Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ягнайжавын Туул |
Хэргийн индекс | 166/2022/0196/Э |
Дугаар | 2022/ШЦТ/208 |
Огноо | 2022-06-02 |
Зүйл хэсэг | 27.10.3., |
Улсын яллагч | Ч.Болормаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0196/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Б,
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 2218001620189 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С.Б, 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2022 оны 3 дугаар сарын 06-ны орой 19 цаг 30 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн урд зам дээр “Тоуоtа Наrriеr” маркийн 77-97ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ц.Н-ийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч С.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 06-ны орой ногоогоо тараасны дараа найз дээрээ очиж машиндаа засвар хийлгэх гэж байснаа больж, гэртээ харих замдаа “Оргил” худалдааны төвийн урд талын явган хүний гарц өнгөрөх гэж байхад гэнэт нэг хүн харагдахаар нь тоормосоо гишгээд хүн мөргөсөн. Тухайн үед эсрэг талын урсгалын машины гэрэл урд талын цонхонд гялбаад харагдах орчин муу байсан. Би машинаасаа буугаад мөргүүлсэн эмэгтэй хүний дэргэд очиход амьсгалж байхаар нь эмнэлэгт хүргэсэн.
...Би гэр бүлээ тэжээдэг, охин оюутан болж байгаа, эхнэр өвчний улмаас ажил эрхлэх боломжгүй, группт орох гэж байгаа. Түрээсийн байранд амьдардаг, санхүүгийн боломж бага учир боломжоороо 10 сая төгрөгийн хохирлол төлсөн байгаа. Цаашид нэмж нэхэмжлэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна.
...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Н.М-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бидний хувьд 65 настай ээжийгээ алдсан, сэтгэл санааны нөхөшгүй хохиролтой байна. Анх хохирогчоор тогтоогдсон төрсөн ах Н.Мэндзориг гадаад явсан бөгөөд удаан хугацаагаар Монголд ирэхгүй учир би хохирогчоор тогтоогдон, шүүх хуралд оролцож байна. Хохирлын баримт надад байхгүй бөгөөд төрсөн ах Н.Мэндзоригт байсан. Хохиролд 30.000.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь 10.000.000 төгрөг төлсөн, 20.000.000 төгрөгийг төлөөгүй байгаа. Бидний хувьд гомдолтой байна.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын схем зураг /хавтаст хэргийн 4-10/,
-Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 11/,
-С.Б-ын согтуурлыг шалгахад 0,00% гарсан тухай жолоочийн согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл/ хавтаст хэргийн 13/,
-Гэрч Ц.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 06-ны орой 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 1-15 тоотод эгч Ц.Н-ийн хамт гэрт нь байхад манай эгч “Дархан сумын 4 дүгээр багт байрлах 15 дугаар байранд өөрийн ач нараа харах гээд гэрээс гарахдаа “намайг харанхуйгаас гаргаад өг” гэж гуйхаар нь би зөвшөөрөөд гэрээс хамт гарч явсан юм. Ингээд Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар багт байрлах “Оргил” худалдааны төвийн ертөнцийн зүүн талаас нь баруун тал руу гарч эгчийг машинд суулгах санаатай явган гарцаар гараад замын голд зогсоход Ц.Н- нь “чи нимгэн хувцастай юм чинь, одоо гэр лүүгээ харь.” гэж хэлэхээр нь би буцаж эргээд гарцаар гарах гээд зогсож байхад миний ард түс гэсэн чимээ сонсогдохоор нь эргээд хартал цагаан өнгийн Наrriеr маркийн 77-94 ДАР гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл явган гарцны зүүн талын эгнээнд зогсож байсан юм. Би сандраад гүйгээд очтол манай эгч Ц.Н- нь замын баруун талын эгнээний хашлага дээр доошоо харсан байдалтай толгой нь ертөнцийн зүгээр хойшоо харсан ухаангүй хэвтэж байсан. Ингээд уг цагаан өнгийн Наrriеr маркийн 77-94 ДАР гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч машинаасаа бууж цагдаа, эмнэлэг дуудсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20/,
-Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 03 сарын 06-ны өдөр 19:30 цагийн үед 2 хүүхдийнхээ хамт “Оргил” худалдааны төвөөс гараад урд зам руугаа явж байтал зам дээр нэг цагаан өнгөтэй Харриер маркийн машин явган хүний гарцаар зам хөндлөн гарч явж байсан нэг хүнийг мөргөөд, нөгөө хүн нь нилээн хол шидэгдээд газарт унасан. Би яваад очтол тэр мөргүүлсэн хүнтэй хамт явж байсан бололтой нэг ах “чи миний дүүг мөргөчихлөө шүү дээ, чи яаж байгаа юм бэ?” гэсэн чинь тэр мөргөсөн цагаан өнгөтэй Харриер машины жолооч нь бууж ирээд “наадах чинь өөрөө урдуур гүйчихлээ, чи зүгээр дуугүй бай, чи цаашаа зайл” гэж байсан. Тэгэхээр нь би бас очоод “та хүн мөргөчихлөө шүү дээ, яаж байгаа юм бэ?” гэсэн чинь над руу “түргэн дуудаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө гар утсаар 103 дугаарт залгасан чинь утас нь дуудаад ерөөсөө авахгүй байсан болохоор нь би цагдаагийн газрын 102 дугаар руу дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27/,
-Гэрч Д.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...20 цагийн үед хүлээн авах дээр машинд мөргүүлсэн хүн ирлээ гэж дуудсан. Очиж үзэхэд 60 орчим насны эмэгтэй хүн байсан ба үзлэг хийхэд ухаан бүдгэрсэн, ганц нэг үг хэлж ёолсон, артерийн даралт 20/40 байсан. Баруун хөлний гуя хавдар, хөхрөлт, няцрал ихтэй, тэмтрэхэд яс хавиралдаж байсан. Баруун талын умдагны орчимд дарахад эмзэглэлтэй, бүсэлхий хэсгээр зулгарсан шархтай, зүүн гарын сарвуу зулгаралт хөхрөлттэй зулайд 6-7 см язарсан шархтай байсан.
...Тэгээд 3 давхарт гэмтлийн тасагт гаргаж дахин шингэн сэлгэх, өвчин намдаах эмчилгээ, хиймийн эмчилгээ хийхэд биеийн байдал сайжралгүй сэхээний тасагт шилжүүлэн эрчимт эмчилгээ хийгдэж, цус сэлбэх сивэн, өвчин намдаах эмчилгээ хийгдсэн боловч үр дүн өгөлгүй өвчтөн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01 цагийн үед нас барсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27/,
-Гэрч Н.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 03 сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод явж байхад манай ах Мэндбат над руу утсаар залгаад “ээж аваарт орчихлоо” гэж хэлэхээр нь би шууд наашаа Дархан гарсан. Тэгээд шөнө 00 цаг 30 минутын үед Дарханд ирэхэд манай ээж сэхээн амьдруулах тасагт амьсгалын аппаратад орчихсон байсан. Тэгж байгаад 00 цаг 55 минутад эмч нар одоо ингээд авах бүх арга хэмжээгээ авчихсан болохоор өөр найдваргүй боллоо гээд амьсгалын аппаратаа салгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29/,
-Гэрч Э.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 03 сарын 06-ны өдөр манай нөхөр гэрээсээ гараад ажлаа хийгээд явж байсан юм. Тэгээд 19 цаг 30 минутын үед би нөхөр рүүгээ “тариа аваад ирээрэй” гэж хэлэх гээд залгасан чинь манай нөхөр С.Б- “хань нь хүн мөргөчихлөө, одоо эмнэлэг рүү аваад явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүүтэйгээ хамт эмнэлэг дээр очиход нэг настай эмэгтэй байсан. Ёолоод, даараад байна гээд бөөлжөөд байж байсан. Манай нөхөр цагдаатай цуг осол болсон газар руу явчихсан байсан. Тэгээд эмч нар шинжилгээ авч дуусаад дээшээ тасаг руу гаргасан. Эмч нь гарч ирээд бүх шинжилгээний хариу гарсан гээд тайлбарлаж өгсөн. Тэгэхэд “аарцаг цууралттай, хөл хугарсан, хэвлий, тархинд цус хуралт байхгүй, тархи бол гадна талдаа хагарсан, тэрийг нь оёсон, амь наснаас хол, гэхдээ хэсэг хугацааны дараа өөрчлөлт гарах магадлалтай” гэж хэлсэн. Тэгээд эмч бид нарыг энд бөөгнөрөөд байх шаардлага байхгүй гэхээр нь би хэсэг зогсож байгаад тэнд байсан төрсөн дүүгийнх нь утсыг авчихаад цагдаа дээр ирээд байж байтал нөгөө мөргүүлсэн эгч сэхээнд орчихлоо гэхээр нь би очсон. Удалгүй 12 цаг өнгөрөөгөөд өнгөрчихлөө гэж эмч хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45/,
-“...Талийгаачийн биед баруун умдаг суудал ясны хугарал, баруун дунд чөмөг ясны дунд 1/3 хэсгийн зөрөөтэй хөндлөн хугарал, бага аарцгийн хөндийн эрхтнүүдийн гадна хэсэг, баруун бөөрний өөхөн эдэд болон аарцгийн гялтан хальсанд цус хуралт, гавал тархины битүү гэмтэл, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, зулайн язарсан шархны гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2022.03.06-ны өдөр зам тээврийн осолд орж, машинд мөргүүлсний улмаас мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл болно. Талийгаач нь үндсэн оношид бичигдсэн хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 ба 3.3.1. 3.3.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаачийн биед бөөр, зүрх судас, элэгний архаг хууч өвчин илэрсэн бөгөөд энэ нь үхэлд нөлөөгүй. Талийгаачийн цусны бүлэг OI, Rh/+/ байна. Талийгаачийн цусанд 0,9 промилли спирт илэрсэн ба ходоодны агууламжинд спирт илэрсэнгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-51/,
-Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 52/,
-Ц.Н-т яаралтай тусламж үзүүлсэн хуудас /хавтаст хэргийн 53-54/,
-Ц.Н-ийн нас барсны гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 55/,
-Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Н- 2022.03.07” гэж хаягласан цусанд 0,9 промилл спирт илэрсэн ба ходоодны агууламжид спирт илэрсэнгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 61-62/,
-“...Тоуоtа Наrriеr маркийн Цагаан өнгийн 77-94 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормозны MNS-45982011 стандартыг хангаж оролцсон байна. Тээврийн хэрэгслийн тоормозны эд ангиудын элэгдэл битүүмжлэл нь шингэн алдаагүй, эвдрэлгүй хэвийн байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормозны системний ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Зөвхөн камерын тусламжтайгаар болон жолооч өөрөө тодорхойлох боломжтой. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй.” гэх 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 74-80/,
-“...Хэргийн газрын үзлэг нөхцөлөөс харахад С.Б- нь 7794 ДАР улсын дугаартай Тоёото Харриер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. С.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16 буюу явган хүний гарц нэвтрэх 16.1 /явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахааар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. 16.3 /явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ гэсэн дүрмийг зөрчсөн байна. С.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй бөгөөд эх сурвалжаас харахад ангилал ВССЕ, үнэмлэхийн хүчинтэй хугацаа 2027/10/27 байна. Тус тээврийн хэрэгсэл нь үл хөдлөх цэгээс машины урд хэсэг хүртэл 12,95м байна. О-А анх мөргөсөн цэгээс үл хөдлөх цэг хүртэл 7,8 м байна. Машины тоормос гишгэсэн мөр энэ хоёр уртын зөрүүнээс харахад 5,15 м яваад зогссон байна. Машины хурд 26 км/цаг байсан байна. Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч замын хөдөлгөөний дүрмийн 16.1 заалтыг зөрчсөн явган зорчигчийг гарцаар явж өнгөрөөсний дараа хөдөлгөөнд оролцох ёстой байсан. Явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.” гэх 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 7 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 94/,
-“...Би тоормосны зай болох 5.15м-г хоёроор үржүүлж, үрэлтийн кофицент 0.5-ийг хүндийн хүчний хурдатгал болох 10 зэргийг хооронд нь үржүүлэхэд гарсан хариу нь м/секунд гэсэн хурд гарсан. Энэ гарсан хурдыг км/цагаар тогтоохын тулд 3.6-аар үржүүлнэ. Би дээрх томьёоллоор бодоход осол болох үед 77-94 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 26 км цагийн хурдтай явсан болохыг тогтоож дүгнэлтдээ тусгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101/,
-С.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 115/,
-С.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 121/,
-С.Б-ын жолоодох эрхийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 125 /,
-Хохирол төлбөр төлсөн тухай банкны баримт /хавтаст хэргийн 161 болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч С.Б нь 2022 оны 3 дугаар сарын 06-ны орой 19 цаг 30 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн урд зам дээр “Тоуоtа Наrriеr” маркийн 77-97ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “...явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэж заасан заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ц.Н-ийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч С.Б-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 115/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 121/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Б нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэргийн үйлдэгдсэн нөхцөл байдал, шийтгэх тогтоол гарах бусдад төлбөргүй байгаа, цаашид гарах хохирол төлбөрийг нөхөн төлөхөө сайн дураар илэрхийлсэн байдал болон ар гэрийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Б-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, эрх бүхий байгууллагын хяналтад Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг 1 жил 6 сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
3. Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:
Хохирогч Н.М нь шүүхийн хэлэлцүүлэгт “...хохиролд 30.000.000 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлж байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй байна.
Хохирогч нь хохирлын талаар нотлох баримт ирүүлээгүй боловч шүүгдэгч С.Б нь хохирогчид 10 сая төгрөгийг нөхөн төлсөн байна.
Харин хохирогчийн нэхэмжилж буй 20 сая төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хуулийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсны дагуу хохирогч нь амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал, гэм хор учруулсны төлбөр болон бусад зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Б-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, эрх бүхий байгууллагын хяналтад Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт үүрэг болгосугай
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Б-д анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Н.М-ын 20.000.000 /хорин сая/ төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Н.М нь амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал, гэм хор учруулсны төлбөр болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох бөгөөд шүүгдэгчийн жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ