Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/467

 

 

 

 

 

 

 

 

 

     2022          06           17                                     2022/ШЦТ/467                                

                                                                                                                     

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ын О-д холбогдох эрүүгийн 22100 0000 0202 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Л.Төгсжаргал /томилолтоор/, шүүгдэгч Г.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхзул нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Төв аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Бараат Алтай” ХХК-д шилэн пасадчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 635 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Г-ын О /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Тайнь 2 дугаар гудамжны 62-8а тоотод Л.Д-тай маргалдаж, улмаар түлхэж унагаан эрүүл мэндэд нь “...тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, зулай, дух, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, шулуун синус, баруун тенториумын аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1054 дугаартай захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 заалт болон мөн зүйлийн 7 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүгдэгч Г.О-д холбогдох эрүүгийн 22100 0000 0202 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх ажиллагааг даруй буюу боломжит богино хугацаанд үргэлжлүүлэн явуулахаар тогтож шийдвэрлэснийг тэмдэглэв.   

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Г.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн. Одоо хэргийн үйл баримт, гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа учир нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлийг хохирогчид би учруулсан. Хохирогч бид хоёр маргалдахад би түүнийг түлхэж газар унагаад, шанаа руу нь гараараа 2 удаа цохисон.

Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна. Хохирогчийн бүх эмчилгээ, асаргаа сувилгааны баримттай гарсан зардлыг нөхөн төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардалд 13.0 сая төгрөг төлсөн байгаа. Одоогийн байдлаар эмчилгээний зардалд 40.0 сая орчим төгрөг төлсөн байгаа, баримтуудаа хэрэгт хавсаргуулсан. Хэрвээ цаашид эмчилгээний нэмэлт зардал гарвал тухай бүрд нь төлж барагдуулаад явах болно. Л.Д- ахын биеийн байдал одоо гайгүй байгаа, өөрөө хөлөө зөөгөөд явж чаддаг болсон.” гэсэн мэдүүлэг,    

 

Гурав: Эрүүгийн 22100 0000 0202 дугаартай хэргээс:

 

1. Хэрэг учрал болсон гэх хххх тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 02-07 дахь тал),

 

2. Г.Огийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 08-14 дэх тал),

 

3. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 15-17, 18-20 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О-ын өгсөн:

“...2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр утсаар ах Л.Д-г хүнд зодуулаад эмнэлэгт байгаа талаар мэдээд, Улаанбаатар хотод ирээд Гэмтлийн эмнэлэгт ахын эхнэр н.Уранцэцэгийн хамт ээлжлэн ахыгаа сахисан юм. 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хагалгаанд ороод, ...ухаангүй 9 хоног байж байгаад 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нүдээ нээсэн, гэхдээ хэлж ярьж, хөдөлж чадахгүй байсан. Энэ өдөр эрчимт эмчилгээний тасгаас гараад гавал тархины тасагт шилжин хэвтсэн. Тэгээд харъяа дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр болоод 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт шилжин эмчлүүлж байгаа.

Ах маань хүний асаргаанд байгаа ба хэвтрийн байдалтай, зүүн хөл, гар нь хязгаарлагдмал удаан хөдөлгөөн хийж байгаа ба баруун талын гар, хөл нь ямар нэгэн хөдөлгөөн байхгүй, хэлж ярьж чадахгүй, өөрийгөө илэрхийлж чадахгүй, өөрөө хоол унд ууж идэж чадахгүй байгаа.

Холбогдогчийн талаас эмчилгээ, асаргаанд зориулж эмчийн хэлсэн эм тариа, бусад шаардлагатай эд зүйлийг авч өгсөн, одоо ч авч байгаа, энэ хүмүүс одоогоор хэдэн төгрөг зарцуулсныг би мэдэхгүй байна.

...Би гомдолтой байна. Одоог хүртэлх эмчилгээний зардлыг холбогдогч талаас гаргасан байгаа. Цаашид бүх эмчилгээний зардлыг гаргаж, ахыг маань хөл дээр нь босгож өгнө гэж байгаа. Хэрвээ асран хамгаалахгүй, эмчилгээний зардал гаргахгүй тохиолдолд эмчилгээ, асрагчийн болон бусад зардлыг нэхэмжлэх болно.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 30-31 дэх тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Эрдэнэбаатарын гэрчээр өгсөн:

“...2022 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн орчимд намайг гэртээ байж байхад манай найз Л.Д-, хуурай дүү Г.Огийн хамт манай гэрт ирээд “гаръя, ганц юм ууя” гэхээр нь зөвшөөрөөд гарахад гадаа Г.Огийн цагаан өнгийн Toyota Harrier маркийн машин байж байсан. Ингээд Г.О, Л.Д- нарын хамт машинд ороод суухад хажуу айлын эмэгтэй н.Туяа ажлаасаа ирж байгаа бололтой, гэртээ орох гэж байхад нь би дуудаад “суучих, ганц юм ууя” гэхэд н.Туяа машинд суусан.

Тэгээд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны гудамжинд байдаг Л.Д-гийн гэрт очсон. Ингээд бид дөрөв 0.75 литрийн “Хараа” нэртэй архи 1 шилийг хувааж уусан. Ууж дуусахад н.Туяа гэртээ харилаа гээд гараад явсан. Би дэлгүүр орж дахин 0.75 литрийн Хараа архи нэгийг авч ирээд Л.Д-, Г.О бид гурав хувааж уусан. Архиа хувааж уугаад би харихаар Л.Д-гийн гэрээс гараад явсан. Хэдэн цагийн үед гэдгийг мэдэхгүй байна, би цаг хараагүй, мөн нэлээн согтчихсон байсан. Ямар ч байсан ...үдээс хойш болж байсан байх. Би Л.Д-гийн гэрээс гараад гэртээ харьж унтсан.

Намайг явахад Л.Д- бараг тасарч байсан, гэрийнхээ баруун талын орон дээр дээшээ хараад хэвтчихсэн байсан. Г.О бас нэлээн согтуу байсан ба Л.Д-гийн хэвтэж байсан баруун талын орны доод талд ингэсгээд унтана гээд сууж байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 36-37 дахь тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Жигжидийн гэрчээр өгсөн:

“...2022 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн орчимд ажилдаа явах гээд сууж байхад гаднаас аавын найз дүү Г.О ах орж ирсэн. Тэгээд би хувцсаа өмсөөд, нүүр амаа угаагаад ажилдаа явсан. Г.О ах орж ирэхдээ “би өчигдөр машиндаа хоносон, шартаж үхэх нь ахаа” гэсэн утгатай зүйл ярьж байсан. Дараа нь Г.О ах утсаар яриад “над руу 50.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна” гэж байх шиг байсан.

Би ажилдаа очоод ажлаа хийж байгаад орой 19 цагийн орчимд тараад гэртээ ирэхэд хашааны машин ордог том хаалга онгорхой байсан. Гэртээ ороход аав гэрийн үүд хэсэгт ертөнцийн зүгээр урд талд доошоо харчихсан, цээж нүцгэн хэвтэж байсан. Гэрийн голд байрлах модон ширээний баруун талд 0.75 литрийн Хараа архины шил 2 ширхэг байсан. Бор өнгийн хуванцар сандлын дээд хэсэг салчихсан байхаар нь салсан хэсгийг нь буцааж хийгээд, аавыг сугадаад өөрийнх нь орон дээр хэвтүүлээд хөнжил нөмрүүлсэн.

Дараа нь гэрийн эд зүйлсээ цэвэрлээд галаа түлээд, хоол хийж идээд сууж байхад 23 цагийн үед хамаатны хүн болох н.Мөнхтулга орж ирээд, надтай хамт кино үзэж байгаад шөнө 01 цагийн үед явсан. Тэгээд би шууд унтсан ба шөнө 04 цагийн үед аав хурхираад байхаар нь яасан юм бол гээд хөнжлийг нь сөхөөд харахад хамаг бие нь хөлөрчихсөн байхаар нь цээжийг нь өөр лүү эргүүлээд харахад нүүр хэсэг нь зулгарчихсан юм шиг эвгүй болчихсон байхаар нь түргэн тусламж дуудсан. Эмч ирж үзээд Гэмтлийн эмнэлэг явах шаардлагатай байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 39-40 дэх тал),

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 3123 тоот актын:

1. Г.Огийн биед шинэ гэмтэл тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 1-р хавтас 64-65 дахь тал),

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 3125 тоот актын:

1. Л.Д-гийн биед тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, зулай, дух, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, шулуун синус, баруун тенториумын аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, зулай, дух, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, шулуун синус, баруун тенториумын аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цээж, зүүн шуунд зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна.” гэсэн дүгнэлт (хэргийн 1-р хавтас 69-71 дэх тал),

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Огийн яллагдагчаар өгсөн:

“...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ маш харамсаж, гэмшиж байгаа бөгөөд манай ах, дүү нар хохирогчийн эмчилгээ асаргаанд санаа тавьж байгаа юм. миний зүгээс эмчилгээ асаргаанд мөн санаа тавих болно. Ийм зүйл болно гэж бодсонгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 90-91, 92 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 1-р хавтас 163 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 1-р хавтас 106 дахь тал) Ононхүүгийн Хатанбаатар, Ононхүүгийн Хатандэлгэр, Ононхүүгийн Хулан, Ононхүүгийн  Хүслэн нарын төрсний гэрчилгээний хуулбар баримтууд (хэргийн 1-р хавтас 129-132 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 635 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 1-р хавтас 157-158 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг хүлээсэн шинжээч эмч гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Огийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Тайнь 2 дугаар гудамжны 62-8а тоотод Л.Д-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түлхэж унагаан шанаа руу нь хоёр удаа гараа цохиж зодон, түүний эрүүл мэндэд “...тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, зулай, дух, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, шулуун синус, баруун тенториумын аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн шуунд зулгаралт” бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдэж шинжлэн судлагдсан:

- хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 2-62-8 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 02-07 дахь тал),

- Г.Огийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 08-14 дэх тал),

- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 15-17, 18-20 дахь тал),

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О- (хэргийн 1-р хавтас 30-31 дэх тал), гэрч Ч.Эрдэнэбаатар (хэргийн 1-р хавтас 36-37 дахь тал), гэрч Д.Жигжид (хэргийн 1-р хавтас 39-40 дэх тал) нарын мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 3123 тоот актын:

1. Г.Огийн биед шинэ гэмтэл тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 1-р хавтас 64-65 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 3125 тоот актын:

1. Л.Д-гийн биед тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, зулай, дух, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, шулуун синус, баруун тенториумын аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, зулай, дух, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, шулуун синус, баруун тенториумын аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цээж, зүүн шуунд зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна.” гэсэн дүгнэлт (хэргийн 1-р хавтас 69-71 дэх тал),

- шүүгдэгч Г.Огийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт болсон хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 90-91, 92 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) зэрэг бусад нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч Л.Д-гийн биед учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгч Г.О түүнийг түлхэж унагаан, шанаа руу нь хоёр удаа гараараа цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн шууд санаатай гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.О нь хохирогч Л.Д-гийн биед хүнд гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хуулийн үндэслэл бүхий байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

Хэргийн шүүгдэгч Г.О болон түүний өмгөөлөгч нараас хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,

- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Тухайн хэргийн нөхцөлд хохирогч Л.Д-гийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь уг гэмт хэргийн хохиролд, учирсан гэмтлийг эмчлүүлэх, сувилуулах, шинжилгээ оношилгоо хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь хохирол учирсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдоно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.

 

Хэргийн хохирогч Л.Д-гийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонжаргалаас эмчилгээний болон бусад бүх зардал төлбөрийг шүүгдэгч Г.О нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардалд бэлнээр 13.0 сая төгрөг төлсөн, цаашид эмчилгээний зардал мөнгөний тал дээр гомдол саналгүй тухайгаа илэрхийлэн тус шүүхэд хүсэлтээ бичгээр гаргасан баримттай байх (хэргийн 1-р хавтас 220 дахь) тул шүүгдэгчээс гаргуулах баримт бүхий хохирол, хор уршгийн нөхөн төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.О нь урьд гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байсан нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 1-р хавтас 106 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 635 дугаар шийтгэх тогтоолын хуулбар баримт (хэргийн 1-р хавтас 157-158 дахь тал) баримтуудаар тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт хохирогчийн эмчилгээ сувилгаатай холбоотой шаардагдах зардлыг бүрэн нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Г.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.111 /арван нэгэн мянга нэг зуун арван нэг/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.111.000 /арван нэгэн сая нэг зуун арван нэгэн мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцлийг нь харгалзан оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг 02 /хоёр/ жилээр тогтоож шийдвэрлэсэн болно. 

 

Шүүгдэгч Г.О нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хойшлуулшгүйгээр баривчлагдаж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ЦХШЗ/54 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба түний цагдан хоригдсон нийт 21 /хорин нэг/ (хэргийн 1-р хавтас 80, 98, 101-102 дахь тал) хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн хохирогчийн шинжилгээний дүгнэлт гэх 1 ширхэг СD-г түүний хууль ёсны төлөөлөгч Л.О-д буцаан олгож, энэ хэрэгт шүүгдэгч Г.Огийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

                                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г-ын О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Од 11.111 /арван нэгэн мянга нэг зуун арван нэг/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.111.000 /арван нэгэн сая нэг зуун арван нэгэн мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Огийн цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй дүйцүүлэн нийт 315 /гурван зуун арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 315.000 /гурван зуун арван таван мянга/ төгрөгийг түүнд энэ тогтоолоор оногдуулсан 11.111 /арван нэгэн мянга нэг зуун арван нэг/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.111.000 /арван нэгэн сая нэг зуун арван нэгэн мянга/ төгрөгөөр торгох ялаас хасаж тооцон, Г.Огийн эдэлбэл зохих торгох ялын хэмжээг 10.796 /арван мянга долоон зуун ерэн зургаа/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.796.000 /арван сая долоон зуун ерэн зургаан мянга/ төгрөгөөр торгох ял гэж тогтоосугай,

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар  Г.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 02 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн хохирогчийн шинжилгээний дүгнэлт гэх СD 1 ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О-д буцаан олгосугай.

 

6. Энэ хэрэгт Г.Огийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирэсн эд зүйл үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.О нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Г.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.БАЗАРХАНД