Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/483

 

 

 

 

 

 

 

     2022          06           22                                     2022/ШЦТ/483                                

                                                                                                                     

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П-ийн Н-д холбогдох эрүүгийн 22100 0000 0530 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Хурц, шүүгдэгч П.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ГАСУБО ХХК-д гэрээт ажилтан, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, тоотод оршин суух, урьд:

- Нийслэлийн шүүхийн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- мөн шүүхийн 1992 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 64 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт П-ийн Н /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Н нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Мишээл экспо” төвд зохион байгуулагдсан үзэсгэлэнд тавьсан шатрын хөлөгөөс алтан шармал морь 1 ширхгийг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:            

 

1. Шүүгдэгч П.Н-гаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо хэргийн талаар нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйл байхгүй. Хохирогчид учруулсан хохирлыг барагдуулсан.

Би өөрөө гар хийцээр эд зүйлс хийх, мөн гар хийцээр хийгдсэн эд зүйлс маш их сонирхдог болохоор тухайн үед морийг нь авчихсан юм. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна.“ гэсэн мэдүүлэг,

 

Хоёр: Эрүүгийн 22100 0000 0530 дугаартай хэргээс:

 

1. Эд зүйл хураан авч, хохирогч Б.А-т шаргал өнгийн металл морь 1 ширхгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хэргийн 09-10 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.А-ын хохирогчоор өгсөн:

“...Би 15.0 төгрөгийн үнэлгээтэй шатраа Мишээл экспо дээр 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр үзэсгэлэнд гаргаж тавихад шатрын нэг ширхэг морь болсон юм. Уг морь нь алтаар бүрсэн, гуулиар цутгасан морь байсан. Дангаараа 300.000-400.000 төгрөг болох юм. Хар савхин хүрэмтэй саарал малгайтай хөгшин эрэгтэй хүн хулгайлан авсан байсан. Өнөөдөр морио буцааж авсан тул одоо санал гомдол байхгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 15 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Бадамгэрэлийн гэрчээр өгсөн:

“...2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр би нөхөр П.Н-гийн хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мишээл экспо төв орсон. Бид хоёр үзэсгэлэн худалдаа руу орж юм үзээд, тэндээсээ гараад машиндаа суугаад гэртээ харьсан. Тэгэхэд манай нөхөр надад жижигхэн, шар өнгийн морины сувенир үзүүлсэн. Тэгээд би “энэ юу юм бэ” гэхэд “хоёр халамцуу нөхөр надад харуулаад, 60.000 төгрөгөөр зарна гэхээр нь 30.000 төгрөгөөр худалдаж авсан” гэж хэлсэн. Би тэндээсээ гараад охиныхоо гэрт очоод байж байхад цагдаагийн газраас залгасны дагуу ирж уулзаад, дээрх морь нь хулгайн зүйл болохыг мэдсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 19 дэх тал),

 

3. Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Сүлд Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ТХҮ-22/033 дугаартай:

“...үнэлэгдэж буй гуулин цутгамал алтан бүрмэл 3х6.5 хэмжээтэй шатрын морь нь ...зах зээлийн үнэлгээгээр нийт 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Б.А-н алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 25-28 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.Нгийн яллагдагчаар өгсөн:

“...Би өөрийн хийсэн хэрэгт маш их харамсаж байна. Би өөрөө гар хийцээр хийгдсэн эд зүйл сонирхдог бөгөөд үнэхээр гоё өвөрмөц хийцтэй морь байхаар нь сонирхож үзэж байгаад өөрийн мэдэлгүй аваад, халаасандаа хийсэн байсан. түүнээс надад хулгай хийх, цааш нь зарж борлуулах сонирхол байгаагүй. Би бусдад учруулсан хохирлоо барагдуулсан байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 37-38 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 40 дэх тал), Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хэргийн 43 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 46 дахь тал), Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 49 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлсэн болно.

 

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Нгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч П.Н нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мишээл экспо төвд зохион байгуулагдсан үзэсгэлэнд тавьсан шатрын хөлөг дээрээс алтан шармал морь 1 ширхгийг хулгайлж, бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

- эд зүйл хураан авч, хохирогч Б.А-т шаргал өнгийн металл морь 1 ширхгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хэргийн 09-10 дахь тал),

- хохирогч Б.А-ын: “...Би 15.0 төгрөгийн үнэлгээтэй шатраа Мишээл экспо дээр 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр үзэсгэлэнд гаргаж тавихад шатрын нэг ширхэг морь болсон юм. Уг морь нь алтаар бүрсэн, гуулиар цутгасан морь байсан. Дангаараа 300.000-400.000 төгрөг болох юм. Хар савхин хүрэмтэй саарал малгайтай хөгшин эрэгтэй хүн хулгайлан авсан байсан. Өнөөдөр морио буцааж авсан тул одоо санал гомдол байхгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 15 дахь тал),

- гэрч Л.Бадамгэрэлийн: “...2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр би нөхөр П.Нгийн хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мишээл экспо төв орсон. Бид хоёр үзэсгэлэн худалдаа руу орж юм үзээд, тэндээсээ гараад машиндаа суугаад гэртээ харьсан. Тэгэхэд манай нөхөр надад жижигхэн, шар өнгийн морины сувенир үзүүлсэн. Тэгээд би “энэ юу юм бэ” гэхэд “хоёр халамцуу нөхөр надад харуулаад, 60.000 төгрөгөөр зарна” гэхээр нь 30.000 төгрөгөөр худалдаж авсан” гэж хэлсэн. Би тэндээсээ гараад охиныхоо гэрт очоод байж байхад цагдаагийн газраас залгасны дагуу ирж уулзаад дээрх морь нь хулгайн зүйл болохыг мэдсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 19 дэх тал),

- Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Сүлд Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ТХҮ-22/033 дугаартай:

“...үнэлэгдэж буй гуулин цутгамал алтан бүрмэл 3х6.5 хэмжээтэй шатрын морь нь ...зах зээлийн үнэлгээгээр нийт 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч О.Анхболдын алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 25-28 дахь тал) болон шүүгдэгч П.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 37-38 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.

 

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

 

Шүүгдэгч П.Н нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мишээл экспо төвд зохион байгуулагдсан үзэсгэлэнд тавьсан шатрын хөлөг дээрээс алтан шармал морь 1 ширхгийг хулгайлж, бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хэргийн шүүгдэгч П.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг тус тус өгсөн болно.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.

 

Иймд шүүгдэгч П.Н-г шунахай сэдлээр, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан. 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд хохирогч Б.А- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...морио буцааж авсан тул одоо санал гомдол байхгүй.” гэж мэдүүлсэн (хэргийн 15 дахь тал) байх тул гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцон шүүгдэгчээс гаргуулах төлбөр хохиролгүй гэж үзнэ.  

 

Шүүгдэгч П.Н нь урьд ял шийтгүүлж байсан талаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 46 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар баримтууд (хэргийн 49 дэх тал) тус тус хэрэгт авагдсан ба “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүх, шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж удаа дараа ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгч, нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох юм.    

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч П.Нд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах”, түүний өмгөөлөгчөөс “тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж өгнө үү” гэсэн санал дүгнэлт тус тус гаргаж мэтгэлцсэн ба шүүх, шүүгдэгч П.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирлыг биет байдлаар нь нөхөн төлж арилгасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон хохирогч Б.А- нь “гомдол саналгүй” гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт П.Н нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.А- нь “алдагдсан морио буцааж авсан, гомдол саналгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон   

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Б овогт П-ийн Н-д бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Н-д 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт П.Н нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.А нь “алдагдсан морио буцааж авсан, гомдол саналгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд П.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД