Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2017/00047/И |
Дугаар | 138/ШШ2018/00257 |
Огноо | 2018-03-15 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 138/ШШ2018/00257
2018 03 15 138/ШШ2018/00257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******т холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 2.000.000 төгрөг болон нэг хонь буюу 130.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хөөрөг буюу 1.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 1 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.*******, түүний өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагч Д.*******ын өмгөөлөгч Р.Ганчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч И.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны хавар буюу 5 сард ******* өөрөө манай адуунаас соёолон морь, хусран даагатай гүүг 4 сая төгрөгөөр авъя гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь би надад наадмаар идчихээр 1 хонь нэмж өгөөрэй гэхэд тэр асуудалгүй гэж хэлээд 1 сая төгрөг бэлнээр өгсөн. 2015 оны 6 сарын 17-ны өдөр 2 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн. Энэ наймаанаас 1 сая төгрөг, нэг хонь өгөөгүй байгаа. Гэтэл 2 сая төгрөг бэлнээр төлсөн гэж худлаа яриад байна. Тухайн үед нэг боодол 10.000-тын дэвсгэрт өгсөн. Дараа нь 2015 оны 6 сард ******* надтай адууны наймаа дахин хийсэн. Хээр халзан соёолон, хээр зүсмийн соёолон морьдыг би 8 сая төгрөгөнд зарна гэхэд 5 сая төгрөг, нэг идэшний үхрээр авъя гэсэн. ******* үхэр өгөхөд асуудал байхгүй гэхэд нь би “үхрийг намар идэшний цагаар өөрөө очиж авна” гэж хэлсэн. ******* нь мөнгөө шилжүүлэхгүй байж байгаад 2015 оны 7 сарын 10-ны өдөр 4 сая төгрөг дансаар шилжүүлсэн. ******* наймаа хийснээс хойш жил гарангийн хугацаанд утасаа авахгүй байсан. 2016 оны 10 сард арай гэж уулзаж гэрээс нь очиж үхрээ авсан. Сүүлд надтай уулзахад нь мөнгөө нэхэхэд “надад бэлэн мөнгө алга байна, та энэ хөөргийг авч бай” гээд нэг хөөрөг өгсөн. Би авахгүй, барьсан тавьсан газраа мэдэхгүй гэж хэлэхэд та энэ хөөргийг барьцаанд тавиад мөнгөтэй залгаж бай гэсэн. Би тэр хөөргийг нь 1 сая төгрөгийн барьцаанд тавихаар барьцаат зээлийн газар очтол авахгүй гэж хэлсэн. *******т хөөрөг чинь үнэ хүрэхгүй байна гэхэд та 7 сая төгрөгнөөс доош өгч болохгүй шүү гэсэн. Хөөрөг надад байгаа. ...Сүүлийн наймаанаас 1 сая төгрөг дутуу байгаа. Нийт 2 сая төгрөг, нэг хонь нэхэмжилж байна. Миний хувьд адуу зарна гэж *******т хэлээгүй, өөрөө таны хурдан адуунаас худалдаж авна гэсэн. Тэгээд хамт очоод ******* өөрөө манай адуунаас шинжиж байгаад авсан. Миний морьд шинэ үүлдрийн англи, араб азраганы төлүүд тул муу байх ёсгүй...гэв.
Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2015 оны хавар буюу 5 сард ******* гуайгаас хүрэн даагатай гүү, хүрэн соёолон морьдыг 4 сая төгрөгөөр авахаар тохиролцон 2 сая төгрөг бэлнээр, 2 сая төгрөг дараа нь шилжүүлсэн. Дараа нь 4 сая төгрөг, нэг үхрээр хээр морь, хээр халзан соёолонг авахаар харилцан тохирч наймаа хийсэн. Тухайн үед ******* ах бие муу өвчтэй зовлонтой байна, махны ханшнаас арай дээр үнээр аваач гэж надаас гуйсан. Энэ яриаг гэрчлэх гэрч бий. Сүүлд би өөрийнхөө барьдаг, наймаанд авсан манан хөөргөө өгсөн. Энэ хөөрөг бол сая төгрөгийн үнэтэй хөөрөг. Хөөргөө авахгүй бол надад өгөөд адуу өгч болно. Энэ наймааны хувьд тохирсон гэж бодож байна... гэжээ.
Хариуцагч Д.******* 2017 оны 3 сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* гуайтай морины наймаа хийсэн нь үнэн. ...******* гуай эхний наймаа хийсэн үнээ буруу яриад байна. Бид хоёр 2015 оны 5 сард хусран даагатай хүрэн гүү, хүрэн соёолон морьдыг 5.000.000 төгрөгөөр тохиролцож би эхлээд 2.000.000 төгрөг бэлэн өгөх үедээ Энхбаттай хамт очиж машин дотроо ******* гуайд тоолж өгсөн. Дараа нь 2.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж, үлдсэн нэг сая төгрөгөнд нь идэшний шүдлэн үхэр өгсөн. Энэ наймааг хийх үед ******* гуай шөлний хонь өгөөрэй гэж байсан болохоос бид наймаандаа оруулаагүй. Би ч хонь өгөхийг зөвшөөрөөгүй. Дараа нь 6 сард хоёр соёолон морьдыг 2, 2 сая төгрөгөөр худалдаж авсан. Энэ морьдын хүрэн соёолон нь хойшоо доголдог гэмтэй байсан. Морио буцааж ав гэхэд авахгүй байсан. Энэ байдлаас болж мөнгийг нь удааж байгаад 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Бидний хооронд наймаа бүрэн хийгдэж дууссан. Намайг Улаанбаатар хотод явж байхад ******* гуай мөнгө төгрөггүй гэхэд нь би өөрийн хөөргөө “барьцаанд тавиад мөнгөтэй болж бай, цагаан сараар авъя” гэж хэлээд өгсөн. Түүнээс барьцаалсан асуудал байхгүй. Иймээс нэхэмжилж байгаа 2.000.000 төгрөг, нэг нас гүйцсэн хонийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ******* бид хоёр 2015 оны 5, 6 сард адууны наймаа хийсэн бөгөөд тэрээр намайг төлбөрөө төлөөгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч анхан шатны шүүх 2017 оны 4 сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон боловч давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийг зөрчсөн гэж үзэн анхан шатны шүүхэд буцаасан юм. ******* гуай 2016 оны хавар хотод тааралдаад “эм авах ч мөнгө байхгүй” гээд байхаар нь 1.500.000 төгрөгийн үнэ бүхий хөөргөө ломбарданд тавиад хэрэглэж бай гээд өгсөн. Гэтэл хөөргийг маань өгөхгүй байна. Би өгөх мөнгөө өгчихсөн. Иймд И.*******аас шүрэн улаан толгойтой хүрэн хөөргийг гаргуулж өгнө үү. Би хөөргөө 1.500.000 төгрөгөөр үнэлж байна гэжээ.
Нэхэмжлэгч И.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ******* нь надад өртэй байсан тул хөөргөө барьцаалуулж өгсөн. Би хоол, эм тарианы мөнгө байхгүй гээд *******аас мөнгө зээлэх ядарсан хүн биш. Бид хоёрын хооронд хийгдсэн адууны наймаанаас надад 2.000.000 төгрөг, 1 хонь өгөх дутуу байсан. Энэ өрнийхөө оронд та миний хөөргийг аваад байж бай гэж өгсөн. Би энэ хөөргийг үүргийн гүйцэтгэлийг хангуулах зүйл гэж ойлгоод өнөөг хүртэл хадгалж байна. ******* ломбарданд тавиад мөнгөтэй болж бай гэж анх өгсөн. Гэтэл уг хөөрөг үнэ хүрэхгүй байсан. ******* хэрэв надад өглөггүй бол юу гэж хөөргөө өгөх юм бэ гэдгийг шүүх анхаараасай гэж хүсч байна. Мөнгөө авч байж хөөргийг нь өгнө гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч И.******* нь хариуцагч Д.*******аас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 2.000.000 төгрөг болон нэг хонь буюу 130.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Д.******* нь хөөрөг буюу 1.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч И.*******аас 2015 оны 5-р сард хусран даагатай гүү, хүрэн зүсмийн соёолон насны морь буюу 3 адууг, 2015 оны 6-р сард хээр халзан болон хээр зүсмийн соёолон насны морь буюу 2 адууг худалдан авсан үйл баримт нь талуудын гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ. Гэрээгээр нэхэмжлэгч И.******* нь Д.*******ын өмчлөлд 2015 оны 5-р сард хусран даагатай гүү, хүрэн зүсмийн соёолон насны морь буюу 3 адууг, 2015 оны 6-р сард хээр халзан болон хээр зүсмийн соёолон насны морь буюу 2 адууг шилжүүлэх үүргийг, хариуцагч Д.******* нь И.*******д хэлэлцэн тохирсон адууны үнийг төлөх, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн байна.
Талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч И.******* нь адуу шилжүүлэх, хариуцагч Д.******* нь худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус биелүүлжээ. Өөрөөр хэлбэл, талууд худалдах-худалдан авах гэрээний зүйлийн талаар маргаагүй болно.
Харин нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрээний үнэ буюу адууны үнийг хэдээр тохиролцсон, хариу төлбөрийг бүрэн төлсөн эсэх талаар маргадаг.
Тодруулбал: Нэхэмжлэгч тал “...хусран даагатай гүү, хүрэн зүсмийн соёолон насны морь буюу 3 адууг 4.000.000 төгрөг, 1 хониор, мөн хээр халзан болон хээр зүсмийн соёолон насны морь буюу 2 адууг 5.000.000 төгрөг, 1 идэшний үхрээр худалдсан...” гэж тайлбарласныг хариуцагч тал үгүйсгэн “...хусран даагатай гүү, хүрэн зүсмийн соёолон насны морь буюу 3 адууг 5.000.000 төгрөгөөр, хээр халзан болон хээр зүсмийн соёолон насны морь буюу 2 адууг 4.000.000 төгрөгөөр тус тус худалдан авсан...” гэж мэтгэлцдэг.
Талууд гэрээг бичгээр байгуулаагүй учир хэлэлцэн тохирсон үнийг талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг үндэслэн тогтоох шаардлагатай байна.
Гэрчээр асуугдсан С.Энхбат, Б.Батцолмон, Т.Лхамсүрэн нар нь адууг хэдэн төгрөгөөр худалдсан, худалдан авсан талаар мэдэхгүй гэх мэдүүлгийг өгсөн байна.
Харин гэрч В.Эрхэмбаяр нь шүүхэд “...хусран даагатай хүрэн гүү, хүрэн соёолонг 5.000.000 төгрөгөөр тохиролцож наймаа хийсэн гэж ******* хэлсэн, ...2 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн, дараа нь ******* гэрт орж ирээд надаас 2 сая төгрөг бэлнээр авсан, тухайн үед Энхбат гэж хүн хамт орж ирсэн, үлдэгдэл 1 сая төгрөгт идэшний сувай үнээ өгсөн гэж ******* болон манай хүү Одбаяр нар хэлсэн, ...хоёр соёолон морийг 4 сая төгрөгөөр худалдаж авсан гэж ярьж байсан, мөнгө төгрөгөө хэзээ яаж өгсөн талаар мэдэхгүй...” гэж мэдүүлсэн боловч түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх үндэслэлгүй байна.
Учир нь: Гэрч В.Эрхэмбаяр нь хоёр соёолон морины үнэ 4 сая төгрөгийг хэзээ яаж өгсөн талаар мэдэхгүй гэж мэдүүлсэн боловч нэхэмжлэгчийн гэр бүл Т.Лхамсүрэнгийн дансанд 2015 оны 7 сарын 10-ны өдөр өөрийн нэрээр 4 сая төгрөг шилжүүлсэн ХААН банкны дансны хуулга хэрэгт авагдсан байна. Иймд гэрч В.Эрхэмбаярыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа гэрч гэж үзэх боломжгүй гэж дүгнэлээ.
Хариуцагч Д.*******ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зөрүүтэй байх боловч хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан “...2015 оны хавар буюу 5 сард ******* гуайгаас хүрэн даагатай гүү, хүрэн соёолон морьдыг 4 сая төгрөгөөр авахаар тохиролцон 2 сая төгрөг бэлнээр, 2 сая төгрөг дараа нь шилжүүлсэн, дараа нь 4 сая төгрөг, нэг үхрээр хээр морь, хээр халзан соёолонг авахаар харилцан тохирч наймаа хийсэн...” гэх шүүхэд гаргасан тайлбар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй тохирч байна.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заажээ.
Нэхэмжлэгч И.*******ын “гурван адуу худалдахдаа 4.000.000 төгрөгөн дээр нэг хонь, хоёр адуу худалдахдаа 5.000.000 төгрөгөн дээр нэг идэшний үхэр нэмж авна” гэсэн хүсэл зоригийн илэрхийллийг бүхэлд нь хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч тал дээрх нөхцөл байдлыг шүүхэд нотолж чадаагүй болно.
Иймд талуудын гаргасан тайлбарыг үндэслэн хариуцагч Д.*******ыг И.*******аас хусран даагатай гүү, хүрэн зүсмийн соёолон насны морь буюу 3 адууг 4.000.000 төгрөгөөр, мөн хээр халзан болон хээр зүсмийн соёолон насны морь буюу 2 адууг 4.000.000 төгрөг, нэг үхрээр тус тус худалдан авсан байна гэж шүүх үзлээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчид худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8.000.000 төгрөг, 1 үхэр төлөх үүргийг хүлээсэн байна.
Хариуцагч Д.******* нь адууны үнэнд 2.000.000 төгрөг бэлнээр, 6.000.000 төгрөг дансаар төлж, нэг идэшний үхэр өгч гэрээний үүргээ биелүүлсэн гэж тайлбарладаг. Харин нэхэмжлэгч тал нь 6.000.000 төгрөг дансаар шилжүүлж, нэг идэшний үхэр өгсөн талаар маргадаггүй боловч 2.000.000 төгрөг бэлэн өгөөгүй, 1.000.000 төгрөг өгсөн гэж маргадаг.
Хариуцагч нь 2.000.000 төгрөг бэлнээр өгснийг гэрч С.Энхбат нотолно гэж тайлбарлаж байгаа боловч С.Энхбатын мэдүүлгийг гэрч Б.Батцолмон үгүйсгэж шүүхэд мэдүүлдэг. Д.******* нь нэхэмжлэгчид 2.000.000 төгрөг бэлнээр төлснөө бусад баримтаар нотолж чадаагүй болно.
Харин 1.000.000 төгрөг бэлнээр төлсөн нь тогтоогдож байх тул Д.******* гэрээний үүрэгт нийт 7.000.000 төгрөг, нэг үхэр төлсөн байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөг, нэг хонь буюу 130.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.*******аас 1.000.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Хариуцагч Ч.******* нь нэхэмжлэгч И.*******аас хөөрөг буюу 1.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...******* гуай 2016 оны хавар хотод тааралдаад “эм авах ч мөнгө байхгүй” гээд байхаар нь 1.500.000 төгрөгийн үнэ бүхий хөөргөө ломбарданд тавиад хэрэглэж бай гээд өгсөн, ...би өгөх мөнгөө өгчихсөн учир И.*******аас шүрэн улаан толгойтой хүрэн хөөргийг гаргуулж өгнө үү” гэснийг нэхэмжлэгч үгүйсгэн “...бид хоёрын хооронд хийгдсэн адууны наймаанаас надад 2.000.000 төгрөг, 1 хонь дутуу өгсөн, энэ өрнийхөө оронд та миний хөөргийг аваад байж бай гэж өгсөн, би энэ хөөргийг үүргийн гүйцэтгэлийг хангуулах зүйл гэж ойлгоод өнөөг хүртэл хадгалж байна...” гэж тайлбарладаг.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн үзвэл хариуцагч Д.******* нь нэхэмжлэгчид уг хөөргийг барьцаалсан болохыг үгүйсгэхгүй боловч Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагатай. Талуудын хооронд барьцааны гэрээ бичгээр байгуулагдаагүй байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-д зааснаар барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Хариуцагч хөөргөө 1.500.000 төгрөгөөр үнэлсэн боловч хөрөнгө үнэлгээний “Вендо” ХХК нь шүрэн улаан толгойтой гэх хүрэн хөөргийг 150.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд талууд үнэлгээний талаар маргаагүй болно.
Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган, нэхэмжлэгч И.*******ын эзэмшлээс 150.000 төгрөгний үнэ бүхий хөөргийг гаргуулж Д.*******т олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.130.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч И.*******аас 150.000 төгрөгийн үнэтэй хөөргийг гаргуулж хариуцагч Д.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.030 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 28.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.*******д, мөн хариуцагч Д.*******ын сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 38.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгч И.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 5.150 төгрөгийг гаргуулж хариуцагч Д. *******т тус тус олгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч И.*******ын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2.470 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж буцаан олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ