Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/91

 

 

 

 

 

 

 

 

                                   

2022               06           03                                        2022/ШЦТ/91

 

                                                        

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

Улсын яллагчаар Ц.Цэрэндулам,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбилэг,

Шүүгдэгч Х.Я,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхзул нарыг оролцуулан шүүх танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Яад холбогдох эрүүгийн 2219001060115 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1969 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь  аймгийн Сайншанд суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, Доншин газрын тосны үйлдвэрт жолооч ажилтай, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг 78-73 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт Х-ийн Я /РД:ЕП69033112/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Х.Я нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Доншин газрын тосны үйлдвэрийн хажуу талын замд 20-46 ДГН улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслээр хохирогч Ж.Бүргэдбаатарыг мөргөж баруун хөлний шаант ясны ил хугарал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Х.Я-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би энэ хэрэг болохоос өмнө найзуудтайгаа архи уусан байсан. Бид хоёр намын талаар яриад маргасан. Отгонбаярыг мөргөөгүй, Бүргэдбаатарыг мөргөсөн. Хохирогчид 10.000.000 төгрөг төлсөн. Хэргийн хувьд маргахгүй. Гэм буруугаа хүлээж байна. Архи ууснаас ийм асуудал боллоо. Ойлгож гэмшиж байгаа. Хохирогчтой эвлэрсэн, бид хоёрын харилцаа сайн байгаа. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Энэ талаар хохирогчтой ярилцаж тохирсон байгаа гэсэн мэдүүлэг,

 

 -Хохирогч Ж.Бүргэдбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багт оршин суудаг юм. Х.Я бид хоёр багаасаа Зүүнбаян багт өссөн, нэг нэгийгээ хүүхэд байхаасаа мэднэ. Мөн одоо Доншин газрын тос Монгол ХХК-ны Зүүнбаян дахь ХХК-д хамт ажилладаг юм. 2022 оны 02 дугаар сарын 20-ны орой намайг гэрт байж байтал Ямранз над руу утсаар яриад гараад ирээч хөзөр тоглоё гэж хэлэхээр нь гараад очтол Ямранз өөрийн эзэмшлийн приүс маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Машинд нь Отгонбаяр багш сууж байсан. Би машинд нь ороод суутал Ямранз машинтайгаа хөдлөөд гарам гараад явсан. Хаашаа явж байгаа юм гэж асуутал ийшээ гараад нэг ёсолъё гэж хэлсэн. Бид Зүүнбаян багаас 10 орчим км-т болов уу “Хар толгой” гэх газарт очиж зогсоод Х.Я нэг шил 0.75 л архи гаргаж ирээд бид уусан. Тухайн газарт архи уучихаад буцаад явж байгаад би Х.Яад машинтай хурдтай явлаа гэж хэлээд тэр асуудлаас болж бид хоёр маргалдаж байгаад би машинаас чинь буугаад алхлаа гэж хэлээд машиныг нь зогсоолгоод Отгонбаяр бид хоёр машинаас буугаад засмал замын хажуу талын шороон хэсгээр алхаж байтал Х.Я машинтайгаа буцаж эргээд намайг машинаараа мөргөж унагаад дахиж Отгонбаярыг мөргөчихөөд яваад өгсөн. Машинд мөргүүлсний улмаас миний баруун хөлийн шилбэний хоёр яс өвдөгний доод талын яс хугарсан гэмтэл авсан. Би аймгийн Нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орж хэвтэн эмчлүүлээд гэрээр гарсан. Босож явж чадахгүй байгаа өдөр болгон аймгийн эмнэлэгт ирж боолт хийлгэж байна. Би эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна гэсэн мэдүүлэг  /хх 11-13 ху/,

 

-Гэрч Х.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 20-ны орой 18 цагийн орчимд санаж байна намайг гэрт байж байтал Ямранз над руу утсаар яриад та нэг гараад ирээч ойрхон салхинд гараад ирье гэж хэлсэн. Намайг гараад очтол Ямранз өөрийнхөө эзэмшлийн приус маркийн авто машинтай явж байсан. Юу болсон талаар асуухад би хоёр даргадаа хүндэтгэл үзүүлэх гэсэн юм гэж хэлээд би машинд нь суугаад бид хоёр Бүргэдбаатарын гэрийнх нь гадаа очиж Бүргэдбаатарыг аваад дэлгүүрээс 2 шил архи аваад багийн төвөөс 10 орчим км-т байх “Хар тээг” гэх газарт очиж архи уусан. Тухайн авч очсон архинаас тэр хоёр нэг шил архийг нь уусан. Нэг шил архиа уугаагүй. Би нойр булчирхай өвдөөд байсан болохоор архинаас нь ганц нэг татаад өөр уугаагүй. Архи ууж дуусаад буцаад багийн төв рүү явж байхдаа замдаа Бүргэдбаатар Ямранз хоёр хоорондоо маргалдаад байсан. Ямар асуудлаас маргасан талаар нь би ойлгоогүй. ...хоорондоо маргалдаж байгаад зам дээр буцаж эргэж зогсоод бид гурав машинаас буусан. Машинаас буугаад би Ямранзад чи бид хоёрыг авч явчихаад ийм асуудал үүсгэх байсан юм уу, ийм асуудалд үүсгэх гэж байгаа бол бид хоёр алхаад явъя гэж хэлээд Бүргэдбаатарын хамтаар засмал замын баруун гар талын шороон хөвөөгөөр алхаад явтал Ямранз машинаа асаагаад буцаж эргээд хурдтай өөдөөс чиглээд ирэхээр нь би Бүргэдбаатарыг түлхэж холдуулаад би өөрөө хажуу тийшээ зугтаж газарт унасан. Тэгтэл Ямранз машинаараа Бүргэдбаатарыг мөргөчихөөд хөдлөөд яваад өгсөн.Бүргэдбаатар машинд мөргүүлээд нилээд хол шидэгдэж унасан. Бүргэдбаатарыг газарт унасан байхад би очоод яаж байна бие чинь зүгээр байна уу гэж асуухад юм ярьж чадахгүй ёолоод хэвтээд байсан. Би Бүргэдбаатарын халааснаас нь тамхийг нь авч татуулах гээд халаасанд нь гараа хийлтэл битгий хөл хөдөлгөөрэй, хөл эвгүй болчихож гэж хэлж байсан. Тэгээд би эмнэлгийн тусламж, цагдаа дуудсан. ...Миний биед учирсан гэмтэл байхгүй. Тухайн үед Ж.Бүргэдбаатар бид хоёр машинаас буугаад замын хажуу талаар алхаж байтал Х.Я машинаа асаагаад зам дээр буцаж эргээд бид хоёр чиглэж яваад эхлээд айлгах гэж байгаа юм шиг тулж ирж зогссон. ....Х.Яыг машинаар тулж ирэх үед би Ж.Бүргэдбаатарыг машинаас холдуулж түлхээд өөрөө машинаас холдож хажуу тийш болохдоо газарт унасан. Х.Я нь нэг л удаа Ж.Бүргэдбаатарыг мөргөсөн гэсэн мэдүүлэг /хх 17, 25 ху/,

 

-Гэрч О.Гоц-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Аав миний утас руу залгаад эмнэлэг дээр байна би зүгээрээ. Ж.Бүргэдбаатар машинд дайруулчихлаа гэж хэлсэн. Тэгээд орой эмнэлэг дээр очиж аавыг авсан. Аавыг авахад биед учирсан гэмтэл, ил харагдах шарх сорив байгаагүй гэсэн мэдүүлэг /хх 31 ху/,

 

-Гэрч Т.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...дуудлагаар очиход Доншин ХХК-ын засмал замын хажуу хэсэгт Бүргэдбаатар гэх хүн газарт хэвтэж байсан. Асуумж асуухад машинд мөргүүлсэн, хөл болохгүй босож чадахгүй байна гэж хэлж байсан. Мөн тухайн газарт Отгонбаяр гэх хүн хамт байсан. Бүргэдбаатар, Отгонбаяр хоёр архи уусан байсан. Тэд ярихдаа хамт явж байсан хүнтэйгээ маргаад тэгтэл тухайн хүн машинаараа мөргөөд яваад өгсөн гэж хэлж байсан. ...Бүргэдбаатарын биед үзлэг хийхэд баруун хөл шилбэний доод гуравны нэг хэсгээр хөл хугарч ясны хавиралдах чимээтэй байсныг чиг тавьж зөөвөрлөсөн гэсэн мэдүүлэг /хх 19, 23 ху/,

 

-Шинжээч Э.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Шинжээчийн 02/0144 дугаартай дүгнэлтийг эмнэлгийн бичиг баримт болох Дорноговь Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 02 дугаар 21-ны өдрийн №1076 дугаартай өвчний түүхийг үндэслэн гаргасан. Тухайн өвчний түүхийг шинжлэн судлахад баруун шаант ясны ил хугарал гэмтэл тогтоогдсон бөгөөд энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг тул дүгнэлтийг гаргасан. Шаант яс нь ясны бүтцийн хувьд зузаан яс байдаг учир явганаас унах үед үүсэх боломжгүй. Алхаж байгаа хүн бүдэрч, эсхүл хальтирч унахад шилбэ яс шууд газартай харьцаж гэмтэл үүсэх боломжгүй. Доод мөчдийн хугарал гэмтэл нь зам тээврийн осол, хатуу, мохоо зүйлээр цохих үед үүсэх боломжтой гэсэн мэдүүлэг /хх 34-35 ху/,

 

-2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн техникийн шинжээчийн 12 дугаартай дүгнэлтэнд: Тоёота Приус-xw20 маркийн, 20-46 ДГН улсын дугаартай, NHW200058951 арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Зүүнбаянгийн 141 Х.Яын эзэмшилд бүртгэлтэй, 2004 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Монгол улсад орж ирсэн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдаж MNS4598-20011 стандартын шалгуур үзүүлэлтийг ханган тэнцэж хөдөлгөөнд оролцох эрхтэй болсон. Тоёота Приус-xw20 маркийн 20-46 ДГН улсын дугаартай тээврийн хэрэгслийг Дорноговь аймгийн Цагдаагийн Журмын хашаанд жолооч Х.Яыг байлцуулан шалгаж үзэхэд: Тоормосны эд анги эвдрэлгүй, тоормосны шингэний дүүргэлт хэвийн тормосны систем хэвийн ажиллагаатай, гэрэл дохио бүрэн, тээврийн хэрэгслийн бусад эд ангийн эвдрэлгүй, жолооны механизмын ажиллагаа хэвийн эвдрэлгүй байна. Замын хөдөлгөөнд оролцож явсан замналаас үзэхэд тээврийн хэрэгсэл эд ангийн эвдрэлгүй техникийн стандарт шаардлага хангасан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байсныг гэрчилж байна гэсэн дүгнэлт /хх 38-39 ху/,

-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 02/0201 дугаартай дүгнэлтэнд:

1.Ж.Бүргэдбаатарын биед баруун шаант ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.

3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5.Эмнэлгийн бичиг баримтыг шинжлэн судлахад нүүрний зөөлөн эдийн няцрал гэж тусгагдсан байх бөгөөд тухайн нүүрний зөөлөн эдийн няцрал нь хэмжээ бичигдээгүй, цус хуралт, зулгаралт, шарх аль нь болох нь тодорхойгүй байх тул гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй байна дүгнэлт  /хх 65-66 ху/,

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-5 ху/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-8 ху/,

-Өвчний түүх /хх 50-58 ху/,

-Хохирлын үнэлгээ /хх 87-88 ху/,

-Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал /хх 102-109 ху/,

-Хохирлын баримт /хх 113-122 ху/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 96 ху/,

-Хохирогчоос ирүүлсэн хүсэлт /хх 141 ху/,

-Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх 143-144 ху/,

 

 -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 73-80 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Х.Я нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Доншин газрын тосны үйлдвэрийн хажуу талын замд 20-46 ДГН улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслээр хохирогч Ж.Бүргэдбаатарыг мөргөж баруун хөлний шаант ясны ил хугарал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би энэ хэрэг болохоос өмнө найзуудтайгаа архи уусан байсан. Бид хоёр намын талаар яриад маргасан. Отгонбаярыг мөргөөгүй, Бүргэдбаатарыг мөргөсөн. Хэргийн хувьд маргахгүй. Гэм буруугаа хүлээж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ж.Бүргэдбаатарын “...Би машинд нь ороод суутал Ямранз машинтайгаа хөдлөөд гарам гараад явсан. Хаашаа явж байгаа юм гэж асуутал ийшээ гараад нэг ёсолъё гэж хэлсэн. Бид Зүүнбаян багаас 10 орчим км-т болов уу “Хар толгой” гэх газарт очиж зогсоод Х.Я нэг шил 0.75 л архи гаргаж ирээд бид уусан. Тухайн газарт архи уучихаад буцаад явж байгаад би Х.Яад машинтай хурдтай явлаа гэж хэлээд тэр асуудлаас болж бид хоёр маргалдаж байгаад би машинаас чинь буугаад алхлаа гэж хэлээд машиныг нь зогсоолгоод Отгонбаяр бид хоёр машинаас буугаад засмал замын хажуу талын шороон хэсгээр алхаж байтал Х.Я машинтайгаа буцаж эргээд намайг машинаараа мөргөж унагаад дахиж Отгонбаярыг мөргөчихөөд яваад өгсөн” гэсэн,     гэрч Х.Отгонбаярын “...бид хоёр Бүргэдбаатарын гэрийнх нь гадаа очиж Бүргэдбаатарыг аваад дэлгүүрээс 2 шил архи аваад багийн төвөөс 10 орчим км-т байх “Хар тээг” гэх газарт очиж архи уусан. Тухайн авч очсон архинаас тэр хоёр нэг шил архийг нь уусан. Нэг шил архиа уугаагүй. Би нойр булчирхай өвдөөд байсан болохоор архинаас нь ганц нэг татаад өөр уугаагүй. Архи ууж дуусаад буцаад багийн төв рүү явж байхдаа замдаа Бүргэдбаатар Ямранз хоёр хоорондоо маргалдаад байсан. Ямар асуудлаас маргасан талаар нь би ойлгоогүй. ...хоорондоо маргалдаж байгаад зам дээр буцаж эргэж зогсоод бид гурав машинаас буусан. Машинаас буугаад би Ямранзад чи бид хоёрыг авч явчихаад ийм асуудал үүсгэх байсан юм уу, ийм асуудалд үүсгэх гэж байгаа бол бид хоёр алхаад явъя гэж хэлээд Бүргэдбаатарын хамтаар засмал замын баруун гар талын шороон хөвөөгөөр алхаад явтал Ямранз машинаа асаагаад буцаж эргээд хурдтай өөдөөс чиглээд ирэхээр нь би Бүргэдбаатарыг түлхэж холдуулаад би өөрөө хажуу тийшээ зугтаж газарт унасан. Тэгтэл Ямранз машинаараа Бүргэдбаатарыг мөргөчихөөд хөдлөөд яваад өгсөн” гэсэн /хх 17, 25 ху/ мэдүүлгүүд, гэрч О.Гоц-Эрдэнэ /хх 31 ху/, Т.Лхагвасүрэн /хх 19, 23 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед баруун шаант ясны ил хугарал бүхий хүнд зэргийн гэмтэл тогтоогдсон 02/0201 дугаартай шинжээчийн дүгнэлт, өвчний түүх, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Яыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.

 

Энэ хэргийн улмаас хохирогчид баруун хөлний шаант ясны ил хугарал бүхий хүнд зэргийн гэмтэл тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролд 8.000.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 140, 141 дүгээр хуудсанд авагдсан баримтуудаар нотлогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.         

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон     

                                         

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Харчин овгийн Х-ийн Я-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Яыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Я нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 жилийн хугацаанд сард 277.778 /хоёр зуун далан долоо долоон зуун далан найм/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Яад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Ж.Бүргэдбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА