Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/212

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0184/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч О.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ц-т холбогдох эрүүгийн 2218000000181 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, О.Ц, 1987 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд:1 удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн байрны арын хэсэгт иргэн Л.У-тай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “баруун хөмсгөнд сэтэрсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч О.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Л.У-тай таараад нэг шил архи уусан. Тэгээд ийм зүйл болсон.

...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Хохирол төлбөрийг төлнө” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-9/,

 

-Хохирогч Л.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн орчим санагдаж байна. Би гэрээсээ гараад Шаазгайт руу явах санаатай алхаж явтал Хайрхан багийн 29 дүгээр байрны гадна танил Тулгаа, Цоомоо 2 зогсож байхаар нь би яваад очсон чинь “архи уумаар байна, чамд гуя байна уу?” гэхээр нь би “байгаа” гэж хэлээд 6500 төгрөг гаргаад өгсөн чинь Ичинноров гэх хүний дэлгүүрт ороод нэг шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архи аваад Соёлын төвийн ард гурвуулаа сууж байгаад уугаад талд нь орж байтал Цоомоо ямар ч шалтгаангүйгээр ууж байсан архиныхаа шилээр миний баруун хөмсөгний дээд талд цохиж, миний биед гэмтэл учруулсан. Тэр үед миний толгойноос маш их цус гараад эхлэхээр нь би Эрүүл мэндийн төв орж оёо тавиулаад гэртээ харьсан чинь миний дүү болох Ууганцэцэг намайг цагдаад мэдэгдэх хэрэгтэй гээд дагуулаад цагдаагийн хэлтэс дээр хамт ирсэн.

...Миний эмчилгээнд 150.000 төгрөгийн зардал гарсныг нэхэмжилж байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12, 14/,

 

-Гэрч Э.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би О.Ц-, Л.У- нартай нийлээд нэг шил архи уух санаатай Хайрхан багийн төвд байрлах Соёлын төвийн арагшаа гарсан юм. Тэгээд авсан архиа задлаад ууж байтап О.Ц- нь татаж байсан тамхиа Л.У-ын нүүр лүү нь шидсэн чинь Л.У- уурлаад хоорондоо хэрүүл маргаан болоод сүүлдээ барилцаад авахаар нь би голоор нь орж салгаад О.Ц-ыг “чи ямар дээрэлхүү юм бэ?” гэж загнаад би өөрөө тэмцээн үзэх санаатай спорт заал руу явсан. Харин Л.У-, О.Ц- 2 хоорондоо маргалдахаа болиод тэндээ үлдсэн. Тэгээд би зааланд хэсэг юм үзээд сууж байтал Л.У- араас зааланд ороод ирсэн ба баруун нүднийх нь дээд хэсгээс цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16/,

 

-Гэрч Л.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Орой намайг гэртээ хүүхдүүдийнхээ хамтаар байж байтал гаднаас Л.У- ах нэлээд согтуу байдалтай орж ирсэн ба баруун хөмсөгний орчмоос нэлээд их хэмжээний цус гарсан байсан. Тэгэхээр нь сандраад юу болсон талаар асуухад “Цоомоо намайг архины шилээр цохиж гэмтээсэн” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би түүний нүүр гарыг угааж өгөөд дараа нь Шарын гол сумын Эрүүл мэндийн төв рүү дагуулж яваад гэмтсэн газарт нь оёдол тавиулаад гэртээ харьсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20/,

 

-“...Л.У-ын биед “баруун хөмсгөнд сэтэрсэн шарх” тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Л.У-ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 375 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24/,

-О.Ц-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 37/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 60/,

-Хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хавтаст хэргийн 85-87/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч О.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн байрны арын хэсэгт иргэн Л.У-тай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “баруун хөмсгөнд сэтэрсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 375 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 23-24/ нотлогдож байна.

 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч О.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 60/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Ц-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар буюу Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрээс 1 сарын хугацаагаар гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

3.Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Хохирогч Л.У нь мөрдөн байцаалтын шатанд: “...Миний эмчилгээнд 150.000 төгрөгийн зардал гарсныг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14/ өгсөн байх бөгөөд холбогдох нотлох баримтаа /хавтаст хэргийн 85-87/ шүүхэд ирүүлсэн бөгөөд түүний ирүүлсэн бичгийн баримтад дүгнэлт хийхэд  108750 төгрөгийн баримт байна.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилсны дагуу шүүгдэгч О.Ц-аас 108750 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.У-ад олгож, иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-ыг 1 /нэг сар/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар буюу Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Ц-аас 108750  /нэг зуун найман мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хохирогч Л.У-д олгож, иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Я.ТУУЛ