Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2020/0721

 

 

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 03 өдөр 0721

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч

Хариуцагч: Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс

Гуравдагч этгээд: Ж ХХК, Б.Э, Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн байгууллагын өмчлөх эрхийг давхардуулан бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, /*****/ **ы өргөн чөлөө, ** байрны ** тоот, 57,4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг давхардуулан бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгож, Улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, гуравдагч этгээд Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Б, гуравдагч этгээд Ж ХХК-ийн өмгөөлөгч Р.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Х банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А-153 дугаар тушаалаар Х банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч Банкны эрх хүлээн авагч томилсон.

Х банк ХХК нь улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэлтэй 0012**** тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, ** хороолол /*****/, **ы өргөн чөлөө, ** байр, ** тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 57.4 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг.

Улсын бүртгэлийн байгууллагаас Х банк ХХК-д 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр олгосон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь Банкны эрх хүлээн авагчийн ажлын албанд эх хувиар хадгалагдаж байна. Түүнчлэн хамгийн сүүлийн байдлаар Банкны эрх хүлээн авагчаас тус хөрөнгийн лавлагааг олгохыг хүссэн хүсэлтийн хариуд Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №11-1182493 дугаартай албан бичгээр Баянзүрх дүүрэг, 14-р хороо, ** хороолол /*****/, **ы өргөн чөлөө, ** байр, ** тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 57.4 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Х банк бүртгэлтэй байна гэсэн лавлагаа олгосон.

Гэтэл дээрх орон сууцанд иргэн Г.Сгийн нэр дээр 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 000252472 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг дахин олгосон байх бөгөөд гэрчилгээнд улсын бүртгэлийн дугаарыг Ү-*********** гэж өөрчлөн бичсэн болохыг Банкны эрх хүлээн авагчийн ажлын албанд Г.Сгаас тус орон сууцыг худалдаж авсан гэх иргэн Б.Э ирж уулзахад мэдсэн.

Улсын бүртгэлийн байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг давхардуулан бүртгэж, нэг үл хөдлөх эд хөрөнгөд хоёр өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д заасны дагуу улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйл болно.

Түүнчлэн улсын бүртгэлийн байгууллагын бүрэн эрхэд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах хамаарч байна. Иймд нэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг давхардуулан бүртгэж, 2 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон улсын бүртгэгчийн үйл ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуульд заасны дагуу өмчлөгч нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй болно. Улсын бүртгэлийн байгууллага нь өмчлөх эрхийн гэрчилгээ давхардуулан олгосон нь өмчлөгчийн өмчлөх эрхийг хөндөж байна гэж үзэх үндэслэлтэй.

Хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд улсын бүртгэлийн байгууллага нь энэ давхардал үүсч болзошгүй эсэхийг хянан шалгаж, бүртгэл хийх эсэхийг шийдвэрлэх шаардлагатай байсан бөгөөд үүнийг өмчлөх эрхээ бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж буй этгээд мэдэх боломжгүй юм. Улсын бүртгэгчийн тус буруутай, хуульд нийцээгүй үйл ажиллагаанаас шалтгаалж өнөөдрийг хүртэл 1 үл хөдлөх эд хөрөнгөд 2 өмчлөх эрхийн гэрчилгээтэйгээр явсан байна. Эндээс үүсч буй хариуцлагыг иргэн, хуулийн этгээдэд тулган хүлээлгэх нь үндэслэлгүй бөгөөд хуулиар оногдуулсан үүрэг хариуцлагаас зайлсхийж байна гэж үзэж байна.

Иймд Улсын бүртгэлийн байгууллагын өмчлөх эрхийг давхардуулан бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн байгууллага нь нэг үл хөдлөх хөрөнгө дээр хоёр этгээдийг давхар бүртгэсэн байна. Энэ нь тухайн этгээдүүдээс өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учирч байна гэсэн хууль зүйн асуудал үүссэн.

Үүний дагуу банкны эрх хүлээн авагчаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаад хариуцагчаар Ж ХХК, н.Б, н.Ба нарыг татсан. 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шүүхийн шийдвэрээр Х банкны эрх хүлээн авагчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгож, н.Э, н.Б нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Гэсэн хэдий ч Улсын бүртгэлийн байгууллагаас давхардуулан бүртгэсэн нь хууль бус үйлдэл юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.

Хариуцагч Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Эрхийн Улсын бүртгэлийн Ү-*********** дугаартай, Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол /*****/, **ы өргөн чөлөө ** байрны ** тоот 57.4 м.кв талбайтай орон сууцны анхны өмчлөгчөөр 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн иргэн н.Ба /**********/-Н гаргасан мэдүүлэг болон 2010 оны 10 сарын 06-ны өдрийн Ж ХХК, иргэн н.Ба нарын хооронд байгуулсан 79 тоот Орон сууцны захиалгын гэрээ 2010 оны 10 сарын 13-ны өдрийн 1/702 тоот албан бичиг болон бусад нотлох баримтыг үндэслэн өмчлөх эрхийг 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бүртгэж, ******* тоот гэрчилгээ олгосон байна.

Тус үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 6.20-ны өдөр Орон сууц бэлэглэлийн гэрээгээр иргэн Г.Сгийн өмчлөлд шилжүүлсэн мөн 2013 оны 10.14-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг үндэслэн иргэн Б.Э, Б.Б нарын өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн байна. Мөн тус үл хөдлөх эд хөрөнгөнд 2013 онд Капитал банктай байгуулсан 77,000,000 сая төгрөгийн 274 тоот барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байх бөгөөд шаардах эрхийг 2011 онд Монголын ипотекийн корпораци ХХК-д шилжүүлсэн байна.

Эрхийн Улсын бүртгэлийн Ү-*********** дугаартай, Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол /*****/, **ы өргөн чөлөө ** байрны ** тоот 57,4 т.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Х банк ХХК-ийн бүртгэхдээ 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн гаргасан мэдүүлэг, 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/4883 тоот бүртгүүлэхийг хүссэн өргөдөл болон холбогдох нотлох баримтыг үндэслэн бүртгэж 00012**** дугаар гэрчилгээг олгосон байна. Өмчлөх эрхийг давхардуулан бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 заасны дагуу шүүх шийдвэрлэнэ.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг хариуцна гэж заасны дагуу мэдүүлэг гаргагч хариуцна. Мөн Эрхийн Улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь Х банкны өмчлөх эрх үүсэхээс өмнө иргэн н.Баы өмчлөх эрх үүссэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Гуравдагч этгээд Б.Э, Б.Б нар шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:

Б.Э, Б.Б бид нар Эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаартай Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, /*****/ **ы өргөн чөлөө, ** байрны ** тоотын 57.4 м.кв талбайтай орон сууцыг 2013 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Г.Стай Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр 110,000,000 төгрөгөөр худалдан авч, 2013 оны 10 дугаар сарын 14 өдөр эрхийн улсын бүртгэлд хамтран өмчлөгчөөр бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийг ******* дугаартай гэрчилгээг авч одоог хүртэл 6 жил гаруй хугацаанд уг орон сууцандаа амьдарч байгаа юм.

Манай орон сууцыг анхны худалдан авагч н.Баы нэр дээр 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээг олгосны дараа 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэж гэрчилгээг давхардуулан олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн (2003 оны) 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцээгүй, мөн хуулийн ** дүгээр зүйлийн 14.1.9-д мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол, 15 дугаар зүйлийн 15.4-д мэдүүлэг түүнд хавсаргасан баримтанд энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана гэж тус тус заасныг зөрчсөн. Мөн улсын бүртгэгч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн (2009 оны) 18 дугаар зүйлийн 18.1.8-д заасан улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглоно гэснийг зөрчсөн байна.

Иймд Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, /*****/ **ы өргөн чөлөө, ** байрны ** тоот, 57,4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг давхардуулан бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, Улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд Б.Э, Б.Б нар болон өмгөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

Эд хөрөнгийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаартай Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, /*****/ **ы өргөн чөлөө, ** байрны ** тоотын 57,4 м.кв талбайтай орон сууцыг анхны өмчлөгч болох иргэн н.Ба нь 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 79 дугаартай Орон сууцны захиалгын гэрээг Ж ХХК-тай байгуулж, Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газарт гэрчилгээ хүсэх тухай өргөдлийг 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасныг үндэслэн 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улсын бүртгэлийн мэдүүлгийн маягтыг бөглөж Ү-*********** дугаартай ******* тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан байна.

Анхны өмчлөгч болох н.Ба нь 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэн Г.Сд Орон сууц бэлэглэлийн гэрээгээр түүний өмчлөлд шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэн иргэн Г.Сгийн нэр дээр дээрх Ү-*********** дугаартай ******* тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлсэн байна.

Х банкны эрх хүлээн авагч Баянзүрх дүүргийн 14-р хороо, ** дүгээр хороолол **ы өргөн чөлөө ** байрны ** тоот 57,4 т.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь Ү-*********** дугаарт бүртгэлтэй байхад Ү-*********** дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээг авсан байгаа нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа харагдаж байна.

Учир нь мэдуүлэг гаргагч нь мэдүүлэг болон түүнд хавсаргах баримт бичгээ үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй байхад энэ үүргээ зөрчсөний улмаас бусдад учирсан хохирлыг хариуцна гэж Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.7-д зааснаас харахад нэхэмжлэгч буюу Х банкны эрх хүлээн авагч буруутай үйл ажиллагааг хариуцахаар байна гэж үзэж байна.

Б.Э, Б.Б нарын өмчлөлийн орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулахдаа аливаа нэг хууль, дүрэм, журмыг зөрчөөгүй ба 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өмчлөх эрхээ хуулийн дагуу баталгаажуулсан тул Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.1 дэх хэсэгт Иргэн хуулийн этгээд нь Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 8-р зүйлийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн Улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэсэн байхад Х банк хуульд заасан үндэслэл журмаар үүргээ ухамсарлаж эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө бусдын амьдарч буй орон сууцыг өөрийн болгох гэж бусдын өмчлөх эрхэнд халдаж байгаа нь шударга бус бөгөөд хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Гуравдагч этгээд Ж ХХК-ийн өмгөөлөгч Р.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны ** дүгээр хорооллын /*****/ **ы өргөн чөлөө, ** байрны ** тоотын 57.4 м.кв талбайтай орон сууцыг анхны өмчлөгч нь болох н.Ба нь 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 79 тоот орон сууцны захиалгын гэрээг Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал С.А, борлуулалтын менежер Ч.А нартай хийж гэрээг нотариатаар батлуулан бусад баримтуудыг бүртгэлийн хуулийн дагуу бүрдүүлэн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт гэрчилгээ хүсэх тухай өргөдлөө 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасны дагуу Улсын бүртгэлийн газраас түүнд эзэмших эрхийн Ү-*********** дугаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгосон нь Эд хөрөнгийн тухай улсын бүртгэлийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь заалтыг зөрчөөгүй байна.

Харин Х банк ХХК дахь банкны эрх хүлэн авагч нь дээрх орон сууцыг анхны өмчлөгч н.Баы эзэмшилд бүртгэлтэй байхад нь 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 64/11/273/ дугаартай орон сууцны захиалгын гэрээг Жийн гүйцэтгэх захирал, борлуулалтын менежер нартай хийж, Улсын бүртгэлийн газарт гэрчилгээг хүсэх тухай өргөдлийг 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргаж, 27-ны өдөр мэдүүлгүүдийг бөглөж өгснөөр Ү-*********** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг давхардуулж авсан нь Эд хөрөнгийн тухай улсын бүртгэлийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь заалтыг зөрчсөн байна.

Уг орон сууцны анхны эзэмшигч н.Баы анх авсан эзэмших эрхийн Ү-*********** дугаартай гэрчилгээ нь бэлэглэлийн гэрээгээр иргэн Сд, дараа нь худалдан авах гэрээгээр иргэн Б.Э, Б.Б нарын дундын өмчөөр бүртгэгдсэн нь хүчинтэй хэвээр байгаа тул хууль бус гэж тооцож хүчингүй болгох үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэлт хийж үзэхэд Х банк ХХК-ийн дэргэдэх Банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Улсын бүртгэлийн байгууллагын өмчлөх эрхийг давхардуулан бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг,

Гуравдагч этгээд Б.Э, Б.Б нараас Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, /*****/ **ы өргөн чөлөө, ** байрны ** тоот, 57.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг давхардуулан бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгож, Улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг тус тус гаргасан байна.

Хариуцагч байгууллага нь н.Баы хүсэлтийн дагуу Ж ХХК-тай байгуулсан Орон сууцны захиалгын гэрээнд заасан төлбөрийг бүрэн барагдуулж дууссан, төлбөрийн тооцоогүй болсныг мэдэгдсэн мэдэгдлийг үндэслэн 2010 оны 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр н.Баыг Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо ** дүгээр хороолол /*****/ **ы өргөн чөлөө ** байрны ** тоот 57.4 м.кв талбайтай орон сууцыг өмчлөх эрхийн Ү-*********** дугаарт бүртгэн, улсын бүртгэлийн гэрчилгээг олгожээ.

Мөн Х банк ХХК-ийн хүсэлтийн дагуу Ж ХХК-тай байгуулсан Орон сууцны захиалгын гэрээнд заасан төлбөрийг /Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн хүсэлтэд ** байр гэж бичсэн/ бүрэн барагдуулж дууссан, төлбөрийн тооцоогүй болсныг мэдэгдсэн мэдэгдлийг үндэслэн Х банк ХХК-ийг 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо ** дүгээр хороолол, **ы өргөн чөлөө ** байрны ** тоот 57.4 м.кв талбайтай орон сууцыг өмчлөх эрхийн Ү-*********** дугаарт бүртгэн, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон.

н.Ба нь 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах хүсэлт болон мэдүүлгийг гаргаж, 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрийн гэрчилгээ гаргуулсан байхад Х банк ХХК нь 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүсэлт гаргаж, 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулснаас Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо ** дүгээр хороолол, **ы өргөн чөлөө ** байрны ** тоот 57,4 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрх Х банк ХХК-д давхардан бүртгэгдсэн байна.

Түүнчлэн н.Ба-аас Г.Сд 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууцны бэлэглэлийн гэрээгээр орон сууцыг өмчлөх эрхийн Ү-*********** дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ шилжиж, 2013 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Г.Сгаас гуравдагч этгээд Б.Э, Б.Б нарт дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх тус тус шилжсэн.

Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Ж ХХК, Б.Э, Б.Б нарт холбогдох Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн харилцан шаардлага бүхий иргэний хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/******* дугаар шийдвэрт ... Б.Э, Б.Б нар нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Баянзүрх дүүрэг, ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан ** байрны 3 давхрын ** тоотын 2 өрөө 57.4 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан өмчлөгч гэж үзэх нь хууль зүйн үндэслэлтэй... гэж дүгнээд, нэхэмжлэгч Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, 14 хороолол, ** байрны 3 давхрын ** тоот 57,4 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ж ХХК болон Х банкны хооронд 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Орон сууцын захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Б.Э, Б.Б нарыг Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, 14 хороолол, ** байрны 3 давхрын ** тоот 57,4 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэжээ.

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 8/2348 дугаар албан бичигт ...Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, 14 хороолол, 51 А байрны 3 давхрын ** тоот 57.4 м.кв талбайтай орон сууцыг давхардуулан бүртгүүлсэн..., ... Иргэний хуулийн 184 дүгээр зүйлийн 184.1 дэх хэсэгт Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн дараалал нь бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргасан дарааллаар тодорхойлогдоно гэж заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргасан хугацаагаар тодорхойлбол Ж ХХК-ийн 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/880 дугаар албан бичгийг үндэслэн 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өмчлөгчөөр Х банк ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэсэн 00012**** дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл нь давхардлыг бий болгосон гэж үзэх үндэслэлтэй гэж үзсэн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 17 дугаар зүйлийн 17.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө., 18 дугаар зүйлийн 18.1.8-т улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох;-ыг хориглосон зохицуулалттай байсан.

Түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 13 дугаар зүйлийн 13.9-т Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө., Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1-д Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна.  5 дугаар зүйлд Эрхийн улсын бүртгэлийн зарчмыг тодорхойлсон бөгөөд 5.1-д Эрхийн улсын бүртгэл дараахь зарчимд үндэслэгдэнэ 5.1.1.бүртгэлийн талаархи мэдээлэл нээлттэй байх; 5.1.2.бүртгэл үнэн зөв байх; 5.1.3.бүртгэл нэгдсэн байх. гэж заасан, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол, 15 дугаар зүйлийн 15.4-д мэдүүлэг түүнд хавсаргасан баримтанд энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана. гэж тус тус заажээ.

Хариуцагч байгууллагаас эдгээр хуулийн заалт болон хуульд заасан зарчмыг зөрчин гуравдагч этгээд Б.Э, Б.Б нарын өмчлөлийн орон сууцыг бүртгэсэн бүртгэлтэй давхцуулан нэхэмжлэгч Х банк ХХК-ийг уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн хууль бус байна.

Түүнчлэн Б.Э, Б.Б нар нь Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, 14 хороолол, ** байрны ** давхарын ** тоот 57.4 м.кв талбайтай орон сууцыг өмчлөх эрхийг Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-т зааснаар орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан өмчлөгч мөн болохыг, мөн Ж ХХК болон Х банкны хооронд 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Орон сууцын захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосон Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/******* дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Иймээс нэхэмжлэгч Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн Улсын бүртгэлийн байгууллагын өмчлөх эрхийг давхардуулан бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Б.Э, Б.Б нарын бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, /*****/ **ы өргөн чөлөө, ** байрны ** тоот, 57.4 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг Х банк ХХК-д давхардуулан бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэлтэй Х банк ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.5, 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, ** дүгээр зүйлийн 14.1.9, 15 дугаар зүйлийн 15.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Б.Э, Б.Б нарын бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, /*****/ **ы өргөн чөлөө, ** байрны ** тоот, 57.4 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр Х банк ХХК-ийг давхардуулан бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, Х банк ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Э, Б.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээд Б.Э, Б.Б нарт олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ** дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН