, кулон, үсний сэнс, эрэгтэй хүний саарал өнгийн куртик, цэнхэр өнгийн малгайтай цамц зэрэг эд зүйлс алдагдсан” гэх мэдүүлэг /хх-30-31/,

- Гэрч О.Гийн: “Би 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн үед гэрээсээ гарч байхад “ахаа би ирчихлээ” гээд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 57-14 тоот айлын хаалгыг нь үл таних залуу нүдээд байсан. Тухайн үед би таньдаг хүн нь ирчихсэн юм байлгүй гэж бодоод тоолгүй явсан” гэх мэдүүлэг /хх-38/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 04/557 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн №9 хагарсан вакум цонхны дотор талаас гэж дугаарласан гарын мөр нь В овогтой Бы зүүн гарын эрхий хурууны хээтэй тохирч байна. Харин №8 хаалганы шил дээрээс гэж дугаарласан гарын мөр нь хохирогч Мижийнов овогтой Пийн зүүн гарын долоовор хурууны хээтэй тохирч байна” гэх дүгнэлт /хх-54-56/,

- Шинжээч О.Бийн: “Би 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллахдаа Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Баянголын 00-00 тоотод өвлийн байшингийн вакум цонхыг хагалж хулгай орсон гэх дуудлага мэдээллийн дагуу очиж ажилласан. Уг хэргийн газрын үзлэгээр нийт 9 ширхэг гарын мөр илрүүлж /1, 2, 3/ гэсэн гарын мөрүүдийг том өрөөнд байрлах зурагтын сервантын шилэн дээрээс, №4 дугаарын гарын мөрийг том өрөөний сервант дээр байсан хуучин хэрэглэж байсан печень хийдэг бөөрөнхий төмөр савнаас, №5 дугаарын гарын мөрийг цагаан өнгийн кабелийн төхөөрөмжөөс, №6 дугаарын гарын мөрийг вакум цонхны бариулаас, №7, 8 дугаарын гарын мөрийг 2 давхрын хаалганы шилнээс, №9 дугаарын гарын мөрийг 2 давхрын коридорт байрлах хагарсан вакум цонхны дотор талын хүрээнээс илрүүлэн нийт 9 ширхэг гарын мөрийг бэхжүүлэн авсан. Хэргийн газраас бэхжүүлж авсан №9 дугаарын гарын мөрийг 2 давхрын коридорт байрлах хагарсан вакум цонхны дотор талын хүрээнээс илрүүлж, бэхжүүлж авсан гарын мөр нь папилон санд MN003010013171 гэсэн дугаараар бүртгэлтэй В овогтой Бы зүүн гарын эрхий хурууны хээтэй тохирсон, ...Хэргийн газраас бэхжүүлж авсан №9 дугаарын гарын мөр нь ерөнхий болон хувийн /папиляр шугамны эхлэл, төгсгөл, салаалт, нийлэлт/ онцлог шинжүүдээрээ *******ы зүүн гарын эрхий хурууны хуруутай тохирсон” гэх мэдүүлэг /хх-69-72/,

-  Яллагдагч *******ы: “2020 оны 8 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын цагдаагийн хэлтсийн ойролцоо архи согтууруулах ундааг их хэмжээгээр уугаад тасарсан байсан. Тэгээд нэг сэрээд харахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох Тоосгоны үйлдвэрийн урдхан талд хром өмссөн, бууз, хуушуурын татсан мах, хөргөгчид хөлдөөсөн нэрж жимс гэх зүйлс авсан байсан. Би авсан нэрж жимсээ өглөө босоод идсэн, өмсөж байсан хар хромоо Хархорин зах орж гар дээрээс наймаа хийдэг худалдагчид 20000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх-133/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ы хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтуудаар ******* нь шунахайн сэдэлтээр шууд санаатайгаар, бусдын оронд байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нь хулгайлан бусдад 520000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул түүнийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тоооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч М.Пид 520000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаар хохирогч прокурорт бичгээр гаргасан хүсэлтээрээ илэрхийлсэн /хх-134/ байх тул бусдад төлбөргүй болсон байна.

Шүүгдэгч ******* нь урьд шүүхээр 4 удаа шийтгүүлж байсан болох нь:

            1. Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

            2. Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

            3. Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан,

            4. Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 сар 16 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамжаар 3 сар 26 хоногийн хорих ялыг тэнсэн суллагдсан болох нь шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-98-111/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-83/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

            Шүүгдэгч ******* нь 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн гэмт хэрэгтээ өнөөдөр шийтгүүлж байгаа ба 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан 3 сар 26 хоногийн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул уг хугацааг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулж буй ялд нэмж нэгтгэх шаардлагагүй гэж дүгнэв.

Мөн энэхүү шийтгэх тогтоолоор шийтгүүлж буй үйлдэл нь 2021 оны 6 дугаар сарын 24-нөөс өмнөх хугацаанд үйлдэгдсэн байх боловч ******* нь 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 2015 оны Өршөөлийн хуульд хамрагдаж 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлөгдсөн байх тул Өршөөл үзүүлэх тухай /2021.07.02-ны өдрийн/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар өршөөлд хамааруулахгүй болно.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо шүүхээс өмнөх шатанд нөхөн төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна” гэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно.

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хугацааны хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Анчин овогт Вын Быг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Анчин овогт Вын Бд 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар *******д оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ы 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч *******ы хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч М.Пид 520000 төгрөг хүлээлгэн өгсөн, бусдад төлбөргүй болсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ