Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/751

 

      2022          06          10                                    2022/ШЦТ/751

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа,

улсын яллагч: Г.Ууганбаатар,

шүүгдэгч А.Чийн өмгөөлөгч: М.О, Т.Д,

шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч: О.Д,

шүүгдэгч: А.Ч, Т.Б нарыг оролцуулан Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ч, Т.Б нарт холбогдох эрүүгийн 2102000000000 тоот хэргийг 2022.05.17-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эцгийн хамт Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 00-00 тоотод оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай /РД:**0000000/ Тайж овогт Андрейн Ч,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1981 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00-00 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**00000000/ Сүлдэн овогт Тогтохын Б нар нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Ч, Т.Б нар нь 2021 оны 10 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө 923.7 грамм жинтэй “өвс” нэршилтэй ургамал мэт зүйлийг олж авсан, С ХХКийн эзэмшлийн 00-00 УББ улсын дугаартай Ниссан Дацун загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан байдалтайгаар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр 61-ийн гарам дээр саатуулагдсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р х.х-2/,

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай 2021.10.08-ны өдрийн 144 дугаартай прокурорын тогтоол /1-р х.х-4/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р х.х-6-12/,

- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р х.х-13, 18/,

- Хүний биеэс биологийн дээж, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1-р х.х.-14-17/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р х.х-37/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4627 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно. Гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 923,7 байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-57-59/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2021.10.14-ний өдрийн 4626 дугаартай “А.Ч УС87010111 2021.10.07 гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/   илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-39-41/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2021.10.14-ний өдрийн 4624 дугаартай “Тогтох Б  2021.10.08 гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/   илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-51-52/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021.11.11-ний өдрийн 827 дугаартай “Т.Б нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Т.Б нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Одоогоор үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Одоогоор мансуурах дон эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна” гэх дүгнэлт /1-р х.х-70/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021.11.11-ний өдрийн 828 дугаартай “А.Ч нь одоогоор F12.25 буюу каннабиноидын шалтгаант хараат байдлын эмгэгтэй байна. А.Ч нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. А.Ч нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. А.Ч нь одоогоор каннабиноидын шалтгаант хараат байдлын эмгэгтэй байна” гэх дүгнэлт /хх-63-64/

- Шинжээч эмч З.Цгийн “Каннабис буюу мансууруулах үйлчилгээтэй өвсийг тодорхой хугацаанд хэрэглэснээр хараат байдлын хам шинж үүссэнийг хэлдэг. Уг оношноос хэрэг хариуцах чадвар хамаарахгүй. А.Ч нь F12.25 хам шинжийн эмгэгтэй боловч өөрийн үйлдлийг удирдан жолоодох, өөрийн үйлдлийг ойлгож ухамсарлах чадвартай байсан” гэх мэдүүлэг /1-р х.х-67/,

- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 21-240 дугаартай “Ниссан Дацун маркийн автомашин-6546201 төгрөг” гэх тайлан /1-р х.х-74-76/,

- Яллагдагч Б-ын “Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм хэрэгт холбогдохгүй байж чадна.” гэх мэдүүлэг /1-р х.х-92/,

- Яллагдагч А.Чийн “Би урьд нь шийтгүүлсэн торгуулийн ялын мөнгийг төлсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна.” гэх мэдүүлэг /1-р х.х-104/,

- С ХХК-ийн 2021.11.15-ны өдрийн 21/05 тоот “Тус С ХХК нь УББ 00-00 улсын дугаар бүхий Ниссан Датсун загварын ачааны зориулалттай пикап машиныг эзэмшдэг нь үнэн болно” гэх албан бичиг /1-р х.х-81/  зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, А.Ч, Т.Б нарын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Ч, Т.Б нар нь 2021 оны 10 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө 923.7 грамм жинтэй “өвс” нэршилтэй Дельта-9 тетрагидроканнабинол гэх сэтгэцэд нөлөөт бодисны орцтой ургамлыг олж авсан, С ХХКийн эзэмшлийн 00-00 УББ улсын дугаартай Ниссан Дацун загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан байдалтайгаар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр 61-ийн гарам дээр саатуулагдсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр судалсан дээрх баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ хэмээх бодис нь Нэгдсэн үндэсний байгууллагаас 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр баталж, 1976 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүчин төгөлдөр болсон, Монгол Улс 199.04.22-нд соёрхон баталсан “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөлөх бодис /хараат байдлыг үүсгэх чадвартай бөгөөд төв мэдрэлийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, эсхүл хөдөлгөөний үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг хямраах чадвартай, эсхүл ...II.. жагсаалтад орсон аль нэг бодисын адил урвуулан хэрэглэхэд хүргэх буюу хортой үр дагавар үүсгэх чадвартай бодис/ болох нь шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4627, 4626, 4624 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Ч, Т.Б нар нь дээрх бодисын орц бүхий ургамлыг хууль бусаар олж авч, худалдаалах зорилгогүйгээр хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул А.Ч, Т.Б нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Ч, Т.Б нар нь өөрсдийн хууль бус санаатай үйлдэлдээ С ХХКийн эзэмшлийн 00-00 УББ улсын дугаартай Ниссан Дацун загварын тээврийн хэрэгслийг хэрэглэсэн байх тул уг тээврийн хэрэгслийн үнэ болох 6546201 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч А.Ч, Т.Б нар нь тухайн төлбөрийг Баянгол, Хан-Уул, Сонинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцаа байршуулах Төрийн сангийн 1009000005407 дугаартай дансанд урьдчилан байршуулсан байх тул энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсны дараа 6546201 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Ч нь урьд 3 удаа шүүхээр шийтгүүлж байсан болох нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 431 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялын тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 657 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах арга хэмжээ авч шийдвэрлэсэн,

3. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2021.04.02-ны өдрийн 21/334 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-117/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-121-138/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Т.Б нь урьд шүүхээр 1 удаа шийтгүүлж байсан болох нь:

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 600 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-118/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-141/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Ч, Т.Б нар нь шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дуусгасан, ялгүй болсон байх тул тэдний урьд шийтгүүлж байсныг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 1 жил 3 сарын хугацаагаар хорих тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх саналыг, шүүгдэгч А.Чийн өмгөөлөгч нараас “эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх дүгнэлтийг, шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгчөөс “зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно.

Шүүгдэгч А.Ч нь одоогоор каннабинойдын шалтгаант хараат байдлын эмгэгтэй байгаа боловч сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь шүүх сэтгэц эмгэг судлалын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 828 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байгаа ба түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай гэх дүгнэлт гараагүй тул А.Чийн өмгөөлөгчөөс гаргасан “эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах тухай” хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч А.Ч, Т.Б нар нь сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй ургамлыг олж авахаар үгсэн тохиролцож, Т.Б нь тээврийн хэрэгслээр хангаж, А.Ч нь тухайн өвсийг олж авах боломжтой газрыг заах зэргээр хууль тогтоомжоор хориглосон сэтгэцэд нөлөөт бодис бүхий “өвс”-ийг олж авсан, хадгалсан болох нь баримтаар нотлогдож байх тул тэдэнд ял оногдуулахдаа ялын төрлийг ялгамжтай оногдуулах үндэслэлгүй гэж дүгнэв.

Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Б нь төрсөн эх 74 настай, Ц.Эийг асран халамжилдаг болох нь баримтаар /1-р х.х-176-178/ тогтоогдож байх тул тухайн иргэний асран хамгаалалтын асуудлыг шийдвэрлэхийг харъяа дүүргийн Засаг даргад мэдэгдэх нь зүйтэй.

 Хэргийн улмаас хураагдсан гялгар уутны хамтаар нийт 923.7 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгаж, баримтыг шүүхэд ирүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэхийг уг эд зүйлийг хадгалж байгаа байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Тайж овогт Ан Ч, Сүлдэн овогт Тын Б нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чт 1 /нэг /жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Т.Бд 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар А.Ч, Т.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан А.Чийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Т.Б нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн бичиг баримт, хураалгаж битүүмжлэгдээгүй, хэрэгт хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гялгар уутны хамтаар нийт 923.7 грамм жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис бүхий ургамлыг зохих журмын дагуу устгаж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Ч, Т.Б нараас 6545201 /зургаан сая таван зуун дөчин таван мянга хоёр зуун нэг/ төгрөг дансанд байршуулсныг Улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Чт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шүүгдэгч Т.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар энэхүү шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноос хойш 2 цагийн дотор ар гэр, өмгөөлөгчид нь мэдэгдэж баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны 00-00 тоотод оршин суух иргэн /РД:**0000000/ 74 настай, эмэгтэй Ц.Эийг асран хамгаалахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Бд мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              С.СЭРЖМЯДАГ