Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ягнайжавын Туул |
Хэргийн индекс | 166/2022/0186/Э |
Дугаар | 2022/ШЦТ/199 |
Огноо | 2022-05-26 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0186/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г-д холбогдох эрүүгийн 2218000000206 дугаартай хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А.Г, 1978 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Аптанбулаг суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхэд, хадам ээжийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Г нь 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт байрлах Номин худалдааны төвийн Центрийн 9 давхар байрны 31 тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.Э-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “хамрын самсаа хэсгийн эдийн дутагдал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч А.Г-ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...А.Э-ийн биед үүссэн хамрын самсаа хэсгийн эдийн дутагдал гэмтлийг би учруулсан. Тухайн үед согтуу байхдаа хазаж гэмтлийг учруулсан.
...Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Дахиж ийм асуудал гаргахгүй, харамсаж байна.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1/,
-Хохирогч А.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гэртээ буюу Дархан сумын 16 дугаар баг, Центерийн 9 давхрын 31 тоотод хамтран амьдрагч нөхөр А.Г-ы хамтаар 0.75 граммын нэг шил архийг хувааж уусан. Тэгээд архиа уугаад сууж байхад А.Г- нь Б.Маралаа руу чанга чанга дуугараад байхаар нь би “чи миний охин руу битгий орилоод байгаарай” гэж хэлсэн. Тэгэхэд манай нөхөр олон юм яриад өрөө хооронд яваад байсан. Тэгэхээр нь би бие засах гээд 00 өрөө рүү орох гээд явж байхад А.Г- миний үснээс татаж өөрийнхөө дээрээс намайг унагаагаад миний хамрыг хазчихсан. Тэгэхэд миний хамарнаас цус гарахаар нь би 00 өрөө рүү ороод толинд хартал миний хамарны угалз хэсгийн үзүүр нь тасарчихсан байсан. Тэгээд цус гараад зогсохгүй болохоор нь эмнэлэг орж үзүүлсэн. Тэгэхэд эмч үзчихээд хамарны угалз хэсгийн үзүүрийг наах боломжгүй болсон байна. Гоо сайхны хагалгаагаар эмчлэгдэх юм байна гэж хэлсэн.
...Надад А.Г- эмчилгээний зардалд 5000.000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6, 8/,
-Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөөдөр бид нар гэртээ байж байтал Отгонцэцэг гээд миний охин орж ирсэн. Тэгээд орой 19-20 цагийн хооронд тэр гурав архи уусан. Нэг шил архи дуусаад дахиж нэг шил архи авсан байсныг нь би мэдээгүй. Миний охин А.Э-ийн хоёр том хүүхэд нь дагавар хүүхэд байгаа юм. Тэгэхэд Маралаа аавыгаа “унтаач, яах гээд байгаа юм” гэж хэлэхэд А.Г- “чи миний өөдөөс том дуугардаг хэн юм бэ?” гэж хэлээд уурласан чинь охин А.Э- Маралааг өмөөрөөд “чи яагаад миний охиныг загнаад байгаа юм бэ?” гээд маргалдаж эхэлсэн.
...Зээ охин “ээжийг цохиод байгаа юм шиг байна” гэж хэлэхээр нь би жижиг өрөөнд очиход А.Э-ийн хамар амнаас цус гарчихсан, гараараа дараад А.Г-ы доор хэвтэж байгаад намайг ороход босоод ирсэн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11/,
-Гэрч А.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн орчимд А.Э- эгчийн гэрт би ганцаараа явж очиход А.Э- эгч, ээж Нэргүй, эгчийн хоёр хүүхэд, А.Г- ах нар хамт байсан. Тэгээд А.Г-, А.Э- бид гурав нэг шил 0.75 граммын архи хувааж уусан. Тэгээд тэр архиа уучхаад дахиад нэг шил архи гаднаас оруулж ирээд уусан. Тухайн архинаас нь би нэг хундага уучихаад согтоод унаад өгсөн байна лээ. Тэгээд нэг сэрэхэд өглөө өөрийнхөө гэрт сэрсэн. Харин ээж Нэргүйгээс юу болсон талаар асуухад намайг согтоод унтсаны дараа А.Г- ах охин Маралаа руу том дуугарахад А.Э- эгч охиноо өмөөрөөд “миний охин руу чанга дуугардаг хэн юм бэ? гэж хэлж байсан гэсэн. Тэгээд удалгүй А.Э- эгчийн дээр А.Г- хэвтчихсэн, А.Э- эгчийн хамар, амнаас нь цус гарчихсан байсан гэсэн. А.Э- эгч ванны өрөө ороод цусаа угаачихаад хамар тас хазчихсан байна гэж хэлээд эмнэлэг орж үзүүлэхэд тухайн тасарсан хамрыг нь наах боломжгүй болсон байна. Гоо сайхны хагалгаанд яаралтай орох шаардлагатай гэж хэлээд явуулсан гэж ээж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16/,
“...А.Э-ийн биед хамрын самсаа хэсгийн эдийн дутагдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 377 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 19-20/,
-А.Э-т яаралтай тусламж үзүүлсэн эмнэлгийн хуудас /хавтаст хэргийн 21-22/,
-Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37/,
-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 38/,
-Хохирогч А.Э-ийн гаргасан “надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 54/,
-Шүүгдэгч А.Г-аас гаргасан “А.Э-тэй эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 55/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар А.Г нь 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт байрлах Номин худалдааны төвийн Центрийн 9 давхар байрны 31 тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.Э-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “хамрын самсаа хэсгийн эдийн дутагдал” бүхий хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 377 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 19-20/ нотлогдож байна.
Мөн шүүгдэгч А.Г-, хохирогч А.Э нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч А.Г-ыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Г нь бусдад төлөх хохирол төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах эрхтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэлээ.
3. Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:
Хохирогч А.Э-ийн гаргасан “надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 54/ хавтаст хэрэгт авагдсан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч А.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч А.Г-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй байх тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Г-ыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Г-д анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ