Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2023/0684

 

 

 

 

                                                                                        

 

 

 

 

 

“М-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Б.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-,

Нэхэмжлэлийн шаардлага: “ Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 112 дугаар тушаал болон Төмөр замын тээврийн хяналтын албаны Төмөр замын тээврийн замын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 38/07-068-47 дугаартай дүгнэлтийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0616 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2019/0800/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 112 дугаар тушаал болон Төмөр замын тээврийн хяналтын албаны Төмөр замын тээврийн замын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 38/07-068-47 дугаартай дүгнэлтийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0616 дугаар: “Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 10 дугаар зүйлийн 10.1.6, 16 дугаар зүйлийн 16.1.3, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Зам,тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 112 дугаар тушаал болон Төмөр замын тээврийн хяналтын албаны Төмөр замын тээврийн замын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38/07-068-47 дугаартай дүгнэлтийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 4 дэх хэсэгт “... “М-” ХХК-ийн ЗТХЯ-аас 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Төмөр замын аюулгүй байдалтай холбоотой объектын дугаар бүхий гэрчилгээ дахин олгосон атлаа” гэж,

3.2. Үндэслэх нь хэсгийн 5 дахь хэсэгт “... “М-” ХХК-д 2014 онд олгосон төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэж, түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилаагүй байхад дахин гэрчилгээ олгож түүнийгээ мөн өмнөх түдгэлзүүлсэн үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна” гэж дүгнэлтийн тухайд;

“М-” ХХК нь анх Зам, тээврийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Гэрчилгээ олгох тухай” 10 дугаар тушаалаар 3 жилийн хугацаатай “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ авсан ба улсын байцаагч С.М-ын дүгнэлтэд дурдсан өөрийн ашиглах эрх бүхий газар гэдгээ нотлох ямар нэг баримт байхгүй мөн газрын маргаантай...” гэсэн үндэслэлүүдээр гэрчилгээг түдгэлзүүлсэн.

Нэхэмжлэгч компаниас 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/23 тоот албан бичгээр “... компанийн объектын гэрчилгээний хугацааг сунгаж өгнө үү гэсэн бичиг ирүүлсэн.

Гэтэл 2018 онд Төмөр замын аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ олгох ажлын хэсэгт тус яамны Хяналт, шалгалт дотоод аудитын газраас холбогдох улсын байцаагч нар оролцдоггүй байсан бөгөөд Төмөр зам бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын холбогдох албан тушаалтан оролцдог ба түдгэлзүүлсэн шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл байхгүй тул дахин гэрчилгээ олгосон. Улмаар “Г-” ХХК-иас гомдол гарч, уг асуудлыг мэдсэнээр маргаан бүхий нөхцөл байдал бүрдсэн.

Дээрх асуудлын талаар 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “М-” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хурлын /тэмдэглэл 6 дугаар хуудас/ дээр яригдсан бөгөөд үүнтэй холбоотой баримтыг шүүхээс тодруулаагүй, нотлох баримтыг дутуу цуглуулсан атлаа шүүхийн шийдвэрт дээрх байдлаар дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “Шүүх нотлох зарчим”-ыг дутуу хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. Үүнтэй холбоотой үйл баримтыг шүүх хурал дээр хэлэлцсэн байхад энэ үндэслэлээр хариуцагчийг буруутгасан.

3.3. Шүүхийн шийдвэрийн 6 дугаар хуудасны “... “М-” ХХК-иас манай компанид 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 18/43/15 дугаартай объектын гэрчилгээ олгогдсоноос хойш эрх бүхий байгууллагаас тус гэрчилгээг түдгэлзүүлж байгаагүй, уг гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй” гэж;

3.4. “...хариуцагчаас төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 038/07/068/57 дугаартай албан шаардлагыг биелүүлээгүй, мөн өөрийн ашиглах эрх бүхий газар гэдгээ нотлох ямар нэг баримт ирүүлээгүй...” гэж;

3.5. Үндэслэх нь хэсгийн 8 дахь хэсэгт “... ТЗТХУБ-ийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 38/07-068-47 дугаартай дүгнэлт болон бусад эрхийн актаар нэхэмжлэгч компанид 2018 онд олгосон 18/43/15 дугаартай объектын гэрчилгээг түдгэлзүүлж байгаагүй” гэсэн дүгнэлтийн тухайд;

“М-” ХХК-тай холбоотой энэхүү маргаанд буюу нэг үйл баримт нь дээр төрийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг тус бүрээр нэхэмжлэгчид ашигтай байдлаар ялгаж, салгаж үнэлсэн, маргааныг үнэн зөвөөр шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг хуралд хэлэлцүүлж байхад цуглуулаагүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй.

Түүнчлэн байцаагчийн дүгнэлт болон сайдын тушаалд дурдсан “Өөрийн ашиглах эрх бүхий газар гэдгээ нотлох ямар нэг баримт байхгүй” мөн маргаан бүхий тушаал болон байцаагчийн дүгнэлтийг тус тус хууль бус байсан болох талаар ямар нэгэн хууль зүйн үндэслэл хийгээгүй, тайлбарлаагүй.

3.6. Үндэслэх нь хэсгийн 14 дэх хэсэгт “Харин “М-” ХХК-г төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээгээр салбар төмөр замын үйл ажиллагааг явуулж байгааг хуульд нийцсэн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгааг дурдах нь зүйтэй” гэсэн дүгнэлтийн тухайд;

3.7. БНМАУ болон ЗСБНХУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан 1949 оны хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн “Б”-д “Төмөр замын бүх чиглэлийн дагуух нийтдээ 120 метр өргөн зурвас газар бө өртөө зөрлөгүүдэд өргөнөөрөө 300 м газрыг нийгэмлэгийн ашиглалтад хугацаагүйгээр шилжүүлэн ашиглуулна” гэж заасан бөгөөд маргааны зүйл болсон газарт төрийн захиргааны байгууллагаас газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах эрхгүй” гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 577 дугаар магадлалд дүгнэсэн байхад анхан шатны шүүхийн шийдвэрт “Харин “М-” ХХК-ийг төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээгээр салбар төмөр замыг үйл ажиллагааг явуулж байгааг хуульд нийцсэн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгааг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн нь нэг талыг барьсан, хуулийн хүчин төгөлдөр магадлалыг буруу тайлбарлаж, үнэлсэн гэж үзэхээр байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 0616 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах” гэж заасны дагуу хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “М-” ХХК-иас Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 112 дугаар тушаал болон Төмөр замын тээврийн хяналтын албаны Төмөр замын тээврийн замын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 38/07-068-47 дугаартай дүгнэлтийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... Манай компанид 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 18/43/15 дугаартай объектын гэрчилгээ олгогдсоноос хойш эрх бүхий байгууллагаас тус гэрчилгээг түдгэлзүүлж байгаагүй тул уг гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй, ... гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй тул тус дүгнэлт үндэслэлгүй, хууль бус, ... Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээг хүчингүй болгосноор манай компанийн төмөр замын дагнасан салбар замыг ашиглах, өөрийн зам, талбайд ачаа тээш, вагон, чингэлгийг тээвэрлэхэд бэлтгэх, ачих, буулгах, хадгалах үйлчилгээ үзүүлэх эрх зөрчигдөөд байна ...” гэж тайлбарлажээ.

2.1. Хариуцагчаас “... “М-” ХХК нь төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 038/07/068/57 дугаартай албан шаардлагыг биелүүлээгүй, мөн өөрийн ашиглах эрх бүхий газар гэдгээ нотлох ямар нэг баримт ирүүлээгүй” гэж тайлбарлан маргасан байна.

2.2. Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “"салбар зам" гэж сэлгээний болон ачих, буулгах ажил хийх зориулалтаар төмөр замын шугам болон өртөөний замаас салбарлаж тавьсан замыг”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулиар өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр төмөр замын тээврийн бүх төрлийн үйл ажиллагааг зохицуулна”, 16 дугаар зүйлийн 16.1.3-д “Төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл /цаашид "тусгай зөвшөөрөл" гэх/ дараахь төрөлтэй байна: төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх”, 18 дугаар зүйлийн 18.1-д “"Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч" гэдэгт төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангаж, төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэмд заасны дагуу тээвэрлэлтийг зохион байгуулах үүрэг бүхий суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хамаарна” гэж заасан.

2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анх нэхэмжлэгч “М-” ХХК-нь 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 14/121/14 дугаартай “Салбар зам барих, өргөтгөх, техникийн нөхцөлийн дүгнэлт”-ээр Толгойт өртөөний “Б” паркийн Сум №9-ийн арын мухар замын хаалтнаас шулуун чиглэлд уртасгаж түүнээс баруун гарын суман шилжүүлэг /ЭЦ-д холбох/ тавьж өөрийн эзэмшлийн талбайд 100 м ашигтай урттай салбар төмөр зам ашиглалтад оруулах боломжтой гэж дүгнэж,

2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “М-” ХХК-ийн шинээр бариулсан салбар замыг газар дээр нь шалгаад “замын техникийн байдал нь Техник ашиглалтын дүрэм, стандартын шаардлага хангаж байгаа тул тус салбар замыг байнгын ашиглалтад оруулах боломжтой” гэж дүгнэн 14/068/08 дугаар “Салбар замыг байнгын ашиглалтад оруулах, зам, барилгын ажлыг хүлээн авах тухай дүгнэлт”-ээр ашиглалтад оруулж,  “Салбар зам арчлалтын гэрээ”-г Улаанбаатар төмөр зам ХНН-ийг төлөөлж замын 2 дугаар ангийн даргатай 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан байна.

Улмаар “М-” ХХК-д Толгойт өртөөд Дагнасан хэрэглээний салбар замын зориулалтаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын 0-1-2 код бүхий 18/43/15 дугаар гэрчилгээг олгожээ.

2.4. Маргаан бүхий Төмөр замын тээврийн замын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 38/07-068-47 дугаартай дүгнэлтээр “... Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “М-” ХХК-ийн бариулсан салбар төмөр замын чиг нь “Г-” ХХК-ийн эзэмшлийн 18633309206841 нэгж талбарын дугаартай газарт захын шугамаас дотогш 10.3 м-т 30.9 м урттай орсон байна, ... дээрх газар ашиглалтын маргааны талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд одоогоор шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй, ... Төмөр замын тээврийн хяналтын Улсын байцаагчийн 2015 оны 038/07/068/57 дугаартай албан шаардлага, тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 07/852 тоот албан бичгээр хүргүүлсэн үүрэг даалгаврын хамт биелүүлээгүй, 2018 оны 05 дугаар сар хүртэл газар эзэмшлийн маргаантай хэвээр байна, ... Иймд 1949 оны Монгол-Оросын Засгийн газар хооронд байгуулсан олон улсын хэлэлцээрийн дагуу “УБТЗ” ХНН-т олгосон төмөр замын зурвас газарт хамаарах уг газрын ашиглалт, эзэмшилтэй холбоотой Сонгинохайрхан дүүргийн газрын харилцааны алба, “М-” ХХК, “Г-” ХХК-ийн хооронд үүссэн маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхээс эцэслэн шийдвэрлэх хүртэл 2018 онд тус яамнаас хууль журмын дагуу “М-” ХХК-д хугацааг сунган олгосон /Код-О-1-2, №18/43/15 дугаартай “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ”-г хүчингүй болгох саналтай” гэж дүгнэжээ.

Улмаар Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Объектын гэрчилгээ хүчингүй болгуулах тухай” 112 дугаар тушаалаар “... Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6, Зам, тээврийн сайдын 2012 оны 120 дугаар тушаалаар баталсан “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам”-ын 3.1.2, 3.1.8, 6.1.3, 6.2, 6.4.3-д заасныг тус тус үндэслэн Төмөр замын тээврийн замын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 38/07-068-47 дугаартай дүгнэлтээр салбар төмөр замын объектын гэрчилгээг хүчингүй болгох санал гаргасан” гэсэн үндэслэлээр дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 43 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “М-” ХХК-д олгогдсон О-1-2 код бүхий 18/43/15 дугаартай төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын дагнасан хэрэглээний салбар замын гэрчилгээг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

2.5. Анхан шатны шүүх “... Зам тээврийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 43 дугаар тушаалаар ... төмөр замын тээврийн улсын байцаагчийн 2016 оны 038/-007-068/05 дугаар дүгнэлтээр объектын гэрчилгээг түдгэлзүүлэх саналын дагуу “М-” ХХК-д 2014 онд олгосон төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэж, түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилаагүй байхад дахин гэрчилгээ олгож түүнийгээ өмнөх түдгэлзүүлсэн үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна ... гэрчилгээг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэхээргүй ... нэхэмжлэгч компани нь газрын маргаантай асуудлыг шийдвэрлэхээр шүүхийн маргаантай байхад ... газрын маргаантай асуудлаа шийдвэрлээгүй гэж ... тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлж, хүчингүй болгох үндэслэлгүй ...” гэх зэрэг дүгнэлт үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.6. Зам, тээврийн сайдын 2012 оны 120 дугаар тушаалаар батлагдсан “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам”-ын 3.1.2-д “Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: Гэрчилгээ олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох”, 3.1.8-д “Гэрчилгээ бүхий объект, үйл ажиллагаа гэрчилгээжүүлэлтийн нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан шалгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох”, 6.1.3-д “Гэрчилгээг түдгэлзүүлэх үндэслэл: Гэрчилгээ эзэмшигчийн хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд, байгууллагын эрх ашиг зөрчигдсөн”, 6.2-д “Төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагч гэрчилгээг түдгэлзүүлэх санал гаргасны дагуу төрийн захиргааны төв байгууллага гэрчилгээг түдгэлзүүлэх эсэхийг хянан шалгана”, 6.4.3-д “Гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл: Гэрчилгээг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй” гэж заасан байх тул хариуцагч нь гэрчилгээ эзэмшигчийн хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд, байгууллагын эрх ашиг зөрчигдсөн, гэрчилгээг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй зэрэг журамд заасан гэрчилгээг түдгэлзүүлэх үндэслэл бүрдсэн тохиолдолд түүнийг түдгэлзүүлэх улмаар түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд объектын гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэх эрхтэй байна.

            2.7. Гэтэл Төмөр замын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 38/07-068-47 дугаар дүгнэлт болон өөр бусад эрхийн актаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосон 2018 оны 1/43/15 дугаар объектын гэрчилгээг түдгэлзүүлээгүй, энэ талаар ямар нэгэн баримт нотолгоо байхгүй байхад  хариуцагчаас “гэрчилгээг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй” гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь хууль бус, энэ талаар анхан шатны шүүх “Зам тээврийн сайдын 2012 оны 120 дугаар тушаалаар батлагдсан Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журмын 6.4.3-т Гэрчилгээг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн нь зөв байна.

            2.8. Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д “Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох”, 9 дүгээр зүйлийн 9.1.3-д “Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: төмөр замын байгууллагад ашиглуулах зурвас газрын хэмжээ, хугацаа, нөхцөлийг тогтоох” 27 дугаар зүйлийн 27.6-д “Төмөр замын зурвас газарт энэ хуулийн дагуу тогтоосон дэглэмд зааснаас бусад ажил, үйлчилгээ эрхлэхийг хориглоно” 27.10-д “Төмөр замын зурвас газраас гаднах аюулгүйн бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах, аливаа үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга аюулгүй байдлын талаар гаргасан зөвлөмж, дүгнэлтийг харгалзан төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн олгоно” гэж заасан байна.

            2.9. Төмөр замын тээврийн замын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 38/07-068-47 дугаартай дүгнэлтээр “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “М-” ХХК-ийн бариулсан салбар төмөр замын чиг нь “Г-” ХХК-ийн эзэмшлийн 18633309206841 нэгж талбарын дугаартай газарт захын шугамаас дотогш 10.3 м-т 30.9 м урттай орсон байна, ... дээрх газар ашиглалтын маргааны талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд одоогоор шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй ... 2018 оны 05 дугаар сар хүртэл газар эзэмшлийн маргаантай хэвээр байна. Иймд ... шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл 2018 онд тус яамнаас ... М- ХХК-д хугацааг сунган олгосон ... “Төмөр замын аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ”-г хүчингүй болгох саналтай байна” гэж дүгнэсэн байна.

Харин нэхэмжлэгч  “М-” ХХК-ийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны А/177 дугаар захирамжийн "Г-" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 418 дугаар захирамжийн З.Баатарт, мөн Засаг даргын 2014 оны А/63 дугаар захирамжийн “Г-” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн Засаг даргын 2019 оны А/177 дугаар захирамжийн “Г-” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, маргаан бүхий газар нь Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ашиглах эрхтэй газар болохыг болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/177 дугаар захирамжаар “Г-” ХХК-ийн эзэмшиж буй газрыг холбогдох хууль тогтоомж болон дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу цуцлахгүй байгаа эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, тус газрыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-д ашиглуулах захирамж гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах” бие даасан шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 393 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 577 дугаар магадлалаар шийдвэрт гуравдагч этгээд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн бие даасан шаардлагыг зарим хэсгийг хангаж, “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/177 дугаар захирамжийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.2-т “давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах журмаар гомдлыг хянан хэлэлцээд энэ хуулийн 119.2-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй, эсхүл гомдол гаргасан боловч гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарсан” гэж заасны дагуу хэргийн оролцогчдоос хяналтын журмаар гомдол гаргаагүй тул тус шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

            2.10. Дээр дурдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн  2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 577 дугаар магадлалд “... Гуравдагч этгээд “Улаанбаатар төмөр зам” ХНН нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор төрийн өмчийн газрыг хугацаагүйгээр ашиглаж байсан боловч газраа Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу газар зохион байгуулалт хийлгэж, баталгаажуулах ёстой, ... гэснээс тус тус үзэхэд “Улаанбаатар төмөр зам” ХНН нь газар ашиглах эрхээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу баталгаажуулаагүй ...” гэж 1949 оны Монгол-Оросын Засгийн газар хооронд байгуулсан олон улсын хэлэлцээрийг дүгнэжээ.

            2.11. Иймээс анхан шатны шүүхийн “... дүүргийн Засаг даргад маргаан бүхий газарт газар эзэмших эрх олгох бүрэн эрх хуулиар олгогдоогүй, “Г-” ХХК-д газар эзэмших эрх олгох тухай Засаг даргын захирамжууд нь илт хууль бус тул тус компанид анхнаасаа газар эзэмших эрх үүсээгүй, нэхэмжлэгч компани нь газрын маргаантай асуудлаа шийдвэрлээгүй гэж үзэж тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх болон хүчингүй болгох үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь зөв байна.

            Өөрөөр хэлбэл, Төмөр замын хяналтын улсын байцаагчийн 2018 он 38/07-068-47 дугаар бүхий дүгнэлтийн “түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй” гэсэн үндэслэлийг нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаатай холбоотой зөрчил гэж үзэх үндэслэлгүй, байцаагчийн дүгнэлтээр гаргасан “... гэрчилгээг хүчингүй болгох санал” үндэслэлтэй эсэхийг нягтлан шалгаж үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр уг саналын дагуу нэхэмжлэгчийн  салбар төмөр замын гэрчилгээг хүчингүй болгох  төмөр замын объектын гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 112 дугаар тушаал хууль бус, эдгээр шийдвэрийг нэхэмжлэгчээс ашиг сонирхол байгаа гэж маргасан нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

            Иймд шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0616 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                           Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                       З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                       Н.ХОНИНХҮҮ