Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/126

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Нарантуяа

 Улсын яллагч З.Алтансолонго

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Яргай овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2236000850124 дугаартай, 178/2022/0117/Э/ индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 10ий өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн ******* сумын Цагаанбулан багт оршин суух, Яргай овогт *******ийн *******, ******* регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт Д.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

          Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           Хохирогч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн орчим би хонио услаад явж байсан чинь Д.*******, З.******* нар ирсэн. Тэгээд бид 3 нэг шил Соёрхол нэртэй архи  хувааж уугаад дуусаж байтал манай эхнэр Б.******* ирээд бид нарыг хөөсөн. Тэгээд бид 3 манай гэрт ирээд дахиад “Экс” нэртэй 05 граммын архи гаргаж хувааж уусан. Д.******* нь надтай малын бэлчээрээс болж маргалдсан ба гэрийн гадна намайг заамдаж барьж аваад гараараа миний толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон. Мөн газарт унагаан миний 2 гарыг уяагаар хүлж нүүр хэсэг рүү элс цацаж ноцолдож байсан. Тэгээд хажууд байсан манай эхнэр болон ******* нар бид хоёрыг салгасан. Мөн Д.******* миний зүүн чих рүү цохисон. Тэгээд бид хоёр ноцолдоод гарсан. Тэгээд нэг мэдэхэд Д.******* ах миний гар хөлийг хүлээд “чамайг ална” гэж хэлээд миний ам руу элс хийж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 5,46х/

           Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр манай нөхөр Д.******* 10 цагийн үед хониндоо явсан. Тэгээд ирэхгүй удаад байсан учраас араас нь гол дээр очиход манай нөхөр Д.******* Д.*******, З.******* нар архи уугаад сууж байсан. Тэгээд би уурлахад гурвуулаа босоод мотоциклио унаад явцгаасан. Би “Шаврын үүд” гэх газар байх гэртээ ирэхэд Д.*******, Д.*******, З.******* нар манай гэрт ирчихсэн байсан. Д.******* өврөөсөө 0,5 граммын нэг шил архи гаргаж ирээд ууцгаасан. Тэгээд Д.*******, Д.******* нар маргалдаж Д.******* манай нөхөр *******гийн баруун чихний орчим цохиод чирээд гараад явсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 12х/

         Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 304 дугаартай ...Д.*******гийн биед баруун чихний дээд хэсгийн урагдаж язарсан шарх, баруун чихний ард болон дух, хамрын үзүүр, дээд уруулд тус бүр зулгаралтууд, духны зүүн, зүүн хөмсөг чамархай, баруун шанаанд тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцрал мөн дээд уруулын дотор салстад цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.   Д.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Д.*******гийн биед гэмтэл учирсан боловч эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоох боломжгүй. Мөн цаашид хэрхэн өөрчлөлт орохыг тогтоох боломжгүй. Д.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх 304 дугаартай дүгнэлт /хх-ийн 26х/,

       Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Манайх Ховд аймгийн ******* сумын Баянбулаг багийн нутагт мал маллаж амьдардаг. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нутгийн хүн болох З.******* гэдэг айлд очсон. З.******* нь надад 1 савтай Боргио гэдэг нэртэй 2,5 литрийн хэмжээтэй пиво гаргаж ирээд түүнийг уучихаад З.******* “айлын найрны цайны зар хэлмээр байна таны мотоциклиор явъя” гэхээр нь би зөвшөөрч З.******* бид 2 миний мотоциклоор айл руу явахаар болсон. Тэгээд З.******* гэрээсээ явахдаа 1 шил Соёрхол нэртэй 0,5 граммын архи өвөрлөж яваад Д.*******тай тааралдаад бид 3 нөгөө архийг хувааж уучихаад Д.*******гийн гэрт очихоор болоод тэднийд очоод 1 шил 0.5 граммын хэмжээтэй архи уугаад сууж байгаад хонины бэлчээрээс шалтгаалж маргалдсан.Улмаар гэрийн гадна гарч ирээд над руу дайраад хэл амаар доромжлоод байхаар нь би барьж аваад гараараа Д.*******гийн баруун хацарт нэг удаа ташсан байдалтай цохисон.Тэгтэл хажууд зогсож байсан З.******* дундуур орж ирж салгаад бид 2 яваад өгсөн.Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 54х/

Шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн ******* сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Д.*******, З.******* нартай архи ууж байхдаа Д.Шижиртуятай малын бэлчээрээс үүдэн маргалдаж түүний толгой хацар хэсэгт цохисноос  биед нь хөнгөн зэргийн гэмтэл учирсан хэргийн үйл байдал тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.*******тай газрын бэлчээрээс болж маргалдаж, улмаар хоорондоо зодолдож биед нь халдаж, түүний биед баруун чихний дээд хэсгийн урагдаж язарсан шарх, баруун чихний ард болон дух, хамрын үзүүр, дээд уруулд тус бүр зулгаралтууд, духны зүүн, зүүн хөмсөг чамархай, баруун шанаанд тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцрал мөн дээд уруулын дотор салстад цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч,маргаагүй байдал, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, прокурорын санал зэргийг үнлдэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай зүй бус харьцаж маргалдан, хохирогчийн биед халдсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон бөгөөд хохирогч Д.*******гийн биед халдан зодсоноор өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрт тооцогдоно.

Иймд шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дах хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.******* хохирогч Д.*******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 304 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч Д.******* нь өөрт учирсан хохирлын талаар шүүхэд ямар нэгэн нэхэмжлэл ирүүлээгүй ба  мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй,хурдан шийдэж өгнө үү... гэх мэдүүлэг өгснийг үндэслэж  /хэргийн 46-р хуудас/ шүүгдэгч Д.*******г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

                    

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 59-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Д.Сүрэнхүүгийн өгсөн...Манайх эцэг эхээс наймуулаа бөгөөд Д.******* нь дээрээсээ 5 дахь хүүхэд байгаа юм. Д.******* нь сургуульд сурч байгаад 3-р ангиасаа сургуулиас гарсан бөгөөд ямар нэгэн боловсрол мэргэжил байхгүй. Эцэг эхийн гар дээр мал маллаж өссөн хүүхэд. 1998 онд цэргийн алба хаасан. 2004 онд гэр бүлтэй болоод одоо 3 хүүхэдтэй мал маллаж амьдардаг хүн байгаа. Манай дүү хүнтэй уурлаад байдаггүй, даруу төлөв зантай,нутаг орондоо нэр хүндтэй, хүнд тусархаг, цагаан цайлган сэтгэлтэй, гэр бүл, хүүхдүүддээ хайр халамжтай, ах дүү нартаа тус дэмтэй хүн байгаа юм.Ямар нэгэн муу зуршил байхгүй. Архи хааяа нэг уучихдаг хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 64хуудас/ Д.*******гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Д.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 500000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах гэх  дүгнэлт,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгчөөс: Миний үйлчлүүлэгч нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Хохирогчид төлөх хохирол төлбөргүй. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна гэх тайлбар,

 

Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс: Шүүгдэгч Д.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн санал,  түүний хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д тайлбарлаж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн 2236000850124 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.2,36.2,36.6- 36.8,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Яргай овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Яргай овогт *******ийн *******г  таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн 2236000850124 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС