Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2231

 

Н Ю ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/02728 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н Ю ХЗХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х ц ХХК-д холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд төлсөн 10 411 698 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 851 800 төгрөг, нийт 11 263 498 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н Ю ХЗХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхсаруулын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2512 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч Хасуу Цамхаг ХХК-иас нийт 207 040 814 төгрөгийг гаргуулж Номин Юнион ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамжид зааснаар хариуцагч 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан ч үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн зүгээс зардал гарган шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 180 000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсний төлбөрт 631 800 төгрөг, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны зарын үнэ 40 000 төгрөг нийт 851 800 төгрөг болон шийдвэр гүйцэтгэгчийн  урамшуулалд 10 411 698 төгрөг нийт 11 263 498 төгрөгийг төлсөн. Хэрэв хариуцагч Хасуу Цамхаг ХХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлж төлбөрийг заасан хугацаандаа төлж барагдуулсан бол дээрх зардал манай байгууллагаас гарч хохирол учрахгүй байх байсан. Иймд хохирол 11 263 498 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Х ц ХХК-иас 10 411 698 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ю хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлээс 851 800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195 166 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х ц ХХК-иас 181 537 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ю ХЗХ-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхсаруул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулж хохирлыг нэхэмжилсэн байтал  шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэлээс 851 800 төгрөг буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн төлбөр нь хэрэгт авагдсан үнэлгээний хөлс нэхэмжилсэн баримт, хөлс төлсөн баримт зэргээр нотлогдсон. Энэ нь төлбөр төлөх шүүхээс захирамжилсан үүргийг биелүүлээгүйтэй холбоотой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Н Ю” Хадгаламж зээлийн хоршоо нь “Х Ц” ХХК-д холбогдуулан хариуцагчийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд төлсөн 10 411 698 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 851 800 төгрөг, нийт 11 263 498 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Н Ю” ХЗХ-ны нэхэмжлэлтэй “Х Ц” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 207 040 814 төгрөг гаргуулах иргэний хэргийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1  дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2512 дугаар захирамжаар зохичдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.  /хх-5-7/

 

Хариуцагч нь дээрх шүүхийн шийдвэрт зааснаар 207 040 814 төгрөгийг  2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлөхөөр үүрэг хүлээсэн боловч тогтоосон хугацаанд сайн дураар биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж,  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 15/2573 тоот гэрээгээр шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 10 411 698 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 11.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг. Мөн  “..,Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг ..,урамшуулна ..,урамшууллыг  ..,гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон  эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна” гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан, уг заалтыг үндэслэн нэхэмжлэгчээс 10 411 698 төгрөг төлөгдсөн тул хариуцагч “Х ц” ХХК-иас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгохоор заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчилтэй холбоотойгоор өөрт учирсан хохирлыг шаардсан байхад гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэлтэй холбоотой делектийн үүргийн зохицуулалтыг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.

 

 Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, түүнчлэн мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй юм.

 

Иймд гэрээний харилцаатай талуудын хооронд үүссэн дээрх хохирол, зардлыг нөхөн төлүүлэхдээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэргийн баримтаас үзэхэд  үнэлгээчний ажлын хөлсөнд төлсөн гэх  631 800 төгрөгийг нэхэмжлэгч “Н Ю” ХЗХ бус “Н Х” ХХК-иас шилжүүлсэн байх тул уг төлбөрийг нэхэмжлэгчийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэлээс 631 800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ. Харин дуудлага худалдааны зарын үнэ 40 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 180 000 төгрөг, нийт 220 000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах зардал 10 411 698 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 180 000 төгрөг, анхны дуудлага худалдааны зарын үнэ 20 000 төгрөг, хоёр дах дуудлага худалдааны зарын үнэ 20 000 төгрөг, нийт 10 631 698 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/02728 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1” гэснийг “219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1” гэж, “10 411 698” гэснийг “10 631 698” гэж, “851 800” гэснийг “631 800” гэж, 2 дахь заалтын “181 537” гэснийг “185 057” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н Ю ХЗХ-ны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 994 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

                                                                                               Ш.ОЮУНХАНД