Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж,  тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Х  банк ХХК-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.А, Г.Э нарт холбогдох хууль бус эзэмшлээс банкны өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.А, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.У, хариуцагч нарын  төлөөлөгч Э.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х банк болон Г.А нар нь 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 306 тоот захирамжийн дагуу Г.А, Э.З нар нь зээлийн төлбөрийг төлөх, гэрээний үүргийн гүйцэтгэлийг өөрийн өмчлөлтийн хөрөнгөөс барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг шүүх баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Зээлдэгч Г.А шүүхийн шийдвэр гарсанаас хойш зээлийг төлөх хугацаа шаардлагатай байгаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлэхгүйгээр зээлийг төлөхөөр удаа дараагийн хүсэлт гаргаж амлалт өгч улмаар 2017 оны 3 дугаар сард Г.А нь шүүгчийн захирамжинд заасан зарим хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсоны үндсэн дээр үл хөдлөх худалдах худалдан авах гэрээг байгуулсан болно.

Уг гэрээний дагуу:

1. Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг, 108 мкв талбайтай үйлчилгээ зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2. Дорноговь аймаг Замын-үүд сум, 2-р баг, 250 мкв гэр бүлийн хэрэгцээ зориулалттай эзэмших эрхтэй газар

3. Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг, 300 мкв гэр бүлийн хэрэгцээ зориулалттай эзэмших эрхтэй газар

4. Дорноговь аймаг Замын-үүд сум, 2-р баг, 200 мкв талбайтай агуулах зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус тус улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлж, 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Х банкны нэр дээр гаргуулж авсан. Түүнчлэн зээлдэгчийн хүсэлтийн дагуу Х банк нь Г.А-тай 2017 оны 0З дугаар сарын 07-ны өдөр нөхцөл тохирох гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний үндсэн нөхцөл нь 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр шилжсэн хөрөнгийг бусдад худалдахгүй байх, худалдвал зөвхөн харилцагч Г.А-д худалдах, уг хугацаанд буцаан худалдан аваагүй нөхцөлд банк үл хөдлөх хөрөнгийг бүрэн захиран зарцуулах эрхтэй бөгөөд Г.А нь нөхцөлт тохирох гэрээний 4.2.7-д заасаны дагуу хүлээлгэн өгөх үүрэгтэй.

Гэтэл Г.А нь үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, банкны үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхээр тавьсан шаардлагыг үл тоомсорлон биет байдлаар хүлээлгэж өгөхгүй, одоог хүртэл өөрөө болон төрсөн дүү Г.Э-н хамт эзэмшиж ашиглаж байна. Г.Э нь уг обьектод дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн ч 2017.11.01-с хойш өдийг хүртэл хөрөнгийн үнийг төлөөгүй, түүнчлэн түрээслэхээр хүсэлт гаргаж түрээсийн гэрээ банктай байгуулсан боловч түрээсийн төлбөрийг мөн төлөлгүй, санаатайгаар банкны хөрөнге челеелех, худалдан борлуулах ажиллагаанд саад учруулж байна.Иймд Х банк нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлтийн үл хөдлөх хөрөнгө болох

1. Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг, 108 мкв талбайтай үйлчилгээ зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2. Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг, 250 мкв гэр бүлийн хэрэгцээ зориулалттай эзэмших эрхтэй газар

3. Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг, 300 мкв гэр бүлийн хэрэгцээ зориулалттай эзэмших эрхтэй газар

4. Дорноговь аймаг Замын-үүд сум, 2-р баг, 200 мкв талбайтай агуулах зориулалттай үл хөдлөх хөрөнгө тус тус чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

2017 оны 3-р сарын 27-ны нөхцөл тохирох гэрээгээр харилцан тохиролцсон үнэлгээ болох 210,000,000 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжид 1,207,950 төгрөгийг Төрийн сангийн 100061400941 тоот дансанд төлөв.

Иймд Г овогтой А, Г овогтой Э нарын хууль бус эзэмшлээс Х банкны өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлүүлж, бодитоор гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А нь тус шүүхийн 2015 оны 10 сарын 31-ний өдрийн шүүгчийн захирамжаар зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөрийг төлөхөөр шийдвэрлэсэн. Шүүх хэргийг шийдвэрлэснээс хойш тухайн зээлийн гэрээний хүү зогссон. Ингээд А нь  уг төлбөрийг төлөхгүй, хугацаа шаардлагатай байна гэж явсаар  2017 оны 03 сар хүрсэн. Бид А-тай уулзаж нөхцөлт тохирох гэрээ байгуулан

1. Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг, 108 мкв талбайтай үйлчилгээ зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2. Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг, 250 мкв гэр бүлийн хэрэгцээ зориулалттай эзэмших эрхтэй газар

3. Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг, 300 мкв гэр бүлийн хэрэгцээ зориулалттай эзэмших эрхтэй газар

4. Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг, 200 мкв талбайтай агуулах зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, банкны өмчлөлд шилжүүлэн, А нь дээрх эд хөрөнгийг 2017 оны 10 сарын 31-ны дотор өөрөө буцаан худалдан авах, хэрэв авахгүй бол бид бусдад худалдах, А чөлөөлж өгөхөөр тохиролцсон. Гэтэл А нь 2017 оны 10 сарын 31-нийг хүртэл хугацаанд, мөн түүнээс хойш худалдан авахгүй байсан тул бид шүүхэд тухайн эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан. Хариуцагч нарын гаргасан 2017 оны 07 сарын 01 гэсэн хугацааг зөвшөөрөхгүй байгаа юм. А-д итгэх итгэл алга, хугацаа авна гэдэг, бид хугацаа өгдөг. Тэгэхээр одоо тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авах хүн байгаа тул тэр хугацааг хүлээх боломжгүй байна. Нөгөөтэйгүүр 2 газрын хувьд би банкийг төлөөлж газар шилжүүлэх гэрээ байгуулсан, газрыг аж ахуйн нэгжийн нэр дээр бүртгэх боломжгүй тул миний нэр дээр бүртгүүлсэн банкны өмч байгаа юм. Э-н хувьд Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг, 200 мкв талбайтай агуулах зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус банктай түрээсийн гэрээ байгуулж түрээсэлсэн боловч түрээсийн төлбөрөө ч төлөхгүй, тухайн үл хөдлөх хөрөнгийг ч чөлөөлж өгөхгүй байгаа юм, гэрээг хэрэгт хавсаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч нарын төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг эхлээд шүүхэд гаргахад нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй. Бидний зүгээс Х банкны нэхэмжилсэн эд хөрөнгийг 2017 оны 07 сарын 01-ний өдөр гэхэд чөлөөлж өгөх хүсэлтэй байгааг нэхэмжлэгч тал зөвшөөрөхгүй байгаа юм. Иймд бид шүүх хуралдаанд 2 газрыг чөлөөлүүлэх тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж байна. Учир нь нөхцөл тохирох гэрээгээр тухайн эд хөрөнгийг А-д худалдан борлуулахаар тохирсон байдаг, нөгөөтэйгүүр энэ газруудыг үнэ төлбөргүй шилжүүлэхээр гэрээ байгуулсан байдаг. Мөн нэхэмжилсэн 2 газар нь У-н нэр дээр байдаг юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2 үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхийг зөвшөөрч байна, харин 2 газар чөлөөлүүлэхийг зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч Г.А, Г.Э нарт холбогдуулан хариуцагч нарын хууль бус өмчлөлөөс банкны хөрөнгө болох

1. Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг, 108 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2. Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг, 250 мкв гэр бүлийн хэрэгцээ зориулалттай эзэмших эрхтэй газар

3. Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг, 300 мкв гэр бүлийн хэрэгцээ зориулалттай эзэмших эрхтэй газар

4. Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг, 200 мкв талбайтай агуулах зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасныг шүүх зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Үндэслэл нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч Г.А-тай 2017 оны 03 сарын 07-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, 108 мкв бүхий талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан, мөн эзэмших эрхтэй газар шилжүүлэн авах гэрээ байгуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг 300 мкв талбайтай гэр бүлийн  хэрэгцээний зориулалттай газар, Замын-Үүд сумын 2 дугаар баг 250 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээний хуулбарууд, эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээний хуулбарууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Х банк ХХК нь өөрийн өмчлөлдөө шилжүүлж авсан тухайн үл хөдлөх хөрөнгө, эзэмших эрхтэй газар зэргийг 2017 оны 10 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд бусдад худалдахгүй байх, энэхүү хугацаанд зөвхөн хариуцагч буцаан худалдан авах боломжоор хангах гэсэн ерөнхий нөхцөлтэйгөөр  “ нөхцөл тохирох “ гэрээг 2017 оны 03 сарын 07-ны өдөр хариуцагч Г.А-тай байгуулсан байна.

Талуудын хооронд 2017 оны 03 сарын 27-ны өдөр байгуулагдсан нөхцөл тохирох гэрээний 2.1-т  банк нь 2017 оны 10 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд  үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг бусдад аливаа хэлбэрээр шилжүүлэхгүй байх үүргийг  нэхэмжлэгч нь хариуцагч Г.А-н хүсэлтээр  хүлээсэн байна.

Гэтэл хариуцагч Г.А нь дээр гэрээгээр тохирсон хугацаанд буюу 2017 оны 10 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нэхэмжлэгч Х банк ХХК-д худалдсан үл хөдлөх хөрөнгө болон шилжүүлсэн газраа буцаан худалдан аваагүй, түүнчлэн нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлж өгөөгүй, үйл ажиллагаа явуулж байгаа үйл баримт нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдсон байна.

Маргааны зүйл болох Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг, 108 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг, 200 мкв талбайтай агуулах зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан үл хөдлөх  эд хөрөнгө өмчлөх  эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбаруудаар нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдож байна. Иймд эдгээр үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Харин нэхэмжлэгчийн шаардсан Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг, 250 мкв гэр бүлийн хэрэгцээ зориулалттай эзэмших эрхтэй газар, Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг, 300 мкв гэр бүлийн хэрэгцээ зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг нь хэрэгт авагдсан тоот гэр бүлийн  хамтын  хэрэгцээний  зориулалтаар газар эзэмших  эрхийн гэрчилгээнүүдийн хуулбар зэргээс үзэхэд иргэн Б овогт Ч.У-н эзэмшлийн газар байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй боловч тухайн эд хөрөнгө нь өмчлөгчийн өөрийнх нь өмчлөлд бүрэн шилжсэн, эсхүл хууль ёсоор эзэмших эрхтэй байх юм. Иймээс нэхэмжлэгч нь тухайн газруудыг өөрийн өмчлөлийн хөрөнгө гэж үзэж шаардах эрхгүй байна.

Түүнчлэн хариуцагч Г.Э нь нэхэмжлэгч Х банк ХХК-ний хариуцагч Г.А-с худалдан авсан үл хөдлөх хөрөнгө болох Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг 200 мкв талбайтай агуулах зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 12 сарын 01-ний өдөр нэхэмжлэгч талтай түрээсийн гэрээ байгуулан, 3 сарын хугацаагаар түрээсэлсэн  байх ба гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн шаардсанаар уг үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгөөгүй байна. Тэрээр гэрээ байгуулсанаас хойш сар бүрийн 5-ны дотор  түрээсийн төлбөр 3,000,000 төгрөгийг түрээслүүлэгчийн Х банк дахь тоот дансанд шилжүүлэх  үүрэг хүлээсэн байх ба гэрээний 4.2.3-т зааснаар ...түрээсийн төлбөрийг  төлөх хугацаа хэтрүүлсэн бол гэрээгээр хүлээсэн үүргийг зохих ёсоор биелүүлэхийг нэхэмжлэгч тал шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч талаас түрээсийн төлбөрийг нэхэмжлээгүй, харин тухайн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан ба хариуцагч Г.Э-н зүгээс энэ талаар маргаан гаргаагүй болно.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Г.А, Г.Э нарын хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч Х Банк ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болох Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг 108 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг, 200 мкв талбайтай агуулах зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг, 250 мкв гэр бүлийн хэрэгцээ зориулалттай эзэмших эрхтэй газар Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг, 300 мкв гэр бүлийн хэрэгцээ зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийг нийт 210,000,000 төгрөгөөр тодорхойлж улсын тэмдэгтийн хураамжийн төлсөн байх ба талуудын хооронд байгуулагдсан нөхцөл тохирох гэрээгээр Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг, 250 мкв гэр бүлийн хэрэгцээ зориулалттай эзэмших эрхтэй газар, Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг, 300 мкв гэр бүлийн хэрэгцээ зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг тус бүр 5,000,000 төгрөгөөр үнэлсэн байгаа тул 200,000,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийн маргааныг шүүх хангаж, үлдэх 10,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн гэж үзэн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-120 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагч Г.А, Г.Э нарын хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч Х Банк ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болох Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг, 108 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг, 200 мкв талбайтай агуулах зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг, 250 мкв гэр бүлийн хэрэгцээ зориулалттай эзэмших эрхтэй газар Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2-р баг, 300 мкв гэр бүлийн хэрэгцээ зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,207,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,157,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.

3. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ    А.Ц