Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
Хэргийн индекс | 167/2022/0082/Э |
Дугаар | 2022/ШЦТ/90 |
Огноо | 2022-05-31 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
улсын яллагч Ц.Цэрэндулам,
шүүгдэгч Г.М,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мд холбогдох эрүүгийн 2219000000113 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Г.М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.М нь гэм буруугийн санаатай хэлбэрээр 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн Б гэх газарт нутагладаг Б.Хын амбаараас шуудайтай ноолуур, гэрийн гадна байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун маркийн цагаан өнгийн мотоциклийг тус тус хулгайлж хохирогч Б.Хт 4.125.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Г.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Тэр өдөр Х архи уугаад тасраад унасан байсан. Бид 2 амбаараас мах авах гэж ороод ноолуур байгааг мэдсэн. Тэгээд авчихсан. Архи уусан байсан. Хэргийн хувьд маргахгүй. Хүлээн зөвшөөрнө гэв.
-Хохирогч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Иххэт сумын төв орж ирээд 2 том пиво, 1 шил архи аваад хөдөө гэр лүүгээ явсан. Тэгээд хөдөө гэртээ нутгийн залуу болох Тулга гэдэг залуутай архи, пиво хувааж уусан. Тэгээд нэг мэдэхэд би согтоод унтсан байсан. Орой 17 цагийн орчим сэрэхэд би ганцаараа байсан. Тулга явсан байсан. Тэгээд би амбаартаа орж харахад манай шуудайлсан байсан ноолуур алга болсон байсан. Бас цагаан өнгийн мотоцикл байхгүй болсон байсан....Миний хулгайд алдсан ноолуур нь 30 ямаа самнаж авсан 10 гаруй килограмм ноолуур байсан. Яг хиллэж үзээгүй. ...Би мотоциклоо 2021 оны 06 дугаар сард 2.700.000 төгрөгөөр авч байсан. Ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй шинээрээ шахуу мотоцикл байсан. Ямар нэг содон зүйл байхгүй, цагаан өнгийн Даюун маркийн мотоцикл байсан. Манай ноолуур хадгалж байсан амбаар байнга цоожгүй, онгорхой байдаг байсан. ...Надад гаргах санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 16, 41-42 ху/,
-Гэрч Огийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би 2022 оны 03 дугаар сарын 05-аас 03 дугаар сарын 10-ны хооронд Х гэх айлд нийт 30 тооны ямаа самнаж өгсөн. 1 ямаанаас дунджаар 400 грамм орчим ноолуур гарч байсан. Тэгээд бодоход 12 килограмм орчим ноолуур байсан байх. Яг хиллэж үзээгүй. ...Намайг ямаа самнахаар ирэхэд цагаан өнгийн мотоцикл байсан гэсэн мэдүүлэг /хх 19-21 ху/,
-Гэрч Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 03 дугаар сард хөлсний хүмүүсээр ямаа самнуулж байсан юм. Тэгээд тэр хүмүүсийг хоолонд оруулж байгаад гадаа миний хүргэн Хын мотоциклийн дуутай адил дуу гарахаар нь би Хыг ирж байна гэж бодоод гэрээс гарахад өөр хүн мотоциклийг унаад хурдтай манай хажуугийн замаар яваад өнгөрсөн. Тэгээд би хүн гуйгаад араас нь хөөж очиж зогсооход суманд байдаг зүс таних нэг согтуу бололтой залуу манай хүргэний мотоциклийг унаад ардаа цагаан өнгийн “крупка” гэсэн ногоон бичигтэй шуудайтай ноолуур ганзагалаад явж байсан ба ёроол хэсгээрээ задарсан байсан. Тэгэхээр нь би “чи яахаараа манай дүүгийн мотоциклийг аваад явж байгаа юм бас ноолуурыг авчихсан явж байгаа юм уу” гэхэд “үгүй ээ энэ ноолуур мотоциклд ганзагалсан байсан. Би согтоод унтчихсан байсан болохоор сая сэрээд Хуяг ахынд очихоор явж байна гэсэн. Тэгэхээр нь би ноолуурыг нь аваад мотоциклийг авах гэхэд та намайг Хуяг ахынд хүргээд өг гэсэн. ... Би мотоцикл унаж чадахгүй болохоор бас хулгай хийсэн гэж мэдээгүй байсан болохоор мотоциклийг нь аваагүй юм гэсэн мэдүүлэг /хх 38-40 ху/,
-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-5 ху/,
-Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх 6-9 ху/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 10-11 ху/,
-Хохирлын үнэлгээ /хх 27-29 ху/,
-Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 43-45 ху/,
-Г.Мыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 48-58 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 73 ху/,
-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх 80-81 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.М нь 2022 оны 03 сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн Б гэх газарт нутагладаг Б.Хын амбаараас шуудайтай ноолуур, гэрийн гадна байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун маркийн цагаан өнгийн мотоциклийг тус тус хулгайлж 4.125.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тэр өдөр Х архи уугаад тасраад унасан байсан. Бид 2 амбаараас мах авах гэж ороод ноолуур байгааг мэдсэн. Тэгээд авчихсан. Архи уусан байсан. Хэргийн хувьд маргахгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Хын “...хөдөө гэртээ нутгийн залуу болох Тулга гэдэг залуутай архи, пиво хувааж уусан. Тэгээд нэг мэдэхэд би согтоод унтсан байсан. Орой 17 цагийн орчим сэрэхэд би ганцаараа байсан. Тулга явсан байсан. Тэгээд би амбаартаа орж харахад манай шуудайлсан байсан ноолуур алга болсон байсан. Бас цагаан өнгийн мотоцикл байхгүй болсон байсан. Надад гаргах санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн /хх 41-42 ху/ мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О /хх 19-21ху/, гэрч Н /хх 38-40 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Г.Мд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй болохыг дурьдав.
Энэ хэргийн улмаас хохирогч Б.Хт 4.125.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлыг биет байдлаар буцааж өгсөн, мөн хохирогч нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гаргах, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөнгөгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Г-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Мыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА