Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/429

 

 

 

 

 

 

 

 

 

     2022            06           03                                         2022/ШЦТ/429                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Б-ийн Б-д холбогдох эрүүгийн 19090 1697 0018 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Гэрэлбаатар, шүүгдэгч Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Уламбаяр, Л.Чинбат нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Баасандорж шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, И овогт Б-ийн Б /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр:

1. 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “КРС” түргэн хоолны газарт үйлчлүүлж байсан иргэн Х.С-ийн эзэмшлийн “Айфоне 7 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 960.500 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “ВЕАD” гар утасны худалдааны төвийн 6-11 тоот лангуунаас иргэн О.А-ын эзэмшлийн 2 ширхэг “Самсунг Эс6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. А.Тэмүүжин, П.Азбаяр нартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт байрлах “Элбэг” хүнсний дэлгүүрийн лангуунаас иргэн Б.Н-гийн эзэмшлийн “Самсунг нөт 5” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өгөөмөр төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Вэнди" бейкэрид үйлчлүүлж байсан иргэн Э.У-гийн эзэмшлийн “Айфоне 7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 684.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-ны өдөрт шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шөлөндөө” хоолны газарт үйлчлүүлж байсан хохирогч Б.Ж-ын эзэмшлийн “Самсунг Галакси эс 7” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 17-р хороо “Ривер гарден” хотхоны “Койнкаса” нэртэй гэр ахуйн барааны дэлгүүрийн лангуунаас иргэн О.Цэнгэлийн “Самсунг А7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 424.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сакура Фүүдс” ХХК-ны Ичиро гэх Япон хоолны газрын лангууны ард байсан орлогын бэлэн мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч С.Ц-д 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зөөлөн” нэртэй төвд үйлчлүүлж байсан иргэн Н.Б-ы эзэмшлийн “Айфоне X” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 2.699.900 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газарт үйлчлүүлж байсан иргэн И.Г-ийн эзэмшлийн “Самсунг А70” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.039.920 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Старс төв дотор “Жүр-Үр” бейкэригийн үйлчилгээний зааланд иргэн Н.У-гийн халааснаас Самсунг Нөүт-8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “КFС” түргэн хоолны газарт үйлчлүүлж байсан иргэн Л.Г-ийн “Самсунг Эс10” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “КFС” түргэн хоолны газарт үйлчлүүлж байсан иргэн Ж.Б-гийн эзэмшлийн “One Plus” брендийн 7 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.014.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. Насанд хүрээгүй Ш.Ууганбаяртай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн тоосгоны эцсийн автобусны буудалд байрлах хохирогч Х.С-ийн эзэмшлийн ТҮЦ-д хууль бусаар нэвтрэн орж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар эд зүйлс болон бэлэн мөнгө авч 693.600 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Том Томс” кофе шопод үйлчлүүлж байсан хохирогч Н.А-ын эзэмшлийн “Самсунг А50” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 671.200 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургууль 29-595 тоотод байрлах хохирогч С.Д-гийн эзэмшлийн ТҮЦ-д хууль бусаар нэвтрэн эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 793.170 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах KFC түргэн хоолны газарт ширээн дээр түр тавьсан байсан хохирогч Б.А-ийн Huawei P20 Pro загварыг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.051.400 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 17-р хороо “Гэгээнтэн” цогцолборын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “СЮ” дэлгүүрийн кассчин Т.О-ийн Орро Р5 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 370.000 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг KFC түргэн хоолны газарт үйлчлүүлж байсан хохирогч Б.Э-гийн эзэмшлийн One Plus 7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.014.000 төгрөгийн хохирол учруулсан,

19. 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хороо “Хүннү” хотхоны “Том энд Томс” нэртэй кофе шопын ширээн дээр байсан иргэн Г.О-ийн “Айфоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 2.280.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 19 хүнд 17.745.690 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж мэдүүлэг хэлэх зүйл байхгүй. Би өөрийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн тал дээр маргахгүй, бүх үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлөөгүй байгаа, цаашид ажил хийж төлж барагдуулна. Одоо би дүүгээ хараад гэртээ байгаа. Би хулгай хийж олсон мөнгөөр PC тоглоом тоглодог байсан.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр: Эрүүгийн 19090 1697 0018 дугаартай хэргээс:

 

1) Хохирогч Х.С-ийн түргэн үйлчилгээний цэгт хулгай орсон гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

1.1. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Тоосгоны эцсийн автобусны буудалд байх түргэн үйлчилгээний цэгт 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 40-44 дэх тал),

 

1.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.С-ийн хохирогчоор өгсөн:

“...2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө хулгай орж эд зүйлс алдагдсан байна. Би 2019 оны 4 дүгээр сарын 26-ны орой 21 цаг өнгөрөөд түргэн үйлчилгээний цэгээ хаагаад явсан юм. 500 гаран мянган төгрөгийн тамхи алдагдсан байна. Бүх тамхи байхгүй алдагдсан байна. Мөн лангууд дотор байсан хүний 10.000 төгрөгийн барьцаанд үлдээсэн утас алдагдсан. “Alpen gold” шоколад 10 ширхэг, нийт 24.000 төгрөгийн үнэлгээтэй алдагдсан. Бэлэн 110.000 төгрөг алдагдсан байна. Гомдолтой байна, хулгайчийг олж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 51-52 дахь тал),

 

1.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй Ш.Ууганбаярын гэрчээр өгсөн:

“...Би Бүрэнжаргал, Тэмүүжин нарын хамт орой 23 цагт Дарь эхийн шинэ эцэс дээр уулзаад такси бариад Тоосгоны эцсийн автобусны буудлаас нэг буудлын өмнө буугаад бид гурав алхсан. Тэгээд эцэс дээр байсан түргэн үйлчилгээний цэгийн хойд талын ханын буланг отверткаар ухаж онгойлгоод Бүрэнжаргал ах ороод, араас нь Тэмүүжин бид хоёр орсон. Ороод бэлэн гоймон, ундаа, бэлнээр 80.000 төгрөг, тамхи, товчлууртай гар утас зэргийг уутанд хийж авч гараад доошоо алхсан. Замаас такси бариад гэр лүүгээ явцгаасан ба маргааш өдөр нь 11 цагийн орчим уулзаад авсан эд зүйлээ “Дэнжийн 1000” захын бөөний төвд зараад, үлдсэн шоколад, бэлэн гоймон зэргийг өөрсдөө идээд дуусгасан.

Би Болортуяа овогтой Бүрэнжаргал буюу Бүүнээ, Балжинням овогтой Тэмүүжин буюу Маамуу нартай хамт энэ гэмт хэргийг үйлдсэн. Бид гурав 3-4 хоногийн өмнө тэр түргэн үйлчилгээний цэгийн хажуугаар нь өнгөрч байхдаа “энэ дэлгүүр лүү орж эд зүйлийг нь авна” гээд ярьж байсан. Ойролцоогоор 100 гаруй хайрцаг тамхи, шоколад, бэлэн гоймон, марк нь тодорхойгүй гар утас, бэлэн мөнгө 80.000 төгрөгийг авсан. “Дэнжийн 1000” захын бөөний төвийн В1 давхарт 35-40 орчим насны эрэгтэй хүнд тамхийг нь 150.000 төгрөгөөр зарж борлуулсан, одоо харвал тэр хүнийг танихгүй. Тэр өдөр мөнгөтэй болох гээд л хулгай хийсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 55 дахь тал),

 

1.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн криминалистикийн шинжилгээний 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2542 дугаартай актын:

“1. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг алганы мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэх 1 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд MN000510024418 гэсэн бүртгэлийн дугаараар Болортуяа овогтой Бүрэнжаргал, MN000510021501 гэсэн бүртгэлийн дугаараар Болортуяа овогтой Бүрэнжаргал, MN000620000495 гэсэн бүртгэлийн дугаараар Балжинням овогтой Тэмүүжин, MN000720005433 гэсэн бүртгэлийн дугаараар Уртнасан овогтой Ууганбаатар гэсэн нэрээр тус тус бүртгэгдсэн 1 хүний зүүн гарын алганы хээтэй тохирч байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гарын хээний мөр (хэргийн 1-р хавтас 71-71 дэх тал),

 

1.5. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн СБ2-19-636 дугаартай:

“...үнэлэгдэж буй хөрөнгө нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 583.600 /таван зуун наян гурван мянга зургаан зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Х.С-ийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 1-р хавтас 87-88 дахь тал),

 

2) Хохирогч Б.Э-гийн эд зүйл хулгайд алдагдсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

2.1. Эрүүгийн 20090 2329 0720 дугаартай хэргийг 19090 1697 0018 дугаартай хэрэгт  нэгтгэх тухай прокурорын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 267 дугаар тогтоол (хэргийн 1-р хавтас 92-94 дэх тал),

 

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Э-гийн хохирогчоор өгсөн:

“...2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, КFC-д гэр бүлийн хамт хоолонд ороод сууж байхад хоёр жоохон хүүхэд орж ирээд хоол гуйгаад байхаар нь би хоол өгөөгүй явуулсан. Тэгээд хоолоо идэж дуусаад гарч Сүхбаатарын талбайн орчимд ирээд гар утсаа үзэхэд байхгүй байхаар нь цагдаад хандсан. Миний гар утас One plus 7 маркийн гар утас байсан ба би найзаасаа 2020 оны 01 дүгээр сард 1.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би хоол гуйгаад байсан хүүхдийг сэжиглэж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 112 дахь тал),

 

2.3. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн СБ1-20-1073 дугаартай:

“...үнэлэгдэж буй One plus 7 маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.014.000 /нэг сая арван дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Б.Э-гийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 1-р хавтас 115-116 дахь тал),

 

3) Хохирогч Н.У-гийн эд зүйл хулгайд алдагдсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

3.1. Эрүүгийн 19050 4718 0342 дугаартай хэргийг 19090 1697 0018 дугаартай хэрэгт  нэгтгэх тухай прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дугаар тогтоол (хэргийн 1-р хавтас 122-124 дэх тал),

 

3.2. Хэрэг гарсан өдрийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жүр Үр” бейкэригийн хяналтын камерын бичлэг бүхий дискт үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол (хэргийн 1-р хавтас 141, 142-144 дэх тал),

 

3.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.У-гийн хохирогчоор өгсөн:

“...Би 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 20 цаг өнгөрч байхад өөрийн найз Сайхантуяагийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах фитнессээс тараад ТБД андуудын 1 давхарт байх “Жүр Үр” бейкэри орсон юм. Тус газар ороод бейкэри авахаар дугаарлаад зогсож байхдаа гар утсаа алдсан. Би хамгийн сүүлд “Жүр Үр” бейкэри лүү орж байхдаа гар утсаа шалгаад, өмсөж явсан куртикнийхээ халаасанд хийсэн бөгөөд дугаарлаж зогсож байхдаа хулгайд алдсан гэж бодож байна.

Би 2019 оны 01 дүгээр сард Бүгд Найрамдах Солонгос Улсаас Samsung Note-8 загварын гар утсыг 500.000 вонн буюу монгол мөнгөөр 1.000.000 орчим төгрөгөөр худалдаж авч байсан. 3583хххххххх417 гэсэн IMEI кодтой, бүдэг чернилэн ягаан өнгийн гадаргуутай гар утас байсан. ...Би өөрийнхөө гар утсыг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 150-151 дэх тал),

 

3.4. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ТХҮ-719/426 дугаартай:

“...үнэлэгдэж буй Samsung Note-8 маркийн гар утас нь ...зах зээлийн үнэлгээгээр нийт 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Н.У-гийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 1-р хавтас 160-162 дахь тал),

 

4) Хохирогч Э.У-гийн эд зүйл хулгайд алдагдсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

4.1. Эрүүгийн 19090 3961 0770 дугаартай хэргийг 19050 4718 0342 дугаартай хэрэгт  нэгтгэх тухай прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дугаар тогтоол (хэргийн 1-р хавтас 175-176 дахь тал),

 

4.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.У-гийн хохирогчоор өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өгөөмөр төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Wendy” бейкэрид найз нарынхаа хамт сууж байхдаа ширээн дээр байсан гар утсаа алдсан. Тэгээд тус байгууллагын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд эрэгтэй хүүхэд сэтгүүл барьж ирээд гар утас байсан газар сэтгүүлээ тавиад явж байсан бичлэг байсан. Тухайн хүүхдийг сэжиглэж байна.

Би гар утсаа 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Iphone центрээс 760.000 төгрөгөөр худалдаж авч байсан. 128 GB багтаамжтай Iphone 7 загварын гар утас байсан юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 194 дэх тал),

 

4.3. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн СБ1-19-1106 дугаартай:

“...үнэлэгдэж буй Iphone 7 маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 684.000 /зургаан зуун наян дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Э.У-гийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 1-р хавтас 199-200 дахь тал),

 

5) Хохирогч Л.Г-ийн эд зүйл хулгайд алдагдсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

5.1. Эрүүгийн 20060 0128 0803 дугаартай хэргийг 19050 4718 0342 дугаартай хэрэгт  нэгтгэх тухай прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 129 дугаар тогтоол (хэргийн 1-р хавтас 213-214 дэх тал),

 

5.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Г-ийн хохирогчоор өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн охин Тэргэлийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг KFC үйлчилгээний төвд ороод худалдан авалт хийж юмаа идээд, дээр нь гэртээ байгаа хүнд нэмж юм авахаар манай охин Тэргэл боссон. Тэр үед би ганцаараа ширээндээ үлдсэн бөгөөд 17-18 насны, 170 см өндөртэй, уруул хэсэгтээ шархтай, нэг эрэгтэй хүүхэд сэтгүүл барьж ирээд надад хандаж нэг зүйл хэлэхээр нь би сонсоогүй “юу гэнээ” гэхэд хэлээд байгаа зүйл нь ойлгогдохгүй байхаар нь “чи яв” гэсэн. Тэгээд миний үгийг сонсоод яваад өгсөн. Манай охин Тэргэл ширээн дээр буцаж ирээд надаас утсаа асуухаар нь би дээрх залуу аваад гарчихлаа гэж мэдээд шууд араас нь гараад гүйгээд халдвартын хашаа хүртэл дагасан боловч олж чадаагүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.

Тухайн гар утсыг Бүгд Найрамдах Солонгос Улсаас 2019 оны 3-4 дүгээр сард 540 мянган воноор авч байсан ба цэнхэр өнгөтэй, кейс нь өнгөгүй байсан. Гар утсаа 1.000.000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 227-228 дахь тал),

 

5.3. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн БЗ1-20-181 дугаартай:

“...үнэлэгдэж буй Samsung S10 маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Л.Г-ийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 1-р хавтас 231-232 дахь тал),

 

6) Хохирогч О.Цэнгэлийн эд зүйл хулгайд алдагдсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

6.1. Хэрэг гарсан өдрийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Номин худалдааны төвийн Coin casa дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий дискт үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 2-р хавтас 07-08 дахь тал),

 

6.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Цэнгэлийн хохирогчоор өгсөн:

“...Би 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүрээр хороо, “Ривер гарден” хотхоны Номин худалдааны төвийн “Coin Casa” гэр ахуйн барааны дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байхад дэлгүүрт бараа ирээд хүлээн авсан. Энэ үед хоёр хүн орж ирээд дэлгүүрт юм үзээд явж байхаар нь харж байгаад бараагаа янзлаад сууж байхад лангууны ард юм унах шиг болсон. Чимээ гарахаар касс руугаа очих үед 2 хүүхэд зөрөөд гарсан. Тэгээд касс дээр очоод цэнэглэж байсан утсаа үзэхэд байхгүй байхаар нь ажлын хүн аваад гарсан юм болов уу гээд утас руу нь залгасан чинь утас аваад цаанаа юм ярьж байхаар нь утсаа салгасан. Тэгээд ажлынхаа цуг байсан хүнээс асуухад “мэдэхгүй” гэхээр нь дэлгүүрийнхээ хяналтын камерыг шүүж үзэхэд дэлгүүрт орж ирсэн 2 хүүхдийн нэг хүүхэд нь лангууны цаана зогсож байсан ба энэ хүүхэд цагаан пүүзтэй, хар малгай, масктай, хар өнгийн өмд цамцтай байсан. Нөгөө хүүхэд нь улаан пүүзтэй, хар өнгийн өмд, цамцтай лангууны цаанаас кассын хажууд байсан утсыг цэнэглэгчээс нь салгаж аваад өмднийхөө дотор хийж байсан. Тус хүүхэд нь шилтэй лангууны завсраар гараа оруулаад авсан байсан.

Би Samsung A7 маркийн гар утсаа 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Samsung центрээс 1.200.000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 11-12 дахь тал),

 

6.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Даваадоржийн гэрчээр өгсөн:

“...О.Цэнгэл бид 2 Багшийн дээдийн автобусны буудлаас автобусанд суугаад паркийн автобусны буудал дээр буугаад урагшаа алхаад Ривер гарден орсон. Тэгээд “Номин” худалдааны төв рүү ороод цахилгаан шатны цаагуур яваад унтлагын хувцас зардаг газарт орсон. Тэндхийн касс н дээр цэнэглэж байгаа утас байсан. Бүрэнжаргал кассын цаад талын 2 төмрийн завсраар гараа оруулж тэр гар утсыг аваад бид 2 гараад такси бариад “Оргил” худалдааны төв орчим таксинаас буугаад цаашаа алхсан. 115 дугаар сургуулийн орчим байх дэлгүүр лүү Бүрэнжаргал ороод, би гадаа нь тамхи татаад зогсож байхад Бүрэнжаргал гарч ирээд “гүйгээрэй” гэсэн. Тэгээд би гүйж байгаад зогссон чинь дэлгүүрийн эгч намайг бариад цагдаад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-н 114/

 

6.4. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн ХУ1-20-156 дугаартай:

“...үнэлэгдэж буй Samsung А7 маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 424.000 /дөрвөн зуун хорин дөрвөн н мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч О.Цэнгэлийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 2-р хавтас 20-21 дэх тал),

 

7) Хохирогч И.Г-ийн эд зүйл хулгайд алдагдсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

7.1. Эрүүгийн 19090 3900 1532 дугаартай хэргийг 19090 3961 0770 дугаартай хэрэгт  нэгтгэх тухай прокурорын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 482 дугаар тогтоол (хэргийн 2-р хавтас 47 дахь тал),

 

7.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад И.Г-ийн гэрч, хохирогчоор өгсөн:

“...Би өөрийн найзуудын хамт 18 цаг өнгөрч байхад хоол идэх гээд МУИС-ын 2 дугаар байрны урд талд байрлах “Шөлөндөө” гэх хоолны газар ороод хаалганы зүүн талд суусан. Тухайн үед захиалсан хоолоо авах гээд босоод явах үедээ утсаа ширээн дээрээ орхиод явсан. Ингээд хоолоо аваад буцаад ирэхэд миний гар утас алга болсон байсан ба хяналтын камер шүүж үзэхэд 20 гаруй насны хар савхи жинсэн өмдтэй залуу миний гар утсыг аваад явсан.

Миний гар утас Samsung A70 загварын цэнхэр өнгөтэй гар утас байсан, гадна талдаа хар кейстэй. 2019 оны Мобикомоос 1.200.000 төгрөгөөр авч байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 67-68 дахь тал),

 

7.3. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн СБ1-20-440 дугаартай:

“...үнэлэгдэж буй Samsung А70 маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.039.920 /нэг сая гучин есөн мянга есөн зуун хорь/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч И.Г-ийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 2-р хавтас 73-74 дэх тал),

 

8) Хохирогч Ж.Б-гийн эд зүйл хулгайд алдагдсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

8.1. Эрүүгийн 20090 1174 1519 дугаартай хэргийг 19090 3961 0770 дугаартай хэрэгт  нэгтгэх тухай прокурорын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 483 дугаар тогтоол (хэргийн 2-р хавтас 80 дахь тал),

 

8.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Б-гийн гэрч, хохирогчоор өгсөн:

“...Би 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 17 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “КFС” түргэн хоолны газарт үйлчлүүлж байхад гаднаас үл таних 14-15 настай эрэгтэй хүүхэд орж ирээд “сэтгүүл авах уу” гэж асуухаар нь “авахгүй” гэж хэлэхэд “тахианы мөчнөөс нэг ширхгийг өгөөч” гэхээр нь өгөөд явуулсан. Тэрнээс хойш 10 орчим минутын дараа би ширээн дээр тавьсан байсан Oneplus 7 plus загварын гар утсаа алга болсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан.

Би гар утсаа сууж байсан ширээн дээр тавьсан байхад гаднаас орж ирсэн хүүхэд хулгайлан аваад гарсан байна. Би гар утсаа 2019 оны 10 дугаар сард 1.250.000 төгрөгөөр худалдаж авч байсан, энэ үнээр нь үнэлнэ.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 100, 102 дахь тал),

 

8.3. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн СБ1-20-352 дугаартай:

“...үнэлэгдэж буй Samsung А70 маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.014.000 /нэг сая арван дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Ж.Б-гийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 2-р хавтас 105-106 дахь тал),

 

9) Хохирогч Н.Б-ы эд зүйл хулгайд алдагдсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

9.1. Эрүүгийн 19090 3826 1544 дугаартай хэргийг 19090 3961 0770 дугаартай хэрэгт  нэгтгэх тухай прокурорын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 481 дугаар тогтоол (хэргийн 2-р хавтас 119 дэх тал),

 

9.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Б-ы хохирогчоор өгсөн:

“...Би 2019 оны 10 дугаар сарын 15-ны 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зөөлөн” кафед өөрийн найз Нямбаяр, Цэкү нарын хамт үйлчлүүлж байхад гаднаас 2 эрэгтэй хүүхэд орж ирээд, нэг нь 2 дэвтэр барьчихсан “энэ 2 дэвтрийг худалдаад авчих” гээд уйлагнаад байхаар нь “ах нь авахгүй, гар” гэж хэлсэн.

Тэгэхэд ширээн дээр байсан миний Iphone XR маркийн гар утсыг дэвтэр доороо хийгээд аваад гарсан байсан. Хэсэг хугацааны дараа би кафегаас гарах гээд гар утсаа хайсан чинь миний гар утас байхгүй болсон байсан. ...Би 2 дэвтэр бариад, гар утас авч гарсан хүүхдийг харвал танина.

2019 оны 01 дүгээр сарын дундуур Сайн компьютер дэлгүүрээс гар утсаа 2.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 1.500.000 төгрөгөөр үнэлнэ.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 143-144 дэх тал),

 

9.3. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн СБ1-19-1218 дугаартай:

“...үнэлэгдэж буй Iphone XR маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.699.900 /хоёр сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Н.Б-ы алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 2-р хавтас 148-149 дэх тал),

 

10) Хохирогч Х.С-ийн эд зүйл хулгайд алдагдсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

10.1. Эрүүгийн 18050 4697 0034 дугаартай хэргийг 19050 4718 0342 дугаартай хэрэгт  нэгтгэх тухай прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоол (хэргийн 2-р хавтас 156-157 дахь тал),

 

10.2. Хэрэг гарсан өдрийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах KFC түргэн хоолны газрын хяналтын камерын бичлэг бүхий дискт үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 2-р хавтас 175-178 дахь тал),

 

10.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.С-ийн хохирогчоор өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 20:00 цагийн үед KFC-д үйлчлүүлж байхад үл таних 2 хүүхэд ирээд мөнгө гуйхаар нь өгөхгүй гэж хэлээд явуулсан. Тэгэхэд тэр хүүхэд хурдан алхаад явсан. Би хэсэг байж байгаад утсаа үзэхэд миний ширээн дээр байсан Iphone 7 plus маркийн гар утас алга болсон байсан. Тэгээд би цагдаад хандсан юм.

2018 оны 6 дугаар сарын эхээр Теди төвөөс гар утсаа 1.170.000 төгрөгөөр худалдаж авсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 182-183 дахь тал),

 

10.4. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн БГ1-19-228 дугаартай:

“...үнэлэгдэж буй Iphone 7 plus маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 960.500 /есөн зуун жаран мянга таван зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Х.С-ийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 2-р хавтас 187-188 дахь тал),

 

11) Хохирогч О.Энхболдын эд зүйл хулгайд алдагдсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

11.1. Эрүүгийн 18180 0805 0195 дугаартай хэргийг 19050 4718 0342 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоол (хэргийн 2-р хавтас 191-192 дахь тал),

 

11.2. Шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэл (хэргийн 2-р хавтас 209-210 дахь тал),

 

11.3. Эд зүйл хураан авч, хохирогч О.А-од арын шил цуурсан хөх өнгийн Samsung Galaxy S6 загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэл (хэргийн 2-р хавтас 213 дахь тал),

 

11.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.А-ын хохирогчоор өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 15:00 цагийн үед ажил дээрээ байж байхад 15-18 орчим насны улаан юүдэнтэй цамцтай, ногоон алаг хантааз гадуураа өмссөн хүүхэд манай лангуун дээр ирээд миний зарж байгаа утаснуудыг харж байснаа “ахаа энэ Note 3 утас хэд вэ” гэж асуусан. Тэгэхээр нь би тэр хүүхдэд “220.000 төгрөгөөр зарж байгаа” гэж хэлэхэд тэр хүүхэд “ахаа шилэн наалт байгаа юу” гэж дахин асуухаар нь цаад лангуунаас би шилэн наалт аваад ирэхэд тэр хүүхэд нэлээн яарсан царай гаргаад “би АТМ орж мөнгөө авчихаад хүрээд ирье” гэж хэлээд гараад явсан.

Тэгээд маргааш нь би ажил дээрээ байж байгаад утаснуудаа бүртгэхэд миний зарж байсан 2 ширхэг Samsung S6 гар утас алдагдсан байсан. Би 2018 оны 10 дугаар сарын эхээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 200.000 төгрөгөөр захиж авчруулаад, 270.000 төгрөгөөр зарах гэж байсан. Би гомдолтой байна. ...Ногоон алаг хантааз өмссөн хүүхэд намайг шилэн наалт цаад лангуунаас авчрах зуур авсан байх гэж бодож байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 220-221 дэх тал),

 

11.5. Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн:

“...үнэлэгдэж буй Samsung S6 маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 520.000 /таван зуун хорин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч О.А-ын алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 2-р хавтас 226-227 дахь тал),

 

12) Хохирогч Б.Н-гийн эд зүйл хулгайд алдагдсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

12.1. Эрүүгийн 19180 0205 0196 дугаартай хэргийг 18180 0805 0195 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоол (хэргийн 2-р хавтас 233 дахь тал),

 

12.2. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэл (хэргийн 2-р хавтас 248-250, 3-р хавтас 01-04 дэх тал),

 

12.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Н-гийн хохирогчоор өгсөн:

“...Би Дархан сум 9-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Элбэг” нэртэй махны дэлгүүрт худалдагч ажилтай. 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би ажил дээрээ худалдаа, үйлчилгээ хийгээд байж байтал гаднаас 15-20 орчим насны 3 эрэгтэй хүүхэд орж ирээд нэг нь “эгчээ шоколад байгаа юу” гэж асуухаар нь би лангуунаасаа аваад үзүүлэхэд “өө эгчээ, энэ миний хайж байсан шоколад биш байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эргүүлээд бараагаа тавихад нөгөө хоёр хүүхэд нь “эгчээ, бэлэн гоймон авъя” гэхээр нь би аваад үзүүлтэл “энэ бишээ өндөгтэй гоймон авъя” гэхээр нь би эргүүлж бараагаа тавиад өндөгтэй гоймон аваад өгөх гэтэл тэр гурван хүүхэд манай дэлгүүрээс гараад явж байсан. Тэгээд тэр гурван хүүхэдтэй зөрөөд 2 эгч орж ирээд “мах авъя” гэхээр нь би мах авч өгөөд тооцоогоо хийгээд байж байтал манай туслах ажилтан Дэнсмаа орж ирээд “хөөе Намжилмаа чиний гар утасны баталгаат хуудас газар унасан байна” гэхээр нь би гайхаад гар утсаа хайхад миний гар утас алга болсон байсан.

Миний Samsung Note 5 загварын хар өнгөтэй утас байсан. Гадуур нь улаан өнгийн гэртэй. 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Дархан хотын Олон Улсын Худалдааны төвийн гар утасны лангуунаас 350.000 төгрөгөөр шинээр авч байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 3-р хавтас 12 дахь тал),

 

12.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй А.Тэмүүжингийн гэрчээр өгсөн:

“...Тэр өдөр бид нар өдөр буудлаас гараад хулгай хийх зорилгоор дэлгүүр хайж хороолол дундуур явж байтал нэг 5 давхар байрны доор “Элбэг” гэсэн нэртэй хүнсний дэлгүүр байсан. Тэр дэлгүүр рүү Азбаяр эхлээд ганцаараа яваад орсон. Хэсэг хугацааны дараа Бүрэнжаргал бид хоёр орсон. Ороход Азбаяр дэлгүүрийн лангууг гараараа түшчихсэн худалдагчаас юм асуугаад байж байсан. Тэгээд Азбаяр, Бүрэнжаргал бид хоёрт “лангууны доор утас байна, та хоёр аргалж бай” гэж хэлсэн. Тэр үед Бүрэнжаргал бид хоёр дэлгүүрийн худалдагчаас барааны үнэ асуухад тэр худалдагч эгч цааш хараад барааны үнээ хараад зогсох үед Азбаяр лангууны ар талаас мэдэгдэлгүй нэг гар утас авсан. Тэгээд Азбаяр тэр дэлгүүрээс түрүүлж гарч яваад Бүрэнжаргал бид хоёр араас нь гарсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 3-р хавтас 16-17 дахь тал),

 

12.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй Г.Азбаярын гэрчээр өгсөн:

“...Элбэг нэртэй мах, хүнсний зүйл зарж байсан дэлгүүр рүү Бүрэнжаргал, Тэмүүжин, бид гурав орсон. Тэгээд ороод хартал тэр дэлгүүрийн лангуун доор нэг утас цэнэглээтэй байсан. Тэгээд бид хоёр найз руугаа нүдээрээ дохиход Тэмүүжин худалдагч эмэгтэйг аргалаад саатуулж байх үед би лангуу руу гараа явуулаад тэр утсыг нь авсан. Тэгээд гараад хартал улаан өнгийн гэртэй Samsung Note 5 загварын утас байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 3-р хавтас 18 дахь тал),

 

12.6. Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн:

“...үнэлэгдэж буй Samsung Note 5 маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Б.Н-гийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 3-р хавтас 20 дахь тал),

 

13) Хохирогч Т.О-ийн эд зүйл хулгайд алдагдсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

13.1. Эрүүгийн 20100 1664 1068 дугаартай хэргийг 19050 4718 0342 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоол (хэргийн 3-р хавтас 45-46 дахь тал),

 

13.2. Хэрэг гарсан өдрийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Гэгээнтэн цогцолборын CU дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий дискт үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол (хэргийн 3-р хавтас 65, 66-69 дэх тал),

 

13.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.О-ийн гэрч, хохирогчоор өгсөн:

“...Би 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр орой 20:30 цагт “Гэгээнтэн” цогцолбор “СU” 51 салбарт ажиллаж байхад 15 орчим насны хоёр хүүхэд орж ирээд “Hot dog” захиалсан. Би өөрийн “ОРРО Р5” маркийн гар утсаа касс дээр тавьсан байсан. Тэр үед би агуулах руу ороход, “Hot dog” захиалаад идэж байсан 2 хүүхэд кассын ажилтан дахин захиалга аваад цаашаа явахад нь миний гар утсыг касс дээрээс авч явсан байна лээ. Би дэлгүүрийн дотор хяналтын камераа шүүж үзсэн юм.

Би гар утсаа 2017 онд Энэтхэг Улсад байхдаа монгол мөнгөөр 1.000.000 төгрөгөөр худалдан авч байсан, ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 3-р хавтас 73, 75 дахь тал),

 

13.4. Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, зөвлөх үйлчилгээ, зөвлөгөөний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн:

“...үнэлэгдэж буй OPPA F5 маркийн гар утас нь ...зах зээлийн үнэлгээгээр нийт 370.000 /гурван зуун далан мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Т.О-ийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 3-р хавтас 83-85 дахь тал),

 

14) Хохирогч Г.О-ийн эд зүйл хулгайд алдагдсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

14.1. Эрүүгийн 20100 1714 1069 дугаартай хэргийг 20100 1664 1068 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 240 дугаар тогтоол (хэргийн 3-р хавтас 89 дэх тал),

 

14.2. Хэрэг гарсан өдрийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү хотхоны Tom and Tom’s кофе шопын хяналтын камерын бичлэг бүхий дискт үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол (хэргийн 3-р хавтас 106, 107-109 дэх тал),

 

14.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.О-ийн гэрч, хохирогчоор өгсөн:

“...Би 2020 оны 8 дугаар сарын 25-ны 18 цагийн орчимд Хан-Уул дүүргийн Хүннү хотхоны Tom and Tom’s кофе шопын 1 давхарт өөрийн гар утсаа заалны ширээн дээр үлдээгээд, ажилчдын өрөө рүү бичиг баримт хэвлэх гэж орсон. Тэр үед миний сууж байсан ширээн дээр миний гар утас ил, ажлын бичиг баримт, цүнх зэрэг эд зүйлс байсан. Арын өрөө рүү ороод 10 орчим минутын дараа гарч ирэхэд миний гар утас минь алга болсон байсан. Ингээд тэр хавиар хайгаад олдохгүй болохоор нь өөрийн дугаар луу залгатал хэсэг дуудаж байгаад унтраачихсан. Ингээд би яах ч учраа олохгүй 102-т дуудлага өгсөн. Үүний дараа кофе шопын камерыг шүүж үзэхэд 13-18 орчим насны 2 хүүхэд миний ширээний хажууд сууж байгаад ширээ рүү хэсэг харж байгаад миний гар утсыг аваад явсан байсан.

Миний гар утас ягаан өнгийн Iphone 11 загварын гар утас байсан, мөнгөлөг гэртэй. 2019 оны 12 дугаар сард Америк Улсаас 2.000.000 төгрөгөөр захиж авч байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 3-р хавтас 113-114 дэх тал),

 

14.4. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ХУ1-20-528 дугаартай:

“...үнэлэгдэж буй Iphone 11 маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.280.000 /хоёр сая хоёр зуун наян мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Г.О-ийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 3-р хавтас 122-123 дахь тал),

 

15) Хохирогч Г.Анударийн эд зүйл хулгайд алдагдсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

15.1. Эрүүгийн 20060 3542 0373 дугаартай хэргийг 19090 1697 0018 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 264 дугаар тогтоол (хэргийн 3-р хавтас 132-134 дэх тал),

 

15.2. Хэрэг гарсан өдрийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах KFC түргэн хоолны газрын хяналтын камерын бичлэг бүхий дискт үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол (хэргийн 3-р хавтас 150-151, 154 дэх тал),

 

15.3. Эд зүйл хураан авч, хохирогч Г.Анударьд Huawei P20 pro маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл (хэргийн 3-р хавтас 152-153 дахь тал),

 

15.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Анударийн хохирогчоор өгсөн:

“...Би найз Алтанцэцэгийн хамт 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах KFC түргэн хоолны газарт орой 20 цагийн үед хоол идэх гэж ороод ширээн дээр суусан. Би ундаа нэмж авах гээд өөрийн Huawei P20 Pro загварын гар утсаа ширээн дээр үлдээгээд босоод явсан хойгуур нэг үл таних эрэгтэй хүн орж ирээд манай найзад 2 сэтгүүл үзүүлээд “энийг 5.000 төгрөгөөр авчих” гээд нэхээд байхаар нь манай найз “бэлэн мөнгө байхгүй” гээд хөөгөөд явуулсан гэсэн. Тэгээд би ундаагаа аваад буцаад ирэхэд миний гар утас алга болсон байхаар нь Цагдаагийн байгууллагад хандаж байна.

Би Huawei P20 pro гар утсаа 2018 онд Турк Улсаас монгол мөнгөөр 2.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний утасны ар талын шил нь хагарчихсан байсан, өөр ямар нэгэн онцлох шинж тэмдэг байхгүй. Би одоо гар утсаа 1.500.000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 3-р хавтас 158-159 дэх тал),

 

15.5. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн БЗ1-20-1415 дугаартай:

“...үнэлэгдэж буй Huawei P20 pro маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.051.400 /нэг сая тавин нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Г.Анударийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 3-р хавтас 171-172 дахь тал),

 

16) Хохирогч С.Д-гийн түргэн үйлчилгээний цэгт хулгай орсон гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

16.1. Эрүүгийн 19110 1403 0011 дугаартай хэргийг 19090 1697 0018 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаар тогтоол (хэргийн 3-р хавтас 188-189 дэх тал),

 

16.2. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 15-н автобусны буудалд байх түргэн үйлчилгээний цэгт 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 3-р хавтас 208-211 дэх тал),

 

16.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Д-гийн хохирогчоор өгсөн:

“...Би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 29-595 тоотод ТҮЦ ажиллуулдаг. 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр амраад түргэн үйлчилгээний цэгээ нээгээгүй бөгөөд орой 17 цагийн үед эргэж ирэхэд зүгээр байсан. Тэгээд өглөө 8 цагийн үед ирэхэд нэг эмэгтэй намайг тосож ирээд “танай ТҮЦ-ийг араас нь цөмлөж ороод ухчихсан байна”  гэж хэлсэн. Тэгээд түргэн үйлчилгээний цэг рүү очиж арыг нь харсан чинь доогуур нь хуулж цөмлөөд орчихсон байсан. Өмнө нь манайх 2 удаа ТҮЦ-дээ хулгай оруулсан маш их гомдолтой байна.

Би 5 дахь өдөр бараагаа татчихсан байсан ба би алдагдсан эд зүйлсээ бүгдийг нь жагсаалтаар гаргасан. Нийт 922.500 төгрөгийн хохирол учирсан байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 3-р хавтас 219-220 дахь тал),

 

16.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн криминалистикийн шинжилгээний 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 06/355 дугаартай актын:

“1. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4, 5, гэж дугаарласан 6 ширхэг гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 6, 7 гэж дугаарласан 2 ширхэг мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээний шаардлага хангах 1, 2 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нь папилон санд МN000620000495 Балжинням овогтой Тэмүүжин баруун гарын эрхий хурууны хээтэй тохирч байна.

3. Балжинням овогтой Тэмүүжин нь папилон санд Болортуяа овогтой Бүрэнжаргал гэсэн нэрээр падилон санд 2017 онд МN000510021501 дугаараар, Болортуяа овогтой Бүрэнжаргал гэсэн нэрээр папилон санд 2017 онд MN000510021418 дугаараар, Уртнасан овогтой Ууганбаатар гэсэн нэрээр папилон санд 2018 онд МN000720005433 дугаараар тайлбар тэнэмэл гэж 4 удаа бүртгэгдсэн байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гарын хээний мөр (хэргийн 3-р хавтас 227-230 дахь тал),

 

16.5. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ЧД2-20-247 дугаартай:

“...үнэлэгдэж буй эд хөрөнгө нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 793.170 /долоон зуун ерэн гурван мянга нэг зуун дал/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч С.Д-гийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 4-р хавтас 07-09 дэх тал),

 

17) Хохирогч Б.Жамъяншаравын эд зүйл хулгайд алдагдсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

17.1. Эрүүгийн 19090 1697 0018 дугаартай хэргийг 19110 1403 0011 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоол (хэргийн 4-р хавтас 13 дахь тал),

 

17.2. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах тухай 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай Прокурорын тогтоол (хэргийн 4-р хавтас 38-39 дэх тал),

 

17.3. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай Прокурорын дүгнэлт (хэргийн 4-р хавтас 44-45 дахь тал),

 

17.4. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны 1130 дугаартай тэмдэглэл, магадлал (хэргийн 4-р хавтас 49-50, 51-56 дахь тал),

 

17.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Жамъяншаравын хохирогчоор өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө би эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн ойролцоо байрлах “Шөлөндөө” хоолны газар хоол идэх гэж ороод, өөрийн “Samsung Galaxy S7” маркийн гар утсаа ширээн дээр ил тавьчихаад хоол захиалах гээд явсан, манай эхнэр ширээний ард суугаад үлдсэн.

Тэгээд хоолоо очиж авчихаад эргэж ирэх хооронд ширээн дээр байсан миний гар утас алга болсон байхаар нь эхнэрээс асуухад “анзаарсангүй, сая нэг хүүхэд орж ирээд гарсан шүү дээ” гэхээр нь би араас нь гараад гүйсэн ба “Шөлөндөө” хоолны газрын яг үүдэнд нөгөө нэг хүүхэд гарч явахаар нь бариад авсан. Тэгээд тэр хүүхдээс гар утсаа нэхсэн чинь гаргаж ирэхгүй байсан ба халаасанд нь үзсэн чинь “ахаа энэ байна, уучлаарай” гээд өмдний халааснаасаа миний гар утсыг гаргаж надад өгсөн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 4-р хавтас 66-67 дахь тал),

 

17.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Ерөөлтийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө би нөхрийн хамт Улсын Их Дэлгүүрийн хажуу талд байх “Шөлөндөө” зоогийн газарт хоол идэхээр ороод, би ширээний ард сууж үлдээд манай нөхөр гар утсаа ширээн дээр тавиад хоолоо авахаар явсан. Энэ үед гаднаас нэг хүүхэд цаас барьж орж ирээд ширээн дээр ирснээ гараад явчихсан. Би тухайн үед анзаараагүй сууж байхад манай нөхөр ирээд “утас яасан бэ” гэхээр нь “анзаарсангүй, нэг хүүхэд ширээн дээр хүрч ирээд явсан” гэхэд нөхөр гараад явсан. Тэгээд үүднээс нөгөө хүүхдийг барьж аваад гар утсаа авсан байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 4-р хавтас 68 дахь тал),

 

17.7. Хэрэг гарсан өдрийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газрын хяналтын камерын бичлэг бүхий дискт үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол (хэргийн 4-р хавтас 71-73, 74 дэх тал),

 

17.8. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн СБ2-21-676 дугаартай:

“...үнэлэгдэж буй Samsung Galaxy S7 маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 270.000 /хоёр зуун далан мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Б.Жамъяншаравын алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 4-р хавтас 141-142 дахь тал),

 

18) “Ичиро” нэртэй хоолны газраас бэлэн мөнгө хулгайд алдагдсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

18.1. Эрүүгийн 19110 2534 1167 дугаартай хэргийг 19110 1403 0011 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоол (хэргийн 4-р хавтас 147 дахь тал),

 

18.2. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, “Ichiro” зоогийн газарт 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 4-р хавтас 168-170 дахь тал),

 

18.3. Хэрэг гарсан өдрийн “Ichiro” зоогийн газрын хяналтын камерын бичлэг бүхий дискт үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 4-р хавтас 175-178 дахь тал),

 

18.4. Фото зургаар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тухай 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл (хэргийн 4-р хавтас 179-181 дэх тал),

 

18.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Ц-гийн хохирогчоор өгсөн:

“...Би Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ichiro” нэртэй япон хоолны газар ажиллуулдаг юм. Би өөрөө ерөнхий менежерийн ажлыг хийж, надаас гадна 4 ажилтан байдаг. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр манай ажилчид оройн хоолонд орсон. Бүгдээрээ хоолны зааланд сууж хоолоо идээд, текэн дэр сууж байсан Мөнгөнчимэг бас ирж хоол идсэн ба тэгэхдээ текээ хүнгүй орхисон байсан. Би тэрхэн үед анзаараагүй. Мөнгөнцэцэг удалгүй хоолоо идэж дуусаад, текэн дээрээ очоод зөөгч Отгонбаатараас “текний ард байсан цүнхтэй мөнгө хараагүй биз” гэж асуугаад, бид бүгдээрээ хайгаад олоогүй.

...Би туслах менежерээс мөнгөө хаана тавьсан талаар асуухад “би тооцоогоо хийгээд энд текний доор хар өнгийн паск дотор хийгээд тавьсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хяналтын камер шүүж үзэхэд 15-16 насны эрэгтэй хүүхэд ирээд текний араар орж, хар өнгөтэй пасктай мөнгө цамцан дотроо хийгээд аваад явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан. Бичлэг дээр тэр хүүхдийн царай зүс их тодорхой гарсан байгаа, би тэр хүүхдийг харвал танина.” гэсэн мэдүүлэг (хэргийн 4-р хавтас 187 дахь тал),

 

19) Хохирогч Н.А-ын эд зүйл хулгайд алдагдсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

19.1. Эрүүгийн 20110 1033 1171 дугаартай хэргийг 19110 0000 0118 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоол (хэргийн 4-р хавтас 196 дахь тал),

 

19.2. Хэрэг гарсан өдрийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Tom and Tom’s кофе шопын хяналтын камерын бичлэг бүхий дискт үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 4-р хавтас 211-214 дэх тал),

 

19.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.А-ын хохирогчоор өгсөн:

“...Би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Tom and Tom’s кофе шопт найзтайгаа 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 20 цагийн үед сууж байхад гаднаас хар өнгийн малгайтай цамц, гадуураа хар өнгийн нимгэн ханцуйгүй хантаазтай, хар өнгийн пүүзтэй 165-170 см орчим өндөртэй, цагаан саарал өнгийн өмдтэй, 15-18 орчим насны эрэгтэй хүүхэд орж ирээд ширээн А5 хэмжээ бүхий шаргал өнгийн кардонан цаасыг ширээн дээр тавиад “ахаа задгай мөнгө байвал өгөөч” гэхээр нь би өөрөөсөө түрийвчээ гаргаад задгай 200-300 төгрөг өгсөн. Манай найз бас 500 төгрөгийг түрийвчнээсээ гаргаж өгсөн. Тэр эрэгтэй хүүхэд ширээн дээр байсан миний Samsung А50 маркийн хар өнгийн кейстэй хар өнгийн гар утсанд кардон цаасаа тавиад гар утсыг маань хулгайлаад аваад явсан байна лээ.

Би гар утсаа Мобиком ХХК-аас лизингээр 840.000 төгрөгөөр шинээр худалдаж авч байсан. Одоо 600.000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 4-р хавтас 220 дахь тал),

 

19.4. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ЧД1-20-334 дугаартай:

“...үнэлэгдэж буй Samsung А50 маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 671.200 /зургаан зуун далан нэгэн мянга хоёр зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Н.А-ын алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 4-р хавтас 221-222 дахь тал),

 

20) Шүүгдэгч Б.Бын насыг тоолсон тухай тэмдэглэл (хэргийн 2-р хавтас 214, 3-р хавтас 215, 4-р хавтас 182 дахь тал),

 

21) Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Бын хэргээ хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн үйлдсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 19, 98-99, 132-133, 182, 220-221, 250, 2-р хавтас 124, 161, 3-р хавтас 194-196, 4-р хавтас 19-20, 195, 5-р хавтас 154 дэх тал) мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 5-р хавтас 26 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 5-р хавтас 31, 65 дахь тал), Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт (хэргийн 5-р хавтас 78 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг асууж мэдүүлэг авахад болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг гүйцэтгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хөрөнгийн үнэлгээ дүгнэлтийг эрх бүхий мэргэшсэн байгууллагын үнэлгээчин тогтоосон байх тул тэдгээр баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлж дүгнэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Бын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б нь ганцаараа:

1. 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “КРС” түргэн хоолны газарт үйлчлүүлж байсан иргэн Х.С-ийн эзэмшлийн “Айфоне 7 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 960.500 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “ВЕАD” гар утасны худалдааны төвийн 6-11 тоот лангуунаас иргэн О.А-ын эзэмшлийн 2 ширхэг “Самсунг Эс6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өгөөмөр төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Вэнди" бейкэрид үйлчлүүлж байсан иргэн Э.У-гийн эзэмшлийн “Айфоне 7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 684.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-ны өдөрт шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шөлөндөө” хоолны газарт үйлчлүүлж байсан хохирогч Б.Ж-ын эзэмшлийн “Самсунг Галакси эс 7” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 17-р хороо “Ривер гарден” хотхоны “Койнкаса” нэртэй гэр ахуйн барааны дэлгүүрийн лангуунаас иргэн О.Цэнгэлийн “Самсунг А7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 424.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сакура Фүүдс” ХХК-ны Ичиро гэх Япон хоолны газрын лангууны ард байсан орлогын бэлэн мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч С.Ц-д 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зөөлөн” нэртэй төвд үйлчлүүлж байсан иргэн Н.Б-ы эзэмшлийн “Айфоне X” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 2.699.900 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газарт үйлчлүүлж байсан иргэн И.Г-ийн эзэмшлийн “Самсунг А70” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.039.920 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Старс төв дотор “Жүр-Үр” бейкэригийн үйлчилгээний зааланд иргэн Н.У-гийн халааснаас Самсунг Нөүт-8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “КРС” түргэн хоолны газарт үйлчлүүлж байсан иргэн Л.Г-ийн “Самсунг Эс10” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “КFС” түргэн хоолны газарт үйлчлүүлж байсан иргэн Ж.Б-гийн эзэмшлийн “One Plus” брендийн 7 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.014.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Том Томс” кофе шопод үйлчлүүлж байсан хохирогч Н.А-ын эзэмшлийн “Самсунг А50” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 671.200 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах KFC түргэн хоолны газарт ширээн дээр түр тавьсан байсан хохирогч Б.А-ийн Huawei P20 Pro загварыг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.051.400 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 17-р хороо “Гэгээнтэн” цогцолборын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “СЮ” дэлгүүрийн кассчин Т.О-ийн Орро Р5 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 370.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг KFC түргэн хоолны газарт үйлчлүүлж байсан хохирогч Б.Э-гийн эзэмшлийн One Plus 7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.014.000 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургууль 29-595 тоотод байрлах хохирогч С.Д-гийн эзэмшлийн ТҮЦ-д хууль бусаар нэвтрэн эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 793.170 төгрөгийн хохирол учруулсан

17. 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хороо “Хүннү” хотхоны “Том энд Томс” нэртэй кофе шопын ширээн дээр байсан иргэн Г.О-ийн 2.280.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 16 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, нэр бүхий хохирогч иргэд, байгууллагын бэлэн мөнгө, гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, бусдад нийт 16.722.090 /арван зургаан сая долоон зуун хорин хоёр мянга ер/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

 

- Мөн шүүгдэгч нь насанд хүрээгүй Ш.Ууганбаяртай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн тоосгоны эцсийн автобусны буудалд байрлах хохирогч Х.С-ийн эзэмшлийн ТҮЦ-д хууль бусаар нэвтрэн орж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар эд зүйлс болон бэлэн мөнгө авч 693.600 төгрөгийн хохирол,

- А.Тэмүүжин, Г.Азбаяр нартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт байрлах “Элбэг” хүнсний дэлгүүрийн лангуунаас иргэн Б.Н-гийн эзэмшлийн “Самсунг нөт 5” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 330.000 төгрөгийн хохирол тус тус учруулан нийт бусдад 1.023.600 төгрөгийн /нэг сая хорин гурван мянга зургаан зуу/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь тус тус Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.

 

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгийг захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм. 

 

Түүнчлэн хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор хуульчлан тогтоосон.   

Хэргийн нөхцөлд шүүгдэгч Б.Б нь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 19 удаагийн давтамжтай үргэлжилсэн үйлдлээр, шууд санаатай, шунахай зорилгоор нэр бүхий хохирогч нарын гар утас, бэлэн мөнгө зэргийг хулгайлан авсан, мөн хохирогч Х.С-, С.Д- нарын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн орж, эд юмс, эд хөрөнгийг /бэлэн мөнгө, бэлэн гоймон, тамхи, ус, ундаа гэх зэргийг/ нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч, улмаар бусдад худалдан борлуулан мөнгийг нь авч ашиглах зэргээр өөрийн хувийн хэрэгцээгээ хангаж захиран зарцуулж ашиглан, нэр бүхий 19 хохирогч иргэдэд нийт 17.745.690 /арван долоон сая долоон зуун дөчин таван мянга зургаан зуун ер/ төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Прокуророос шүүгдэгч Б.Бын /насанд хүрээгүй байхдаа/ ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, захиран зарцуулсан 19 удаагийн үргэлжилсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэмт үйлдэлд нь тохирсон байна.  

 

Иймд шүүгдэгч Б.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн шүүгдэгч Б.Б нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Бын үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас нэр бүхий 19 хохирогч иргэдийн эд хөрөнгөд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК, “Капитал Зууч” ХХК, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн  (хэргийн 1-р хавтас 87-88, 115-116, 160-162, 199-200, 231-232, 2-р хавтас 20-21, 73-74, 105-106, 148-149, 187-188, 226-227, 3-р хавтас 20, 83-85, 122-123, 171-172, 4-р хавтас 07-09, 141-142, 221-222 дахь талууд) хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлтээр нийт 17.745.690 /арван долоон сая долоон зуун дөчин таван мянга зургаан зуун ер/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хэрэгт шинжээчээр ажилласан, хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, шинжилгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй, үнэлгээний байгууллагын үнэлгээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба шүүх эдгээр дүгнэлтийг хууль ёсны, үнэн зөв үндэслэл бүхий үнэлж дүгнэсэн ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч нар болон шүүгдэгч талууд тус тус маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага нэр бүхий хохирогч иргэд гаргах эрхтэй байна. 

 

Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоос:

1. Хохирогч О.А-ын алдагдсан 520.000 төгрөгийн үнэ бүхий Samsung S6 маркийн гар утас, хохирогч Г.Анударийн 1.051.400 төгрөгийн үнэ бүхий Huawei P20 pro маркийн гар утас, хохирогч Б.Жамъяншаравын 350.000 төгрөгийн үнэ бүхий Samsung Galaxy S7 маркийн гар утас нь биет байдлаар нь хохирогчид буцаан олгосноор нөхөн төлөгдсөн болох нь:

- эд зүйл хураан авч, хохирогч О.А-од арын шил цуурсан хөх өнгийн Samsung Galaxy S6 загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэл (хэргийн 2-р хавтас 213 дахь тал),

- эд зүйл хураан авч, хохирогч Г.Анударьд Huawei P20 pro маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл (хэргийн 3-р хавтас 152-153 дахь тал),

- хохирогч Б.Жамъяаншаравын “...миний гар утсыг гаргаж надад буцааж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 4-р хавтас 66-67 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын 17.745.690 төгрөгөөс дээрх нөхөн төлөгдсөн эд зүйлсийн үнэлгээгээр тогтоогдсон дүн болох 1.921.400 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй.

 

Түүнчлэн шүүгдэгчийн А.Тэмүүжин, Г.Азбаяр нартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт байрлах “Элбэг” хүнсний дэлгүүрийн лангуунаас иргэн Б.Н-гийн эзэмшлийн “Samsung Note 5” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 283 шийтгэх тогтоолоор (хэргийн 5 дугаар хавтас 180-200 дахь тал) өсвөр насны шүүгдэгч А.Тэмүүжингээс 110.000 төгрөг гаргуулж хохирогч /330.000:3=110.000/ хохирогч Б.Н-д олгож шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Б.Бын өөрт ногдох хэсгийн 110.000 /нэг зуун арван мянга/ төгрөгийг түүнээс гаргуулж хохирогчид нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Мөн насанд хүрээгүй Ш.Ууганбаяртай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн тоосгоны эцсийн автобусны буудалд байрлах хохирогч Х.С-ийн эзэмшлийн ТҮЦ-д хууль бусаар нэвтрэн орж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар эд зүйлс болон бэлэн мөнгө авч 693.600 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт хамтран оролцсон гэх Ш.Ууганбаяр нь 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагад татах насанд хүрээгүй үндэслэлээр өсвөр насны Ш.Ууганбаярт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаагүй байх тул дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг шүүгдэгч Б.Баар нөхөн төлүүлэх нь зүйтэй.   

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Баас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын нөхөн төлбөрт нийт 15.592.290 төгрөг гаргуулж хохирогч Б.Э-д 1.014.000 төгрөг, Н.У-д 650.000 төгрөг, Э.У-д 684.000 төгрөг, Л.Г-т 900.000 төгрөг, О.Цэнгэлд 424.000 төгрөг, И.Г-т 1.039.920 төгрөг, Ж.Б-д 1.014.000 төгрөг, Н.Б-д 2.699.900 төгрөг, Х.С-д 950.500 төгрөг, Т.О-т 370.000 төгрөг, Г.О-т 2.280.000 төгрөг, С.Ц-д 1.300.000 төгрөг, Н.А-т 671.200 төгрөг, Б.Н-д 110.000 төгрөг, С.Даариймаад 793.170 төгрөг, Х.С-т 693.600 төгрөг тус тус олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 5-р хавтас 26 дахь талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Б нь 2003 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, гэмт хэрэг төгссөн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 17 нас 4 сар 22 хоногтой байсан нь хэрэгт авагдсан нас тоолсон тухай баримт (хэргийн 2-р хавтас 214, 3-р хавтас 215, 4-р хавтас 182 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 5-р хавтас 31, 65 дахь тал) зэргээр нотлогдсон бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх энэ өдрийн байдлаар Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байна.

 

Шүүх, шүүгдэгч Б.Быг ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналд үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2 дахин багасгаж түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял гэж тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их хурлаас баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “энэ хууль 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж хууль үйлчлэх цаг, хугацааг тогтоосон бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар зүйлд нэрлэн заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил түүнээс бага хугацаа байгаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тус тус заасныг баримтлан

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар Б.Бд оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн болно.  

 

Шүүгдэгч Б.Бд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 263 дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авснаар 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр цагдан хоригдож, улмаар тус шүүхэд хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийг хүртэл хугацаанд яллагдагч, шүүгдэгчээр (хэргийн 4-р хавтас 239-240, 243-244, 250, 5-р хавтас 01-05 дахь тал) цагдан хоригдсон нийт 88 (наян найм) хоног, мөн Б.Тэмүүжин (Нийслэлийн шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1130 дугаартай магадлалаар хүчингүй болсон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолд тэмдэглэгдсэн, хэргийн 4 дүгээр хавтас 51-56, 108-112 дахь тал) нэрээр цагдан хоригдсон 44 (дөчин дөрөв), бүгд 132 (нэг зуун гучин хоёр) хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүнд энэ тогтоолоор оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанаас хасаж тооцон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Б-ийн Б-ыг ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Б-д 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ дахин багасгаж, түүний биечлэн эдлэх ялыг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял гэж тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Б-д оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногт дүйцүүлэн түүний оршин суух газрыг харьяалах Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хүлээлгэсэн” зорчих эрхийг хязгаарлаах ялаар сольсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ын нийт цагдан хоригдсон 132 /нэг зуун гучин хоёр/ хоногийг түүнд энэ тогтоолоор оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанаас хасаж тооцон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй зайлсхийвэл зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Б.Б-аас 15.592.290 /арван таван сая таван зуун ерэн хоёр мянга хоёр зуун ер/ төгрөг гаргуулж,

8.1. Б.Э-д 1.014.000 /нэг сая арван дөрвөн мянга/ төгрөг,

8.2. Н.У-д 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг,

8.3. Н.У-д 684.000 /зургаан зуун наян дөрвөн мянга/  төгрөг,

8.4. Л.Г-д 900.000 /есөн зуун мянга/  төгрөг,

8.5. О.Ц-д 424.000 /дөрвөн зуун хорин дөрвөн мянга/ төгрөг,

8.6. И.Г-т 1.039.920 /нэг сая гучин есөн мянга есөн зуун хорь/ төгрөг,

8.7. Ж.Б-д 1.014.000 /нэг сая арван дөрвөн мянга/ төгрөг,

8.8. Н.Б-д 2.699.900 /хоёр сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөг,

8.9. Х.С-д 950.500 /есөн зуун тавин мянга таван зуу/ төгрөг,

8.10. Ж.О-т 370.000 /гурван зуун далан мянга/ төгрөг,

8.11. Г.О-д 2.280.000 /хоёр сая хоёр зуун наян мянга/  төгрөг,

8.12. С.Ц-д 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг,

8.13. Н.А-д 671.200 /зургаан зуун далан нэгэн мянга хоёр зуу/ төгрөг,

8.14. Б.Н-д 110.000 /нэг зуун арван мянга/ төгрөг,

8.15. С.Д-д 793.170 /долоон зуу ерэн гурван мянга нэг зуун дал/ төгрөг,

8.16. Х.С-д 693.600 /зургаан зуун ерэн гурван мянга зургаан зуу/ төгрөг тус тус олгож, хохирогч О.А, Г.А, Б.Ж нарт учирсан эд хөрөнгийн хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн, тэдгээр нь “гомдол саналгүй” гэснийг тус тус тэмдэглэсүгэй.  

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож хураагдан ирсэн бичлэг бүхий 7 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй. 

 

10. Энэ хэрэгт Б.Б-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

12. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       С.БАЗАРХАНД