Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2018/00049/И |
Дугаар | 138/ШШ2018/00276 |
Огноо | 2018-03-22 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 138/ШШ2018/00276
2018 03 22 138/ШШ2018/00276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******өд холбогдох
Гэрээний үүрэгт 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 1 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч А.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Засаг даргын тамгын газартай гэрээ хийн 500 га газарт хадлан хадах зөвшөөрөл авч, газрын төлбөрт 1.200.000 төгрөг төлсөн. Надтай хамтарч ажиллах хүний ар гэрт нь асуудал гарч би хамтран ажиллах хүнгүй болсон. Тэр үед Мөнхбат нь хадлан хадах газаргүй болчихлоо, чиний газар дээр хадлан хадъя, хадлангийн бүх ажлыг өөрөө хариуцаад надад 3000 боодол өвс өгье гэж хэлсэн. Бид ярилцаад тохирсон. Мөн Мөнхбат нь дүү нараараа хадлан хадуулъя, дахин хамтарч ажиллахыг хүссэн. Би дургүй байсан ч нэхэж дагаад учир зовлон яриад гуйгаад байхаар нь талбайдаа хоёр дүүг нь оруулаад, маргаангүйгээр тохирсон өвсөө өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 9 сарын 01-ний өдөр *******тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. ******* нь газар, өвсний гарцаа үзээд хангалттай өвс
авах юм байна гэж хэлсэн. Өөрсдөө ашигтай ажиллахаа тооцоод гэрээ хийж хадах өвсний хэмжээ, үнэ хөлс, үүргийг хүлээж авах газраа тохирсон. 9 сарын 15-ны өдөр 3000 боодол өвсийг аймгийн төвд хүргэж өгнө гэж тохирсон. Гэтэл ******* нь ажлаа эхлүүлж 200 боодол өвс хадсаны дараагаар “******* ахаа тохиролцъё, манай ажилчдын зарим нь ирэхээ больчихлоо, бороо ус ихтэй хадлан авахад хэцүү байна” гэсэн. Тэгэхээр нь би *******ийг бодож 9 сая төгрөгөөс 4 сая төгрөг бэлнээр өгчих, үлдсэн мөнгийг нь авахгүй гэсэн боловч хэлсэн хугацаандаа мөнгөө өгөөгүй. Хүүхэд маань өвчтэй хот явах шаардлагатай байна гэсний үндсэн дээр ******* 1 сая төгрөг дансаар шилжүүлсэн. Хүүхдийн минь өвчин хүндэрч би ******* рүү үлдэгдэл мөнгөө өгөөч гэж удаа дараа мэссэж бичдэг байсан. Тэгэхэд ******* би 9 сарын сүүлээр өвсөө зарсны дараа мөнгийг чинь өгнө гэдэг байсан боловч сүүлдээ өгөхгүй гэж маргах болсон. Миний хувьд ямар нэгэн алданги нэхэмжлээгүй, өвсний үнэ 3 сая төгрөг нэхэмжилсэн гэв.
Хариуцагч А.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 9 сарын 1-ний өдөр *******ын төлөвлөн зохиосон гэрээнд гарын үсэг зурсан. Тэгээд 9 сарын 5-ны өдөр хоёр пад трактор, хадуур, тармуур зэрэг тоног төхөөрөмжүүдийг зээлээр авч 9 сарын 8-ны өдөр талбай дээр очиход генерал Энхбаатараар удирдуулсан хоёр хадлангийн салаа буучихсан, нэхэмжлэгчийн заасан талбайн хойд захаас түрэн орж ирэн хадаж байсан. Бид талбайн зүүн захаас эхлэн баруулах маягаар хадан тармаж эхэлсэн бөгөөд ажлын явцад талбайн өвсний гарц сайн биш байсан. Миний бие нь хадлан хадах ямар нэгэн туршлагагүй бөгөөд нэхэмжлэгчийн хэлснээр өвсний гарц сайн гэж тооцон их хэмжээний зээл авч ажлаа эхлүүлсэн боловч бодит байдал дээр нэг га талбайгаас 40 боодол ч өвс авч чадаагүй. 9 сарын 8-наас 25-ны өдрүүдэд өвс хадах ёстой боловч 6 өдөр нь бороо их бага хэмжээгээр орж 11 өдөр үндсэндээ ажилласан. Гэтэл 2017 оны 9 сарын 25-ны өдөр Дархан цаазат газрын ажилтан Амар гэсэн хүнээр удирдуулсан хэсэг нөхдүүд ирж улсын тусгай хамгаалттай газар хадлан хадлаа, энэ бүс нутгийг отрын бүс болгох захирамж гарсан, өнөөдрөө ажлаа зогсоо, хэрэв зогсоохгүй бол хуулийн дагуу өндөр торгууль тавина гэж анхааруулсан. Мөн тус сумын орлогч дарга ирж дахин анхааруулсан учир аргагүйн эрхэнд 9 сарын 28-наас ажлаа зогсоосон. Анх ажил эхлэхэд ******* нь тухайн газрыг ямар нэгэн маргаангүй, өөрийн газар юм шиг ойлгуулсан боловч байдал өөр байсан. 2017 оны 9 сарын 25-наас 10 сарын 5-ны хооронд хадан тармаж валдсан өвсөө хаман боогчоор боож дуусгахад хадсан бүх тайлбайгаас 2000 боодол өвс авсан. Хадсан талбайгаа барагцаалан хэмжиж үзэхэд 300 га газрын гуравны нэгд хүрэхгүй байдалтай байсан.
2000 боодол өвснөөс нэг боодлыг нь 3000 төгрөгөөр тооцон газар дээр нь зарж тухайн ажлыг хийхэд хэрэглэсэн түлш шатахуун, сэлбэг хэрэгсэл, аж ахуйн зардалд бараг 3 сая төгрөг төлсөн. Мөн энэ мөнгөнөөсөө 1 сая төгрөг *******т өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс манай талыг хадлан хадах газраар хангах үндсэн үүрэг хүлээсэн боловч надад зарсан газарт нэхэмжлэгч эзэмших, ашиглах ямар нэгэн эрхгүй атлаа намайг төөрөгдүүлэн надаас 1 сая авч үндэслэлгүй хөрөнгөжсөн. Хэрвээ хадлан хадах газар асуудалгүй, хадлангийн ажлыг төр, сумын захиргаанаас албадан зогсоогоогүй бол арай өөр үр дүн гарах байсан. Өөрөөр хэлбэл, гэрээний нэг тал болох нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс би хохирсон учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч А.*******өөс хамтран ажиллах гэрээний үүрэг болох 3.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.
Харин хариуцагч А.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2017 оны 9 сарын 01-ний өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй учир өвсний үнэ 3.000.000 төгрөг нэхэмжилнэ” гэж тайлбарласныг хариуцагч тал үгүйсгэн “...******* нь Цагаан-овоо сумын Засаг даргатай газар ашиглах гэрээг 2017 оны 9 сарын 07-ны өдөр байгуулсан бөгөөд газар ашиглах эрхээ аваагүй байхдаа буюу 9 сарын 01-ний өдөр *******тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан, мөн эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй байна, иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна, шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэж мэтгэлцдэг.
Нэхэмжлэгч Н.******* нь Дорнод аймгийн Цагаан-овоо сумын Засаг даргатай 2017 оны 9 сарын 07-ны өдөр “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах /хадлан/ тухай” гэрээг байгуулан тус сумын 1-р багийн нутаг болох Өлзийт толгойн зүүн урд 500 га газарт хадлан хадах зөвшөөрөл авч, хадлангийн газрын төлбөрт 1.200.000 төгрөг төлсөн байна.
Хариуцагч тал “...нэхэмжлэгч нь газар ашиглах зөвшөөрөл аваагүй атлаа хадлан хадах зөвшөөрөлтэй гэж 9 сарын 1-ний өдөр гэрээ байгуулсан, мөн дээрх гэрээний хоёр дахь хэсэгт заасан газар ашиглагчийн хүлээх үүргийн 15-т “Ашиглалтын гэрээ байгуулсан газрыг бусдад зөвшөөрөлгүйгээр ашиглуулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн” гэж тайлбарладаг.
Дээрх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэн “...Дорнод аймгийн Цагаан-овоо сумын Засаг даргатай 2017 оны 8 сарын дундуур хадлан хадах гэрээг хийсэн боловч дараа нь маягт солигдлоо гэж гэрээг шинэчилсэн, мөн сумын Засаг даргад өөр хүнтэй хамтарч ажиллана гэж хэлээд зөвшөөрөл авсан” гэж маргадаг.
Нэхэмжлэгч нь Дорнод аймгийн Цагаан-овоо сумын Засаг даргатай 2017 оны 8 сарын дундуур “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах тухай” гэрээг байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах тухай” гэрээ, гэрч Т.Баярмагнайгийн мэдүүлэг, газрын даамал А.Мөнхтуяагийн шүүхэд гаргасан тодорхойлолтоор тус гэрээг 2017 оны 9 сарын 07-ны өдөр байгуулсан нь тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Н.******* нь ашиглалтын гэрээ байгуулсан газрыг эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авч бусдад ашиглуулсан гэдгээ шүүхэд нотлох баримтаар нотолж чадаагүй болно. Өөрөөр хэлбэл, тус гэрээний хоёр дахь хэсгийн 15-т заасан “Ашиглалтын гэрээ байгуулсан газрыг бусдад зөвшөөрөлгүйгээр ашиглуулахгүй байх” гэсэн үүргийг зөрчсөн байна.
Талууд 2017 оны 9 сарын 01-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” гэсэн нэртэй гэрээг бичгээр байгуулжээ.
Дээрх гэрээний нэг дэх хэсэгт “Н.*******ын Дорнод аймгийн Цагаан-овоо сумын хадлан хадах хууль ёсны гэрээтэй 500 га газраас иргэн А.******* 300 га газрыг хадна, хадлангийн талбайд хамтран ажилласны дагуу Н.*******т 3000 боодол өвсийг аймгийн төвд өөрсдийн зардал, техник хэрэгслээр хүргэн өгнө, дээрх өвсийг 2017 оны 9 сарын 15-ны өдөр буулгана, хугацаа хэтэрвэл 1 боодол өвсийг 3000 төгрөгөөр тооцож үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн 0.5 хувийн алданги тооцно” гэж,
хоёр дахь хэсэгт хамтран ажиллаж байгаа хадлангийн бригадын хүлээх үүрэг буюу ажилчид гэрээтэй газруудад хадлан хадахдаа, хадлангийн үйл ажиллагаа явуулахдаа, ажлын байр болон амьдарч байгаа байрандаа хэрхэн биеэ авч явах, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар талууд тус тус тохиролцжээ.
Дээрх гэрээний заалтаас үзэхэд хариуцагч А.******* нь Н.*******ын зөвшөөрөл авсан 300 га газарт хадлан хадаж 3000 боодол өвсийг 2017 оны 9 сарын 15-ны өдөр аймгийн төвд өөрсдийн зардал, техник хэрэгслээр нэхэмжлэгчид хүргэж өгөхөөр тохирсон нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан байна.
Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзэхэд талууд ямар үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх нь ойлгомжгүй, гэрээний нэг тал болох нэхэмжлэгч Н.*******ын гүйцэтгэх ажил, хүлээх үүрэг тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, талууд хамтран ажиллах гэрээний гол нөхцлүүдээ тохироогүй, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл тодорхойгүй байх тул талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Хэдийгээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч гэрээг хуульд нийцүүлэн байгуулах ёстой.
Иймд дээрх үндэслэлүүдийг үндэслэн хариуцагч А.*******өөс гэрээний үүрэг 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.*******өд холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ