| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2022/0114/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/123 |
| Огноо | 2022-06-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам
Улсын яллагч: Б.Бат-Оргил
Шүүгдэгч Б.Баттөр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Баттөрд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2214000000168 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, эрэгтэй, Жаагийнхан овогт Батчулууны Баттөр, регистрийн дугаар: (***************************),
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.Баттөр нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутагт байх Спорт хорооны байранд Э.Энхбаттай маргалдан улмаар түүний зүүн талын чих рүү нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь зүүн чихний омогны шарх, зөөлөн эдийн няцрал, дэлбээний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Баттөрийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/
Хохирогч Э.Энхбатын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор сумын Спорт хороонд Баянхонгор аймгийн Сагсан бөмбөгийн холбооны хурал 13 цагийн үед эхэлсэн. Хурал эхлээд явж байхад зүс таних Б.Баттөр гэх залуу хуучин Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байсан н.Батбаяр, спорт хорооны дарга байсан н.Оюунбаатар нар руу чанга дуугаар та нар дарга нарын урдаас юм хэлж чадахгүй гэх зэргээр давшлаад байсан. Би Б.Баттөр гэх залууд хандаж ээлжлээд ярь, чи ямар атаман юм чацага минь зүгээр бай ээлж дараатай хэлэх зүйлээ хэл гэтэл шууд ширээнээсээ өндийгөөд босоод ирсэн, би бас босоод ирсэн. Над дээр өөрөө ирээд надтай тулсан, би зогсож байтал гэнэт гараа атгаад атгасан бөгжтэй гараараа зүүн чих рүү нэг удаа цохиод авсан. Тэнд байсан хүмүүс салгаад тэр гараад явахад, чихнээс цус гоожоод унахаар нь цагдаад болон эмнэлэгт дуудлага өгсөн. Түүний биед миний зүгээс гар хүрч цохисон зүйл байхгүй .... гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 /,
Гэрч Б.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Сагсан бөмбөгийн холбооны хурал Баянхонгор аймгийн Спорт хорооны сургалтын танхимд эхэлж, тухайн хурлаар шинээр аймгийн сагсан бөмбөгийн холбооны тэргүүн болон удирдах зөвлөлийг хэлэлцсэн. Тус хуралд “Нөхөрлөл Баянхонгор” ТББ гээд яваад байдаг Б.Баттөр гэх залуу сууж байсан. Хурлын үйл ажиллагаа эхлээд явж байгаад асуулт саналын хэсэгт орсон, тэгэхэд Б.Баттөр гэх залуу босож ирээд манай “Нөхөрлөл Баянхонгор” ТББ-ыг дэмжээгүй бид нарын эхэлж санаачилсан ажлыг нураасан” гэж хэлээд н.Оюунбаатар дарга руу “чи муу юу юм пизда минь” гэж дайраад эхэлсэн. Би хажуу талаас Б.Баттөрд хандаж “чиний ажлыг үгүйсгэсэн юм байхгүй танай нөхөрлөлийг сайн ажиллаж байсныг ер нь мэднэ миний дүү хэрүүл маргаан хийгээд хэрэггүй” гэтэл над руу өндөр дуугаар орилж хашхирсан байдалтай хандсан. Э.Энхбат дарга түүнд “чи юу юм энд хурал зөвлөгөөн хийж байна аятайхан байгаарай” гэсэн утгатай зүйл хэлэхэд шууд сууж байсан ширээнээсээ босоод хүрээд ирсэн. Э.Энхбат дарга ч суудлаасаа босоод ирсэн, Э.Энхбат даргын хоолойноос нь гараараа багалзуурдаад авсан, хоорондоо маргалдсан, арай ч цохичихгүй байх гэж бодож байтал Баттөр шууд Э.Энхбатыг шанаадсан, хартал чихнээс нь цус гарсан байсан. Э.Энхбатын зүгээс тухайн Б.Баттөр гэх залуугийн цохисон үйлдэлд хариу үйлдэл хийж түүний биед ямар нэг байдлаар гар хүрсэн зүйл огт байхгүй цохиулаад шууд доошоо сандал дээрээ суусан чихнээс нь цус гараад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 /,
Гэрч Л.Гансүхийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
Хурал дөнгөж эхлээд хурлын дэг яриад байтал “Нөхөрлөл” ТББ-ын тэргүүн Б.Баттөр гэх залуу босож ирээд “Баянхонгор аймгийн сагсан бөмбөгийн шигшээ баг муу оролцож байна энэ хурал анх удаа болж байна сагсан бөмбөгийн холбоо жил болоод тэргүүнээ сольё гэж ярилцчихаад солигдоогүй, 2-3 удаагийн асуудалтай санхүүжилт хүссэн боловч нэг ч төгрөг гаргаагүй, үндэсний лигт сайн оролцож байгаа, н.Оюунбаатар, Э.Энхбат дарга хоёртой уулзсан. Тэргүүлэгчдэд ардчилсан намаас 2 ардын намаас 2 хүн оруулбал дэмжиж байна. Спрайт лигт ороход туслаагүй, үндэсний лигийн багаа энэ багаар нь явж байж хөгжинө шүү. Биеийн тамир спортын даргын хувьд үүн дээр анхаарах хэрэгтэй гээд танилцуулаад гарахад би 20 минутын дараа ажлаасаа чөлөөлөгдөх гээд байна гээд Оюунбаатар над руу ярьж байсан” гэж хэлэхэд н.Оюунбаатарыг аятайхан байгаарай гэж хэлсэн. Тэгтэл н.Батбаяр “энэ зөвөө би дэмжиж байна хурлаа үргэлжлүүлье” гэтэл “чи дуугай бай” гэхээр нь Э.Энхбат дарга “чи дуугай байгаарай чи” гэж хэлсэн. Тэгсэн тэр хоёр өөд өөдөөсөө харж байгаад босоод ирээд Э.Энхбат дарга руу дөхөж очоод гараараа нүүр рүү нь цохисон. Хурлын дарга ямар нэг зүйл хэлээгүй цаашаа хараад нүүрээ дараад суутал чихнээс нь цус гарсан, би нэг салфетик авч ирж өгсөн, харахад чихнээс нь нэлээн сүрхий цус дуслаад гоожиж байсан. Б.Баттөр нь Э.Энхбатыг гараараа цохихдоо гартаа ямар нэг зүйл барьсан болон зүүсэн байсан эсэхийг мэдэхгүй гараа зангидаж байгаад шууд цохисон. Э.Энхбатын зүгээс тухайн Б.Баттөр гэх залуугийн цохисон үйлдэлд хариу үйлдэл хийж түүний биед ямар нэг байдлаар гар хүрч цохисон зүйл огт байхгүй цохиулаад шууд доошоо сандал дээрээ суусан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 /,
Гэрч Б.Оюунбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
Хурлаар Баянхонгор аймгийн “Сагсан бөмбөгийн холбоо”-ны тэргүүн болон тэргүүлэгчдийг сонгох хурал болсон. Хурлаа эхлээд явж байтал Баянхонгор “Нөхөрлөл” Төрийн бус байгууллагын тэргүүн Б.Баттөр нь үг хэлж хувийн асуудал ярьж эхэлсэн н.Батбаяраа чи 20,000,000 төгрөг идсэн гэж хэлэхэд би энэ хурал бол Баянхонгор аймгийн “Сагсан бөмбөгийн холбоо”-ны хурал учир ийм зүйл ярьж. болохгүй” гэж хэлсэн. Тухайн хурал дээр над руу дайрсан, Б.Баттөрд хандан Э.Энхбат дарга “ингэж болохгүй хуралд хүндэтгэлтэй хандъя” гэж хэлтэл урдаас нь “чамд ямар хамаатай юм чи юу мэддэгийн дуугүй бай пизда минь” гэчихээд босоод ирсэн. Э.Энхбат дарга ширээн дээрээсээ босоод “чи ингэж болохгүй чи юу юм” гэтэл өмнөөс нь шууд хүрч ирээд Б.Баттөр нь Э.Энхбат даргын чих рүү гараараа цохиход чихнээс нь цус гараад Э.Энхбат дарга урдаас нь ямар ч хариу үйлдэл хийгээгүй доошоо буцаад сандал дээрээ суусан. Б.Баттөр нь Э.Энхбатыг гараараа цохихдоо гартаа ямар нэг зүйл барьсан болон зүүсэн бөгжтэй байсан байж болзошгүй шууд чих руу нь цохиход нэлээн цус гарсан цус нь чихний омогны хавьцаанаас гарч байсан. Э.Энхбатын зүгээс тухайн Б.Баттөр гэх залуугийн цохисон үйлдэлд хариу үйлдэл гар хүрч цохисон зүйл огт байхгүй цохиулаад доошоо сандал дээрээ суусан... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 /,
Гэрч Б.Ууганбаатарын байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
Э.Энхбат нь Б.Баттөрийг “дуугай бай бацаан минь суу” гэж хэлэхэд Б.Баттөр “чамаар дуугаа хориулахгүй” гэхэд Э.Энхбат ширээнээсээ босож ирэхэд Б.Баттөр мөн босож ирсэн. Э.Энхбат Б.Баттөрийг “хаан юм уу, заан юм уу” гэж хэлэхэд түүний урдаас Б.Баттөр “чамаар дуугаа хориулах хүн би биш” гээд урдаас нь яваад очоод тэр хоёр урд урдаасаа тулсан. Э.Энхбат нь мөрөөрөө хөдлөх шиг болсон, Б.Баттөр гараараа түүний нүүр рүү нь цохих шиг болсон, түүнийг салгаад аваад гарсан. Б.Баттөр Э.Энхбатыг цохихдоо гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 325 дугаар шинжээчийн
1. 2. Э.Энхбатын биед зүүн чихний омогний шарх, зөөлөн эдийн няцрал, дэлбээний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
6. Дээрх гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно.
7. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 54-58/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 69-70/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл /хх-ийг 02/, хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын тогтоол /хх-ийн 95/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-06/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 08-09/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/, Баянхонгор аймгийн Сагсан бөмбөгийн холбооны хурлын тэмдэглэл /хх-ийн 11-14/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 80/, депозит дансны хуулганууд /хх-ийн 84-85/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 96/, төрийн банкны дансны хуулга /хх-ийн 97-99/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Б.Баттөр нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутагт байх Спорт хорооны байранд Э.Энхбаттай маргалдан улмаар түүний зүүн талын чих рүү нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь зүүн чихний омогны шарх, зөөлөн эдийн няцрал, дэлбээний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Баттөрийн мөрдөн байцаалтад хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 76-77/, хохирогч Э.Энхбатын мэдүүлэг /хх-ийн 19-21 /, гэрч Б.Батбаярын мэдүүлэг /хх-ийн 29-30 /, гэрч Л.Гансүхийн мэдүүлэг /хх-ийн 33-34 /, гэрч Б.Оюунбаатарын мэдүүлэг /хх-ийн 37-38 /, гэрч Б.Ууганбаатарын мэдүүлэг /хх-ийн 41-42 /, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 325 дугаар шинжээчийн... Э.Энхбатын биед зүүн чихний омогний шарх, зөөлөн эдийн няцрал, дэлбээний цус хуралт гэмтэл тогтоогдлоо,....гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 54-58/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Баттөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Баттөрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хэргийн хохирогч Э.Энхбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Шүүгдэгч Б.Баттөр нь хохирогч Э.Энхбатын биед биед биед зүүн чихний омогний шарх, зөөлөн эдийн няцрал, дэлбээний цус хуралт гэмтэл тогтоогдлоо гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 54-58/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Баттөр нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Баттөр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Баттөр нь хэргийн нөхцөл байдал, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч Э.Энхбат нь Б.Баттөрийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Баттөр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал болон шүүгдэгч Б.Баттөр нь “Нөхөрлөл” ТББ-ийн тэргүүн, тогтмол орлоготой Баянхонгор аймгийн Шинэжинст суманд үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэ монос ХХК-д ажиллагад, 2,500,000 төгрөгийн цалинтай, Төрийн банкны MN40034108400100024 тоот дансанд 648,547,90 төгрөгийн үдэгдэлтэй, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын саналын хүрээнд, мөн шүүгдэгчийн дүгнэлт болон шүүхээс оногдуулах торгохын ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан шүүгдэгч Б.Баттөрд торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Баттөр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Баттөр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****************************хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Баттөрд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Баттөр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Баттөрд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Шүүгдэгч Б.Баттөр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Баттөрд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА