Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/00320

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021           04            01                                          001/ХТ2021/00320

 

 

 

.................ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 138/ШШ2019/00511 дүгээр шийдвэр,

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 201/МА2019/00024 дүгээр магадлалтай,

 

.................ын нэхэмжлэлтэй

.................т холбогдох

 

265,669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч .................ын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

 

Нэхэмжлэгч ................. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: .................тай дам хүнээр дамжуулан танилцсан. Улмаар .................тай утсаар холбогдож ярихад эгч нь багш хүн худлаа хэлэхгүй, мөнгө чинь хувьцаа болж гадаадын компанид хөрөнгө оруулалт болоод жилийн дараа хоёр нугаларч та нарт очно гэж хэлсэн. Тэгээд над уруу Хаан банкны дансаа явуулахад нь би 90 еврог тэр үеийн Голомт банкны ханшаар бодож шимтгэл 1.8 евро нэмээрэй гэхэд нь нийт 91.8 евро /91.8х2894/ буюу 265 669 төгрөгийг 2017оны 11 сарын 02-ны өдөр шилжүүлсэн. Шилжүүлэг хийгдэж фэйсбүүк чатаар харилцаж байсан. Миний данс5006569190, .................ын данс ................. юм. Цаашаа тэр хувьцаа болгосон эсэхийг мэдэхгүй байна. Нэг жил өнгөрч 2018 оны 11 сард холбогдож .................аас мөнгөө асуутал хариу хэлэлгүй утсаа блоклож, фэйсбүүкээ ч блок болгосон. Иймд .................д шилжүүлсэн мөнгөө нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Соёлчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхрийн ажлын газрын захирал Цэрэндулам нь .................ын найз юм билээ. ................. эгч найзаасаа чиний дугаарыг авлаа гээд над уруу утсаар залгаж богино хугацаанд мөнгөө хоёр дахин өсгөж авах боломж байгаа талаар ярьсан. Хөдөө орон нутагт байдаг гэхээр нь би элсэхгүй гэдгээ хэлсэн. Тэгэхэд ................. нь уг компанийн төв оффис нь Төв номын сангийн ойролцоо байдаг, биет төлөөлөгчөөр дүүгээ явуулъя гэсэн. ................. эгчийн дүү Одгэрэл гэж хүн манай ажил дээр ирээд мөнгөө хэрхэн өсгөх талаар ярьсан. Их мөнгөөр элсвэл 7, 7 хоногоор ашгаа өгдөг. Хамгийн бага нь 90 еврогоор элсдэг. Багаар элсвэл нэг жилийн дараа ашиг авна гэж хэлсэн. Цаг хожиж багаар ч гэсэн элсэх хэрэгтэй гэсэн. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ................. эгчийн................. гэсэн данс уруу тухайн үеийн евроны ханшаар тооцон 265669 төгрөг шилжүүлсэн. Мөн өөрийн найз .................т энэ талаар хэлсэн. Тэгээд ................. нь .................ын дансанд 265669 төгрөг шилжүүлсэн. Нэг жилийн дараа ................. эгч рүү ярихад нь утсыг нь шууд салгасан гэсэн. .................ын хувьд нэг жилийн хугацаанд ямар нэгэн ашиг гэж аваагүй, ашгаа жилийн дараа ................. эгчээр дамжуулан авна гэж надтай адил итгэсэн. Иймд .................аас 265669 төгрөгийг гаргуулан .................т олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ................. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 онд Questra World гэдэг гадаадын компанид хөрөнгө оруулалт хийсэн. Энэ компани нь 7 хоног бүр ногдол ашиг олгодог байсан. Энэ үед миний бие компьютерт хүний нэр шивж сурсан учир хүмүүс нэрээ шивүүлье гэж өөрсдийн мэдээллийг явуулж нэрээ шивүүлдэг байсан. Шивсэн хүний нэр дээр аккаунт үүсээд өөрсдөө тэрийгээ хянаад явдаг байсан. Бараг нэг жилийн өмнөөс ногдол ашгаа авч чадахаа больсон. Ногдол ашгаа авч чадахгүй ч гэсэн ногдол ашиг орж байгаа нь харагддаг байсан боловч нэг сар орчмын өмнөөс сайт нь устаад юу ч харагдахаа больсон. Би ч гэсэн энэ компанийн хохирогч болоод явж байгаа. .................ын хувьд над уруу залгаад би Соёлчимэг гэдэг найзаасаа энэ компанийн тухай сонслоо. Би хөрөнгө оруулалт хийж мөнгөө өсгөх гэсэн юм. Таныг шивж оруулж чаддаг гэнэ гэж яриад өөрийн мэдээллээ явуулж шивүүлээд, мөнгөө явуулж аккаунт үүсгүүлсэн. Тухайн үед энэ хүний аккаунтыг нээж өгөөгүй байсан бол тэр үедээ надаас мөнгөө нэхэх байсан юм. Компанийн сайт нь устаад алга болохоор өөрийнхөө өмнөөс хүнийг буруутгаж байгааг ойлгохгүй байна. Би энэ хүний мөнгийг өсгөж өгье гэж хэлээгүй. Надад мөнгө өсгөх ямар ч компани байхгүй. Найз Соёлчимэгийн урилгаар өөрийн хүслээр мөнгөө өсгөх гээд гадаадын компанид өгсөн мөнгөө надад өгсөн юм шиг нэхэж байгаад гайхаж байна. ................. гэдэг хүн ................. гэдэг эмэгтэйг хувьцаа эзэмшдэг. Нэг жилийн дараа ашиг өгнө гээд байхаар нь мөнгө шилжүүлсэн гэжээ. Гэтэл би энэ хүнийг огт танихгүй, хэзээ ч уулзаж байгаагүй, өөрөө над уруу залгаж гадаадын компанид мөнгө хийж байгаагаа мэдсээр байж хийчихээд, миний ятгалгаар хийсэн хүн шиг намайг гүтгэж байна. ...Би .................ын мөнгийг огт хэрэглээгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 138/ШШ2019/00511 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч .................аас 265 669 /хоёр зуун жаран таван мянга зургаан зуун жаран есөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .................т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8620 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч .................аас улсын тэмдэгтийн хураамжид 8620 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .................т олгож, ... шийдвэрлэжээ.

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 201/МА2019/00024 дүгээр магадлалаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 138/ШШ2019/00511 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ................., түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 8620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ................. хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагч ................. миний бие гомдол гаргаж байна. Шүүхээс ................. бидний хооронд үүссэн үйл явдлыг Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Би үүнийг зөвшөөрөхгүй байна. Яагаад намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзээд байгаа юм. Яагаад намайг нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзээд байгааг би ойлгохгүй байна. Миний ойлгож байгаагаар би түүний шилжүүлсэн мөнгийг гадаадын хөрөнгө оруулалтын компани руу шилжүүлж төлбөрийн нь төлсний үндсэн дээр түүний нэр аккуант үүсгэсэн. Хэрвээ мөнгийг нь шилжүүлээгүй байсан бол аккуант үүсэхгүй. Аккуант үүссэн болохоо түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Соёлчимэг шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн. Нэгэнт хол байдаг учраас надаар шивүүлж хөрөнгө оруулалтаа оруулахын тулд над руу мөнгөө шилжүүлсэн. Би түүний мөнгийг шилжүүлж түүний нэрээр аккуант үүсгэсэн. Энэ бол бидний хооронд болж буй нэг ёсны харилцаа буюу хэн хэний хүсэл зоригийг хангах ажил үүрэг. Гэтэл шүүхээс үүрэг үүсээгүй гэж үзэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэж байна. Хамгийн гол нь шүүхээс .................ын нэр дээр аккуант үүсч компанитай харилцах дансаа харах зэрэг мэдээлэл авах компанийн хөрөнгө оруулагч болсон гэдгээ тодорхой мэдэж байгаагаар хөрөнгө оруулалтыг компанид шилжүүлсэн гэдгийг нотолж байтал заавал мөнгө шилжүүлсэн баримт байхгүй гэж өрөөсгөлөөр харах нь нотлох баримтыг бүх талаас хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлж чадахгүй байна гэж ойлгож байна. Тухайн компани нэг л өдөр хэнд ч мэдэгдэлгүй сайтаа устгасан хөрөнгө оруулагч нар бугд л хохирогч болсон. ................. элсэн орсноос хойш нэг жил гаруй болсон /1.6 сар/ компанийн сайт устсаны дараа над руу шилжүүлсэн мөнгөө надаас нэхсэн. Нэг жилийн дараа ногдол ашгаа авна гэж ойлгосон юм чинь нэг жилийн дараа компаниас нэхэхээ яасан. Надад хөрөнгө оруулалт оруулж байгаа юм шиг хандаж байх юм. Нэг талдаа шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн гаргаж буй тайлбар шүүх хуралдаанд мэтгэлцсэн нөхцөл байдал зэргийг үнэн зөвөөр үнэлж чадаагүй буюу ИХШХШТХ-н 40-р зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчиж байна. Ингэснээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж гомдож байна. Иймийн тул миний гаргаж буй гомдлыг хянан үзэж ИХШХШТХ-н 178-р зүйлийн 178.1.5-дэх хэсэгт заасны дагуу анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож гомдлыг хангана уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ................. нь хариуцагч .................аас 265,669 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч зөвшөөрөөгүй татгалзсан байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч хуулийн нэрийг алдаатай бичсэнийг залруулах шаардлагатай гэж үзэв. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

................. нь 2017 оны 11 сарын 02-ны өдөр 90 евро буюу 265,669 төгрөгийг  .................ын “ХААН” банкны ................. тоот дансанд шилжүүлсэн /хх-5/ баримт хэрэгт авагджээ.

 

Нэхэмжлэгч нь уг мөнгийг ................. гадаадын компанид хөрөнгө оруулж, өсгөж өгөхөөр авсан гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэгч өөрөө “Questra World” гэх гадаадын компани руу хөрөнгө оруулахаар шилжүүлсэн, би зөвхөн нэрийг нь шивж өгсөн, нэхэмжлэгч өөрийн аккаунт үүсгээд оруулсан мөнгө, ашгаа хянаж байсан бөгөөд сайт устаж хэн аль нь хохирсон, мөнгийг нь аваагүй гэж маргасан байна.

 

Хариуцагч ................. нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд маргааны зүйл болох 265,669 төгрөг нэхэмжлэгчээс хариуцагчийн дансанд шилжсэн, хариуцагч уг мөнгийг цааш нь гадаадын компанид шилжүүлсэн болохыг нотлоогүй байв. Энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хөрөнгө шилжүүлсэн этгээд   хөрөнгөө шаардах эрхтэй, талуудын хооронд үүрэг үүссэн байдал нотлогдоогүй тул .................ын нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 

Шүүх зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулсан тул тэдгээрийн өгсөн баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 67 дугаар зүйлийн 67.1.1, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 

Харин хууль тогтоогчоос “Иргэний хууль” гэж хуулийн нэрийг тогтоосон байхад Монгол улсын Иргэний хууль гэж шийдвэрт алдаатай тусгасан нь буруу тул залруулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 201/МА2019/00024 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 138/ШШ2019/00511 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Монгол улсын Иргэний хуулийн ...гэснийг Иргэний хуулийн ...” гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 8,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

 

                                 ШҮҮГЧИД                                              П.ЗОЛЗАЯА

 

                                                                                               Х.СОНИНБАЯР

 

                                                                                               Б.УНДРАХ

 

                                                                                               Д.ЦОЛМОН