Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/95

 

 

 

 

 

 

 

 

                                   

2022               06           09                                       2022/ШЦТ/95

 

                                                        

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Намуунзул, 

Улсын яллагчаар М.Отгонбаатар,

Шүүгдэгч О.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр нарыг оролцуулан шүүх танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.О-д холбогдох эрүүгийн 2219001760125 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь  аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар баг, Эргэл гэх газарт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Мөнхзав овогт О-ийн О-т /РД:ЕЛ88120914/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч О.О нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Амна-Ус гэх газарт хохирогч Ц.Төмөртогоог хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч О.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр найз Төмөртогоогоор ямаа самнуулчихаад хүргэж өгсөн. Тэгээд манай эхнэр Хишигжаргал, Төмөртогоогийн дүүтэй хамт 4-лээ яваад Төмөртогоогийн гэрт нь очсон. Тэгээд бид 2 шил архи хувааж уусан. Намайг явах гэтэл Төмөртогоо эхнэртэйгээ маргалдаад байхаар нь эхнэр бид 2 салгасан. Гэтэл Төмөртогоо намайг гаръя гэхээр нь гарсан. Гадаа намайг элдвээр хэлээд байхаар нь мөрөн дээрээс нь  дугтраад хавираад унагасан. Тэгээд эхнэр бид 2 яваад өгсөн. Хохирогчид 2.500.000 төгрөг төлсөн. Хохирогчийг эмнэлэгт хэвтэж хагалгаанд ороход би эмнэлгийн бүх зардлыг гаргасан. Би  хэргээ хүлээн зөвшөөрнө. Гэм буруу дээр маргахгүй                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Ц.Төмөртогоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 он 04 дүгээр сарын 03-ны өдөр 21 цаг өнгөрөөд манай гэрт очсон. Одхишигт түүний эхнэр Хишигжаргал манай эхнэр Цэрэндолгор бид дөрөв авч очсон архиа хувааж уусан. Би тухайн үед согтоод Одхишигтэй муудсан. Одхишигт бид хоёр маргалдаад гадаа гарсан чинь Одхишигт намайг хөлөөрөө хавирч унагасан. Баруун хөл их өвдсөн. Би Одхишигт чи хөл хугалчихлаа гэсэн чинь над руу шороо цацчихаад Одхишигт эхнэр Хишигжаргалаа аваад явсан. Эмч ирж үзээд чиний хөл хугарсан байна гэсэн. Би архи ууж согтсон байсан болохоор Одхишигтийг гараад үзье гэж хэлсэн юм билээ. Тэгээд л муудсан байх. Одхишигт архи уусан боловч над шиг согтоогүй байсан. Өөр шалтгаан байхгүй. Намайг Одхишигт хавирч унагахыг харсан хүн байхгүй. Гэрт байсан хүмүүс хараагүй гэсэн мэдүүлэг  /хх 23-24 ху/,

 

-Гэрч Г.Цэрэндолгорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: О.О гэх залуу миний хамтран амьдрагч Ц.Төмөртогоог 2022 он 04 дүгээр сарын 01-ний өдөр ямаа самнуулна гэж гуйгаад авч явсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэрт хүргэж ирээд Одхишигт манай нөхөр Төмөртогоо хоёр 0.5 литрийн Хараа нэртэй 2 шил архи хувааж уусан. Тэгээд Төмөртогоо архи уугаад согтоод агсамнаад байсан чинь Одхишигт Төмөртогоог хоёулаа гарч тамхи татъя гэж гэрээс гараад тэр хоёр гадаа хоорондоо ноцолдоод байсан гэсэн. Үүнийг манай охин Анударь ярьсан. Тэгээд өглөө нь босож ирэхэд Төмөртогоогийн баруун хөлийн шилбэ хэсгээрээ их хэмжээний хавдартай өвдөөд байна гэсэн. Тэгээд би сумын эмнэлэгт дуудлага өгч үзүүлэхэд манай нөхрийн баруун хөлийн шилбэ хэсгээрээ хугарсан байна гэж эмч хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 7 ху/,

 

-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 02/0228 дугаартай дүгнэлтэнд:

1.Ц.Төмөртогоогийн биед шаант ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт  /хх 28 ху/,

 

-Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 2 ху/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 65 ху/,

-Хохирогчоос ирүүлсэн хүсэлт /хх 80 ху/,

-Хохирогчид 2.500.000 төгрөг төлсөн баримт /хх 81 ху/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 70-76 ху/

 

 -Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх 86 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч О.О нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Амна-Ус гэх газарт хохирогч Ц.Төмөртогоог хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би хэргээ хүлээн зөвшөөрнө. Гэм буруу дээр маргахгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ц.Төмөртогоогийн “...Одхишигт түүний эхнэр Хишигжаргал манай эхнэр Цэрэндолгор бид дөрөв авч очсон архиа хувааж уусан. Би тухайн үед согтоод Одхишигтэй муудсан. Одхишигт бид хоёр маргалдаад гадаа гарсан чинь Одхишигт намайг хөлөөрөө хавирч унагасан. Баруун хөл их өвдсөн. ...Эмч ирж үзээд чиний хөл хугарсан байна гэсэн. Би архи ууж согтсон байсан болохоор Одхишигтийг гараад үзье гэж хэлсэн юм билээ. Тэгээд л муудсан байх” гэсэн мэдүүлэг, мөн гэрч Г.Цэрэндолгорын “...Төмөртогоо архи уугаад согтоод агсамнаад байсан чинь Одхишигт Төмөртогоог хоёулаа гарч тамхи татъя гэж гэрээс гараад тэр хоёр гадаа хоорондоо ноцолдоод байсан гэсэн. Үүнийг манай охин Анударь ярьсан. Тэгээд өглөө нь босож ирэхэд Төмөртогоогийн баруун хөлийн шилбэ хэсгээрээ их хэмжээний хавдартай өвдөөд байна гэсэн. Тэгээд би сумын эмнэлэгт дуудлага өгч үзүүлэхэд манай нөхрийн баруун хөлийн шилбэ хэсгээрээ хугарсан байна гэж эмч хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 7 ху/, хохирогчийн биед баруун шаант ясны хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон 02/0228 дугаартай шинжээчийн дүгнэлт, өвчний түүх, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.

 

Энэ хэргийн улмаас хохирогчид баруун хөлийн шаант ясны хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролд 2.500.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 79, 81 дүгээр хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.   

     

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

  

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Мөнхзав овгийн Оюунтунгалагийн Одхишигтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 8 сарын хугацаанд сард 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Оэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА