Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/191

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0165/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч А.Э /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Э-д холбогдох эрүүгийн 2218000000148 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, А.Э, 1980 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, Хүслийн хотхоны 5 дугаар байрны 28 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Э нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүслийн хотхоны 1 дүгээр байрны гадна иргэн Ш.Б-гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “зүүн чамархайн хуйханд шарх, тархи доргилт, хамар ясны хугарал, нүүр, баруун гарын бугалга, шилбэнд цус хуралт, нэг шүдний үгүй байдал, баруун хацар ясны цөмөрсөн хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч А.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Батхүү бид хоёр зодолддог өдрийн урд өдөр ийм зүйл болсон. Манай ажил 7 цаг 30 минутад тардаг. 6 цаг болж байхад Батхүү халамцуу орж ирээд ганц юм ууя гэсэн. Би жижигхэн 2 архи аваад Олон улсын худалдааны төвийн гадаа гарсан. Батхүү овоолсон шороон дээр хэвтчихээд тэнгэр хангай, шувуу яасан гоё юм бэ гээд байсан. Манай дохиолол хамгаалалтын залуу гараад ирчихсэн байхаар нь санаа зовоод бос гэж хэлээд гараараа татсан. Батхүү 2 гараараа 2 удаа шувтраад боссон. Тэрхэн үедээ гаран дахь монетон бөгжөө анзаараагүй. Удалгүй дүү рүүгээ орсон. Гэнэт бөгжөө санаад чи миний бөгжийг авчхаагүй биздээ гэхэд би яасан гэж авдаг юм гээд уурласан. Манай ээж машины ослоор 5 жилийн өмнө нас барсан. Удалгүй эхнэр хүүхэд нь ирээд Батхүү машиндаа суугаад яваад өгсөн. Тухайн үед хөдөөнөөс аав ирчихсэн байсан. Манай ажлынхан юу болсон бэ гэхээр нь талийгаачийн бөгжийг архи ууж байгаад сугалаад авчихсан байна гэхэд гэрийг нь мэдэх үү? гээд тэгээд аавтайгаа хүүхэдтэйгээ гэрт нь яваад очсон. Тэгээд учраа хэлтэл би яасан гэж авдаг юм гээд орилоод байхаар нь за за больё, цагдаад өгье гэж бодсон. Маргааш нь Батхүү ярьсан. Камер шүүлгэсэн, ууж идсэн газраа явахад үнэхээр байхгүй байна. Би тэр бөгжийг чинь аваагүй гэхээр нь за чамтай яриад байх юм байхгүй, цагдаагаар асуудлаа шийдүүлье гэсэн. Гэтэл 3,4 удаа залгаад байсан. Тэгээд хүслийн хотхоны гадаа таараад 30, 40 минут юм ярьсан. Ээжийн минь бөгжийг өгчих, хүн амьтанд хэлэхгүй гэж өчнөөн хэлж гуйж үзсэн. Тэгээд 1 шил 0,33 граммын архи хувааж уугаад  цохисон.

...Би 42 нас хүртлээ мөрөөрөө ажлаа хийгээд явж байхад яагаад өдөр болгон ирж архи уучхаад, одоо ийм байдалтай намайг энд зогсуулж байгаа юм бэ, харамсаж байна. Бөгжийг минь соёлтойгоор авчихсан. Цохисон нь миний буруу. Би хохирол төлбөрийн хувьд бөөн өгөх мөнгө байхгүй. Хүүтэйгээ хоёулханаа амьдардаг. Үүнээс хойш мөр мөрөөрөө амьдаръя. Дахиж битгий ингэж хүнд гай болоорой гэж хэлье. Миний ээжийн бөгж шүү дээ. Намайг мөрөөрөө ажлаа хийгээд явдгийг хамт олон минь мэднэ.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Ш.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Олон улс дээр таарч уусан нь үнэн. Би тэр бөгжийг аваагүй. Өөрт нь ч хэлсэн. Маргааш нь намайг залгасан гээд байна. Шөнө өглөөгүй өөрөө залгасан. Аавтай ганц юм ууж байна. Ороод ирэхгүй яасан юм гэсэн. Би яах юм гэж хэлээд гадаа нь уулзсан. Өчигдрийн асуудал чинь ийм юм боллоо. Би олон улс руу орж уулзлаа. Цагдаагаас бичиг аваад ирвэл камер шүүгээд өгч болно гэж байна гэж хэлсэн. Тэгээд ганц шил архи хувааж уусан. Тэгтэл одоо бөгж яах юм бэ, бие биедээ хар санахгүй байхад болно биздээ гээд гар бариад л салахад араас юугаар мэдэгдэхгүй цохиод авсан. Юу болж байгааг санаагүй.

...Гомдолтой байна. Эм тарианы мөнгө гэж 665,000 төгрөг өгсөн. Одоо 9,500,000 төгрөг нэхэмжилж байгаа.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-8/,

-Гэрч А.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...шууд эмнэлэг дээр очсон чинь манай нөхрийг хүлээн авахын яаралтай тусламжийн өрөөд оёдол тавьж байсан. Тэгээд эмч нь гарч ирээд “нөхрийн чинь толгойд 17 оёдол тавьсан, одоо нөхрийгөө авч яваад Нэгдсэн эмнэлгийн рентген дээр тархины зураг авахуул гэсэн. Тэгээд Саран эмнэлэг дээр очиж томографын зураг авахуулсан, зурагны хариу нь маргааш өглөө буюу 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гарна гэхээр нь нөхрөө аваад гэр рүүгээ харьсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19/,

 

-Гэрч М.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дархан сумын 12 дугаар баг Хүслийн хотхон 1 дүгээр байрны 1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Хайрхан” нэртэй махны дэлгүүрт худалдагч хийж байхад 14 цагийн үед манай хажуу талын “Залуус” нэртэй супермаркетын гадна шатны хажууд ертөнцийн зүгээр зүүн талд 2 эрэгтэй хүн хоорондоо муудалцаад цээж нүцгэн арай махлаг биетэй эрэгтэй хүн нь саарал ноосон цамцтай эрэгтэй нь газар хэвтчихсэн нөгөө махлаг залуу дээрээс нь хөлөөрөө өшиглөж байсан. Тэгээд нөгөө махлаг, цээж нүцгэн залуу нь нөгөө өшиглөж зодсон саарал цамцтай залууг тэврээд манай дэлгүүрийн урд хэсгээр баруун тийшээ явж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22/,

 

-Гэрч Б.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн үед Дархан сумын 12 дугаар баг Хүслийн хотхон 1 байрны 19 тоотод гэртээ ганцаараа унтаж байхад гадаа хүмүүс орилоод байхаар нь тагтан дээрээ гараад харсан чинь манай байрны ертөнцийн зүгээр урд тал руу харсан “Залуус” супермаркетын шатны зүүн талд 2 залуу байсан. Нэг залуу нь доошоо харчихсан шатны бариулаас барьчихсан, нөгөө залуу нь нүүрэн хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж байсан. Тэр өшиглөж байсан залуу нь “миний ээжийг бөгжийг өг” гээд орилоод нөгөө залуугаа нүүр рүү нь нэлээн олон удаа өшиглөөд байсан.

...гадагшаа гараад очсон чинь нөгөө 2 залуу “Залуус” супер замын урд хэсэгт гарчихсан, нөгөө нүүр рүү нь өшиглөдөг залуу нь нөгөө залуугаа газар унагачихсан, дээрээс нь өшиглөж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24/,

 

-Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 15 цаг 30 минутын орчим хүлээн авах тасаг дээр хүнд зодуулсан байдалтай хүн ирэхээр нь би хүлээн авч орж үзэхэд зүүн чамархай хэсэгт хуйханд 2 см, 3 см 2 хэсэг язарсан, зүүн чихний дэлбээ язарсан шархтай, хацар, хамар, дух хэсэг хөхөрч овойж хавдсан шарх, хамраас цус их хэмжээгээр гарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27/,

 

-“...Ш.Б-гийн биед зүүн чамархайн хуйханд шарх, тархи доргилт, хамар ясны хугарал, нүүр, баруун гарын бугалга, шилбэнд цус хуралт тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ш.Б-гийн биед илэрсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ш.Б-гийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 260 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34/,

 

-Ш.Б-д яаралтай тусламж үзүүлсэн хуудас /хавтаст хэргийн 35-36/,

-Дүрс оношлогооны шинжилгээний хариу /хавтаст хэргийн 37/,

 

-“...Ш.Б-гийн биед нэг шүдний үгүй байдал, баруун хацар ясны цөмөрсөн хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ш.Б-гийн биед илэрсэн гэмтэл нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр үүссэн байх боломжтой байна. Уг баруун талын хацар ясны цөмөрсөн хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ш.Б-гийн биед илэрсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр буюу 5 хувиар алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 269 дугаартай шинжээчийн нэмэлт дүгнэлт дүгнэлт /хавтаст хэргийн 42-43/,

 

-Хохирогч Ш.Б-гийн өвчний түүх /хавтаст хэргийн 82-91/,

-Хохирогч Ш.Б-гийн эмчилгээний зардал, хохирол төлбөрийн баримтууд /хавтаст хэргийн 94-104/,

-Хохирогч Ш.Б-д хохирол төлбөр төлсөн баримт /хавтаст хэргийн 123/  болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч А.Э нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүслийн хотхоны 1 дүгээр байрны гадна иргэн Ш.Б-гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “зүүн чамархайн хуйханд шарх, тархи доргилт, хамар ясны хугарал, нүүр, баруун гарын бугалга, шилбэнд цус хуралт, нэг шүдний үгүй байдал, баруун хацар ясны цөмөрсөн хугарал” бүхий гэмтэл санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 260 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34/, мөн Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 269 дугаартай шинжээчийн нэмэлт дүгнэлт дүгнэлтүүдээр /хавтаст хэргийн 42-43/ тус тус нотлогдож байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч А.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 65/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Э нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх хохирол төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шийтгэх тогтоол гарах үед хохирол төлбөрийг төлсөн зэрэг хувийн болон ар гэрийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

3.Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Хохирогч Ш.Б нь “...эмчилгээний зардлаа бүрэн авсан. Харин цаашид хамар болон хацрын цөмөрхий засуулах хагалгааны төлбөрт 7000.000 төгрөг, имплант шүд хийлгэх зардал 2500.000 төгрөг, нийт 9500.000 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлж байгаа бөгөөд энэ талаар холбогдох нотлох баримтаа /хавтаст хэргийн 104/ ирүүлжээ.

 

Шүүгдэгч А.Э нь хохирогч Ш.Б-гийн цаашид гарах эмчилгээний зардал гэж нэхэмжилсэн нийт 9500.000 төгрөгөөс 2500.000 төгрөгийг төлнө гэдгээ илэрхийлж, шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд завсарлага авсан хугацаанд хохирогч Ш.Б-д 2500.000 төгрөг төлсөн болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. Харин хамар болон хацрын цөмөрхий засуулах хагалгааны төлбөрт 7000.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлөхгүй гэсэн тайлбар гаргаж байгаа бөгөөд энэхүү хагалгааны зардал нь бодит байдлаар 7000.000 төгрөг болно гэдгийг урьдчилан тооцох боломжгүй байна.

 

Иймд хохирогч Ш.Б нь хамар болон хацрын цөмөрхий засуулах хагалгаа хийлгэсний дараа ямар зардал гарсан талаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилсны дагуу холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90.000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Я.ТУУЛ