Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/219

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0204/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч Г.Ш /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ш-т холбогдох эрүүгийн 2218000000246 дугаартай хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Г.Ш, 1989 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын 6 дугаар ангид замчин ажилтай, ам бүл 3, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Ш нь 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 15 дугаар байрны орчимд тус сумын цагдаа, хууль сахиулагч О.Т-ыг нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд хууль ёсны шаардлага тавихад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, хохирогч Э.О.Т-ын өмсөж явсан “Police” гэсэн бичиглэл бүхий гэрэл ойлгогчтой ногоон өнгийн хантаазыг урж, мөрдөсний бүчийг тасалж, цагдаагийн албаны хээрийн хувцасны хар өнгийн өмдний өвдөг хэсэгт нь цоолж 20.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Г.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1/,

-Камерын бичлэгт  үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6/,

-Камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 8/,

 

-Хохирогч О.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн хариуцсан Хонгор сумын Салхит багт хэв журмын эргүүл хийгээд явж байхад 22:30 цагийн орчим 15 дугаар байрны хажууд явахад 2 хүн хоорондоо маргалдаад мөн хажууд нь хэдэн хүн хараад зогсож байхаар нь би тухайн хүмүүс рүү очоод “та нар хүмүүс амарсан байхад гудамж талбайд чанга дуугараад, хоорондоо маргалдаад байж болохгүй, явцгаа харьж амарцгаа” гэж хэлээд тараагаад явуулсан. Үүний дараа би үргэлжлүүлээд шалгалт хийж яваад буцаад 15 дугаар байрны орчим ирэхэд гудамжинд хүнтэй маргалдаад байж байсан залуу надад хандаж “хоёулаа 1 уулзъя” гээд над дээр хүрээд ирсэн. Тэгэхээр нь би тэр хүнд хандаж “одоо харьж амар, юу хийгээд яваад байдаг юм” гэтэл над руу “чи муу дэд ахлагч юу вэ?” гэхээр нь би тэр хүнийг “хариад амарчих” гэж хэлсэн. Тэгэхэд явахгүй байгаад байхаар нь би “ер нь таныг хэн гэдэг билээ?” гэтэл “чамд ямар хамаатай юм, хэлэхгүй” гээд өөдөөс маргалдаад намайг шууд заамдаад зүүн талын мөрдөснөөс татаад бүчийг нь тасдчихсан. Тэр үед энгэрийн камер унасан. Тухайн газар унасан камерыг авч халаасандаа хийгээд тэр хүний эсэргүүцлийг зогсоох гээд гаваар гавлах гэж гарыг нь бариад авах гэтэл намайг үүрээд шидэхдээ миний доор орж унаад хамар болон нүүрээ халцалчихсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12/,

 

-Гэрч О.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 23 цаг өнгөрч байхад Салхитын 15 дугаар байрны дэлгүүр орох гээд явж байтал тэр байрны хажууд нэг эрэгтэй, Салхитын цагдаа О.Т- руу орилж, салаавч гаргаад, дайрч давшилж байсан. Тэр үед нь хараад зогсож байгаад дэлгүүр орчхоод гараад иртэл О.Т- тэр танихгүй залуутай газар уначихсан дээр доороо ороод ноцолдож байсан. Тэгж байтал нэг цагдаа ирж салгаад тэр хүнийг аваад явсан. Салхитын цагдаа О.Т- хэлэхдээ тэр хүн өөрийг нь үүрч унагаасан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18/,

 

-Гэрч С.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 23 цагийн орчимд би Дархан-Уул аймаг Хонгор сум Салхит буюу 3 дугаар багийн нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгээд иргэдээс ирсэн дуудлагын дагуу тус багийн 15 дугаар байрны гадаа ганцаараа машинтай явж байсан юм. Би өөрөө тус багийн их эмчээр ажилладаг. Тухайн үед намайг явж байхад тус багийн иргэн Г.Ш- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой нилээд согтуу сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Т-ын тавьсан шаардлагыг эсэргүүцэж “пизда, гөлөг” гэх мэт үгээр хэлж биед нь халдаж байгаа харагдсан. Цагдаа О.Т-ын хувьд уг хүнтэй маргалдаагүй хууль ёсны шаардлагаа тавьж, “та боль, энэ үйлдлээ зогсоо, хариад амар” гэх мэтээр харьцаж байсан. Энэ үед нь би машинаасаа буугаад Г.Ш-ын хууль бус үйлдлийг гар утсаараа бичлэг хийж авсан юм.

...Г.Ш- О.Т-ын өөдөөс хэл үгээр доромжилж байгаад зүүн талын мөрнөөс татаад хувцсыг нь урж байгаа харагдсан. Мөн хоёр гараараа барьж байгаад тонгорч газар унагасан. Ингэхдээ Г.Ш- нь О.Т-ын доор нь газар унаж босож ирээд Г.Ш- О.Т-ын биед халдаж, гараараа нүүр рүү нь цохиж мөн толгойгоороо мөргөөд байсан. О.Т нь Г.Ш-ын биед гар хүрч цохиогүй тухайн үед өөрийгөө хамгаалах үйлдэл хийж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22/,

 

-Гэрч Г.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хүн орилоод байхаар нь цонхоор харсан чинь байрны гадна надтай хамт ажилладаг Г.Ш- нь орилчихсон, багийн цагдаатай маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би салгах гээд гараад байшин тойроод яваад очтол яг намайг очиж байх үед Г.Ш- нь багийн цагдааг үүрч унагах гэж байгаад дийлэхгүй өөрөө доор нь ороод уначихсан. Тэгээд би очоод тэр хоёрыг хоёуланг нь өргөж босгоод “боль боль” гээд болиулсан. Тэгж байтал Пүрэвбаатар цагдаа ирээд бүгдийг нь салгаад өрөө рүүгээ аваад орсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24/,

 

-“...Ногоон өнгийн хантааз, дэд ахлагч цолтой мөрдөс, цагдаагийн албаны хээрийн хувцасны хар өнгийн өмд зэрэг эд зүйлийг оёх зардал болон солих зардлын зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 20.000 /хорин мянга/ төгрөг байна.” гэх Капитал зууч ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай дүгнэлт, эд хөрөнгийн  үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 27-28/,

 

-“... Хөх өнгийн өмдний баруун шилбэ хэсэгт үүссэн 12х0.3мм хэмжээтэй гэмтэл нь гогдолт, Ногоон өнгийн хантаазны зүүн суганы оёдлоос баруун тийш 1 см зайд үүссэн 20х04мм хэмжээтэй гэмтэл нь уранхай, Хар өнгийн дэд ахлагч мөрдөс ар хэсэгт Зсм, 2.5см хэмжээтэй гэмтлүүд нь ханзархай үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн гэмтлүүдийн үүссэн цаг хугацаа, өдрийг тогтоох боломжгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 34-41/,

-О.Т-д яаралтай тусламж үзүүлсэн эмнэлгийн хуудас /хавтаст хэргийн 52-53/,

“...О.Т-ын биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 461 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 54-55/,

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 76/,

-Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 86/,

-Шүүгдэгч Г.Ш-аас гаргасан “Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 97/,

-Хохирогч О.Т-ын гаргасан “надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 98/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно гэж заажээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн  23.1-т “цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.”, 23.6-т “цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсны дагуу О.Т нь хууль сахиулагч /хавтаст хэргийн 92/  мөн байх бөгөөд Цагдаагийн албаны тухай хуульд заасан албан үүргээ биелүүлж, иргэнд хуулийн хүрээнд зүй ёсны шаардлага тавьсан байна.

 

Иргэн Г.Ш нь Цагдаагийн албаны тухай хуулийн 23.6 дугаар зүйлд заасны дагуу “цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” бөгөөд хуулиар хүлээсэн энэхүү үүргээ зөрчиж, хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг хүч хэрэглэж эсэргүүцсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Ш-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Г.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Ш нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлтэй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 76/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 86/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Ш нь бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах эрхтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 36 сарын хугацаанд сар бүр 75000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэлээ.

 

3. Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Хохирогч О.Т-ын гаргасан “надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 98/ хавтаст хэрэгт авагдсан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, шүүгдэгч Г.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Ш-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй байх тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Ш-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-ыг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 36 сарын хугацаанд сар бүр 75000 /далан таван мянга/ төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Ш-т анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Я.ТУУЛ