Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/220

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0207/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган.-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Т.Т-гийн өмгөөлөгч И.Атарбямба,

Шүүгдэгч О.Ж, Б.Х нарын өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Т.Т, О.Ж, Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Т-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт О.Ж-, Б.Х нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218001650224 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, Т.Т, 1994 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

 

2.Монгол Улсын иргэн, О.Ж, 1995 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, дээд боловсролтой, уул уурхайн геологич мэргэжилтэй, ам бүл 3, урьд ял шийтгэлгүй.

 

3.Монгол Улсын иргэн, Б.Х, 1997 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, ам бүл 6, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 12 дугаар байрны гадна иргэн О.Ж-тай маргалдаж, улмаар эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “нүүр, баруун сарвуу, баруун бугалга, суга орчим, баруун шилбэ, зүүн сарвуу, тохой, зүүн эгэм орчим, зулайн ар хэсгийн хуйханд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч О.Ж, Б.Х нар нь бүлэглэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 12 дугаар байрны гадна иргэн Т.Т-тэй маргалдаж, улмаар эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, нүүр, баруун мөрний ар, нурууны баруун хэсэг, баруун тохой, зүүн тохой, гуя, баруун шуу, сарвуу, бугалга, өвдөг, баруун чамархайн хуйханд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч болон хохирогч Т.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.Ж намайг эхлээд зодоод байхаар нь би эргүүлээд биеэ хамгаалах гээд гараараа цохиж түлхэж байсан, харин өөр ямар нэ эд зүйлээр цохиж зодсон асуудал байхгүй. Харин хаана нь хэдэн удаа цохьсон талаар мэдэхгүй байна.

...Шүүгдэгч нараас 500.000 төгрөг авсан, нэмж нэхэмжлэх зүйл байхгүй.

...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч болон хохирогч О.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр үед Б.Т намайг хэл амаар доромжлоод тэрнээс болоод би Б.Т-тэй зодолдсон. Харин Б.Т-гээс Б.Х-э намайг өмөөрөөд бас зодолдсон юм.

... яг хэдэн удаа цохиж зодсоноо мэдэхгүй байна гараараа л цохьсон. Тэнд Б.Х-э, Б.Т бид 3 хоорондоо зодолдоод бужигналдаж байсан болохоор яг хэн нь хаана нь хэдэн удаа юугаар цохьсоноо мэдэхгүй байна.

...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн маргаан Б.Т-гээс өөрөөс нь болсон. Учир нь Б.Т манай найз Б.Ж-ыг хэл амаар доромжлоод байсан болохоор би өмөөрөөд зодолдож эхэлсэн. Энэ үед Б.Ж бас Б.Т-тэй зодолдсон.

...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4/,

 

-О.Ж-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-8/,

 

-Гэрч Ц.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Х-э нь Б.Ж гэх залууг дагуулж манайд ирсэн. Ингээд бид 3 манай гэрт хүний нэг лааз пиво ууж байгаад би Б.Т-тэй яриад уулзая гэсэн. 22 цаг өнгөрч байхад Үйлчилгээний төв дээр Баттулга, Б.Т нартай Жавлханбаатар, Б.Х-э бид 3 таараад тавуулаа “Queen” бааранд ороод 1 шил 0.75 литрийн “Эден” нэртэй архи, хүн тус бүр 1 лааз пиво аваад бид нар уучихаад баар хаах үеэр баарнаас гарахад гадаа дэлгүүр арай хааж амжаагүй байсан. Б.Ж дэлгүүрээс 2 том савтай пиво,  харин Баттулга нэг шил виски аваад манай гэрт очоод ууж байгаад би Баттулгатай ойрд уулзаагүй гээд нойлын өрөөнд хамт юм ярьж байгаад нойлын өрөөнөөс гараад ирэхэд Б.Ж-, Б.Т нар хоорондоо өндөр дуугаар маргалдаж байхад би Б.Т-г Баттулгын хамтаар аваад гарахад араас Б.Х-э гарч ирсэн. Би юу болсон талаар тодруулахад Жавхлан гэдэг найзыг Б.Т хялар, долир гэх мэтээр доромжилсон гэж хэлсэн гээд Б.Т-тэй Б.Х-этэй маргалдаад байж байхад араас Б.Ж гарч ирээд орцны үүдэнд Б.Т-г 1 цохиод авсан. Тэгэхэд бас Б.Х-э Б.Т-г 1 цохиод авахаар нь би Б.Х-ийг бариад авсан. Тэгэхэд Б.Т Б.Ж-ыг газар унагааж байгаад хэд хэдэн удаа цохьсон. Би Б.Т-г салгаж барьж авчихаад байрнаас холдож байхад Б.Т дээгүүрх хувцсаа тайлаад “одоо үзье” гээд цааш Дархан 50-ын чиглэлд явахад Б.Х-э араас нь гүйж очоод тэр 2 зодолдоод дээр доороо орж унасан. Тэгээд би бас очиж салгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25/,

 

-Гэрч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би одоо өдрийг нь тодорхой нарийн санахгүй байна, ямар ч байсан эмэгтэйчүүдийн баяраас өмнө байсан гэж санаж байна. Намайг гэртээ унтаж байхад шөнө 1 цаг өнгөрч байхад над руу залгаад байхаар нь би утсаа авахгүй байсаар байгаад 02 цаг өнгөрч байхад утсаа автал надад Б.Т хэлэхдээ “намайг хуучин хорооллын 12 дугаар байшингаас ирээд аваач” гэсэн. Тэгэхээр нь би Б.Т-г авахдаа ганцаараа очоод яахав гэж бодоод дүү Ануг дагуулаад гэрээс гарахад гэрийн гадаа найз Бишрэлттэй таараад хамт явсан. Ингээд таксигаар 12 дугаар байрны гадна очиход орцны үүдэнд Б.Т миний танихгүй 4 залуу, 1 эмэгтэйтэй байсан. Би орцны үүдэнд очиход Б.Т дээрх хүмүүстэй маргалдаад байсан. Тэгэхээр нь би тэнд байсан хүмүүсээс яагаад Б.Т-тэй маргалдаад хэрэлдээд байгаа талаар асуухад тэнд байсан хүмүүс яагаад гэдгийг хэлэхгүй чамд ямар хамаатай юм бэ? гээд уурлаад байсан.

...Б.Т-тэй маргалдаж байсан залуу хувцсаа тайлаад дээгүүрээ нүцгэлчихээд Б.Т-г зодох гээд дайрхад Б.Т цохиулахгүй гээд холдоод байсан. Тэгж байгаад Б.Т Дархан 50 цогцолбор чиглэлд булан эргээд явахад тэнд Б.Т-тэй маргалдаад байсан 2 залуу араас нь гүйгээд явсан. Би араас нь яваад очиход Дархан 50 цогцолборын төв хаалганы хажууд тэр 2 залуу Б.Т-г зодчихсон, Б.Т-гийн ам хамар бас цээж гар хэсэг маш их зулгаралттай байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28/,

 

-Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг зам дээр хүлээж байхад Б.Ж-, Б.Т 2 хоорондоо зодолдоод эхэлсэн, энэ үед Дэлгэрмөрөн салгаж байсан. Миний санаж байгаагаар Б.Ж-, Б.Т нар хоорондоо гэрт байхад маргалдаж, улмаар гадаа гарч ирээд зодолдоод энэ бүхэн эхэлсэн гэж бодож байна. Харин маргааш нь Б.Х-э надад хэлэхдээ “Б.Т Б.Ж-ын нүд рүү заагаад хялар долир гэж доромжлоод тэрнээс болж маргалдаж эхэлсэн.” гэж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31/,

 

-Гэрч Ч.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Т нь манайд ирж эмчлүүлэхдээ толгой өвдсөн, хүнд зодуулсан, 4-5 хоногийн өмнө архи уусан, өтгөн хар гарна, гэсэн зовиуртай ирсэн. Манайд ирсний дараа үзлэг хийж ходоодны дурангийн шинжилгээ хийхэд ходоодны шарх гэж оношлогдсон. Уг шарх нь ходоодны дотор хэсэгтээ байсан. Хэвлийн эхо-д гаднаа ямар нэг гэмтэлгүй, бас хэвлийн гаднаа өөрчлөлтгүй ходоод гэдэс цоорсон зүйл байгаагүй.

... Уг ходоодны шарх нь хуучин ходоодны шарх сэдэрснээс болсон. Уг шарх нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, хоолны дэглэм алдах, зохисгүй хооллолтоос болж үүсдэг. Ямар нэг гадны нөлөө байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35/,

 

-“...О.Ж-ын биед нүүр, баруун сарвуу, баруун бугалга, суга орчим, баруун шилбэ, зүүн сарвуу, тохой, зүүн эгэм орчим, зулайн ар хэсгийн хуйханд зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. О.Ж-ын биед илэрсэн гэмтэл нь 2022.03.02-ноос 03-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой байна. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. О.Ж-ын биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 281 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39/,

 

-“... Т.Т-гийн биед тархи доргилт, нүүр, баруун мөрний ар, нурууны баруун хэсэг, баруун тохой, зүүн тохой, гуя, баруун шуу, сарвуу, бугалга, өвдөг, баруун чамархайн хуйханд зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Т.Т-гийн биед илэрсэн гэмтэл нь 2022.03.02-ноос 03-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой байна. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Т.Т-гийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 282 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46/,

 

-Т.Т-д яаралтай тусламж үзүүлсэн хуудас /хавтаст хэргийн 47-48/,

-Т.Т-гийн хохирол, төлбөртэй холбоотой баримтууд /хавтаст хэргийн 158-166/,

-Б.Х-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 167/,

-Б.Х-ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 170/,

-О.Ж-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 182/,

-О.Ж-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 186/,

-Т.Т-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 191/,

-Т.Т-гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 190/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Т.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 12 дугаар байрны гадна иргэн О.Ж-тай маргалдаж, улмаар эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “нүүр, баруун сарвуу, баруун бугалга, суга орчим, баруун шилбэ, зүүн сарвуу, тохой, зүүн эгэм орчим, зулайн ар хэсгийн хуйханд зулгаралт, цус хуралт” бүхий хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч О.Ж-, Б.Х нар нь бүлэглэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 12 дугаар байрны гадна иргэн Т.Т-тэй маргалдаж, улмаар эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, нүүр, баруун мөрний ар, нурууны баруун хэсэг, баруун тохой, зүүн тохой, гуя, баруун шуу, сарвуу, бугалга, өвдөг, баруун чамархайн хуйханд зулгаралт, цус хуралт” бүхий хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогч О.Ж-, Т.Т нарын эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 281 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39/, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 282 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр /хавтаст хэргийн 45-46/ тус тус нотлогдож байна.

 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Т.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч О.Ж-, Б.Х нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хэргийн зүйл ангийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Т.Т-, Б.Х-э, О.Ж нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, шүүгдэгч Б.Х-э, О.Ж нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, шүүгдэгч Т.Т нь урьд ял шийтгүүлж байсан болох нь шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 170, 186, 190/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 167,182,191/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Х-э, О.Ж нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шүүгдэгч Т.Т-, Б.Х-э, О.Ж нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Харин шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлээр ирүүлсэн болон хүсэлт гаргасан эрүүгийн хэргийг, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын саналыг харгалзан шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах эрхтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Х-э, О.Ж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэлээ.

 

3.Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Хохирогч Т.Т-, О.Ж нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт гаргаж байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-, Б.Х-э, О.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч О.Ж-, Б.Х нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж-, Б.Х нарт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Х-э, О.Ж нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-, Б.Х-, О.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Я.ТУУЛ