Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзийн Уянга |
Хэргийн индекс | 181/2017/01310/и |
Дугаар | 936 |
Огноо | 2018-04-23 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 936
2018 оны 04 сарын 23 өдөр Дугаар 181/ШШ2018/00936 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х овогт Л С /РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “ЭЭБМА” ХХК/РД: /-д холбогдох,
Дутуу олгогдсон цалин, ээлжийн амралтын олговор, ажлаас халагдсаны тэтгэмж, хөдөлмөрийн гэрээний дагуу ёстой төлөх төлбөр, нийтээр амрах баярын өдөр болон илүү цагаар ажиллуулсны нэмэгдэл хөлс зэрэгт нийт 16,563,487 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Нэхэмжлэгч нь “ЭЭБМА” ХХК-д аудитороор 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажилд орж, 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч, тушаал шийдвэрээ гаргуулсан. Гэтэл орны ажил авах хүн нь байхгүй гээд түр ажиллаж байхыг хариуцагч компани хүссэн байдаг. Энэ дагуу тушаал шийдвэргүйгээр үргэлжлүүлэн ажиллаж байгаад 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ажлаасаа гарах хүсэлтээ дахин гаргаж, хүсэлтийг нь шийдвэрлэж өгөөгүйн улмаас 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ажлаа орхин явсан.
Үргэлжлүүлэн ажиллахдаа өмнөх цалингаараа цалинжиж, ажлын 5 өдөр бус 6 өдөр ажилладаг байсан. Хариуцагч илүү цагийн нэмэгдэл хөлсийг мөн л олгоогүй. Илүү цагийн нэмэгдэл хөлс олгохгүй атлаа 6 өдрөөр ажиллуулдаг байсан явдал нь нэхэмжлэгчийн ажлаасаа гарах шалтгаан нь болсон байсан.
Нэхэмжлэгч нь аудиторын ажлын байранд сарын 1,843,209 төгрөгийн цалинтай байсан боловч 2016 оны 7, 8 дугаар саруудад огт цалин аваагүй, 2016 оны 9 дүгээр сард 500,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сард 1,100,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 500,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сард 350,000 төгрөгийг дутуу авсан. Дутуу авсан нийт цалингаас татвар хураамжийг хасаж тооцоход 4,950,000 төгрөгийг хариуцагч өгөөгүй дүн гарч байгаа. Үүнийг гаргуулахаар шаардсан. Тухайн үедээ цалингаа авъя гэхэд байгууллагын санхүү хэцүү байна хүлээгээч гэдэг байсан.
Мөн нэхэмжлэгч энэ байгууллагад орсноосоо хойш огт амраагүй байдаг. Ажлаас гарч байгаа тохиолдолд ээлжийн амралтын олговрын тооцоог ажил олгогч хийх ёстой боловч ээлжийн амралтын олговор олгоогүй. Нэхэмжлэгчийн хувьд 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 26 хоногийн амралт эдлэхээр байгаа бөгөөд үүнийг тооцвол 2,328,264 төгрөгийг хариуцагч олгох ёстой. Үүнийг шаардаж байна.
Ажлаас халагдсаны тэтгэмжийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр тушаал гарсан учир мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 1 сарын цалин 1,843,209 төгрөгтэй тэнцэх тэтгэмж авах эрхтэй. Хуулийн дагуу тэтгэмжээ мөн шаардаж байгаа.
Талууд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.5 дахь заалтаар Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын гишүүний жилийн хураамж 120,000 төгрөгийг ажил олгогч хариуцан төлөхөөр тохирсон боловч хариуцагч огт төлөөгүй. Нэхэмжлэгч өөрөө гишүүний жилийн хураамж болох 120,000 төгрөгийг төлж байсан учир 2016, 2017 оны хураамжийн 240,000 төгрөгийг хариуцагчаар төлүүлж өгнө үү.
Түүнчлэн хөдөлмөрийн гэрээний 10.1, 10.2 дахь заалтаар ажилтны хамрагдсан сургалтын төлбөрийг ажил олгогч хариуцахаар мөн тохирсон. Гэтэл нэхэмжлэгч өөрөө сургалтад 2016 оны 3, 4 дүгээр саруудад хамрагдсаны зардал 1,470,000 төгрөгийг төлсөн байгаа. Сургалтад хамрагдаж авсан мэргэшсэн нягтлан бодогчийн болон аудиторын эрхийг нь хариуцагч байгууллага ашиглаж, үйл ажиллагаа явуулах эрхээ авсан байдаг. Тиймээс хариуцагчаас сургалтын зардалд нэхэмжлэгч өөрөөс төлсөн 1,470,000 төгрөгийг, аудиторын сертификат буюу батламж авахад төлсөн 180,000 төгрөгийн хамтаар гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч нь баярын өдрөөр “Оюу толгой” ХХК-д томилолтоор ажилласан бөгөөд онгоц 1 өдрөөр саатсаны улмаас 2 хоносон байдаг. Гэтэл ажил олгогч нь баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлсийг нь өгөөгүй. Онгоц саатсан явдалд нэхэмжлэгч буруугүй учир 2 хоногийн нэмэгдэл хөлс 179,097 төгрөгийг авахаар нэхэмжилж байна.
Хамгийн сүүлд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд нийт 40 бямба гаригт нэхэмжлэгч илүү цагаар ажилласан. Тиймээс 1 өдрийн 89,548.62 төгрөгөөр тооцож нийт 5,372,917 төгрөгийг амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлс болгож авах эрхтэй гэж үзэж байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас нийт 16,563,487 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.
Хөөн хэлэлцэх хугацааны тухайд нэхэмжлэгчид 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цалин олгосон, сүүлийн цалин дээр өмнөх оны үлдэгдэл гэж 500,000 төгрөг олгосон тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, тэр хугацаанаас дахин тоологдохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд шүүхэд хандсан байдаг. Мөн ажлаасаа 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр чөлөөлөгдөж, 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан тул хуульд заасан хугацааны дотор гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр анх аудиторын туслахаар ажилд орж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ахлах аудитороор ажиллаж байгаад 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүсэлтээ өгч ажлаасаа чөлөөлөгдсөн. Тушаалыг түүний хүссэнээр орон тооны цомхотгол гэж гаргасан байдаг. Түүнээс хойш 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажилласан зүйл байхгүй. Харин ажлаа хүлээлгэж өгөхгүйгээр явсан асуудал байдаг.
Тэрээр 2016 оны 5 дугаар сар хүртэл аудиторын сургалтанд хамрагдаж, 2016 оны 6 дугаар сард гэрчилгээгээ авсан тул 2016 оны 9 дүгээр сараас аудитороор ажилд томилогдсон байдаг.
Манай компанийн үйл ажиллагаа доголдож, 2016 оны 7 сараас бараг сул зогсолт хийсэн учир нэхэмжлэгчийн тухайн сарын цалинг 9 дүгээр сард, түүнээс хойшхи хугацаанд дутуу олгосон цалин хөлсийг нь 2017 оны эхээр 1-3 саруудад хувааж нөхөж өгөөд дуусгасан байгаа.
Тэгээд ч 2016 оны дутуу олгосон цалин хөлстэй холбоотой гомдол гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаа өнгөрсөн.
Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн учир ажилаас халагдсаны тэтгэмж авах хуулийн зохицуулалт байхгүй. Түүнийг ажлаас халагдах үед ээлжийн амралтынх нь тооцоог бүрэн хийсэн тул тэтгэмж болон ээлжийн амралтын олговор шаардах эрхгүй.
Мэргэшсэн нягтлан бодогчийн гишүүний 2016 оны хураамжийг бүхэлд нь нөхөн төлсөн, харин 2017 оныхыг хариуцах үндэслэлгүй. Мөн хөдөлмөрийн гэрээний 10-т заасан сургалтын төлбөрийг хариуцагч төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сараас аудитороор ажиллаж эхэлсэн бөгөөд түүнээс хойш нэхэмжлэгчийг сургалтад хамруулах шаардлага ажил олгогчид үүсээгүй. Өөрөө сайн дураар хамрагдсан сургалтын төлбөрийг хариуцагч төлөх үүрэггүй.
“Оюу толгой” ХХК-д томилолтоор ажиллахдаа 1 хоног онгоц саатсан гэж байна. Хэрэв онгоц саатсан бол энэ нь ажил олгогчоос шалтгаалаагүй бөгөөд ажил олгогч илүү цагаар ажиллуулаагүй. Ажил үүргээ яаж зохион байгуулсан нь тэр хүний асуудал. Хэдийд илүү цагаар ажиллуулсныг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нотлоогүй.
Нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн тул гомдол үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийг хувь хүний зүгээс хохироосон зүйлгүй, шударга байх үүднээс үзвэл үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байна гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.С нь хариуцагч “ЭЭБМА” ХХК-аас дутуу олгогдсон цалин, ээлжийн амралтын олговор, ажлаас халагдсаны тэтгэмж, хөдөлмөрийн гэрээний дагуу ёстой төлөх төлбөр, нийтээр амрах баярын өдөр болон илүү цагаар ажиллуулсны нэмэгдэл хөлс зэрэгт нийт 16,563,487 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Л.С нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс “ЭЭБМА” ХХК-д аудиторын туслахын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ахлах аудиторын албан тушаалд томилогдож, тус компанийн захирлын 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 17/2 дугаар тушаалаар орон тоо цомхотгогдсон үндэслэлээр мөн өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.
Тэрээр ажиллах хугацаандаа холбогдох сургалтанд хамрагдаж, 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрх бүхий аудиторын эрхийг тус тус авсан үйл баримт тогтоогдож байна.
“ЭЭБМА” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Л.Стай 1 жилийн хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгчийг аудиторын албан тушаалд сард 1,843,209 төгрөгийн цалин хөлсөөр ажиллуулахаар тохиролцсон байх ба гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусахад талууд гэрээг сунгаагүй, харин нэхэмжлэгч үргэлжлүүлэн ажилласнаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар уг гэрээ 1 жилийн хугацаагаар сунгагдсан боловч 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн буюу ажилтны хүсэлтээр цуцлагдсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...илүү цагийн хөлс төлдөггүй болохоор нь ажлаасаа гарах хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлсэн...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нэхэмжлэгч хүсэлтээ өгч ажлаасаа чөлөөлөгдсөн” гэж тус тус тайлбарласан тул шүүх маргаагүй энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасны дагуу ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилга гаргасан тохиолдолд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д зааснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болдог бөгөөд манай тохиолдол энд хамаарч байна.
“ЭЭБМА” ХХК-ийн захирал нь 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Л.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай 02 тоот тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлийг баримталсан нь бодит байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй ч энэ тушаалд нэхэмжлэгч гомдоогүй тул шүүх тушаалын үндэслэлийг хянах хууль зүйн үндэслэлгүйн гадна тогтоогдсон бодит үйл баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэхэд энэ тушаалын үндэслэл саад болохгүй гэж дүгнэв.
Л.С нь 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш ажил олгогчийн “тухайн ажилд тохирох өөр ажилтан ирэх хүртэл түр ажиллаж байгаач” гэсэн хүсэлтийн дагуу 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн ажилласан гэж нэхэмжлэгч тал тайлбарласнаар орон тооны цомхотголоор түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх тушаалын үндэслэл мөн үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй байна.
Шүүх талуудын хүсэл зоригт нийцүүлэх, тэдгээрт илүү ойлгомжтой байлгах үүднээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тус бүрт нь дүгнэлт өгөх шийдэлд хүрлээ.
Нэг. 2016 оны 7 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацааны цалин хөлс дутуу олгосны зөрүүд 4,950,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Энэ шаардлагыг шийдвэрлэхийн тулд шүүх нэхэмжлэгчийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсэн эсэхийг тогтоох нь ач холбогдолтой байна.
Нэхэмжлэгчийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажилласан байдлыг 2017 оны 1, 2, 3 дугаар саруудад хариуцагчаас түүнд цалин гэж нийт 4,250,000 төгрөг төлж байсан баримтаар нотлоно гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эдгээрээс зарим нь 2016 оны дутуу олгосон цалингийн зөрүү байсан гэж маргасан.
Хэрэгт нэхэмжлэгч Л.С нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажилласныг нотлох өөр баримт авагдаагүй байна.
Ажил олгогчийн зүгээс 2016 оны 7 дугаар сараас мөн оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд ажилтны нийгмийн даатгалын шимтгэлд сар бүр 387,074.08 төгрөг төлсөн, харин 2017 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сарыг дуустал сар бүр 60,000 төгрөгийг ажилтан сайн дурын даатгалын үндсэн дээр өөрөө төлсөн болох нь Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын лавлагаагаар тогтоогдсон, хариуцагч байгууллагад ажилласан хугацааны ээлжийн амралт, амралтын буюу баярын өдрүүдэд ажилласан тооцоогоо нэхэмжлэгч гаргахдаа 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаагаар тооцсон зэргээс үзэхэд шүүх нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн 2 сар 11 хоног ажилласан гэж үзэх боломжгүй байна.
Ийнхүү нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан байдлаа эргэлзээгүй нотлож чадахгүй байх тул шүүх хариуцагчаас 2017 оны 1 дүгээр сарын 24, 2 дугаар сарын 13, 14, 3 дугаар сарын 17-ны өдрүүдэд нэхэмжлэгчид олгосон 3,850,000 төгрөгийг өмнө авах ёстой байсан цалин хөлсний дутууг олгосон гэх хариуцагч талын тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Л.С нь сарын 1,843,209 төгрөгийн цалинтай, үүнээс нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдсөн 387,074.08 төгрөгийг хасаж тооцвол сард 1,456,135 төгрөгийн цалин хөлсийг авах ёстой байсан байна.
Үүнээс 2016 оны 7 дугаар сард 1,000,000 төгрөг /2016.09.08, 2016.09.29-нд олгогдсон/, 2016 оны 9 дүгээр сард 400,000 төгрөг /2016.10.14-нд олгогдсон/, 2016 оны 10 дугаар сард 500,000 төгрөг /2016.11.01-нд олгогдсон/, 2016 оны 11 дүгээр сард 650,000 төгрөг /2016.11.17, 2016.12.05-нд олгогдсон/, 2016 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөг /2016.12.13, 2016.12.27-нд олгогдсон/, 2017 оны 1 дүгээр сард 400,000 төгрөг /2017.01.16-нд олгогдсон/ тус тус авсан нь тогтоогджээ.
Тэгэхээр нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сард 456,135 төгрөг, 2016 оны 8 дугаар сард 1,456,135 төгрөг, 2016 оны 9 дүгээр сард 1,056,135 төгрөг, 2016 оны 10 дугаар сард 956,135 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 806,135 төгрөг, 2016 оны 12 дугаар сард 456,135 төгрөг буюу нийт 5,186,810 төгрөгийн цалин хөлсийг дутуу авсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд үүнээс 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 1,100,000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 750,000 төгрөг буюу нийт 3,850,000 төгрөгийг авсан нь нотлогдсон тул 1,336,810 төгрөгийн үлдэгдэлтэй гэж үзнэ.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан цалин хөлсийг сард 2 ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр мөнгөн хэлбэрээр олгох үүргийг мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хүлээдэг.
Манай тохиолдолд хариуцагч нь хуулиар хүлээсэн энэ үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байгаа.
Нэхэмжлэгч нь дутуу олгосон цалин хөлсний зөрүү шаардсан энэ шаардлагаа 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан, хариуцагч 2016 оны 7 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацааны дутуу олгосон цалингийн зөрүүг хамгийн сүүлд 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр олгосон байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д заасан журмыг баримтлан нэхэмжлэгчээс гомдол гаргах хугацааг тооцоход энэ шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааны дотор багтаж байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагаас 1,336,810 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 3,613,190 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хоёр. Ээлжийн амралтын олговор 2,328,264 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалтуудаар ажил олгогч нь ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлэх, ээлжийн амралтын хугацаанд олговор олгох, олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалингийн хэмжээгээр тогтоож олгох талаар зохицуулсан.
Хуулийн энэ зохицуулалтыг хэрэгжүүлэхэд Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”, “Ээлжийн амралтын олговор тооцох журам”-ыг баримтлах ёстой.
Ээлжийн амралт олгох зааврын 15-д “Ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ” гэж заасан байдаг.
Манай тохиолдолд хариуцагчийг энэ үүргээ биелүүлснийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, 2016 онд нэхэмжлэгчид ээлжийн амралтыг нь биеэр эдлүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдсонгүй.
Нийт ажилласан хугацаандаа ногдох ээлжийн амралтын олговор тооцуулан авах нэхэмжлэгчийн эрх 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр зөрчигдсөнөөс хойш тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааны дотор энэ талаарх шаардлагаа гаргасан тул шүүх нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзнэ.
Л.С нь 2000 оны 1 сараас 2017 оны 1 дүгээр сарын 06-ныг хүртэл нийт 17 жилийн хугацаанд ажилласан болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар тогтоогдсон, үүнээс олон жил ажилласан байдлыг нотлосон баримт хэрэгт авагдаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.5.3-д зааснаар 1 жилд ажлын 22 өдөр амрах эрхтэй.
Түүний амралтгүй ажилласан 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 06-ний өдрийг хүртэлх 1 жил 1 сарын хугацаанд ногдох амралтын өдрийг Ээлжийн амралт олгох журмын 17 дугаар зүйлийн дагуу тооцоход 23,8 өдөр /22+1,8хоног/ гарч байх тул Ээлжийн амралтын олговор тооцох журмын дагуу 1 өдөрт ногдох олговор 67,727.2 төгрөг /1,456,135:21,5/-ийг мөн өдрөөр үржүүлэн 1,611,908 төгрөг /67,727.2х23,8/-ийн олговрыг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзэв.
Иймд ээлжийн амралтын олговорт хариуцагчаас 1,611,908 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн энэ шаардлагаас 716,356 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Гурав. Ажлаас халагдсаны тэтгэмжид 1,843,209 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор хуульчилсан.
Зохигчдын маргаагүй тайлбараар талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.8-д зааснаар дуусгавар болсон нь тогтоогдсон, энэ үндэслэл нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй тул шүүх хариуцагчийг ажлаас халагдсаны тэтгэмж төлөх үүрэггүй гэж үзнэ.
Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хуульд нийцэхгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгов.
Дөрөв. ММНБИ-ийн гишүүний татварт 240,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын гишүүнчлэлийн журмын 3.2.1-д заасны дагуу гишүүн бүр 1 жилийн татварт 120,000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Л.С нь 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээ авснаар татвар төлөх үүрэг бүхий гишүүн болжээ.
Зохигчид хөдөлмөрийн гэрээний 8.5 дахь заалтаар “ажилтны МНББ-ын гишүүний жилийн хураамжийг ажил олгогч хариуцна” гэж тохирсоны дагуу нэхэмжлэгч 2016, 2017 оны гишүүний татварт 240,000 төгрөгийг өөрөөс төлсөн үндэслэлээр хариуцагчаас шаардсан.
Талуудын энэ тохиролцоо нь Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн ажил олгогчийн үүрэгт хамаарахгүй учир шүүх Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, 369.3-т заасныг баримтлан хариуцагчийг мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн энэ үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстой гэж үзэв.
Гэвч хэрэгт нэхэмжлэгчээс гишүүний татварт 240,000 төгрөг төлснийг нотлосон баримт авагдаагүйн гадна 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн ажилтны 2017 оны татварыг хариуцагч төлөх үүрэг хүлээхгүй тул шүүх нэхэмжлэгчийн энэ шаардлагыг үндэслэлгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тав: Сургалтын төлбөрт 1,470,000 төгрөг, аудитороор бүртгэгдсэний батламж авахад зарцуулагдсан 180,000 төгрөг гаргуулах шаардлагуудын тухайд:
Хөдөлмөрийн гэрээний 10.1-т “...Ажил олгогчийн санаачилгаар ажилтныг гадаад, дотоодод мэргэжлийн болон гадаад хэлний сургалтад бүтэн төлбөрийг төлөн сургана”, 10.2-т “Ажилтан нь тухайн сургалтад амжилттай хамрагдаж чадаагүй тохиолдолд тухайн сургалтад компанийн төлсөн төлбөрийг компанид буцаан төлөх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.
Талуудын энэхүү тохиролцоо мөн л Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн ажил олгогчийн үүрэгт хамаарахгүй учир Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу шийдвэрлэгдэх асуудал байна.
Нэхэмжлэгч Л.С нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр аудиторын сургалтын төлбөрт 450,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр эрх сунгах сургалтад 320,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “АССА F6” хичээлийн төлбөрт 700,000 төгрөг буюу нийт 1,470,000 төгрөгийг сургалтын төлбөрт төлсөн үйл баримт тогтоогдлоо.
Тэрээр 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрхийн 791 тоот батламжийг авснаар аудитороор ажиллах эрхтэй болж, энэ дагуу аудиторын туслахаар ажиллаж байсан түүнийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ахлах аудитороор ажиллуулах тухай “ЭЭБМА” ХХК-ийн захирлын 18 тоот тушаал гарсан байна.
Энэ тушаал гарснаас хойш ажил олгогчийн санаачилгаар түүнийг сургалтад хамруулсан үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн шаардаж буй төлбөр нь 791 тоот батламж авахаас өмнө хамрагдсан сургалтад хамаатай байна.
Тэгэхээр 791 тоот батламжийг авахаас өмнө нэхэмжлэгчийг аудитороор ажиллаж байсан гэж үзэхгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээний 10.1-д заасан сургалтын төлбөр төлөх хариуцагчийн үүрэг нь аудитор Л.Сыг өөрийн санаачилгаар сургалтад хамруулсан тохиолдолд үүсэх учир шүүх нэхэмжлэгчийн сургалтын төлбөр шаардсан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, аудиторын эрх авахаас өмнөх сургалт нь аудиторын ажлын байранд ажиллуулахаар тохиролцож байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.1-д заасан сургалтад хамаарахгүй гэж ойлгоно.
Тэрчлэн аудиторын албан тушаалд ажиллахаар ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтны аудиторын үйл ажиллагаа явуулах эрхээ олж авч буй батламжийг авахдаа зарцуулсан 180,000 төгрөгийн зардлыг төлөх үүргийг ажил олгогч хүлээх хууль зүйн ямар ч үндэслэлгүй юм.
Иймд хариуцагчаас 1,650,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Зургаа. Нийтээр амрах баярын өдрөөр “Оюу толгой” ХХК-д томилолтоор ажилласны нэмэгдэл хөлс 179,097 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Ажил олгогч нь нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй тохиолдолд дундаж цалин хөлсийг нь 2 дахин нэмэгдүүлж олгох үүргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д зааснаар хүлээдэг.
Манай тохиолдолд нэхэмжлэгч нь хэдийд, ямар ажил үүргийг гүйцэтгэх зорилгоор “Оюу толгой” ХХК-д томилолтоор ажилласан нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг ирүүлээгүйгээс шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах хугацааг тооцох, нэхэмжлэгчийг шаардах эрхтэй эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө, баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Долоо. Долоо хоногийн амралтын өдөр буюу 2016 онд 40 бямба гаригт ажилласны нэмэгдэл хөлс 5,372,917 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн энэ шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасан зохицуулалтад хамаарна.
“ЭЭБМА” ХХК-ийн аудиторын ажлын байрны тодорхойлолтод зааснаар ажилтан 7 хоногийн 5 өдөр ажиллаж, 2 өдөрт нь амрах хуваарьтай байна.
Хэрэв нэхэмжлэгч нь бямба гаригт ажилласан бол амралтын өдөр ажилласны хөлсийг ердийн цалин хөлсийг 1,5 дахин, эсхүл түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн байдлаар хариуцагчаас шаардах эрхтэй.
Гэхдээ хэрэгт нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан тооцооноос өөр энэ шаардлагыг нь нотлох баримт авагдаагүй тул шүүх нэхэмжлэгчийг нэмэгдэл хөлс шаардах эрхтэй эсэх, цаашлаад энэхүү шаардлагаа хуульд заасан гомдлын шаардлага гаргах 3 сарын хугацаанд гаргасан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.
Нэгэнт гаргасан шаардлага, түүнийхээ үндэслэлийг баримтаар нотлох үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй тул шүүх амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлс шаардсан Л.Сын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн гаргасан шаардлагаас зарим хэсгийг хангаж, хариуцагчаас нийт 2,948,718 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 52 дугаар зүйлийн 52.1, 53 дугаар зүйлийн 53.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 369 дүгээр зүйлийн 369.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “ЭЭБМА” ХХК-аас 2,948,718 төгрөг гаргуулж Л.Сд олгож, Л.Сын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,614,769 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62,129 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА