Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 138/ШШ2018/00281

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018          03          23                                                    138/ШШ2018/00281

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:  

                   

Нэхэмжлэгч: ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох

тус сургуулийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг 2018 оны 01 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч Д.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 12 сарын 28-ны өдрийн Б/71 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг 2018 оны 1 сарын 02-ны өдөр надад өгсөн. Би 2017 оны 12 сарын 27-ны өдөр ээлжинд гарсан боловч ажлаас чөлөөлөх талаар надад мэдэгдээгүй. Хүүхэд асрах чөлөөтэй байсан Т.Долгормаа ажилдаа орох хүсэлт гаргасан гэсэн үндэслэлээр намайг ажлаас халсан. Миний бие анх 2012 оны 10 сард жижүүр А.Ариун-Эрдэнийг жирэмсэний амралттай байх хугацаанд жижүүрээр ажиллаад түүнийг ажилдаа ороход нь 2013 оны 2 сард ажлаас чөлөөлөгдөж байсан. Мөн тус сургуулийн захирлын 2014 оны 4 сарын 21-ний өдрийн Б/16 тоот тушаалаар жижүүр Долгормааг жирэмсэний амралттай байх хугацаанд түр томилогдож, Долгормааг 2016 оны 1 сарын 22-ны өдөр ажилдаа эргэн орох хүртэл ажиллаж байгаад 2016 оны 1 сарын 22-ны өдрийн Б/22 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж байсан. 2016 оны 8 сарын 16-ны өдрөөс сургуулийн дотуур байр шинээр ашиглалтанд орж бага сургуулийн хоёр жижүүр дотуур байрны жижүүрээр ажиллах болсон. Бага сургуульд жижүүрийн орон тоо шинээр гарч тухайн үед тус сургуулийн захирал байсан Б.Балсанхандын 2016 оны 8 сарын 22-ны өдрийн Б/26 тоот тушаалаар бага сургуулийн жижүүрийн үндсэн орон тоон дээр ажиллаж эхэлсэн. Тухайн үед сургуулийн захирал надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд удирдлагууд өөрсдөө мэдэж байгаа байх гэж бодоод хөдөлмөрийн гэрээний талаар асууж сураглаагүй ажиллаж байсан.  2017 оны 4 сарын 10-ны өдөр сургуулийн шинэ захирал Т.Байгалмаа нь надтай үндсэн ажилтны хувьд хугацаагүй худалмөрийн гэрээг бичгээр байгуулсан атлаа Т.Долгормаагийн орон тоон дээр түр ажиллаж байсан гэж ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй байна. ...Намайг ажиллаж байх хугацаанд жижүүрийн олон орон тоо гарсан нь үнэн. Тухайн үед  би өөрийгөө Долгормаагийн орон тоон дээр түр ажиллаж байгаа гэж ойлгоогүй, намайг бүр тушаал дээр авлаа гэж захирал байсан Балсанханд танилцуулж ажилд авсан. Хэрвээ би түр орон тоон дээр ажиллаж байгаагаа мэдсэн бол энэ олон орон тоо гарахад удирдлагадаа өргөдөл өгөх байсан. Долгормаагийн орон тоон дээр түр байгаа гэдгийг сая ажлаас чөлөөлөгдсөн тушаал авахдаа мэдсэн. Би өөрийгөө үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна. Иймд үндсэн ажилдаа буюу бага сургуулийн жижүүрийн ажилдаа эгүүлэн тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Д.Байгалмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие аймгийн Засаг даргын 2017 оны Б/14 тоот захирамжаар тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2 сарын 20-ны өдөр томилогдон ажлыг сургалтын менежер Б.Балсанхандаас хүлээн авсан. Ажлаа хүлээж аваад сургуулийн эрх зүйн баримт бичгийг судлан боловсруулж хамт олны хурлаар байгууллагын дотоод журмыг батлуулж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн боловсруулж 2017 оны 4 сарын 10-ны өдөр багш, ажилчидтай хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа сургуулийн захирлын Б/01 тоот тушаалын хавсралт, багш, ажилчдыг ажилд авсан тушаалыг тус тус үндэслэл болгосон. А.******* нь жижүүрийн сул ажлын байранд ажиллаж буй тушаалтай байсан учир хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. ...2017 оны 8 сарын 29-31-ний аль нэг өдөр үйлчлэгч М.Батцэцэг нь “Би Долгормаагийн оронд ажиллаж байгаа учир тэтгэвэрт гарч байгаа жижүүрийн оронд ажиллаж болохгүй юу” гэсэн саналыг гаргасан. Тушаалтай нь танилцахад үйлчлэгчийн сул орон тоон дээр ажиллаж байсан тул хүний оронд ажиллаагүй байна гэдгийг мэдэгдсэн. Тэгээд Т.Долгормаагийн талаар судлахад хүүхэд асрах чөлөө авсан жижүүр болохыг мэдсэн. Сургалтын менежер Балсанхандаас Долгормаагийн оронд хэн ажиллаж байгаа вэ гэхэд “******* ажиллаж байгаа” гэж хэлсэн. ******* ажилд бүр авсан тушаалтай байсан, түр ажлын байранд авсан юм бол, яагаад тушаалаа ингэж гаргасан юм бэ гэхэд Балсанханд нь “олон удаа хүний оронд ажилласан учраас бүр авлаа, М.Батцэцэгийг Т.Долгормаагийн оронд түр авлаа гэж хэлсэн” гэсэн тайлбарыг өгсөн. Тухайн үед эргэж ярилцья гэсэн боловч ажлын ачааллаас шалтгаалан орхигдсон байсан.

Намайг ажил хүлээж авахад бага сургуульд жижүүр Б.Наранцэцэг, Д.Дуламханд, Т.Ганзориг, А.*******, дунд сургуульд жижүүр Д.Амаржаргал, дотуур байранд жижүүр А.Ариун-Эрдэнэ, Д.Ханддулам, Ө.Саранцэцэг, Г.Туяа, спорт зааланд жижүүр А.Ариунцэцэг, С.Сайнжаргал, Б.Мөнхзул, А.Амарбаяр нар ажиллаж байсан.  2016 оны 7 сарын 7-ны өдөр 100 хүүхдийн дотуур байр, 12 сард спорт заалны шинэ барилгыг хүлээн авч 2016 оны 9 сараас 9 жижүүр, 12 сараас 13 жижүүр ажиллаж эхэлсэн байдаг. Тухайн үед дунд сургуулийн жижүүрээр ажиллаж байсан Т.Долгормаа хүүхэд асрах чөлөө авсан тул жижүүрийн түр ажлын байранд А.*******ыг авч ажиллуулахдаа бага сургуулийн жижүүрээр ажиллуулсан байсан. Энэ үеэр жижүүрийн 4 сул орон тоо гарч шинээр хүн авсан байдаг.  Мөн 9 сарын 4-ний өдөр жижүүрийн сул ажлын байранд 2 хүнийг шинээр авсан. Өндөр насны тэтгэвэрт 2 хүн гарсан. Тухайн хуралд сууж байсан сургалтын менежер Балсанханд нь *******ын талаар огт хэлж танилцуулаагүй. Сул ажлын байр гарах бүрт жижүүр А.******* нь асуудлаа танилцуулсан бол асуудлыг шийдвэрлэх боломж олон удаа гарсан. Өмнө нь захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Балсанханд нь сул ажлын байр гарч байхад зохицуулалт хийж А.*******ын байрыг сул болгож шийдвэрлээгүй атлаа түр ажлын байранд “Бүр авлаа” гэсэн ташаа ойлголтыг амаар өгч тушаалаа алдаатай гаргасан, энэ асуудлыг эргэж танилцуулаарай гэж байхад асуудлыг танилцуулж шийдвэрлүүлээгүй ирсэн байна.  Үйлчлэгчийн орон тоон дээр ажиллаж байгаа Батцэцэгийг халах боломжгүй тул түр орон тоон дээр ажиллаж байгаа А.*******ыг халахаас өөр аргагүй байдалд хүрч ийм шийдвэр гаргасан юм. Одоогоор ажиллуулах орон тоо байхгүй байна гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.******* нь Дорнод аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан тус сургуулийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, дээрх нэхэмжлэлээ шүүх хуралдаан дээр дэмжсэн болно.  

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургууль нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.

 

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 12 сарын 28-ны өдрийн Б/71 тоот тушаалыг хүлээн авч, ажлаас буруу халсан тухай гомдлоо тус шүүхэд 2018 оны 1 сарын 17-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч А.******* нь Дорнод аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 8 сарын 22-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар сургуулийн жижүүрээр томилогдон ажиллаж байгаад ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 12 сарын 28-ны өдрийн Б/71 дүгээр тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Дээрх үйл баримтын талаар, Дорнод аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 8 сарын 22-ны өдрийн Б/26 дугаар тушаал, 2017 оны 12 сарын 28-ны өдрийн Б/71 дүгээр тушаал, ажил олгогч ажилтан нарын хооронд 2017 оны 4 сарын 10-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ тус тус хэрэгт авагджээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...миний хувьд сургуулийн жижүүрийн үндсэн орон тоон дээр ажиллаж байсан, ажилд авсан тушаал ч Т.Долгормаагийн орон тоон дээр түр ажиллаж байгаа гэж гараагүй, хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан учир намайг үндэслэлгүй халсан...” гэж тайлбарладаг.

Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ “...А.*******ыг Т.Долгормаагийн орон тоон дээр түр авч ажиллуулсан атлаа тухайн үеийн захирлаар ажиллаж байсан Балсанханд нь тушаал шийдвэрээ буруу гаргасан байна, орон тооны асуудлаа судлаад үзэхээр Т.Долгормаагийн орон тоон дээр А.******* ажиллаж байгаа нь батлагдсан учир ажлаас чөлөөлсөн, одоо жижүүрийн сул орон тоо байхгүй учир эгүүлэн ажилд авах боломжгүй байна” гэж маргадаг.

Дорнод аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 12 сарын 28-ны өдрийн Б/71 дүгээр тушаалаас үзэхэд:

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 37 дугаар зүйлийн 37.1.3, 106 дугаар зүйлийн 106.2, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн “Хүүхэд асрах чөлөөтэй байсан Төмөрбаатарын Долгормаа нь ажилдаа орох хүсэлт гаргасан тул жижүүрээр түр ажиллаж байсан А.*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх”-өөр шийдвэрлэжээ.

Т.Долгормаа нь хүүхэд асрах чөлөөтэй байсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар түүний ажил, албан тушаал хэвээр хадгалагдах бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар ажил олгогч түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй болно.

Хуульд заасны дагуу ажил олгогч ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь Т.Долгормааг ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэснийг шүүх буруутгах үндэслэлгүй юм.

Харин нэхэмжлэгч А.******* нь Т.Долгормаагийн ажил, албан тушаал дээр ажиллаж байсан эсэх талаар талууд маргаж байгаад дүгнэлт хийх шаардлагатай байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д ...ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл... хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулахаар заасан байна.  

Нэхэмжлэгчийг ажилд авсан Дорнод аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 8 сарын 22-ны өдрийн Б/26 дугаар тушаалаас үзэхэд А.*******ыг жижүүрээр ажиллаж байсан Т.Долгормаагийн ажил, албан тушаал дээр, түүнийг эргэж ажилдаа орох хүртэл хугацаагаар ажиллуулахаар авсан болох нь тогтоогдохгүй байна.

Харин дээрх тушаал болон 2017 оны 4 сарын 10-ны өдөр ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнээс үзэхэд А.******* нь бага сургуулийн жижүүрээр өөрөөр хэлбэл, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулан ажиллаж байсан нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч урьд нь Т.Долгормаагийн ажил, албан тушаал дээр түр хугацаагаар ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн талаар талууд маргаагүй бөгөөд энэ нөхцөл байдлыг дараагийн хөдөлмөрийн харилцаа үүссэн асуудалд хамааруулж дүгнэх боломжгүй юм.

Хариуцагч тал “...орон тооны асуудлыг судалж үзээд Т.Долгормаагийн ажил, албан тушаал дээр А.******* ажиллаж байсан нь нотлогдож байна, тухайн үед ажиллаж байсан захирал буруу тушаал гаргасан” гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч талын шүүхэд ирүүлсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн үзвэл дээрх нөхцөл байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Харин дээрх бичмэл баримтаас нэхэмжлэгч А.*******ыг ажилд орсноос хойш жижүүрийн орон тоо олон гарч шинээр ажилтан авч байсан,  мөн энэ хугацаанд А.******* байнгын болон түр хугацаагаар ажиллаж байсан эсэх талаар яригдаж, хэлэлцэгдэж байгаагүй нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч А.******* нь Т.Долгормаагийн ажил, албан тушаал дээр түр хугацаагаар ажиллаж байсан нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Дорнод аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн           115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус  удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******ыг Дорнод аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч байгууллага Дорнод аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            С.ГАНЧИМЭГ