| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2022/0118/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/130 |
| Огноо | 2022-06-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам
Улсын яллагч: Б.Бат-Оргил
Шүүгдэгч П.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч П.Энхтөрд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2214000770126 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Палам овогт Пүрэвийн Энхтөр, Регистрийн дугаар: (**********)
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч П.Энхтөр нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Бөмбөгөр сумын 3-9-1330 тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн хамтран амьдрагч Д.Бат-Өлзийгийн нүүрэн тус газарт нь гараараа цохин, хөлийн гуя хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булан, гуя, эрхий хурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч П.Энхтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Миний хувьд Д.Бат-Өлзийг 1 алгадсан нь үнэн. Гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 71-73 /
Хохирогч Д.Бат-Өлзийгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
П.Энхтөрөөс болж бид хоёрын хооронд хэрүүл маргаан үүсдэг бөгөөд архи уугаад ирэх болгондоо намайг янхнаар нь дууддаг. Тэгээд эх нь янхан юм чинь охин нь ч бас янхан гэж охин бид хоёрыг байнга хэл амаар доромжилдог. Тухайн өдөр мөн адил доромжлоод байхаар нь орны пүршнүүдийг нь гэрээс гаргаж хаясан. Дахиж П.Энхтөртэй эргэж нийлэх бодол байхгүй байна гэв.
Хохирогч Д.Бат-Өлзийгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар баг 9-1330 тоотод охин М.Мөнхцэцэг, ач хүү М.Мөнхсоёл, хамтран амьдрагч П.Энхтөр нарын хамт амьдардаг . 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай охин М.Мөнхцэцэг хүүхдээ надтай хамт үлдээгээд тэнээд алга болчихсон, түүний хүү М.Мөнхсоёл нь 3 сартай бөгөөд угаж хөхдөг юм, хүүхдийн бие өвдөөд би ач хүүгийн хамт эмнэлэгт хэвтсэн, 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр М.Мөнхцэцэг эмнэлэг дээр ирэхээр нь хүүхдийг нь үлдээгээд хэдэн өдөр нойр хоолгүй хүүхэд харсан болохоор ядраад хоол, цай хийж идэхээр Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар баг 9-1330 тоотод байх гэртээ явж очсон бөгөөд хашааны хаалгаар орсон чинь хамтран амьдрагч П.Энхтөр нь янхан ирж байна, танай хогийг би ачууллаа” гэж хэлхээр нь би тоохгүй гэртээ орж цайгаа гал дээрээ хийчихээд “намайг нялх хүүхэд харж зовж зовж ирэхэд янхан гэж дуудаж доромжиллоо” гэж уурлаад түүний олж ирж хашаанд тавьсан байсан орны пүршийг хашаанаас гаргаад хаячихсан чинь П.Энхтөр нь уурлаад миний хөл рүү өшиглөөд, цамцны захнаас заамдаж барьж байгаад хамар руу гараараа 1 удаа цохисон. Миний хамраас цус гоожсон, тухайн үед П.Энхтөрийг архи уусан эсэхийг мэдээгүй, харин дараа нь П.Энхтөр тухайн үед жоохон архи уусан байсан гэж өөрөө надад хэлсэн. П.Энхтөрийг намайг цохиж зодож байхад бид хоёроос өөр хүн байгаагүй. Миний хамар хугарсан болохоор нусаа татах, амьсгалахад хүндрэлтэй, өвчинтэй байгаа. Мөн гуя руу өшиглөснөөс болоод хөхрөлт үүссэн байсан. П.Энхтөр нь архи олдох юм байнга л уудаг, архи уучихаад ер нь байнга л агсан согтуу тавьдаг. П.Энхтөр нь 2021 оны 02 дугаар сард гэртээ агсан согтуу тавьж шүүхээр баривчлагдсан. 2021 оны 10 дугаар сард мөн гэртээ агсан согтуу тавьж миний гуя руу өшиглөсөн бөгөөд цагдаагийн байгууллагаас шалгаж шүүхээр баривчлуулсан. Тэгээд саяхан буюу 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр намайг зодсон... гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 /,
Гэрч М.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Би 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сум руу яваад 2 хоноод буюу 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ирээд ээж Д.Бат-Өлзий рүү ярихад манай хүүхдийг хараад эмнэлэгт байгаа талаар хэлхээр нь би шууд эмнэлэгт очоод хүүхдээ харж, ээж гэр рүүгээ явсан. Тухайн өдрийн орой ээж Д.Бат-Өлзий нь эмнэлэг дээр ирсэн бөгөөд түүний хамар, нүд, гуяны хэсэгт нь хөхөрч хавсан байхаар нь би түүнээс асуухад П.Энхтөр намайг зодсон гэж хэлсэн. П.Энхтөр нь ихэнхдээ архи уучихаад ээжтэй маргалдаад байдаг. Тэднийг юунаас болоод маргалдаад байдгийг би мэдэхгүй. П.Энхтөр нь намайг бол цохиж зодож байгаагүй, 2021 оны 02 дугаар сард П.Энхтөр нь ээжид агсан согтуу тавьж шүүхээр баривчлагдаж байсан. Мөн 2021 оны 10, 11 дүгээр сарын үед бас ээжид агсан согтуу тавьж шүүхээр баривчлагдсан. Би тэднийг маргалдах үед нь болиулах гээд олон удаа хэлж байсан боловч П.Энхтөр нь намайг бас чи гадуур тэнэдэг, янхандаж явдаг гээд доромжлоод байдаг. Намайг байхгүй хойгуур өөр бусад ямар үйл явдлууд болдгийг би мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаар шинжээчийн
1. Д.Бат-Өлзийгийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булан, гуя, эрхий хурууны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булангийн цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх бусад гуя, эрхий хурууны цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 19-27/
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 01-02/, 893 дугаар зөрчлийн материал /хх-ийн 10-107/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 40-44/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 75/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76/, депозит дансны хуулганууд /хх-ийн 78-81/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 85/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /хх-ийн 108/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 129 дугаар шийтгэврийн хуулбар /хх-ийн 109-111/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 585 дугаар шийтгэврийн хуулбар /хх-ийн 112-114/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 231 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 117-120/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч П.Энхтөр нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Бөмбөгөр сумын 3-9-1330 тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн хамтран амьдрагч Д.Бат-Өлзийгийн нүүрэн тус газарт нь гараараа цохин, хөлийн гуя хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булан, гуя, эрхий хурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч П.Энхтөрийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 71-73 /, хохирогч Д.Бат-Өлзийгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-49 /, гэрч М.Мөнхцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 54-55 /, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаар шинжээчийн ... Д.Бат-Өлзийгийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булан, гуя, эрхий хурууны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, .... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна .... дүгнэлт /хх-ийн 19-27/, зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Энхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч П.Энхтөр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэрэг учрал болсон гэх өдөр шүүгдэгч П.Энхтөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хувийн таарамжгүй харилцааны улмаас шүүгдэгч хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа цохин, хөлийн гуя хэсэгт нь хөлөөрөө өшиглөж зодсон нь үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч П.Энхтөр нь хохирогч Д.Бат-Өлзийгийн нүүрэн тус газарт гараараа цохиж зодсон үйлдэл нь хохирогчийн биед нь ... хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булан, гуя, эрхий хурууны цус хуралт гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна учирсан болох нь хэргийн / хх-ийн 19-27/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж заажээ.
Шүүгдэгч П.Энхтөр, хохирогч Д.Бат-Өлзий нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болно.
Иймд шүүгдэгч П.Энхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Энхтөр нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж бөгөөд Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолтод... шүүгдэгч П.Энхтөр нь ялаа бүрэн эдэлсэн тул 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор дуусгавар болсон, тус газрын хяналтанд хохироос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний үлдэгдэлгүй,бүртгэл хяналтанд байхгүй байна... бичигдсэн байна.
Шүүгдэгч П.Энхтөр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Д.Бат-Өлзий нь П.Энхтөрийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээний зардалд нотлох баримтгүйгээр нийт 205000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь 1400000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Д.Бат-Өлзийгийн эмчилгээний зардал болох 65000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардал болон нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ
Шүүгдэгч П.Энхтөр нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүний хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч П.Энхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан төрөл, хэмжээний дотор болох 620 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч П.Энхтөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн.... эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй, өөрийн гэсэн оршин суух тодорхой хаяггүй, хамтран амьдрагч Д.Бат-Өлзийтэй хамт амьдрахгүй тусдаа амьдарч байгаа, 4 ханатай гэрээ айлын хашаанд барсан... мэдүүлгээс үзэхэд шүүхээс оногдуулсан торгох, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелэгдэх боломжгүй байна.
Шүүгдэгч П.Энхтөр нь шүүхээс оногдуулсан / 620 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ нэмж авч, шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.Энхтөрд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Энхтөрийн эзэмшлийн ... 4 ханатай монгол гэр ...-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч П.Энхтөрд буцаан олгож,
Шүүгдэгч П.Энхтөр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.Энхтөр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.5, 3.6, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****************************** гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч П.Энхтөрийг / 620 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.Энхтөр нь шүүхээс оногдуулсан / 620 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч П.Энхтөрд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ нэмж авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч П.Энхтөр нь шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч П.Энхтөрд оногдуулсан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч П.Энхтөрд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Шүүгдэгч П.Энхтөрийн эзэмшлийн ... 4 ханатай монгол гэр ...-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч П.Энхтөрд буцаан олгосугай.
9. Хохирогч Д.Бат-Өлзийгийн эмчилгээний зардал болох 65000 төгрөгийг хэлэлцэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардал болон нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Шүүгдэгч П.Энхтөр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс эс зөвшөөрвөл хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Энхтөрд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА