Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
Хэргийн индекс | 167/2022/0089/Э |
Дугаар | 2022/ШЦТ/94 |
Огноо | 2022-06-08 |
Зүйл хэсэг | 24.3.3., |
Улсын яллагч | М.Отгонбаатар |
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,
улсын яллагч М.Отгонбаатар,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бэ,
шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б,
шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Дашдорж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Э х ” ХХК-д холбогдох эрүүгийн 2119001330135 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч хуулийн этгээдийн биеийн байцаалт: Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Москва 51/7, 43 тоотод албан ёсны хаягтай, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд жоншны баяжмал боловсруулах үйл ажиллагаа явуулж байсан Э х хязгаарлагдмал хариуцлагатай компани /улсын бүртгэлийн дугаар .....1/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Р.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Эдгээр бодисуудыг мөрдөгч ирээд лацдаад үйлдвэрийн агуулахад хийгээд явсан гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Г.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Зөвшөөрөлгүйгээр химийн хортой бодисыг хадгалах асуудал дээр хууль зөрчсөн. Учирсан хохирол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг,
-Иргэний нэхэмжлэгч Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт шалгагдаж байгаа Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багт жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Э х ХХК-ийн лаборатори нь 2021 оны 06 сарын 02-ны өдөр химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр химийн бодис хадгалсан гэх хэрэг бүртгэлтийн 211900133 дугаартай хэрэгт химийн бодисонд хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг гаргуулж, дүгнэлт гаргасан үнэ болох 50.000 төгрөгийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас шийдвэрлүүлж, дээрх хөлс болох 50.000 төгрөгийг буруутай аж ахуйн нэгж, этгээдээс гаргуулан авахаар цагдаагийн даргын албан бичгээр нэхэмжлэгчээр томилогдсон гэсэн мэдүүлэг /1хх 19-20 ху/,
-Гэрч Э.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2021 оны 05 сарын 30-ны өдөр Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт жонш баяжуулах үйл ажиллагаа явуулдаг Э х ХХК-ийн лабораторт хяналт шалгалт явуулахад:
1.Давсны хүчил гэх Hydrochloric acid гэх бичиглэлтэй /HCI 36-38%/
2.Калийн шүлт гэх Potassium hydroxide гэх бичиглэлтэй /КОН/
3.Триэтаноламин гэх бичиглэлтэй /N/CH2CH2OH/3 85%/
4.Этилийн спирт гэх Ethanol absolute гэх бичиглэлтэй /СН3СН2ОН/
5.Acetic acid glacial /CH3COOH/
6.Триэтаноламин гэх бичиглэлтэй /N/CH2CH2OH/3 99%/
7.Борын хүчил гэх Boric acod гэх бичиглэлтэй /Н3ВО3/...гэх бодисууд илэрсэн гэсэн мэдүүлэг /1хх 66 ху/,
-Гэрч М.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...үйлдвэр ажиллахгүй байхад Э х ХХК-с хүмүүс ирж уулзаад танай үйлдвэрийг түрээсэлмээр байна гэсний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймаг Даланжаргалан сумын Цомог багт байрлах жонш баяжуулах үйлдвэрийг түрээслэх түрээсийн гэрээ байгуулж ашиглуулсан. Түрээсийн гэрээ ...2 жилийн хугацаатай байсан, хугацаа дууссаны дараа хоёр талаас гэрээ цуцлах санал гаргаагүй учир автоматаар гэрээ сунгагдсан юм. Хятад ард улсын иргэн манай захирал Ванг Вэй нь Монгол улсад ирээд хэдэн сар болж байгаад буцаад явчихдаг, хамгийн сүүлд 2019 онд ирж байж байгаад 2019 оны 11 сард нутаг буцсанаас хойш короновирусээс шалтгаалан дахин Монголд ирээгүй гэсэн мэдүүлэг /1 хх 81-82 ху/,
-Гэрч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Э х ХХК нь 2018 оны 01 сарын 02-ны өдөр Кэвин инвест ХХК-тай Дорноговь аймгийн Даланжаргалан сум Цомог багийн нутаг дэвсгэрт байрлах жонш баяжуулах үйлдвэрийг ашиглаж үйл ажиллагаа явуулахаар 18/01 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу тус компани нь 2018 оны 01 сарын 02-ны өдрөөс жонш баяжуулах үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гэрээ 2020 оны 01 сарын 02-ны өдөр дууссан боловч автоматаар гэрээ сунгагдаж үйл ажиллагаа явагдаж байгаа. Уг компанийн захирал Батжаргал гүйцэтгэх захирлаар ажиллах үеэсээ намайг ажилд авч ажиллах болсон. Намайг ажилд орох үед Э х ХХК нь Кэвин инвест ХХК-ийн химийн хорт аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулах тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн дагуу химийн бодисуудыг ашиглаж үйл ажиллагаандаа хэрэглэж байсан. Зөвшөөрлийнх нь хугацаа 2023 оны 12 сарын 31-ний өдөр дуусах ёстой байгаа гэсэн мэдүүлэг /1хх 84 ху/,
-Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Кэвин инвест ХХК-ийн зөвшөөрлүүд дээр тулгуурлаж жонш баяжуулах үйлдвэр үйл ажиллагааг эхэлсэн. ...2020 оны 01 сарын 10-наас Э х ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. Би Дорногвь аймгийн Даланжаргалан суманд байдаг үйлдвэрийн үйл ажиллагаанд оролцоод байдаггүй. Улаанбаатар хотод байдаг захиргаа оффис дээр байрлаж ерөнхий удирдлагаар хангаж ажилладаг байсан. ...Би гүйцэтгэх захирал учраас яг шаардлагатай тохиолдолд мөн өөрийн гарын үсгээр ямар нэгэн асуудал шийдэх, албан бичиг хүргүүлэх зэрэг үеүдэд компани дээр ирдэг. Үйлдвэр ажиллаж эхэлснээс хойш үйлдвэрийн дотоод асуудал бүх бичиг баримтыг стратеги төлөвлөлтийн менежер Оюунжаргал гэдэг хүн хариуцаж ажилладаг байсан гэсэн мэдүүлэг /1хх 87-88 ху/,
-Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Э х ХХК-ийн үйлдвэр улирлын шинж чанартай байдаг бөгөөд янз бүрийн байдлаар баяжмал байгаа тохиолдолд ажилладаг. Миний тухайд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт баярлах жоншны баяжуулах үйлдвэрт хааяа очиж баяжмалын агуулгыг тодорхойлж өгдөг байсан. Намайг ажилд орохоос өмнө ихэвчлэн Улаанбаатар хот руу дээжийг явуулж агуулгыг тодорхойлуулдаг байсан юм шиг байна лээ. Би ажилд орсноос хойш үйлдвэр дээр нь улиралд 1 удаа шахуу очиж баяжмалын дээжинд шинжилгээ хийдэг байсан. Үйлдвэрийн байранд давсны хүчил, калийн шүлт, этилийн спирт, триэтаноламин, шоргоолжны хүчил, борын хүчил зэрэг бодиснуудыг ашигладаг байсан. Уг бодисуудыг компани өөрөө бэлтгэчихсэн тоосонд дарагдчихсан нилээн удсан шинжтэй байдаг байсан. Хааяа л нэг уг бодисуудыг шинжилгээнд хэрэглэдэг байсан гэсэн мэдүүлэг /1хх 90 ху/,
-Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би үйлдвэрийг Ж гэх Хятад улсын иргэнтэй хамтран ажиллуулахаар болж тэдний талаас хөрөнгө оруулалт хийсэн. ...Уг компанийг байгуулахдаа хөрөнгө оруулалтыг 100 хувь Ж хийж компанийн дотоод үйл ажиллагаа, менежмент, санхүү, хүний нөөцийн асуудлыг тэдний тал хариуцаад миний тухайд зөвхөн орон нутгийн харилцааг хариуцахаар тохиролцсон. Энэ хүрээнд нэг үгээр хэлбэл компанийн бичиг баримт дээр миний нэр байдаг боловч дотоод бүх үйл ажиллагааг Ж-гийн тал хариуцдаг. Ерөнхийдөө үйлдвэрийн технологийн асуудал яригддаг. Тийм учраас компанийн дотоод үйлдвэрлэлийн асуудлаар өөрсдөө шийдвэрээ гаргаж химийн бодисоо худалдан авч үйл ажиллагаандаа ашигладаг байсан. Би дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй байсан учраас химийн хорт болон аюултай бодисыг хаанаас хэзээ хэрхэн худалдаж авдаг байсан талаар мэдэхгүй гэсэн мэдүүлэг /1хх 94-95 ху/,
-Яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч Р.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Э х ХХК нь 2017 онд гадаад худалдаа аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдаж байсан. 2018 оны 01 сарын 02-ны өдөр Кэвин инвест ХХК-тай 18/01 дугаартай гэрээг байгуулж Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн нутаг дэвсгэрт байрлах жонш баяжуулах үйлдвэрийг ашиглаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэхүү түрээсийн гэрээгээр жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас эдгээр нэр төрлийн бодиснуудыг заасан химийн хорт болон аюултай бодисыг ашиглах тусгай зөвшөөрлийг аваагүй гэсэн мэдүүлэг /2хх 67-68 ху/
-Шинжлэх ухааны академи хими технологийн хүрээлэнгийн шинжээч Б.Н-ийн “... Доорхи бодисууд нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтанд орсон байна:
1.Давсны хүчил /Hydrochloric acid-HCI 36-38%/- жагсаалтын 485,
2.Калийн шүлт /Potassium hydroxide-КОН/-жагсаалтын 506,
3.Этилийн спирт /Ethanol absolute-СН3СН2ОН/-жагсаалтын 584
4.Acetic acid glacial /CH3COOH/-жагсаалтын 1227
Доорхи бодис нь Засгийн Газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд орсон байна: Триэтаноламин /N(CH2CH2KY)3 85%/-жагсаалтын 28, триэтаноламин /N(CH2CH2KY)3 99% жагсаалтын 28 гэсэн дүгнэлт /1хх 33-35 ху/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 5-6 ху/
-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 7-10, 97-98, 50-54 ху/
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх 41 ху/
-Түрээсийн гэрээ /1хх 131-134 ху/
-Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм /1хх 210-211, 2хх 88-94ху/
-Э х ХХК-ийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх 57-61, 66-68 ху/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2хх 62-63 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх 71 ху/
-Шинжилгээний төлбөр төлсөн баримт /2хх 87 ху/зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж “Э х ” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч “Э х ” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах жоншны баяжуулах үйлдвэрийн лабораторт 2018 оны 01 сарын 02-ны өдрөөс 2021 оны 06 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисыг ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д орсон 500 мл-ийн савлагаатай “Давсны хүчил” 79 ширхэг, 500 гр-ын савлагаатай “Калийн хүчил” 40 ширхэг, 500 мл-ийн савлагаатай этилийн спирт 6 ширхэг, 500 мл-ийн савлагаатай “Acetic acid glacial” 21 ширхэг, Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д орсон 500 мл-ийн савлагаатай “Триэтаноламин 85%” 44 ширхэг, 500 мл-ийн савлагаатай “Триэтаноламин 99%” 10 ширхэг зэрэг химийн хорт, аюултай бодисыг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч Р.Бын “мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн” гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бийн “хохирол учраагүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.Бын яллагдагчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн “...2018 оны 01 сарын 02-ны өдөр Кэвин инвест ХХК-тай 18/01 дугаартай гэрээг байгуулж Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн нутаг дэвсгэрт байрлах жонш баяжуулах үйлдвэрийг ашиглаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэхүү түрээсийн гэрээгээр жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас эдгээр нэр төрлийн бодиснуудыг заасан химийн хорт болон аюултай бодисыг ашиглах тусгай зөвшөөрлийг аваагүй” гэсэн болон гэрч Э.О /1хх66 ху/, М.М /1хх 81-82 ху/, Ж.О /1хх 84 ху/, Б.Б /1хх 87-88 ху/, Б.Б /1хх 90 ху/, Б.Э /1хх 94-95 ху/ нарын мэдүүлгүүд, тухайн бодисуудыг химийн болон аюултай бодисын жагсаалтанд орсон болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /1хх 33-35 ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, улсын бүртгэлийн лавлагаа, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
“Химийн хорт бодис” гэдэг нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн элемент, тэдгээрийн нэгдлийг хэлэх бөгөөд химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан нь нийгмийн аюулгүй байдал болон хүн амын эрүүл мэндэд гэм буруугийн хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл болохыг Эрүүгийн хуулиар тодорхойлсон.
Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэж заасны дагуу шүүгдэгч “Э х ” ХХК-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч “Э х ” ХХК нь гэм буруу дээр маргаагүй, бусдад төлөх төлбөргүй, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шинжээчийн хөлсийг төлсөн байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзээд улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /одоо Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багт байрлах “Э х ” ХХК-ийн лабораторид хадгалагдаж байгаа/ 500 мл-ийн савлагаатай “Давсны хүчил” 79 ширхэг, 500 гр-ын савлагаатай “Калийн хүчил” 40 ширхэг, 500 мл-ийн савлагаатай этилийн спирт 6 ширхэг, 500 мл-ийн савлагаатай “Acetic acid glacial” 21 ширхэг, Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д орсон 500 мл-ийн савлагаатай “Триэтаноламин 85%” 44 ширхэг, 500 мл-ийн савлагаатай “Триэтаноламин 99%” 10 ширхэг, 500 мл-ийн савлагаатай Борын хүчил 9 ширхэг, нийт 209 ширхэг химийн хорт аюултай бодисыг ОБЕГ-ын Гамшиг судлалын төвд хүргүүлэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хуулийн этгээдийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч “Э х ” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “Э х ” ХХК-ийг гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 20.000.000 /хорь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “Э х ” ХХК нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 1 жилийн хугацаанд сард 1.666.667 /нэг сая зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч “Э х ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Р.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /одоо Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багт байрлах “Э х ” ХХК-ийн лабораторид хадгалагдаж байгаа/ 500 мл-ийн савлагаатай “Давсны хүчил” 79 ширхэг, 500 гр-ын савлагаатай “Калийн хүчил” 40 ширхэг, 500 мл-ийн савлагаатай этилийн спирт 6 ширхэг, 500 мл-ийн савлагаатай “Acetic acid glacial” 21 ширхэг, Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д орсон 500 мл-ийн савлагаатай “Триэтаноламин 85%” 44 ширхэг, 500 мл-ийн савлагаатай “Триэтаноламин 99%” 10 ширхэг, 500 мл-ийн савлагаатай Борын хүчил 9 ширхэг, нийт 209 ширхэг химийн хорт аюултай бодисыг ОБЕГ-ын Гамшиг судлалын төвд хүргүүлэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хуулийн этгээдийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА