Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/210

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0176/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Хохирогчийн өмгөөлөгч П.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Э,

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-эд холбогдох эрүүгийн 2218001140162 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Т.Б, 1993 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй, Дорнод бүсийн эрчим хүчний ТӨХК-д монтёр ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 07 дугаар багийн 78 дугаар байрны 20 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний шөнийн 01 цаг 50 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг Хөтөл хороололд 93-25 ДОР улсын дугаартай Т.Corolla Axio маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4 “...тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэж заасныг зөрчиж, хурд хэтрүүлсний улмаас зам тээврийн осол гаргаж, Б.Б-ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

-Шүүгдэгч Т.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгаас хадам ээжтэйгээ золгох гээд гэр бүлийн хамт ирсэн. Манай эхнэр 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ  аймаг руу ангийнхантайгаа уулзахаар явсан. Орой нь хадам дүүгийн хамт Дарханаас Дулаанхааны тийшээ явж эхнэрээ тоссон. Эхнэрээ тосож аваад буцаж явах замд Дархан хаалганы тэнд машины урдуур хүн гүйж гарч ирсэн. Би тоормос гишгэсэн боловч очиж мөргөсөн, машинаасаа бууж очоод “зүгээр үү?” гэхэд дуугарахгүй, амьсгалж байсан. Тэгээд дүүдээ “цагдаа, эмнэлэг дуудаарай” гэж хэлсэн. Тухайн үед хүйтэн байсан учир машинаасаа хөнжил авчирч хохирогчийг хучсан. Ингээд эмнэлгийн машин ирж авч явсан боловч харамсалтай нь эмнэлэгт очихоосоо өмнө хохирогч нас барсан.

...100 хувь миний буруу, их гэмшиж байна. Талийгаачийн ар гэрд нөхөж баршгүй хохирол учруулсан гэдгээ ойлгож байна.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Г.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Талийгаач ах маань айлын 4 дэх хүүхэд, би айлын бага. Би талийгаач ахтайгаа хамт амьдардаг байсан. Ах маань 18,19 настайдаа ТҮЦ дээрэмдээд 5 жил шоронд явсан. Гарч ирээд ах, дүү нартайгаа амьдардаг байсан, албан ёсоор гэрлэж байгаагүй. Манай ах хөдөө орон нутаг руу явж ажил их хийдэг аж ахуйч, тусархаг хүн юм. Самранд явсан байж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ ирсэн. Цагаан сарын шинийн нэгэнд хамаатнуудаараа орсон. Ах маань архи уудаг нь үнэн. Хэрэг гардаг өдөр 14:50 минутад ярихад ах архи уугаагүй эрүүл байсан. Тэрнээс хойш утсаар яриагүй. Орой 23:50 минутын үед залгахад утас нь холбогдоогүй, ах гэртээ ирэхээсээ өмнө утсаар ярьдаг. Шөнийн 2:50 минутын үед манай гэрийн цонхийг хүн нүдсэн. Нөхөр маань очиж онгойлгоход ахын зургийг үзүүлээд хүн амьтанд зодуулсан юм шиг байна гэж хэлсэн. Ингээд хувцсаа өмсөөд шөнийн 03:10 минутын үед цагдаагийн газарт очсон өглөө 05:00 цаг хүртэл цагдаа нар юу ч хэлээгүй байж байгаад, талийгаач хэр их архи уудаг хүн бэ гэж асуусан. Би хаяа уудаг тийм ч их уудаггүй гэж хариулсан. Гэтэл цагдаа нар Батсүхийг зааж өгөөд та нар энэ хүн рүү дайрч болохгүй, энэ хүн шоконд орсон байгаа, дайрч давшсанаас болж энэ хүн амиа хорловол та нар буруутан болно шүү гэж хэлсэн. Тухайн үед ахыг нас барсан гэдгийг ч хэлээгүй энэ хүн дайрсан гэдгийг ч хэлээгүй. Ингээд тодруулж асуухад юу гэж хэлснийг сайн санахгүй байна. Ингээд өглөө хамаатан садан ах дүү нар луу залгаж цуглуулаад байж байтал нэг дэх өдөр Батсүх ирээд танай ахыг дайрч алсан хүн байна гэж ирж уулзсан. Ирэхдээ нэг зулын тос ч барьж ирээгүй, гэмшсэн шинжгүй нохой дайрч алсан байдалтай байсан.

...Шүүгдэгчид хохирол төлөх хангалттай хугацаа байсан. Нэг ч удаа санаа зовж залгаж яриагүй. Талийгаачийн 49 хоног өнгөрчихөөр бүх зүйл дууссан юм шиг аашилж байгаад маш их гомдолтой байна.

...Шүүх хурлаас өмнө бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн. Зэдэд 1,844,994 төгрөгөөр юм авч өгсөн. Шүүх хуралдаан болохоос өмнө 3.000.000 төгрөг өгье гэхээр нь шүүх хурлын дараа авъя гэж хэлээд авсан. Гэхдээ энэ 3 сая төгрөгийг оршуулгын бодит зардлаас хасах байсан юм бол яах гэж өгсөн юм бэ? хохиролд 13.344.027 төгрөг нэхэмжилж байгаа үүн дээр нэмээд сэтгэл санааны болон бусад зардал 20.000.000 төгрөг нэхэмжилж байгаа” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2/,

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын схем зураг /хавтаст хэргийн 4-20/,

-Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 93-25 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээс унасан байж болох саарал өнгийн хуванцар эд ангиудын хагархай болон саарал будагны хэлтэрхийнүүд, Т.Corolla Axio маркийн тээврийн хэрэгслийг урд нүүрэн дээрх эмблем, Т.Б-ээс хүлээн авсан 02630131 дугаартай 93-25 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, В ангиллын 977433 дугаартай Т.Б-ийн жолооны үнэмлэх зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 25/,

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст  хэргийн 26-27/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 28-30/,

 

-Гэрч А.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 03-ны 18 цагийн орчимд Цолмон эгч 10 жилийнхээ ангийнхантайгаа Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум орж уулзана гээд таксинд суугаад ганцаараа явсан. Харин хүргэн ах Батсүх, 2 хүүхэдтэй манай гэрт үлдсэн. Тэгээд 00 цаг 23 минутад миний 99260936 дугаарын утас руу манай ээж Алтанхундага 99166121 дугаараас залгаад “хүргэн ах чинь гадна машинаа халааж байна, эгчийг чинь Сэлэнгэ явж тосож авч ирнэ гэнэ” гэж ярихаар нь би гэрийнхээ гадна ирэхэд хүргэн ах машиндаа сууж байсан. Тэгээд бид хоёр Сэлэнгэ аймаг руу гарсан. Гэрийн гаднаас хөдлөхдөө хүргэн ах машиныхаа километрийн заалтаа 00 болгоод хөдөлсөн. Цолмон эгч Сэлэнгэ аймгаас Дулаанхаан сум руу гарлаа гэж хүргэн ах руу ярьсан гэсэн. Тэгээд хүргэн ах өөрийнхөө 93-25 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод би хажуугийн урд суудал дээр нь суугаад явсан. Тэгээд явж байхад хүргэн ахын машин хүч муутай өгсүүр газар хаазлаад явж өгөхгүй нилээн удаан явж байсан. Өгсүүр газар 40-50 км/цаг хурдтай, шулуун газар 70 км/цагийн хурдтай яваад байсан. Тэгээд эгчийг тосож авахад 37 километр газар явсан байна гэж зааж байсан. Эгч хойд талын суудал дээр орж ирж суугаад бид 3 буцаад Дархан руу хөдөлсөн. Эгч хойно унтаад яваад хүргэн ах бид хоёр машины хөгжим сонсоод явж байсан. Тэгээд Дархан хаалга өнгөрөөд нилээн явж байхад миний гар утсанд чат ирсэн. Тэгэхээр нь би утасныхаа чатыг уншаад явж байтал хажууд хүргэн ах орилоод машины хурд удааширсан. Тэгэхэд хүчтэй юм мөргөх чимээ гараад урд салхины шил хагарч цөмрөөд ороод ирсэн. Тэгэхэд нь би нүүрээ гараараа дарсан. Тэгээд хүргэн ах машинаа зогсоочхоод буугаад гүйгээд явчихаар нь би араас нь буугаад очиход машины баруун талын хойно замын хажуугийн үерийн шуудуунд нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэр хүн дээр хүргэн ах очоод “яасан, зүгээр үү?” гэж асуухад тухайн хүн ямар нэгэн зүйл яриагүй. Тэр хүн амьсгаатай байсан. Хүргэн ах намайг “яаралтай түргэн, цагдаа хоёрт хэлээрэй” гэж хэлээд машинаасаа хөнжил гаргаж ирээд нөгөө хүнийг хучсан. Тэгээд би эхлээд түргэн рүү залгаад дуудлага өгсөн тухайн үед 01 цаг 53 минутад залгасан байна лээ. Дараагаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Дараагаар нь эмнэлэг ирж нөгөө хүнийг үзчихээд “нас барсан байна” гэж хэлээд явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46/,

 

-Гэрч А.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн орой 18 цагийн орчимд таксинд суугаад Сэлэнгэ аймагт 10 жилийн ангийн найз нартайгаа уулзах гээд ганцаараа явсан. Ингээд ангийнхантайгаа уулзаад караокед сууж байгаад орой 23 цаг өнгөрөөд караоке хаахаар нь гарсан. Тэгэхэд манай ангийн найз Сэргэлэн гэх залуу намайг өөрийнхөө машинаар Дархан-Уул аймаг руу дөхүүлж өгсөн. Харин манай нөхөр Т.Б намайг тосож авахаар миний төрсөн дүү А.Отгонбаттай хамт өөрийн эзэмшлийн 93-25 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр Дархан-Уул аймгаас гарсан. Сэргэлэн бид хоёр 00 цаг 14 минутад Сэлэнгэ аймгаас гарахдаа Батсүх рүү ярьсан. Тэгэхэд Батсүх Дархан-Уул аймгаас Сэлэнгэ рүү бас гарч байна гэж хэлсэн. Тэгээд Сэргэлэн бид хоёр Дархан-уул аймгийн Орхон сум руу салдаг уулзвараас Дархан-Уул аймаг тал руугаа жаахан өнгөрөөд явж байгаад Батсүхтэй уулзсан. Тэгэхэд манай нөхөр Батсүх өөрийнхөө машиныг жолоодоод манай дүү А.Отгонбат хажуугийн урд талын суудал дээр суучихсан ирсэн. Тэгээд би арын суудал дээр суугаад бид гурав Дархан-Уул аймаг руу хөдөлсөн. Харин Сэргэлэн ганцаараа Сэлэнгэ аймаг руу буцаад явсан. Би машинд орж суугаад унтаад явж байгаад сэрээд “Дархан-Уул аймаг руу орох дөхөж байна уу?” гэж нөхрөөсөө асуухад “дөхөж байна, 7-8 км газар үлдсэн” гэж хэлээд удаагүй түс тас хийгээд шилний хагархай гар руу үсэрсэн. Тэгэхээр нь “юу болов оо?” гэж асуухад манай нөхөр “хүн урдуур гүйгээд мөргүүлчихлээ” гэж хэлсэн. Тэгээд машинаас манай нөхөр, дүү хоёр буугаад явчихсан. Тэгэхээр нь би тэр хоёрын араас нь машинаас буугаад очиход машины хойно асфальтан замын хажуугийн үерийн шуудуунд нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэр хүн дээр манай нөхөр очоод “та зүгээр үү?” гэж асуугаад байсан. Би айгаад тэр хүн рүү ойртоогүй. Манай нөхөр дүүг “цагдаагийн газар руу яаралтай залга” гэж хэлээд цагдаагийн газар руу дуудлага өгсөн. Тэгээд манай нөхөр машинаас хүүхдүүдийн нимгэн цагаан хөнжил аваад нөгөө эрэгтэй хүнийг хучсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Мөн араас нь эмнэлэг ирээд нөгөө хүнийг нас барсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49/,

 

-Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Батсүх “явж Цолмонг тосож яваад ирье, зам сайн мэдэхгүй” гээд байхаар нь би хүү Отгонбатыг найзынх нь гэрээс дуудуулаад Батсүх, Отгонбат нар Цолмонг тосож авахаар явсан. Тэгээд шөнийн 02 цаг өнгөрч байхад Цолмон миний гар утас руу залгаад “Дархан руу орох замд машины урд тал руу явган хүн ороод бид нарын машинд мөргүүлчихлээ, замын хажуунаас гэнэт явган хүн гарч ирсэн” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “мөргүүлсэн хүн чинь амьд уу?? гэж асуухад “машинд мөргүүлснийхээ дараа амьсгалж байх шиг байсан. Одоо ямар нэгэн амьсгал байхгүй байна, бид нар цагдаа, эмнэлгийн байгууллагад дуудлага өгчихсөн” гэж хэлж байсан. Тэгээд удалгүй Цагдаагийн алба хаагч нар ослын газар дээр ирсний дараагаар эмнэлгийн яаралтай тусламжийн эмч ирээд машинд мөргүүлсэн хүнийг үзчихээд нас барсан байна гэж хэлчхээд явсан гэсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51/,

 

-“Т.Б-ийн жолоодож явсан 9325 ДОР улсын дугаартай Тoyota Corolla Axio маркийн суудлын тээврийн хэрэгсэл нь техникийн улсын үзлэгээр тэнцээгүй байна. Техникийн стандарт шаардлагыг хангаагүй байсан.Жолоочийн өөрийн мэдүүлгээр мөн 2.2-д хариулснаар автомашины хурдны хайрцаг гэмтэлтэй байсан. Тус гэмтэл нь осол гаргахад нөлөөлөөгүй. Осол гарсны дараах гэмтлийг оншилгооны төв, авто засварын газрууд үнэлгээний газраар тодорхойлуулна. Осол үйлдэгдсэн шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлаас болоогүй. Т.Б-ийн жолоодож явсан 9325 ДОР улсын дугаартай Тoyota Corolla Axio маркийн суудлын тээврийн хэрэгслийн хурд 71 км/ц байсан. Техникийн улсын үзлэгээр тэнцээгүй шалтгааныг тодруулах, авто машины тоормосны эд ангийн ажиллагааг авто засварын газруудаар оношлуулж тодорхойлуулна. Энэ осолд явган зорчигчийг анзаараагүй мөргөсний дараа тоормосыг гишгэж зогссон байна. Осол гарах үндсэн шалтгаан нь жолооч хурд хэтрүүлсэн суурин дотор газар 60км/ц явах ёстой. Техникийн улсын үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон байна” гэх 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 58/,

 

-“...тээврийн хэрэгслийн жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-4 дэх заалтуудыг мөрдөж зам тээврийн хөдөлгөөнд оролцоогүй ба хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцсон. Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 дэх заалтыг зөрчиж тээврийн хэрэгслийн зорчих эгнээгээр замын хөдөлгөөнд оролцсон. Замын нөхцөл байдал зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй. Тухайн зам тээврийн осол гарсан шалтгаан нь дээрх замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж хөдөлгөөнд оролцжээ.” гэх 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 63/,

 

-“...Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх тархмал цус хуралт, тархины дагз, баруун талын суурийн хэсгийн аалзавч доорх цус харвалт, уушгины цусархаг няцрал, элэг, дэлүүний хальсны язрал, урагдал, дэлүүний уг, бөөрний өөхөн эд, хуйхан доорх цус хуралт, баруун хөлийн шилбэний 2 ясны хугарал, зүүн гуя, өвдөгөнд цус хуралт, нүүр, нуруу, баруун сарвуунд зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл болно. Талийгаачийн биед илэрсэн гавал тархины битүү гэмтэл, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх тархмал цус хуралт, тархины дагз, баруун талын суурийн хэсгийн аалзавч доорх цус харвалтын гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаачийн биед илэрсэн уушгины цусархаг няцрал, элэг, дэлүүний хальсны язрал, урагдал, дэлүүний уг, бөөрний өөхөн эд, хуйхан доорх цус хуралт, баруун хөлийн шилбэний 2 ясны хугарал, зүүн гуя, өвдөгөнд цус хуралт, нүүр, нуруу, баруун сарвуунд зулгаралтын гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн биед илэрсэн хүнд гэмтлийг авсан даруйд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. Талийгаачийн биед элэгний хатуурал өвчин илэрсэн бөгөөд энэ нь үхэлд нөлөөгүй. Талийгаачийн цусны бүлэг BIII,Rh/+/ байна. Талийгаачийн цусанд 4,2 промилли спирт илэрсэн ба энэ нь хүнд зэргийн согтолтыг харуулна.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 70-79/,

 

-“...Шинжилгээнд ирүүлсэн Т.Б гэж хаягласан цусанд спирт илэрсэнгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 94-95/,

-Т.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 113/,

-Т.Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 114/,

-Хохирол, төлбөртэй холоотой баримтууд /хавтаст хэргийн 136-206/,

-Хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 239/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний шөнийн 01 цаг 50 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг Хөтөл хороололд 93-25 ДОР улсын дугаартай Т.Corolla Axio маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4 “...Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно...” гэснийг зөрчиж, хурд хэтрүүлсний улмаас зам тээврийн осол гаргаж, Б.Б-ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. 

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Т.Б-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Т.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 114/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 113/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Б нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэргийн үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр төлсөн, үлдэх төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал болон ар гэрийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

3. Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Хохирогч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “...бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн, зэдэд 1.844.994 төгрөгөөр юм авч өгсөн. Шүүх хуралдаан болохоос өмнө 3.000.000 төгрөг өгье гэхээр нь шүүх хурлын дараа авсан. Үүнийг оршуулгын бодит зардлаас хасах байсан юм бол яах гэж өгсөн юм бэ? хохиролд 13.344.027 төгрөг нэхэмжилж байгаа үүнээс бэлнээр өгсөн 1.000.000 төгрөгийг хасаж, 12.344.027 төгрөг нэхэмжилнэ. Үүн дээр нэмээд сэтгэл санааны хохирол болон бусад зардал 20.000.000 төгрөг нэхэмжилж байгаа.” гэх мэдүүлэг өгч байна.

Хохирогч Г.Б-гийн гаргаж ирүүлсэн хохирлын талаарх нотлох баримтад дүгнэлт хийхэд гэмт хэргийн улмаас зайлшгүй гарсан зардалд хамаарахгүй буюу тамхи худалдаж авсан гэх 578600 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Т.Б-ээс мөрдөн шалгах ажиллагааны хугацаанд бэлнээр төлсөн 1.000.000 төгрөг, шүүх хуралдааны үед өгсөн 3.000.000 төгрөг, завсарлага авсан хугацаанд төлсөн 1.500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөгийг хасаж, үлдэх 7265027 төгрөгийг шүүгдэгч Т.Б-ээс гаргуулж, хохирогч Г.Б-д олгож, иргэний нэхэмжлэлээс 3.578.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хохирогч нь сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөг нэхэмжилнэ гэх боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй байх тул 20.000.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 93-25 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээс унасан байж болох саарал өнгийн хуванцар эд ангиудын хагархай болон саарал будагны хэлтэрхийнүүд, Т.Corolla Axio маркийн тээврийн хэрэгслийг урд нүүрэн дээрх эмблем зэргийг устгаж, шүүгдэгч Т.Б-ийн 977433 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 93-25 ДОР улсын дугаартай, 02630131 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Т.Б-эд буцаан олгож, шүүгдэгчид хорих ял шийтгэсэн тул түүнд хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.Б-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-эд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Б-ийн 977433 дугаартай В ангиллын  жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Б-ээс 7265427 /долоон сая хоёр зуун жаран таван мянга дөрвөн зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Б-д олгож, иргэний нэхэмжлэлээс 3.578.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 20.000.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Г.Б нь сэтгэл санааны хохирол болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 93-25 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээс унасан байж болох саарал өнгийн хуванцар эд ангиудын хагархай болон саарал будагны хэлтэрхийнүүд, Т.Corolla Axio маркийн тээврийн хэрэгслийг урд нүүрэн дээрх эмблем зэргийг устгаж, 02630131 дугаартай 93-25 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Т.Б-эд буцаан олгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялын хугацааг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Б-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Я.ТУУЛ