Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2023/0722

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшүүлж санал болгох тухай” тогтоолын Д.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 29 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 118/2023/0012/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б-өөс Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшүүлж санал болгох тухай” тогтоолын Д.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 33 дугаар зүйлийн 33.3, 33.12 дахь хэсэгт заасныг баримтлан Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            Төрийн албаны салбар зөвлөл маргаан бүхий төрийн албаны сул орон тоонд төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 29.1.3, 33 дугаар зүйлийн 33.3-т заасныг зөрчиж төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлгүй Д.Б-г төрийн албаны тусгай шалгалтад бүртгэж, шалгаруулалтад оруулж улмаар төрийн албанд томилох тогтоол гаргаж байгаа үйл ажиллагаа бүхэлдээ хууль бус гэж маргасан боловч шүүх гуравдагч этгээд Д.Б нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй, Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөл хууль зөрчөөгүй байна гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй болсон.

            Монгол Улсын Төрийн албан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна ил тод байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг баримталж, хуульд заасны дагуу боловсруулж баталсан журам стандартыг мөрдөж ажиллах үүрэгтэй байдаг.

            Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.12 дахь хэсэгт төрийн албаны нөөц бүрдүүлэх журмыг Засгийн газартай зөвшилцөн Төрийн албаны төв байгууллага батална гэж заасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ыг, “Төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж байгаа албан хаагчийн нөөцийн бүртгэл хөтлөх журам”-ыг 2 дугаар хавсралтаар, “Ерөнхий шалгалт өгч тэнцсэн иргэний нөөцийн бүртгэл хөтлөх загвар”-ыг 3 дугаар хавсралтаар, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаал эрхэлж байсан удирдах албан тушаалтны нөөцийн бүртгэл хөтлөх загвар”-ыг 4 дүгээр хавсралтаар, “Төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн албан хаагчийн болон иргэний нөөцийн бүртгэл хөтлөх загвар”-ыг 5 дугаар хавсралтаар тус тус баталж, энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Журам батлах тухай” 99 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцож, энэхүү журмын хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, салбар зөвлөлд тус тус даалгасан.

            Уг журам заавар ёсоор Төрийн жинхэнэ албаны нөөцийн санг Төрийн албаны зөвлөл эрхэлнэ гэж, нөөцийн сан нь төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн бүрэлдэхүүн хэсэг байхаар, нөөцийн сан нь доор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна гээд журмын 2.1.1-д төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж байгаа албан хаагчийн нөөц, 2.1.2-т төрийн жинхэнэ албан ерөнхий шалгалт өгч тэнцсэн иргэний нөөц, 2.1.3-д төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаал эрхэлж байсан албан хаагчийн удирдах албан тушаалтны нөөц, 2.1.4-т төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалаас түр чөлөөлөгдсөн албан хаагчийн нөөц, 2.1.5-д төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасан болон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу цэргийн тэтгэвэр тогтоолгож төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн иргэний нөөц, 2.1.6-д эрх бүхий байгууллагын шийдвэрээр нөхөр /эхнэр/ нь өөр орон нутаг, гадаад улс, олон улсын байгууллагад шилжин ажиллах болсон, эсхүл гэр бүлийн хүнд өвчтэй аль нэг гишүүнээ асрах зайлшгүй шаардлагын улмаас төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн албан хаагчийн нөөц, 2.1.7-д төрийн зардлаар их, дээд сургуульд суралцуулж төгсөөн иргэн /цэрэг, цагдаа, тагнуул, онцгой байдал, шүүхийн шийдвэр, шүүх шинжилгээ, хилийн болон дотоодын цэрэг г.м/-ийн нөөцтэй байхаар тогтоосон.

            Мөн журмын 3 дахь хэсэгт нөөцийн сангийн бүртгэл, хөдөлгөөнийг хөтлөх, мэдээлэх журмыг тодорхойлсон бөгөөд энэ журмын 2.1.2, 2.1.3, 2.1.7-д заасан нөөцийн бүртгэл, хөдөлгөөнийг Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, бусад нөөцийн бүртгэл, хөдөлгөөнийг харьяалах салбар зөвлөл, салбар зөвлөлгүй төрийн байгууллагын нөөцийн бүртгэл, хөдөлгөөнийг тухайн байгууллага батлагдсан загварын дагуу хөтөлнө, салбар зөвлөл болон төрийн байгууллага нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл, хөдөлгөөнийг тухайн байгууллага батлагдсан загварын дагуу хөтөлнө, салбар зөвлөл болон төрийн байгууллага нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл, хөдөлгөөнд өөрчлөлт орсон мэдээг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албанд тухай бүр ирүүлэх үүрэгтэй, салбар зөвлөл, төрийн байгууллага нь нөөцийн бүртгэл, хөдөлгөөний тайланг тухайн оны 7 дугаар сарын 1, дараа оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор гаргаж Төрийн албаны зөвлөлийн Ажлын албанд хүргүүлэх үүрэгтэй гэж, нөөцийн сангийн нэгдсэн бүртгэл, хөдөлгөөнийг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албан хөтлөхөөр журамласан байдаг.

            Маргаан бүхий сул орон тоонд өрсөлдөхөөр хүсэлт гаргасан иргэн Д.Б нь 2016 онд төрийн албанаас чөлөөлөгдсөн байдаг ба түүнийг төрийн албанаас чөлөөлөхдөө 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан үндэслэлээр чөлөөлсөн байдаг. Д.Б-г төрийн албанаас чөлөөлөгдөх цаг хугацаанд Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц бүрдүүлэх журам хүчин төгөлдөр үйлчилж байсан ба уг журамд төрийн жинхэнэ албан хаагчийн хүсэлтийг үндэслэн албан тушаалаас чөлөөлсөн тухай томилох эрх бүхий этгээдийн шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногт багтаан нөөцийн бүртгэлд бүртгэж байхаар журамласан бөгөөд Д.Б уг журам ёсоор нөөцийн бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаагүй, нөөцийн бүртгэлд бүртгэгдээгүй байдаг ба уг журам 2019 оны 17 дугаар тогтоол батлагдсанаар хүчингүй болсон.

            Гуравдагч этгээд Д.Б 2022 оны 01 сард Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлд хандаж төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгүүлэх хүсэлт гаргасан талаарх баримт хэрэгт авагдсан байдаг ба салбар зөвлөл 2022 оны 17 дугаар тогтоол гаргаж гуравдагч этгээдийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэхээр шийдвэрлэсэн гэх боловч иргэний хүсэлтийг хэзээ, ямар хэлбэрээр, хэрхэн хүлээн авсан талаарх бүртгэл тэмдэглэл салбар зөвлөлд байдаггүй, мөн салбар зөвлөл нь хүсэлт гаргагчийн хувьд Төрийн албаны тухай хууль, Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журамд заасан үндэслэл журмын дагуу төрийн албанаас чөлөөлөгдсөн эсэх, төрийн албаны нөөцөд бүртгүүлэх эрх үүссэн эсэх зэргийг хянаж шалгасан, хэлэлцсэн талаарх баримтгүй, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэсэн гэж тайлбарлаж байгаа үйл ажиллагаа нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн албан хаагчийн болон иргэний нөөцийн бүртгэл хөтлөх загварын дагуу бүртгэгдээгүй, түүнчлэн бүртгэл хөдөлгөөнд орсон өөрчлөлтийн талаарх мэдээлэл нь Төрийн албан зөвлөлд хүргэгдээгүй, Монгол Улсын төрийн албаны нөөцийн сангийн нэгдсэн бүртгэлд авагдаагүй байгаа зэрэг нь гуравдагч этгээд Д.Б-г Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэсэн гэх үйл ажиллагаа бүхэлдээ хуульд нийцэхгүй байгаа нь илэрхий байхад хэрэгт цугларсан нотлох баримтыг илтэд буруу үнэлж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 33 дугаар зүйлийн 33.3, 33.12-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хянаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

           

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Анх нэхэмжлэгч Б.Б-өөс Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан “Төрийн албан зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаартай “Нэр дэвшүүлж санал болгох тухай” тогтоолын Д-ын Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Цэнд-Очирт хуваарилагдаж, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 98 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

2.2. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөгөөн /цаашид “Зөвлөгөөн” гэх/ ажиллана”, 19.2-т “Зөвлөгөөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:”, 19.2.5-д “энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах”, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2.Хэрэг, нэхэмжлэлийг шүүгчид хуваарилах журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх бөгөөд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс батална”, 72 дугаар зүйлийн 72.3-т “...Шүүгчдийн зөвлөгөөнөөр асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Шүүгчдийн зөвлөгөөн тухайн шүүхийн шүүгчдийн олонхи оролцсон тохиолдолд хүчинтэй байна. Шүүгч бүр тэгш эрхтэй оролцоно” гэж тус тус заасныг зөрчиж, шүүгчдийн зөвлөгөөний ямар нэг шийдвэргүйгээр тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 59 дүгээр захирамжаар уг захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Н.Амарзаяад шилжүүлэн хуваарилж, хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэхээр байна.

2.3. Түүнчлэн Нийт шүүгчийн чуулганы хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.1-д “Бүх шатны шүүхэд хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилоход энэхүү нийтлэг журмыг баримтална. Шүүх бүр энэ нийтлэг журамд нийцүүлэн, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-т заасны дагуу өөрийн нарийвчилсан журмыг батлан мөрдөж ажиллана”, 1.2-т “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, санал дүгнэлт хүлээн авах, хуваарилах, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох журмыг тогтоохдоо дараах зарчмыг баримтална. Үүнд:”, 4-д “хуваарилагдсан болон хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн нь Зөвлөгөөний шийдвэргүйгээр өөрчлөгдөх боломжгүй”, 2 дугаар зүйлийн 2.7-д “Хуваарилагдсан хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авсан шүүгч, бүрэлдэхүүнд томилогдсон шүүгчийг гагцхүү хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар зөвшөөрөгдсөн татгалзал, үндэслэл үүссэн, эсхүл шүүгч шүүх бүрэлдэхүүн солигдох бусад нөхцөлд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилно. Зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг дахин хуваарилахдаа тухай шүүгчийг тойргоос гарган бусад шүүгч нарт тойрог дотор санамсаргүй байдлаар хуваарилах сонголтыг нэгдсэн системд тохируулсан байна”, 4 дүгээр зүйлийн 4.2-т “Шүүгчид хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хуваарилахгүй байх нөхцөл бий болсон бол хугацааг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж тус тус заасныг зөрчжээ.

2.4. Тодруулбал, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан шүүгч Ц.Цэнд-Очирыг солих ямар шалтгаан бий болсныг Шүүгчдийн зөвлөгөөнөөрөө хэлэлцүүлэхгүйгээр буюу зөвлөгөөний шийдвэргүйгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар хэргийг шилжүүлэн хуваарилж ийнхүү шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлд хамаарна.

2.5. Нэгэнт анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн байгаа энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж тус хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Мөн түүнчлэн анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр үйлдэж, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулах талаарх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3, 108.4-д заасан журмыг зөрчиж, шүүхийн 1 шийдвэрийг 2 өөр цаг хугацаанд, 2 удаа гардуулсны улмаас давж заалдах гомдол гаргах хугацааг тооцох боломжгүйд хүргэж, хэргийн оролцогчдыг чирэгдүүлсэн нөхцөл байдал үүсгэсэн байх бөгөөд шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргах хугацаа хэтэрсэн байсан тул давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авч, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлж, хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Иймд дээрх алдааг цаашид гаргахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                          О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                                          Г.БИЛГҮҮН