| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 105/2020/0301/Э/220/2021/0859 |
| Дугаар | 2022/ШЦТ/755 |
| Огноо | 2022-06-10 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/755
2022 06 10 2022/ШЦТ/755
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, ерөнхий шүүгч Б.Дашдондов, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга: Г.Хулан,
улсын яллагч: Ц.Г,
иргэдийн төлөөлөгч: Н.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Г,
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******өд холбогдох эрүүгийн 180600000000000 тоот хэргийг 2022.04.11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан аймгийн Дархан хотод 1973.07.15-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Дархан-уул аймгийн Шарын гол сум 2 дугаар багийн 13-26 тоотод оршин суух, урьд 8 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**********/ Дархад овогт Ж-гийн Б нь 11 удаагийн үйлдлээр бусдад 22656460 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 1 дүгээр байрны 30 тоотод оршин суух иргэн *******гийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч, Хайер маркийн 32 инчийн зурагт, савхин хүрэм зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 298000 төгрөгийн хохирол,
-2018 оны 2 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хөлийн голын 1-3 тоотод оршин суух иргэн Д.Бгийн хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрийн хаалгыг эвдэж хууль бусаар нэвтэрч Шарп брэндийн 32 инчийн ЛСД зурагт, эрэгтэй савхин куртик, эмэгтэй савхин дээл зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 684000 төгрөгийн хохирол,
-2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 1-Б хэсэг 275 тоотод оршин суух иргэн Ж.Згийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, Хайер брэндийн 32 инчийн ЛСД зурагт, хүүхдийн пүүз зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 254760 төгрөгийн хохирол,
-2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 1 дүгээр хэсгийн 215 тоотод оршин суух иргэн Б.Бын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, самсунг брэндийн 32 инчийн ЛСД зурагт, ус буцалгагч, индүү, хүүхдийн эмэгтэй пүүз, эрэгтэй өмд, эрэгтэй юүдэнтэй цамц, сахлын машин, бугуйн цаг, виски 2 ширхэг, шар чемодан, ноосон цамц, гаанс, чихэр 2 кг, үнэртэй ус, сорочкон цамц, алтан ээмэг, мөнгөн бугуйвч, монетон кулан бөгж хос, гоо сайрны ком, гудас, ширээний бүтээлэг, ноосон цамц, том машины аккумлятор зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2405000 төгрөгийн хохирол,
-2018 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Төмөр замын 23-Б тоотод оршин суух иргэн П.Эийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, БНХАУ-д үйлдвэрлэсэн Делл брэндийн хяналтын камерын төхөөрөмж, Голд мастер алт металл хайгч, хурганы арьс 35 ширхэг, түлээний мод 20 шуудай, байгалийн өнгөт чулуу 30 кг, чононы арьс 2 ширхэг, бугын эвэр 3.5 кг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 5885000 төгрөгийн хохирол,
-2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 24-14-А тоотод оршин суух иргэн Ё.Мын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, ТСЛ маркийн 39 инчийн зурагт, Их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 790000 төгрөгийн хохирол,
-2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Мон-Лаагийн 17 тоотод оршин суух иргэн Б.Бын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, “самсунг” маркийн 48 инчийн зурагт, 2 ширхэг булган шуба, эрэгтэй булган захтай савхин куртик, 2016 онд худалдаж авсан эрэгтэй савхин куртик, мөн хавар намрын эрэгтэй савхин куртик, мөнгө тоногтой эрэгтэй мөнгөн бүс, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, эрэгтэй бугуйн цаг 1 ширхэг, алтан нуухтай, даваа толгойтой хөөрөг 1 ширхэг, жижиг халтар манан хөөрөг 1 ширхэг, хүрэн өнгийн толгойтой чулуун хөөрөг 1 ширхэг, эрэгтэй пүүз 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 6890000 төгрөгийн хохирол,
-2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүн баянцагааны 5-34-А тоотод оршин суух иргэн Д.Бын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, модны түрдэг хөрөө, уртасгагч болон биет 40000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 115000 төгрөгийн хохирол,
-2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүн баянцагааны 5-28 тоотод оршин суух иргэн Г.Бын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, ЛЖ маркийн 32 инчийн зурагт, эмэгтэй загвартай урт булган шуба, Никон маркийн зургийн аппарат, DVD тоглуулагч, Кен маркийн дрилл, цохилттой дрилл, уртасгагч, дунд гарын мөнгөн аяга, 8ку маркийн цагаан өнгийн гар утас, Хувцас зайлагч, хайрцагтай шинэ гоёлын зүүлт 25 ширхэг, шампунь 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2476700 төгрөгийн хохирол,
-2018 оны 2 дугаар сарын 11-ний Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 5-54 тоотод оршин суух иргэн Д.Бын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 1858000 төгрөгийн эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,
-2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Бага Нарангийн 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух иргэн А.Бын эзэмшлийн Самсунг маркийн зурагт, нөүтбүүк зэрэг 1000000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн А.Бад 1000000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 11 удаагийн үйлдлээр бусдад 22656460 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Нэг: Иргэн *******д 298000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг нотлох баримтууд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /1хх-н 15-16/,
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 17-18/
3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******гийн “2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагийн үед гэрээсээ гараад 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 18 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн цонхоор хулгай орсон байсан. Тэгээд би цагдаа дуудсан..., Тухайн үед би 32 инчийн Хайер брэндийн хар өнгийн ЛЕД зурагтын 2017 оны сүүлээр 450000 төгрөгөөр үнэлж байна. Миний өөрийн бор өнгийн савхин куртик алдагдсан 80000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23/,
4. 32 инчийн болон эрэгтэй савхин хүрмийг нийт 298000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн үнэлгээ /1-р хх-ийн 28-29/,
Хоёр: Иргэн Д.Бд 684000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг нотлох баримтууд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /1хх-н 57-58/,
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 59-61/,
3. Хохирогч Д.Бгийн “2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагийн үед гэрээсээ гараад 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 19 цаг 30 минутын үед гэртээ харихад манай гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгайч орчихсон байсан. Тэгээд цагдаа дуудсан. Тухайн үед 32 инчийн Шарп брэндийн хар өнгийн ЛСД зурагт дараа эд зүйлээ бүртгэж үзэхэд эрэгтэй хүний өвлийн хагас савхин дээл, миний өөрийн хавар намрын доторгүй савхин дээл бас хулгайд алдсан байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 69-70/,
4. 39 инчийн марк тодорхойгүй зурагт, эрэгтэй савхин дээл, эмэгтэй дээлийг нийт 684000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 73-74/,
Гурав: Иргэн Ж.Зд 254760 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг нотлох баримтууд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-н 153/,
2. Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 154-158/,
3. Хохирогч Ж.Згийн “2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минутаас 16 цагийн хооронд манай гэрт хулгайч орж 32 инчийн Хайер брэндийн ЛСД зурагт, 37 размерын хөх өнгийн эрэгтэй пүүз, мөнгөний гахай хагалаад 5000-6000 төгрөг алга болсон байсан” гэх мэдүүлэг/1хх-ийн 160/,
4. 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 169-171/
5. 32 инчийн зурагт болон пүүзийг нийт 254760 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 179-180/,
Дөрөв: Иргэн М.Бад 2405000 төгрөгийн хохирол учруулсан
үйлдлийг нотлох баримтууд:
1.гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 206/,
2. Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 207-211/,
3. Хохирогч М.Бын “2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 15 цаг 10 минутаас 18 цагийн хооронд манай гэрт хулгай орчихсон байсан гэж манай гэрт байдаг охин хэлсэн. Тэгээд би гэртээ ортол үүдний өрөөний цонх онгорхой байсан. Тэгээд гэртээ ортол хамаг эд зүйлс эмх замбараагүй болчихсон 32 инчийн Самсунг ЛСД зурагт байхгүй болчихсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс Самсунг лсд зурагт 400,000 төгрөг, ус буцалгагч суурьтай 25000 төгрөг, индүү 20000 төгрөг, хүүхдийн эмэгтэй спорт гутал 2 ширхэг хар өнгөтэй 40000 төгрөг, эрэгтэй 50 размерын өмд /бор шар, хар өмд 2ш/ тус бүрийн 60000 төгрөг нийлээд 180000 төгрөг, эрэгтэй юүдэнтэй цамц 70000 төгрөг, сахлын машин 20000 төгрөг, бугуйн цаг 150000 төгрөг, 2 шил 0,75 литрийн виски 280,000 төгрөг, шар чамдонь 50000 төгрөг, бор өнгийн ноосон цамц 50000 төгрөг, 1 ширхэг гаанс 10000 төгрөг, 2 кг чихэр 60000 төгрөг, эмэгтэй хүний үнэртэй ус 200гр 15000 төгрөг, срочкон цамц 2 ширхэг 60000 төгрөг, алтан ээмэг 3 гр /цэцгэн хээтэй/, хугархай бугуйвч 100000 төгрөг, зоос гоёлын рубин шигтгээтэй монетан кулон бөгж, хэрэглэж байсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд 150000 төгрөг, халдаг гудасны дээр тавьдаг нимгэн гудас 1 ширхэг 30000 төгрөг, ширээний торон бүтээлэг 10000, хөх өнгийн ноосон цамц 25000 төгрөг алга болсон” гэх мэдүүлэг /1хх-ийн 212-214/
2. “Тод үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ /1хх-ийн 230-231/,
Тав: Иргэн П.Эт 5885000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг нотлох баримтууд:
1. гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /2 хх-ийн 11/,
2. Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 12-20/,
3. Хохирогч П.Эийн “Хятад улсад үйлдвэрлэсэн Делл брэндийн хяналтын камер, голд мастер алт хайх төхөөрөмж, 35 ширхэг хурганы арьс, түлээний мод, 6 шуудай өнгөт чулуу..., 2018 оны 02 дугаар сарын 02-04-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 2 хэсэг төмөр замын 236 тоотод байрлах манай хашаа байшинд цонхоор хүн орж эд зүйл алдагдсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж алдсан эд зүйлийнхээ талаар мэдүүлэг өгсөн. Мөн дээр нь алдагдсан эд зүйл дутуу хэлсэн байсан бөгөөд байшинд байсан 2 ширхэг чонын арьс, бугын эвэр бас алдагдсан байсан бөгөөд би чонын арьсаа нэгийг нь 150000 төгрөгөөр бугын эврээ килограммыг нь 60000 төгрөгөөр 3.5 кг эвэр 210000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /2хх-ийн 21-25/,
4. 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Тод Үнэлгээ ХХК-ийн 397 дугаар эд зүйлийн үнэлгээний тодорхойлолт /2хх-ийн 44/,
Зургаа: Иргэн Б.Мт 790000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг нотлох баримтууд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /3 хх-ийн 39/,
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх-ийн 40-44/,
3. Хохирогч Б.Мын “2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн орчимд өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоосгоны 24- 10А тоотод байрлах гэрээсээ эхнэр Оюун-Эрдэнэ, хүү Түвшинтөр нарын хамт гарсан. Би өвлийн сууцныхаа вакум цонхыг хаагаад явчихсан байсан. Намайг гэрээсээ гарах үед гудамжинд болон хашааны ойролцоо ямар нэгэн сэжигтэй хүн байгаагүй. Орой 20 цагийн үед гэр бүлийнхээ хамтаар гэртээ ирсэн чинь өвлийн сууцны урд талын вакум цонх онгойлгосон байдалтай байсан тэгэхлээр нь гэртээ ороод үзсэн чинь эд зүйл алдагдсан байсан тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. ТСЛ загварын 39 инчийн ЛСД зурагт 2014 онд 600000 төгрөгөөр худалдаж авч байсан. Их гарын мөнгөн аяга 1 ширхэг 2016 онд грамм, сорьцыг нь мэдэхгүй байна хүн бэлгэнд өгч байсан 380000 төгрөг, дунд гарын мөнгөн аягийг 2016 онд худалдаж авч байсан 280000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /3 хх-ийн 47-48/,
4. 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Аривжих-Эстимейт ХХК-ийн №18/114 дугаартай дүгнэлт /3 хх-ийн 75-76/,
Долоо: Иргэн Б.Бт 6890000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг нотлох баримтууд:
1. гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /3 хх-ийн 146/,
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-ийн 147, 150-153/,
3. Хохирогч Б.Бын “...Хашааны гадна талд машинтай ирээд зогстол хашааны том хаалга бага гүйж онгойсон байдалтай харагдсан. Хашаа руу явж ороод грашийн хаалга бас онгойсон байдалтай харагдсан. Тэгээд дотор ороод хартал манай гэр доторх эд зүйлүүдийг тараагаад эмх замбараагүй болгочихсон байсан ба хойд талын унтлагын өрөөний цонхны шилийг хагалчихсан байсан. Манай гэрээс 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хорооллын Некст плаза дэлгүүрээс 2099900 төгрөгөөр худалдан авч байсан 48 инчийн Сумсунг нэртэй ЛЕД дэлгэцтэй зурагт 1 ширхэг, манай эхнэрийн 3-4 жилийн өмнө худалдан авч байсан 2 ширхэг булган шуба, нэгийг нь Билэг их дэлгүүрээс 3500000 төгрөгөөр, харин нөгөөг нь 2100000 төгрөгөөр авч байсан. 2015 онд Билиг их дэлгүүрээс 1200000 төгрөгөөр авч байсан миний өмсдөг эрэгтэй савхин гадартай булган захтай богино куртик-1 ширхэг, 2016 онд Нарантуул захаас 460000 төгрөгөөр авч байсан эрэгтэй хавар намрын савхин куртик-1 ширхэг, 2016 онд 200000 төгрөгөөр авч байсан манай хүргэний өмсөж байсан хавар намрын савхин куртик-1 ширхэг, 2015 онд Мөнгөн завъяа дэлгүүрээс 110000 төгрөгөөр авч байсан ногоон өнгийн дэвсгэртэй мөнгөн тоногтой эрэгтэй бүс-1 ширхэг, сейфэн дотор байсан нийт 4 ширхэг мөнгөн аяга, нэг нь их гарын мөнгөн аяга, нөгөө 3 нь дунд гарын мөнгөн аяга байсан. Би их гарын нэг мөнгөн аягаа 300000 төгрөг, 3 ширхэг дунд гарын мөнгөн аягыг нийт нь 450000 төгрөгөөр тус тус авч байсан. Мөн шаргал өнгийн эрэгтэй бугуйн цаг-1 ширхэг, үүнийг 2015 онд 190000 төгрөгөөр авч байсан. Их гарын алтан нуухтай, даваа толгойтой хөөрөг-1 ширхэг, үүнийг 550000 төгрөгөөр 2016 онд авсан, жижиг халтар манан хөөрөг-1 ширхэг, үүнийг 2016 онд 220000 төгрөгөөр авч байсан, эхнэрийн барьдаг байсан хүрэн өнгийн толготой чулуун хөөрөг-1 ширхэг 2017 онд 180000 төгрөгөөр авч байсан. Цагаан өнгийн ултай, ногоон саарал өнгийн 40 размерын эрэгтэй пүүз-1 ширхэг үүнийг Солонгосоос 2017 онд 110000 төгрөгөөр авч байсан” гэх мэдүүлэг /3 хх-ийн 154-162/,
2. 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Аривжих-Эстимейт ХХК-ийн №18/112 дугаартай дүгнэлт /3 хх-ийн 179-180/,
Найм:Иргэн Д.Бод 115000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг нотлох баримтууд:
1. гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /4хх-н 15-16/,
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 17-21/,
3. Хохирогч Д.Бын “Би 2018 оны 3 дугаар сарын 23-ны өглөө явахдаа гэртээ авдар дээр байдаг DVD тоглуулагчийн доод талд 40000 төгрөг үлдээгээд явсан дээрх мөнгө алга болсон байсан. Мөн миний хэрэглэдэг модны түрдэг макетан хөрөө цэнхэр өнгийн 1 ширхэг уг хөөрөг 2018 оны эхээр 70000 төгрөгөөр худалдаж авч байсан одоо уг үнээрээ үнэлж байна. Цагаан өнгийн уртасгагч 1 ширхэг уг уртасгагчийг хэзээ авч байсан эсэхийг мэдэхгүй байна. 15000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 26-31/,
4. 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Аривжих-Эстимейт ХХК-ийн №18/111 дугаартай дүгнэлт /4хх-ийн 33-34/8
5. 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /4 хх-ийн 48-50/,
Ес: Иргэн Г.Бд 2476700 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг нотлох баримтууд:
1. гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /4хх-н 85/,
2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 87-90/,
3. Хохирогч Г.Бын “2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойш манайхаар хүн очоогүй байж байгаад 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 10 цагийн орчимд гэртээ ирээд хаалга онгойлгох гэсэн чинь онгойхгүй хаалга дотор талаасаа түгжээтэй байгаад байхаар нь гайхаад тойроод харсан чинь байшингийн баруун баруун талын жижиг вакум цонх онгорхой байсан. Тэгээд гэртээ ороод харсан чинь эд зүйлийг онгичоод хулгай орсон байдалтай байсан. Манай гэрт сүүлийн 5 хоногийн хугацаанд л хулгай орсон байна. Яг хэдний өдрийг нь мэдэхгүй байна. Манай хажуу талын буюу Зүүн баянгийн 5-34-А тоотод 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хулгай орсон гэж байна лээ. Тэгэхээр тэр өдөр хулгай орсон байж болох юм. 2012 онд 800000 төгрөгөөр авч байсан ЛЖ маркийн 32 инчийн хар өнгийн зурагтаа 600000 төгрөгөөр үнэлнэ, 2017 онд 2000000 төгрөгөөр худалдан авч байсан эмэгтэй загвартай урт булган шуба байсныг тэр үнээр нь үнэлнэ, 2012 онд хүн өгч байсан Никон маркийн зургийн аппаратаа 300000 төгрөгөөр үнэлнэ, 2010 онд авч байсан DVD тоглуулагчаа 40000 төгрөгөөр үнэлнэ, 2016 онд авч байсан кен маркийн дриллээ 60000 төгрөгөөр үнэлнэ, 2016 онд авч байсан марк тодорхойгүй цохилттой дриллээ 120000 төгрөгөөр үнэлнэ, 2016 онд авч байсан уртасгагч байсныг 15000 төгрөгөөр үнэлнэ, 2016 онд 120000 төгрөгөөр авч байсан дунд гарын мөнгөн аягаа 100000 төгрөгөөр үнэлнэ, Бүтэн хайрцагтай "Экс-40” гэх нэртэй архи 1 шил байсныг 15000 төгрөгөөр үнэлнэ, 2012 онд авч байсан Sку маркийн цагаан өнгийн гар утсаа 70000 төгрөгөөр үнэлнэ. Хувцас зайлагч бүтнээрээ байсныг 8000 төгрөгөөр үнэлнэ, Хайрцагтай шинэ гоёлын зүүлт 25 ширхэг байсныг 120000 төгрөгөөр үнэлнэ, Шампунь 1 ширхэг байсныг 10000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /4 хх-ийн 92-95/,
2. 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Аривжих-Эстимейт ХХК-ийн №18/108 дугаартай дүгнэлт /4хх-ийн 102-103/,
Арав: Иргэн А.Бад 1000000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг нотлох баримтууд:
1. гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /5хх-н 46-47/,
2. Хохирогч А.Бын “2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр дэлгүүр орохоор явж байгаад 2 сарын өмнө манай ажлын ахлах тогооч Нарантуяагаар дамжуулан танилцаж байсан Баянмөнх, Ууганаа хоёртой таарсан. Тэр хоёр мөнгө олж машинаа журмын хашаанаас авмаар байна гэж ярьж байсан. Надаас 150000 төгрөг байна уу зээлээч гэж асуусан. Би найзад нь ямар ч мөнгө алга гэж хэлсэн. Тэгээд бид гурав Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, "Бага Нарангийн 07-01 тоотод оршин суух нийтийн байранд маань бид гурав 0,5 литрийн архи 2 шилийг хувааж уусан. Тэгээд би өмнөх өдөр нь нойр муутай явсан болохоор унтаад өгсөн. Тэгээд нэг сэртэл Баянмөнх манай зурагтыг, зөөврийн компьютерын хамт бариад гарч байсан ба би хөөе яагаад эд зүйл аваад гарч байна гэхэд ******* миний араас цохисон. Тэгээд би тухайн үед хүзүүний хойд хэсэг рүү цохиулаад ухаан алдаад унасан байсан. Нэг сэрэхэд хажуу айлын эмэгтэй цагдаа дуудсан байсан” гэх мэдүүлэг /5 хх-ийн 56-58, 6 хх-ийн 88/,
3. 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Тэнцвэр-Эстимейт ХХК-ийн 642 дугаартай дүгнэлт /5хх-ийн 67-69/,
4. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /5хх-н 77/,
5. Иргэний нэхэмжлэгч О.Эы “...Манай “Шар цэмбэн” ХХК нь гэр бүлийн дундын өмчлөлийн компани бөгөөд Арвин нэртэй барьцаалан зээлдүүлэх газрыг миний бие хариуцан ажиллуулдаг юм. Манай Арвин барьцаалан зээлдүүлэх газар нь 2015 оноос хойш барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг явуулж байна. Манай хаяг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Цэлмэг төвийн 1-р давхарт үйл ажиллагаа явуулдаг...Би барьцаалан зээлдүүлэх газруудын ашигладаг Прокредитор нэртэй программаас уг Ж-гийн Б гэх хүний регистрийн дугаараар хайлт хийж үзэхэд 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр манай ломбардад өөрийн бичиг баримтаар Самсунг загварын 32 инчийн зурагт 1 ширхэг, НР 13 6-р үеийн загварын зөөврийн компьютер 1 ширхэг зэрэг эд зүйлсийг барьцаалж 250000 төгрөгийн зээл авсан. Тухайн үед өөрийн бичиг баримтаар буюу ******* гэх нэрээрээ тавьсан байна. Би хохирлын мөнгө болох 250000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг / 6 хх-ийн 94/,
Арван нэг: Иргэн Д.Бод 1858000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг нотлох баримтууд:
1. гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /6 хх-ийн 177/,
2. Хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 хх-ийн 176-180/,
3. Хохирогч Д.Бын “Би 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 13 цаг 30 минутын үед гэрээсээ гарч яваад орой 17 цаг 40 минутын үед гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалга хаалттай, цоожийг нь сугалаад авчихсан байсан. Тэгэхээр нь гэртээ ороод эд зүйлээ харсан чинь хойморт байсан 42 инчийн самсунг загварын Лед зурагт байгаагүй, тэгэхээр нь эд зүйлээ нарийн сайн үзтэл миний монетон ээмэг, 2 жижиг цүнхтэй САР брэндийн хувцаснууд алга болсон байсан...эмэгтэй хүний шигтгээтэй, саран хэлбэрийн 4.4 граммын монетон ээмэг, ... самсунг загварын 42 инчийн хар өнгийн хүрээтэй лед зурагт, ...САР брэндийн нимгэн 1 ширхэг эрэгтэй, 1 ширхэг эмэгтэй цамц, 3 ширхэг энгийн загварын өмд, эмэгтэй хүний 1 ширхэг бэлтгэлийн өмд, эмэгтэй хүний 2 ширхэг фудволк, 2 ширхэг хувцасны жижиг цүнх, ноолууран дотортой хүр хорхойн шүлсэн торгон ороолт 4 ширхэг, эмэгтэй хүний хэтэвч 6 ширхэг, шоколадны набор 10 ширхэг, choco Pie 5 ширхэг, зефир чихэр 10 уут, ууттай чихэр 20 уут, эмэгтэй хүний гоо сайхны нүүрний багц бүтээгдэхүүн 4 хайрцаг, эмэгтэй хүний нүүрний будаг, уруулын будаг, зурагтын ДДШ антены хүлээн авагчийн удирдлага, гар утасны цэнэглэгч power bank зэрэг алдагдсан...манайх 2017 оны 5 сард уг хашааг худалдаж аваад нүүж орсон” гэх мэдүүлэг /6 хх-ийн 192/,
4. Алдагдсан эд зүйлсийг 1858000 төгрөгөөр үнэлсэн Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /6 хх-ийн 203-204/,
5. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 хх-ийн 60- 67/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь нийт 11 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг амьдралын хэвшил, зуршил болгосон байдалтайгаар байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурьдсан баримтууд болон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р х.х-91/, *******ийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь 6 удаа ял шийтгэсэн таслан шийдвэрлэх, шийтгэх тогтоолын хуулбар хувь /1-р х.х-102-103, 108-109, 116-117, 96-98, 118-120, 2-р хх-127-181, 3-р х.х-1-8/ баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******ийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь дээрх 11 удаагийн үйлдлээс иргэн П.Э, Б.Бын гэрээс эд зүйл хулгайлсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдүүлсэн нь хэрэгт хавсарган ирүүлсэн баримтаар батлагдахгүй байх ба тухайн хулгайн үйлдэлд автомашин, тээврийн хэрэгсэл хэрэглэсэн эсэх, мөн бусадтай бүлэглэсэн эсэх үйлдэл дээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлээгүй тул зөвхөн *******өд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн хүрээний дотор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад мөнгөн дүнгээр нийт 22906460 төгрөгийн хохирол учирсан ба тухайн хохирлыг нөхөн төлөөгүй болох нь хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул 22906460 төгрөгийг *******өөс гаргуулж, нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгож хохиролгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь урьд шүүхээр 8 удаа шийтгүүлж байсан болох нь:
- 1990 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Дархан хотын ардын шүүхийн 02 дугаартай шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан /1-р хх-108-109/,
- 1993 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Дархан хотын ардын шүүхийн 44 дугаартай шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан /1-р хх-104-113/,
- 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь сум дундын шүүхийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-т, 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар тус тус 3 жил 7 хоногийн хорих ял оногдуулсан /1-р хх-102-103/,
- 1995 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь сум дундын шүүхийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан /1-р хх-105-106/,
- 1998 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Дархан-Уул аймгийн Эрүүгийн шүүхийн 8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйл, 225 дугаар зүйлийн 225.3-т зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан /1-р хх-116-117/,
- 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар11 жил 1 сарын хорих ял оногдуулсан /1-р хх-96-98, 118-120/,
- 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэрийн анхан шатны шүүхийн 459 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан /2-р хх-127-181/,
- 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 581 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил хорих ял оногдуулж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 459 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 9 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 9 сар 26 хоногийн хугацаагаар тогтоосон /3-р хх-1-8/ болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5-р хх-89/, шийтгэх тогтоолуудын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 581 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 3 сар 4 хоногийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа ухамлан ойлгож гэмшиж байгаа. Шүүгдэгчийн зүгээс бусадтай бүлэглэн гэмт хэрэгт үйлдсэн талаараа тодорхой ярьсан байгаа. Иймд эдгээр байдлуудыг харгалзан үзээд хорих ялын хугацааг багасгаж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” дүгнэлтийг, шүүгдэгчээс “өмнө хэргийг нэмж нэгтгүүлэх талаар прокурорт хэлж байсан. Миний зүгээс эхийгээ амьд байхад очъё гэсэн байдлыг харгалзан үзээд хорих ялыг багасгаж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” дүгнэлтийг, иргэдийн төлөөлөгчөөс “гэм буруутай байна” дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно.
Шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор 2018 оны 2 дугаар сарын 4-нийн өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд үйлдсэн 11 удаагийн үйлдэлдээ шийтгүүлж байгаа ба Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 581 дугаартай шийтгэх тогтоолоор 2018 оны 5 дугаар сарын 12-ны шөнө үйлдсэн 1 удаагийн хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлэхдээ өөр үйлдлүүд байгаа ба нэгтгүүлэн шалгуулах хүсэлтэй байгаа талаараа хэлж мэдүүлсэн боловч прокурор, мөрдөгчөөс “тийм хэрэг шалгагдаагүй” гэх бичиг өгч, тухайн хэргийг шийдвэрлүүлсэнд гомдолтой байгаа талаараа удаа дараа бичгээр илэрхийлж байсан байна. Шүүгдэгч ******* нь нэг төрлийн гэмт хэрэгт хоёр шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж буй нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байх бөгөөд үүнд түүний буруутай үйлдэл тогтоогдохгүй байна. Иймд тухайн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэх шүүхэд олгогдсон бүрэн эрхийн хүрээнд *******өд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч *******ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь Багануур дүүргийн иргэн Ж.Юмжирдуламын 80 кг ноолуурыг бусадтай бүлэглэн хулгайлсан” гэж мэдүүлснийг шалгуулахаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2343 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаасан боловч Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын 2022.04.01-ний өдрийн 1/385 тоот албан бичгээр “хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад ******* нь уг хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах боломжгүй байна” гэх хариу /7-р х.х-214/ ирүүлсэн байх тул прокуророос ялллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээн дотор хэргийг эцэслэн шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.
Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, түүний хувийн байдал зэргийг харгалзан *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 581 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 3 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн биечлэн 10 жил 3 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлүүлэхээр тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д овогт Ж-гийн Бийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Д овогт Ж Бөд 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 581 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 3 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн 10 /арван/ жил 3 /гурван / сар 4 /дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******өд оногдуулсан 10 жил 3 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч *******ийн 2019.11.08-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч *******өөс хувийн бичиг баримт хураалгаж битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******өөс 22904460 /хорин хоёр сая есөн зуун дөрвөн мянга дөрвөн зуун жаран/ төгрөг гаргуулан хохирогч *******д 298000 төгрөг, хохирогч Д.Бд 684000 төгрөг, хохирогч Ж.Зд 254760 төгрөг, хохирогч Б.Бад 2405000 төгрөг, хохирогч П.Эт 5885000 төгрөг, хохирогч Б.Мт 790000 төгрөг, хохирогч Б.Бт 6890000 төгрөг, хохирогч Д.Бод 115000 төгрөг, хохирогч Г.Бт 2476700 төгрөг, хохирогч А.Бад 1000000 төгрөг, хохирогч Д.Бод 1856000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Эд 250000 төгрөгийг тус тус олгосугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ
ШҮҮГЧИД Б.ДАШДОНДОВ
Л.БААТАР