Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
Хэргийн индекс | 188/2022/0758/Э |
Дугаар | 2022/ШЦТ/749 |
Огноо | 2022-06-10 |
Зүйл хэсэг | 11.1.2.4., |
Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/749
2022 06 10 2022/ШЦТ/749
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Б.Батаа, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга: Г.Хулан,
улсын яллагч: Ж.Сувданчимэг,
иргэдийн төлөөлөгч: Ш.О,
хохирогч: Б.Б,
улсын өмгөөлөгч: Л.А,
шүүгдэгч: Э.Ч нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Чд холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.05.25-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1980 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Арьс шир 00-00-0 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо Доод салхитын 00-000-б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Боржигон овогт Эгийн Ч нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022.05.18-ны өдрийн 633 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт зааснаар: “Яллагдагч Э.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Тоосгоны 00-00 тоот нийтийн байрны 0 давхрын коридорт 00 тоот үүдний хэсэгт Б.Бтай ээжийгээ өмөөрч тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний баруун гуяны гадна дээд хэсэг, гадна доод хэсэг, зүүн гуяны ар дунд хэсэгт тус тус хутгалж, эрүүл мэндэд нь “гуяны гүний венийн нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун, зүүн гуянд шарх, цус алдалтын дараах цочмог цус багадалт гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /х.х-123-124/
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр шинжлэн судалсан баримтууд, шүүгдэгч Э.Чгийн хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
1/ Холбогдсон гэмт хэрэг, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д Э.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Тоосгоны 00-00 тоот нийтийн байрны 0 давхрын коридорт 00 тоот үүдний хэсэгт Б.Бтай ээжийгээ өмөөрч тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний баруун гуяны гадна дээд хэсэг, гадна доод хэсэг, зүүн гуяны ар дунд хэсэгт тус тус хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-8/,
- Хохирогч Б.Бын “Би 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийн орчим сааданд ганцаараа 0,5 граммын лаазтай пиво 3 ширхгийг уугаад буцаад гэртээ 23 цагийн орчим гэртээ ирээд амрах гээд байтал гэнэт манай хаалгыг нүдээд байхаар нь манай эхнэр хаалга онгойлгож өгөхөд зүс таньдаг, хааяа манайд орж ирдэг Э.Ч манай эхнэрийг дуудахаар нь манай эхнэр Э.Чг дагаад хажуу өрөө буюу өөдөөс харсан 17 тоот руу эхнэр Э.Чг дагаад орохоор нь би хэсэг сууж байтал манай эхнэр орж ирэхгүй удаад байхаар нь би яасан юм бол гээд бас замаараа нойл орох гээд өөдөөс харсан 17 тоот руу яваад орсон чинь Э.Ч гэртээ ээжтэйгээ маргалдаад байж байсан ба гэнэт намайг хараад Э.Ч үгийн зөрүүгүй над руу дайраад түлхээд байхаар нь би “чи яагаад байгаа юм бэ” гэсэн чинь Э.Чгийн нагац ах Г над руу дайраад байхаар нь би барьцалдаж аваад салсан ба “би одоо больё” гэсэн чинь Э.Ч манай гэрт орж ирээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь “та нар боль, одоо” гэсэн чинь Э.Ч болихгүй болохоор нь би гэрээсээ гараад коридорт зогсоод гарах гэж байтал Э.Ч манай гэрээс хутга авч гарч ирээд миний араас тэр хутгаараа миний баруун хөлийн гуянд 3 удаа хутгаараа хутгалсан. Би Э.Чгийн ээж Этай өмнө нь маргалдаж байсан. Тэгээд Э.Ч ээжийгээ өмөөрөөд над руу дайрсан байх. Би тэр үед нэг ч хүнд гар хүрээгүй. Тэр үед би болон Э.Ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэр үед манай эхнэр Т, манай хажуу талын Бямбахишиг, Э, Г нар болсон асуудлыг харсан байх. Би тухайн үед шууд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-20-22/,
- Гэрч Д.Тын “2022 оны 3 дугаар сарын 21-ний орой 21 цаг өнгөрч байхад Э.Ч манайд эрүүл орж ирээд “ганц юм уух уу” гэж асуухаар нь би дэлгүүр явж 0,5 литрийн Чингис нэртэй пиво авчирсан. Тэр архийг эхлээд уугаагүй задлаад орхисон. Түүний дараа би доод дэлгүүрээс 2 лааз пиво авч өгтөл бас уугаагүй. Удалгүй Чукаг ээж нь загнаад аваад орсон. Тэр хооронд манай нөхөр ирээд бид нар амрах гэж байтал манай хаалгыг цохихоор нь би гартал нөхөр араас гараад иртэл чи манай ээжийг доромжилсон гээд дайраад байсан. Удалгүй ахтайгаа нийлээд уучлаа гэж хэлсэн. Тэгтэл Чука манай гэрийн хутгыг аваад манай нөхрийн баруун гуя тус газар 2-3 удаа хатгаад цус гараад би түргэн дуудаарай гэж хэлсэн. Манай нөхөр тухайн үед уучихсан байсан” гэх мэдүүлэг /хх-26/,
- Гэрч Б.Гийн “2022 оны 3 дугаар сарын 21-ний 17 цагийн үед төрсөн эгч Эгийн гэрт ирээд байж байсан чинь манай эгчийн охин Э.Ч нь хажуу айлын хүмүүстэй архи уугаад сууж байхаар нь “чи ээжийгээ яаж зовоогоод байгаа юм бэ” гэсэн чинь ах аа гээд уйлаад байхаар нь би гарч яваад дэлгүүр орж 0,5 литртэй Хараа нэртэй архи авч ганцаараа уугаад эгчийн гэрт ороод унтаж байсан чинь гадаа коридорт хүмүүс маргалдаад байхаар нь гараад харсан чинь... Манай дүү Э.Ч нь хутгалсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хх-28/,
- Гэрч Б.Эгийн “Би 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр миний бие муудаад байхаар нь би охин Э.Чг гэрт хүрээд ирээч гээд дуудсан. Э.Ч тус өдрийн 15 цагийн орчим манай гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 20-10-17 тоотод хүрээд ирсэн. Тэгээд би Э.Чд “ээж нь жаахан хэвтье” гээд би хэсэг унтчихсан байсан. Тэгээд хэсэг унтаад сэрээд хартал манай охин Э.Ч гэрт байхгүй болохоор нь гараад хартал манай охин Э.Ч архи уучихсан согтуу байж байсан. Тэгэхээр нь би Э.Чг “гэртээ ор гээд чи хэнтэйгээ уучихсан юм” гэсэн чинь Э.Ч надад юу ч хэлэхгүй байсан ба манай хажуу айлын Ттай хамт архи уусан бололтой Т бас согтуу шинжтэй явж байсан. Тэгээд унтах гээд хэвтэж байтал манай охин Э.Ч гэнэт босож ирээд Э.Ч хажуу айлын буюу 14 тоот Тын хаалгыг нь нүдээд Таа “ороод ир” гээд байсан ба Т манай гэрт ороод ирсэн. Тэгсэн удалгүй араас нь Тын нөхөр Б араас нь согтуу манай гэрт орж ирэх гээд байхаар нь би “та нар манай гэрээс гар” гэсэн чинь Б гарахгүй зогсоод байсан ба удалгүй Э.Ч гэнэт Бтай барьцалдаж зууралдаж аваад коридор руу гарцгаасан. Тэгэхээр нь би цагдаа дуудах гээд гэртээ байж байтал гэнэт Б намайг хутгалчихлаа гээд орилоод байсан ба би гэрээс гараад хартал Б коридорт газар унасан гуянаас нь цус гараад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн юм. Би өмнө нь Бтай маргалдаж байсан /хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна/ Б намайг өмнө нь Дарханы я...н гэж хэлээд хэл амаар доромжлоод байсан болохоор нь би охин Э.Чд тэр талаар хэлчихсэн байсан. Тэгээд манай охин Э.Ч тухайн үедээ намайг өмөөрөөд Бтай маргалдсан байх. Тэр үед Бын баруун талынх нь гуянаас нь цус гараад байсан. Тэрийг манай охин тухайн үед Бын гуяыг хутгаар хутгалсан байсан /хэдэн удаа хутгалсан талаар мэдэхгүй байна/. Манай охин тухайн үед би Быг хутгалчихлаа гээд л орилоод байсан. Дараа нь буюу маргааш нь би бас Э.Чгаас “чи яг хутгалсан юм уу” гэсэн чинь Э.Ч “би хутгалчихсан юм” гээд байсан. Тэр үед Б манай охин Э.Чгаас өөр хүнтэй маргалдаагүй, манай дүү Г тухайн үед тэр Б, Э.Ч нарыг салгах гээд л зууралдаад яваад байсан. Тэр үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Харин манай охин Э.Ч болон хажуу өрөөний Т, Б нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, манай Г тухайн үед бага зэрэг архи уусан байсан” гэх мэдүүлэг /хх-30-31/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 4768 дугаартай “...Хэсэг газрын үзлэгт: Баруун гуяны гадна дээд хэсэгт 4 см, доод гадна хэсэгт 7 см шархтай. Зүүн гуяны ар дунд хэсэгт 1x1 см шархтай. Б.Бын биед гуяны гүний венийн нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун, зүүн гуянд шарх, цус алдалтын дараах цочмог цус багадалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх-33-34/,
- Шүүх-криминалистикийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1175 дугаартай “...Уг зүйлийг задалж хэмжих хэрэгсэл ашиглан үзлэг хийхэд нийт 26 см урттай, ажлын хэсгийн урт 16 см, ажлын хэсгийн өргөн 23 мм, ажлын хэсгийн зүүн талд ханз бичиглэлтэй, хар болон цагаан өнгийн хуванцар бариултай, бариулын зүүн талын урд, хойд хэсэгт хагарсан хутга 1 ширхгийг ирүүлсэн нь тогтоолд дурдсантай тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн хутга дээрээс гарын мөр илрээгүй” гэх дүгнэлт /хх-39-42/,
- Шүүх-криминалистикийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1174 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн өмдөнд зүсэгдэлт шинээр үүссэн байна. Зүсэгдэлтүүд тус бүр хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна” гэх дүгнэлт /хх-48-49/,
- Яллагдагч Э.Чгийн “...Уг зүйл ангитай холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй. Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр намайг гэртээ буюу Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 10-193Б тоотод байж байтал 12 цагийн орчим манай ээж Э над руу залгаад хүрээд ир гэхээр нь би ээжийнхээ гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны /хаягийг нь мэдэхгүй/ нийтийн байранд 15 цагийн орчим яваад очсон. Ээжийн гэрт байж байтал ээж Э надад “манай хажуу талын Б намайг Дарханы я....ууд гэж хэлсэн” гэж надад хэлсэн. Тэгээд байж байхад зүс таньдаг тухайн нийтийн байранд манай ээжийн эсрэг талын өрөөний Т намайг гараад ирээч гэхээр нь би гараад очтол Т намайг “ганц архи аваад ирээч, манай нөхөр Б гараад явчихлаа” гэхээр нь би доошоо дэлгүүр орсон чинь 0,5 литрийн архи байхгүй гэхээр нь би Тд хэлсэн. Т “өөрөө дэлгүүр явж архи аваад ирье, хүүхэд харж байгаарай” гээд яваад өгсөн. Удалгүй Т хүрч ирээд намайг гэртээ дуудаад бид хоёр 0,5 литрийн шар Чингис нэртэй архи 1 шилийг хувааж уусан. Тэгээд архи нь дуусаад Т “дахиад пиво аваад ирье” гэж гараад жижиг лаазтай пиво 2 ширхгийг аваад ирэхээр нь бид хоёр тэр пивоо хувааж уугаад архиндаа согтоод байж байтал нэг мэдэхэд би Бтай маргалдаад өдөр ээжийн хэлсэн Дарханы я...н гэсэн талаар маргалдаж байгаад би Бын гэрийнх нь ширээн дээр байсан хутгыг нь аваад би Бын гуя хэсэг рүү нь 2-3 удаа хутгалсан. Манай ээжийг Дарханы я...н гэж хэлсэн болохоор нь би тухайн үедээ Бд дургүй хүрээд Бтай маргалдсан. Тэр үед Бын гуя хэсгээс нь цус гараад байсан. Тэр үед Бын биед учирсан гэмтлийг би тухайн үед хутгаар Бын гуя руу нь 2-3 удаа хутгалсан юм. Тэр үед миний биед гэмтэл шарх учраагүй. Тэр үед манай ээж Э байсан, Т, ах Г тухайн үед байсан байх. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой гомдол санал байхгүй. Хийсэн гэм буруугаа ойлгож гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-97- 98/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Э.Чгийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтуудаар шүүгдэгч Э.Ч нь хувийн сэдэлтээр, шууд санаатайгаар иргэн Б.Бын хоёр гуянд нь удаа дараа хутгалж, учрах үедээ амь биед аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байх тул Э.Чг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Э.Чгийн хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн Б.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 4768 дугаартай дүгнэлт, хохирогч Б.Бын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Э.Ч нь өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Б.Б нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга хэлбэрээр арилгахыг шүүгдэгч Э.Чгаас шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаан эхлэхэд хохирогч Б.Баас эмчилгээний зардалд 355400 төгрөг зарцуулсан баримт гаргаж өгсөн ба шүүгдэгч Э.Ч нь нөхөн төлж барагдуулсан, өнөөдрийн байдлаар Э.Чг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо баримтаар нотлогдсон хэмжээнд нөхөн төлсөнд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Б нь Цэргийн госпитальд эмчлүүлсэн зардлын 15 хувь болох 960000 төгрөгийг Э.Чгаас нэхэмжилж байх боловч тухайн зардлыг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан хохирогч Б.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь баримтаар нотлогдсон, мөн эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг шүүгдэгч Э.Ч баримтаар нотлогдсон хэмжээнд нь сайн дураараа нөхөн төлж барагдуулсан, өнөөдрийн байдлаар төлөх төлбөргүй байх тул хохирогчоос гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид эмчилгээтэй холбогдон гарсан зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх үндэслэлтэй байна.
Хэргээс үзэхэд мөрдөгчийн 2022.04.28-ны өдрийн тогтоолоор Э.Чд холбогдох эрүүгийн хэрэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг нэхэмжлэхэд төрийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Насанжаргалыг тогтоосон болох нь тогтоогдож байна /хх-104/. Иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргал “...хохирогч Б.Б нь 2022 оны 3, 4 дүгээр сард Эрүүл мэндийн даатгалын сангаас 8235200 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Э.Чгаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэж мэдүүлэн /хх-105/ Э.Чгаас 8235200 төгрөг нэхэмжилж байна.
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар Прокурор төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцож болох талаар зааж зохицуулсан байх тул прокурорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан иргэний нэхэмжлэгчид тооцох боломжгүй байна. Зүй нь Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн төлбөрийг төлсөн хуулийн этгээд буюу Эрүүл мэндийн даатгалын газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, тухайн төрийн байгууллагын хүсэлтээр тухайн хэрэгт хяналт тавьж буй прокурор төлөөлөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох ёстой. Гэтэл хуульд заасан журам дарааллыг алгасан прокурорыг шууд иргэний нэхэмжлэгчээр тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаа нь буруу байна.
Түүнчлэн хэргийн 107 дугаар талд хавсаргагдсан баримт болох төлбөрийн мэдээллээс тухайн төлбөр төрөөс бүхэлдээ гарсан эсэх, даатгуулагч иргэний төлсөн төлбөр тухайн үнийн дүнд багтаж буй эсэх нь тодорхойгүй байх тул өнөөдрийн шүүх хуралдаанаар Э.Чд холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
3/ Хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Ч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-71/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Чгийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Чд 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдлын хувьд 3-4 насны бага насны хүүхдүүдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгчийн зүгээс хохирогчийн зүгээс баримтаар нэхэмжилсэн 355400 төгрөгийг төлж барагдуулсан. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” дүгнэлтийг гаргаж оролцсон ба иргэдийн төлөөлөгч “гэм буруутай” гэх дүгнэлт гаргалаа.
Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч Э.Ч нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг удаа дараа өгсөн, баримтаар нотлогдсон хэмжээнд хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарсан зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа ба түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 1 ширхэг хутгыг /ажлын хэсгийн урт 16 см, ажлын хэсгийн өргөн 23 мм, ажлын хэсгийн зүүн талд ханз бичиглэлтэй, хар болон цагаан өнгийн хуванцар бариултай, бариулын зүүн талд урд, хойд хэсэгт хагарсан/ энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Эгийн Чг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Э.Чд 3 /гурван/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Чд оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Э.Ч нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн бичиг баримт хураалгаж битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба хохирогч Б.Бд 355400 төгрөг хүлээлгэж өгсөн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Бын 60000 төгрөг, иргэний нэхэмжлэгчийн 8235200 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар Э.Чгаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт үйлдэхэд хэрэглэсэн 1 ширхэг хутгыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Чд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шүүгдэгч Э.Чд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар ар гэр, өмгөөлөгчид нь шийтгэх тогтоол уншиж сонсгосноос хойш 2 цагийн дотор мэдэгдэж баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ
ШҮҮГЧИД Б.БАТАА
М.МӨНХБААТАР