Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
Хэргийн индекс | 162/2022/0111/Э |
Дугаар | 2022/ШЦТ/124 |
Огноо | 2022-06-09 |
Зүйл хэсэг | 27.10.3., |
Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Дамбажав
Улсын яллагч: Ж.Энхбат
Шүүгдэгч Л.Балжинням, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Балжиннямд холбогдох 2214000000135 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Алимжаа Наран овогт Лувсандэмбэрэлийн Балжинням, регистрийн дугаар: (*************),
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Л.Балжинням нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 03 цагийн орчим Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Цагаан чулуут” гэх газарт 13-69 УНЯ улсын дугаартай, Toyota Premio Т240 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжгүй хурдыг сонгож явна” гэх заалтыг зөрчиж, зам тээврийн осол гарсны улмаас иргэн А.Бат-Эрдэнийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Балжиннямын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу явахаар ярилцахад талийгаач А.Бат-Эрдэнэ ах өнөөдөр гаръя, маргааш ажилтай юм чинь ажлаа бодъё гэсэн. Тэгээд Говь-Алтай аймгаас орой 23 цагийн үед аав З.Лувсандэмбэрэл, найз Д.Хосбаяр, талийгаач А.Бат-Эрдэнэ нарын хамт гарсан. Баянхонгор аймаг өнгөрөөд Өлзийт сумын хажуухан талд зогсоод машинаас бууж бие засаад байж байхад араас машин ирж зогсоод дотроос нь цагдаа хувцастай хүн гарч ирээд миний бичиг баримтыг шалгаад “хурдтай явж байна хурдаа тохируулж яваарай” гэж хэлээд сануулсан. Шөнө 03 цагийн үед өөдөөс цас ороод байсан, миний хажууд талийгаач суусан суудлын бүсээ бүслээгүй байсан, би бүсээ бүсэлсэн байсан. Гадаа дулаахан байсан болохоор орсон цас нь хайлаад гулгаагүй, би ямар ч байсан 100 гаран км цагийн хурдтай явж байхад доошоо жаахан уруудсан зам гарч ирсэн, талийгаач намайг “наад хэсгээрээ жаахан хурдаа хасчихаа гулгаатай байж магадгүй” гэхээр нь би хурдаа хасахад шууд машин шарваад замын хажуу руу ороод онхолдсон бараг 3,4 эргээд машины 4 дугуй дээшээ хараад зогссон. Би зүгээр үү гээд орилоход хүн дуугараагүй, машинаас буугаад арын хаалгыг татахад онгойхгүй байсан, машин дотроос Д.Хосбаяр дуугарсан, би шууд хагарсан байсан цонхоор Д.Хосбаярыг татаж гаргасан. Бид хоёр хаалга онгойлгоод аавыг гаргах гэхэд хаалга онгойхгүй байхад талийгаач А.Бат-Эрдэнэ ах машины цаана хэвтэж байсан. Би гүйж очоод амьсгалж байгаа юм шиг чимээ гаргасан, би хиймэл амьсгал хийх гэж оролдоход ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй, манай найз Д.Хосбаяр намайг хамаагүй хиймэл амьсгаа хийж болохгүй бүр хүндрүүлчих байх хоёулаа эмнэлэг яаралтай дуудсан нь дээр гэж надад хэлсэн. Бид хоёр аавыг машинаас гаргачихаад шууд зам руу гүйсэн, цагийн дараа эмнэлэг, цагдаа ирээд эмч нь А.Бат-Эрдэнэ ахыг үзээд нас барсан байна гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 /
Хохирогч А.Жүгдэрийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
Манай дүү А.Бат-Эрдэнэ нь Говь-Алтай аймаг руу ажлаар 2022 оны 03 дугаар сарын 15-ны үеэр явсан. Над руу Говь-Алтай аймагт очсон байна гээд нэг ярьж байсан түүнээс хойш яриагүй. 2022 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 07 цагийн үед миний төрсөн эгч А.Ууганцэцэг нь над руу залгаад А.Бат-Эрдэнийг осолд орсон талаар хэлсэн, харин нас барсан гэж бол хэлээгүй өөрөө ч нас барсан гэж мэдээгүй. Өвөрхангай аймаг өнгөрөөд явж байхад Балжинням над руу залгаад Бат-Эрдэнэ ах нас барчихсан гэж хэлсэн. Аймагт ирээд Л.Балжиннямтай уулзаж яасан талаар асуухад шөнө 03 цагийн үед замд цас орж байсан, талийгаач маань Л.Балжиннямыг ахын дүү жаахан тоормосоо гишгээд явахгүй бол гулгаатай байна гэж хэлсэн гэсэн. Л.Балжинням тоормосоо гишгэхэд машин нь шарваад замын хажуу руу онхолдсон гэж надад хэлсэн. Талийгаач маань Л.Балжинням, Ж.Лувсандэмбэрэл ахын хамт явсан. Л.Балжинням нь бөхийн барилдаанд орох гээд нэг машинаар хамтдаа гарсан юм. Надад болон манай гэр бүлийнхэнд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хамаатан садангууд учраас, нэгэнт ийм болоод өнгөрсөн зүйл. Л.Балжинням нь талийгаачийн ажил явдлын үеэр мөнгө өгч миний хохирлыг барагдуулсан. 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр манай эгчийн дансаар 13,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 ,34 /,
Гэрч Д.Хосбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
Л.Балжиннямыг Улаанбаатар хот руу явах гэж байгаа гэхээр нь хамт явахаар болоод 23 цагийн үед Говь-Алтай аймгаас гарсан. Л.Балжинням нь өөрийн аавтайгаа хамт бас нэг залуу гээд дөрвүүлээ гарсан . ...Унтаад явж байхад машин шороон зам руу орох шиг болсон, би сэрээд машин 3,4 өнхөрсөн байх, нэг харахад Л.Балжинням машинаас буусан зүгээр үү гээд орилоод байсан. Би машины цонх хагарсан болохоор тэр цонхоор гарсан. Л.Балжинням бид хоёр арын суудалд надтай хамт сууж байсан аавыг нь гаргах гээд хаалгыг нь онгойлгох нэлээн ноцолдсон. Тэгээд байж байхад Л.Балжинням ах тэр байна гээд орилсон, яваад очиход А.Бат-Эрдэнэ гэх залуу газарт хэвтэж байсан, машинаас шидэгдсэн юм шиг байсан. Бид хоёр очоод харахад ямар ч хөдөлгөөнгүй байсан, Л.Балжинням хиймэл амьсгал хийгээд байсан. Би хиймэл амьсгал хийгээд нэмэргүй байхаа гялс зам руу гараад машин зогсоогоод түргэн дуудъя гэж хэлсэн. Бид 2 машины ард хаалгыг онгойлгоод Л.Балжиннямын аавыг нь машинаас гаргасан, аав нь зүгээр байсан. Тэгээд бид 2 шууд зам руу яваад машин зогсоогоод түргэн дуудаад өгөөч гэж гуйсан. Тэгээд 1 цагийн дараа байх түргэн, цагдаа ирсэн. Эмнэлэг нь үзээд нас барсан байна гэж хэлсэн, осол болох үед машин хурд хэдтэй явж байсан гэдгийг нь бол би мэдэхгүй, унтаж байсан. Харин Л.Балжинням хэлэхдээ 100 гаран километрийн хурдтай явж байсан, талийгаач намайг жаахан удаан яв гэхээр нь тоормосоо гишгэхэд машин шарваад замын хажуу руу онхолдсон гэж надад хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 /,
Гэрч Ж.Лувсандэмбэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
А.Бат-Эрдэнэ нь миний төрсөн ах н.Алтангэрэлийн хүү байгаа юм. Харин
Л.Балжинням миний төрсөн хүү байгаа юм. 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр манай хүү Л.Балжинням нь Говь-Алтай аймаг руу барилдах гээд явахаар болсон, би хамт явахаар болсон. Л.Балжинням нь тэмцээндээ 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ороод, тухайн өдрөө дууссан. Маргааш нь гарна гээд ярьсан байхад талийгаач А.Бат-Эрдэнэ нь ажилтай гээд тухайн өдрөө гарахаар болсон юм. Л.Балжинням нь машин барьж явсан, хажууд нь талийгаач суусан байсан. Харин арын суудалд Д.Хосбаяр гэх залуу бид хоёр суусан байсан. Би уусан байсан болохоор замдаа унтаад явсан, нэг сэрэхэд манай машин унасан байсан ба намайг Л.Балжинням татаж гаргасан. Тэгээд талийгаач машинаас шидэгдсэн бололтой жаахан зайтай газарт хэвтэж байсан. Би очоод харахад толгойноос нь цус гарсан ухаангүй байсан, Д.Хосбаяр, Л.Балжинням нар нь дуудлага өгөх гээд зам руу гүйсэн өөр зүйл болоогүй. Л.Балжинням хэлэхдээ шарваад замын хажуу руу унасан гэж л хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Л.Балжинням архи хэрэглээгүй, эрүүл байсан, манай хүүхэд архи уудаггүй, тамхи татдаггүй хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 239 дугаар шинжээчийн
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 237 дугаар шинжээчийн
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар шинжээчийн
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 33 дугаар цогцост үзлэг хийсэн шинжээчийн
1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын оройн яс духны хэсгээр зулайн орой ясыг дайрч өнгөрсөн дагзны ясны суурь руу үргэлжилсэн шугаман хугарал, хальсний цус хуралт, их, бага тархины аалзан хальсан доторх тархмал цус харвалт, хүзүүний 3, 4-р нугаламын салсан хугарал, сээрний нурууны 4, 5-р нугаламын их биеийн хугарал, өвчүү ясны дээд 1/3 хэсгийн хугарал, цээжний хэнхэрцэг баруун 1, 2-р хавирганы хоёрлосон 3, 4, 5, 6-р хавирга дан шууд хугарал, цус хуралт, хуйхны шарх, цус хуралт, дух, сарвуу, гуя, шилбэний цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.5, 3.1.6-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн болсон хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Талийгаач нь гавал, тархи, хүзүү, нугаламын хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ.
3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаачийн цогцосны эрт үеийн өөрчлөлт илэрсэн тул нас барсны баттай шинж болно.
5. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Мөн цус нь цусны АВО системээр А 2-р бүлгийн харьяалалтай байна ... гэх дүгнэлт /хх-ийн 77-80/
Техникийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаар шинжээчийн
Хариулт 1: Premio маркийн /13-69УНЯ/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Лувсандэмбэрэлийн Балжинням нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 -т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ нь осол болоход шууд нөлөөлсөн байна.
Хариулт 2: Холбогдогчийн мэдүүлгээс харахад Premio маркийн /13-69 УНЯ/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Лувсандэмбэрэлийн Балжинням нь үзэгдэх орчин хязгаарлагдмал, замын цастай гадаргуугийн нөхцөл байдлыг тооцоолоогүй, 80 км цагаас дээш хурдтай явсан нь тухайн зам тээврийн осол гарахад хүргэсэн шууд шалтгаан болсон байна. Тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан Лувсандэмбэрэлийн Балжинням буруутай үйлдлийн улмаас тухайн зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдож байна.
Хариулт 3: Premio маркийн /13-69УНЯ/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Лувсандэмбэрэлийн Балжинням нь 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр олгосон “ЕГ ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, жолоодох эрхийн үнэмлэх хүчинтэй төлөвтэй байна.
Хариулт 4: Асуултанд тусгагдаагүй боловч хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал тогтоогдохгүй байна ... гэх дүгнэлт /хх-ийн 46-48/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 04-06/, гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-17/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 18/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 23/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 73-76, 82-84/, Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаар албан бичиг, хавсралт /хх-ийн 87-88/, шүүгдэгчийн сурагчийн хувийн хэргийн хуулбарууд /хх-ийн 111-129/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 130/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 98/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 99/, депозит дансны хуулганууд /хх-ийн 101-104/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105/, эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 106-108/, хохирлын баримтууд /хх-ийн 110/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Л.Балжинням нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 03 цагийн орчим Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цагаан чулуут” гэх газарт 13-69 УНЯ улсын дугаартай, Toyota Premio Т240 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжгүй хурдыг сонгож явна...” гэх заалтыг зөрчиж, зам тээврийн осол гарсны улмаас иргэн А.Бат-Эрдэнийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Л.Балжиннямын мэдүүлэг /хх-ийн 95-96 /, хохирогч А.Жүгдэрийн мэдүүлэг /хх-ийн 28-29 ,34 /, гэрч Д.Хосбаярын мэдүүлэг /хх-ийн 40-41 /, гэрч Ж.Лувсандэмбэрэлийн мэдүүлэг /хх-ийн 44-45 /, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 239 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-55/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 237 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-62/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-69/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 33 дугаар цогцост үзлэг хийсэн шинжээчийн .... Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын оройн яс духны хэсгээр зулайн орой ясыг дайрч өнгөрсөн дагзны ясны суурь руу үргэлжилсэн шугаман хугарал, хальсний цус хуралт, их, бага тархины аалзан хальсан доторх тархмал цус харвалт, хүзүүний 3, 4-р нугаламын салсан хугарал, сээрний нурууны 4, 5-р нугаламын их биеийн хугарал, өвчүү ясны дээд 1/3 хэсгийн хугарал, цээжний хэнхэрцэг баруун 1, 2-р хавирганы хоёрлосон 3, 4, 5, 6-р хавирга дан шууд хугарал, цус хуралт, хуйхны шарх, цус хуралт, дух, сарвуу, гуя, шилбэний цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо,... гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, .... Талийгаач нь гавал, тархи, хүзүү, нугаламын хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ ... гэх дүгнэлт /хх-ийн 77-80/, Техникийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаар шинжээчийн ....Premio маркийн /13-69УНЯ/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Лувсандэмбэрэлийн Балжинням нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ нь осол болоход шууд нөлөөлсөн байна .... Premio маркийн /13-69УНЯ/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Лувсандэмбэрэлийн Балжинням нь үзэгдэх орчин хязгаарлагдмал, замын цастай гадаргуугийн нөхцөл байдлыг тооцоолоогүй, 80 км цагаас дээш хурдтай явсан нь тухайн зам тээврийн осол гарахад хүргэсэн шууд шалтгаан болсон байна. Тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан Лувсандэмбэрэлийн Балжинням буруутай үйлдлийн улмаас тухайн зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдож байна ... гэх дүгнэлт /хх-ийн 46-48/, болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч Л.Балжинням нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны эрх зүйн хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан , хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Шүүгдэгч Л.Балжиннямд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.Балжинням тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн , бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Л.Балжинням, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Л.Балжинням замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Учир нь шүүгдэгч Л.Балжиннямын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгч Л.Балжинням нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан нөхцөлийг бүрэн хангаж байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Л.Балжинням нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /нэг хүний амь нас хохироож/ гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн бөгөөд шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт, шүүгдэгчийн хувийн байдал, / “Голден будда проперти” ХХК-д хамгаалагчаар ажилладаг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг, ажил хийж ар гэрээ тэжээн тэтгэдэг, / гэм хэргийн улмаас учирсан хохирлын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад 13,000,000 төгрөгийг төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг тал бүрээс нь нягтлан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Л.Балжиннямын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Хавтас хэрэгт авагдсан гэмт хэргийн улмаас хохиролд нийт 823440 төгрөгийн хохирлын баримт хэрэгт авагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн талаас 13,000,000 төгрөгийг нөхөн төлж, хохирогч тал гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй талаар хх-ийн 109-р талд бичгээр илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Л.Балжиннямд ял оногдуулахгүйгээр оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ял болон тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Балжиннямын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр нэг / 1 / жилийн хугацаагаар тэнссэн ял дээр нэмж оногдуулсан тул үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Л.Балжиннямын 1091461 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх 1 ширхэгийг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Улаанбаатар хот Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн тасагт хүргүүлэхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Балжинням нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ****************************** авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Л.Балжиннямын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 3 / жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг / 1 / жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Л.Балжиннямыг оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Л.Балжиннямд нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч Л.Балжиннямд оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр нэг / 1 / хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Л.Балжиннямд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 3 / жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр нэг / 1 / жилийн хугацаагаар тэнссэн ял дээр нэмж оногдуулсан тул үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Л.Балжиннямын 1091461 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх 1 ширхэгийг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Улаанбаатар хот Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн тасагт хүргүүлсүгэй.
8. Шүүгдэгч Л.Балжинням нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүгдэгч Л.Балжиннямд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Балжиннямд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА