Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: *******

Улсын яллагч: *******

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,  эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ******* овогт ******* *******, рөгистрийн дугаар: (***************************)

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өглөөний 09 цаг 30 минутын орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байсан иргэн *******ын автомашинаар үйлчлүүлэхдээ арын суудал дээр байсан самсунг А50 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч *******д бага хэмжээнээс дээш буюу 368.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

2022 оны 05 дугаар сарын 02-ний өдөр Хөх толгойн ар талын засмал зам дээрээс такси барьсан, тэгсэн чинь бүдэг цэнхэр өнгийн приус маркийн машин ирж зогсохоор нь би машинд нь суусан. Жолооч нь эмэгтэй хүн байсан. Тэгээд суух явцад миний доороос юм нухахаар нь би харсан чинь нэг гар утас байсан. Тэгээд замдаа явж байгаад тээврийн биржийн гадаа очоод машинаас буухдаа тэр гар утсыг аваад буусан. Тэгээд тээшнээс юмаа авчихаад тэр авсан гар утсаа үзсэн чинь А-50 маркийн гар утас байсан, хар өнгийн гэрийг аваад хаячихсан. Би тэр гар утсыг цагдаад мэдэгдсэний дараа нь эзэнд нь буцааж өгсөн. Тэр таксинд надаас өөр хүн байгаагүй. Би тэр гар утсыг 2022 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн 09:00-10:00 цагийн хооронд авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 42 /,   

Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

Би 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 09 цагт ач хүү ыгаа 11 дүгээр цэцэрлэгт хүргэж өгчихөөд буцаад машинтайгаа явж байхад хүн гар өргөхөөр нь зогсоод хаашаа явах талаар асуухад “хуучин бирж оръё” гэж хэлсэн. Би тухайн хүнийг хүргэж өгчихөөд гэртээ ирээд хашааны гадаа машинаа үлдээчихээд гэртээ ороод гэнэт утсаа машиндаа үлдээснээ санаад авах гээд машиндаа үзтэл миний утас байхгүй байсан. Ач хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөд, ач хүү минь миний утсаар тоглож байгаад машины арын суудал дээр үлдээсэн байсан. Би тухайн хүнээс өөр хүн машинд суулгаагүй, тэр залуу хүргэж өгчихөөд шууд гэртээ харьсан. Миний алдсан утас “Самсунг Галакси” А-50 маркийн хөхдүү өнгөтэй гадуураа хар өнгийн кэйстэй утас байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 /,

Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн

2022 оны 05 дугаар сарын эхээр яг өдрийг нь сайн санахгүй байна. Тэгээд тэр өдөр ажил дээрээ байж байсан чинь нэг залуу ирээд гар утасны код тайлуулъя гэхээр нь би утсыг нь үзсэн чинь А-50 маркийн гар утас байсан. Би тэр утасны кодыг тайлж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 51 /,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 158 дугаар шинжээчийн ... самсунг А50 маркийн гар утасны зах зээлийн үнэ 360,000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 19-26/

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 164 дугаар шинжээчийн ... юнителийн сим карт 1000 төгрөг, гар утасны кейс 3000 төгрөг, гар утасны шилэн наалт 5000 төгрөг, нийт үнэ 8000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 29-32/

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн  01/, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-06/, хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын тогтоол /хх-ийн 74/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 37-38/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 53-55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 57/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58/, депозит  дансны хуулганууд /хх-ийн 60-64/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 73/,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өглөөний 09 цаг 30 минутын орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байсан иргэн *******ын автомашинаар үйлчлүүлэхдээ арын суудал дээр байсан самсунг А50 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч *******д бага хэмжээнээс дээш буюу 368.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ын .... Хөх толгойн ар талын засмал зам дээрээс такси барьсан,  суух явцад миний доороос юм нухахаар нь би харсан чинь нэг гар утас байсан машинаас буухдаа тэр гар утсыг аваад буусан... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

Хохирогч *******ын...ач хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөд, ач хүү минь миний утсаар тоглож байгаад машины арын суудал дээр үлдээсэн байсан,...өөр хүн машинд суулгаагүй, тэр залуу хүргэж өгчихөөд шууд гэртээ харьсан. Миний алдсан утас “Самсунг Галакси” А-50 маркийн хөхдүү өнгөтэй гадуураа хар өнгийн кэйстэй утас байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 /,

 Гэрч ******* ...  ажил дээрээ байж байсан чинь нэг залуу ирээд гар утасны код тайлуулъя гэхээр нь би утсыг нь үзсэн чинь А-50 маркийн гар утас байсан. Би тэр утасны кодыг тайлж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 51 /,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 05-н өдрийн 158 дугаар шинжээчийн ... самсунг А50 маркийн гар утасны зах зээлийн үнэ 360,000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 19-26/

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 164 дугаар шинжээчийн ... юнителийн сим карт 1000 төгрөг, гар утасны кейс 3000 төгрөг, гар утасны шилэн наалт 5000 төгрөг, нийт үнэ 8000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 29-32/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өглөөний 09 цаг 30 минутын орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байсан иргэн *******ын автомашинаар үйлчлүүлэхдээ арын суудал дээр байсан самсунг А50 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч *******д бага хэмжээнээс дээш буюу 368.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Э.*******ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Э.*******ын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Уг гэмт хэргийн хохирогч ******* самсунг А50 маркийн гар утсыг 360,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******д  самсунг А50 маркийн гар утсыг биет байдлаар буцаан өгч, хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.         

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын саналыг зэргийг харгалзан шүүгдэгч *******од зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч *******ын эзэмшлийн ... 3 тооны хонь...-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу шүүгдэгч *******од буцаан олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******************************** бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.*******ыг зургаан / 6 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.*******ыг эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн бүртгэлтэй оршин сууж байгаа / Баянхонгор аймгийн Заг сумын Улаан-Уул 2 дугаар багаас гарахыг хориглож/ газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******од мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Э.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчин болгосугай.

6. Шүүгдэгч *******ын эзэмшлийн ...3 тооны хонь....-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлийг хэрэгцээний дагуу *******од буцаан олгосугай.

7. Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.  Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.*******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА