Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
Хэргийн индекс | 167/2022/0086/Э |
Дугаар | 2022/ШЦТ/98 |
Огноо | 2022-06-13 |
Зүйл хэсэг | 27.10.3., |
Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
улсын яллагч Б.Догмиддорж,
хохирогч Л.Г,
хохирогч Г.Я,
хохирогчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,
гэрч Б.Мөнхбаяр,
шинжээч эмч Б.Анхбаяр,
шүүгдэгч Ю.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю.Бд холбогдох эрүүгийн 2219000380073 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ю.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ю.Б нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Залуус хорооллын урд талын аспалтан зам дээр Приүс 20 маркийн ..... ДГА улсын дугаартай авто машиныг жолоодож хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 12.1, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Ц.Нгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Гийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
-Шүүгдэгч Ю.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүүгийндээ хүүхдийг нь хүргэж өгөөд гэрийнх нь гадаа тамхи татаад зогсож байснаа л санаж байна. Тэрнээс хойш огт санадаггүй. Нэг мэдэхэд хүн машины хаалга онгойлгож хүн хүн дайрчихлаа гэсэн. Гараад харахад эрэгтэй, эмэгтэй 2 хүн газар хэвтэж байсан. Би архи уугаагүй. Энэ тээврийн хэрэгсэл нь минийх. Урьд нь надад юм санахгүй байгаа зүйл болж байгаагүй. Цалингаас бусад хохирлыг төлнө. Миний үйлдлээс хүний амь нас хохирсныг ойлгож байгаа гэсэн мэдүүлэг,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Яын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай ээж 37 насандаа энэ хүний хариуцлагагүйгээс амь насаа алдлаа. Би 2 ихэр дүүтэй. Бид байр түрээсэлж амьдардаг. Одоо орох оронгүй. Эмнэлэгт 22 хоног эмчлүүлсэн. Ээжийгээ эмчлүүлж байх үед нь Бгийн талаас эм тарианы мөнгө 3-4 сая төгрөг зарцуулсан байх. Оршуулгын зардал 12.319.678 төгрөг, ээжийгээ 18 жил ажиллана гээд сарын 467.000 төгрөгөөр тооцож 100.872.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг нэхэмжилнэ. Сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг нэхэмжилнэ. Нийт 134.191.678 төгрөгийг нэхэмжилж байна. Маш их гомдолтой гэсэн мэдүүлэг,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Дүү маань хэлчихлээ. Энэ хүнээс хүн чанар гарсангүй. Үр хүүхэд нь яаж байна гээд сураглаж ирсэнгүй. Үнэхээр маш их гомдолтой байна. Хохирлыг дүү Яын нэр дээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн мэдүүлэг,
-Гэрч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Бгийн төрсөн хүүхэд. Яын нэхэмжилсэн нэхэмжлэлээс оршуулгын зардал 12.319.678 төгрөг, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг зөвшөөрнө. Аав маань группэд байдаг. Энэ хэргээс хойш талийгаачийг эмнэлэгт байхад шаардлагатай эм тариаг боломжоороо авч өгч байсан. Эмчилгээнд зориулж 4 сая гаран төгрөг зарцуулсан. Нөгөө хохирогч нь харьцангуй гэмтэл нь гайгүй байсан. Бүс, эм тариа авч өгч байсан. Яг ялгаж салгаж тооцоогүй. Одоо аавын машин журмын хашаанд байгаа. Би бас өөрийнхөө машиныг зарах гээд л хөөцөлдөж байгаа. Шүүхийн шийдвэрийн дараа аавын машиныг, мөн өөрийнхөө машиныг зарж хохирлоо төлнө гэж бодож байгаа гэсэн мэдүүлэг,
-Шинжээч эмч Б.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирогчийн цогцост хийсэн үзлэгээр шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Талийгаачид учирсан олон тооны гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Учирсан гэмтэл нь олон, эдгээрийг 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэж үзэх боломжгүй. Мохоо зүйл гэдэг нь хүний арьс талстыг нэвтэрч орохооргүй зүйлийг хэлнэ гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ц.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээсээ үүрэг чиглэл авсаныхаа дагуу Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Залуус хорооллын урд талын засмал зам дээр ойролцоогоор 15 цагийн орчимд талийгаач Г, Н бид гурав цэвэрлэгээ хийж байтал ертөнцийн зүгээр баруун талаас буюу талийгаач Г бид хоёрын ар талаас гэнэт л машин мөргөөд би ухаан алдчихсан байсан бөгөөд эмнэлэгт сэрсэн. Миний бүсэлхийн нэгдүгээр, ахар сүүлний нэгдүгээр нугалмын хугарал гэмтэл тогтоогдсон байсан гэсэн мэдүүлэг /хх 16 ху/,
-Гэрч Д.Нтын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу Залуус хорооллын засмал зам дагуу замын цэвэрлэгээний ажлыг Н, Г, Д, Б, Б нарын хамт хийж байгаад Н, Г бид гурав Залуус хорооллын 319 дүгээр байрны ертөнцийн зүгээр урд талын засмал замын дагуу засмалын хойд талын цэвэрлэгээ хийж байтал ертөнцийн зүгээр баруунаас зүүн рүү буюу бид нарын ар талаас хар өнгийн, Тоёота Приус-20 маркийн автомашин давхиж ирээд миний зүүн талд цэвэрлэгээ хийж байсан Н, Г нарыг нарыг мөргөчихсөн. Би тухайн үедээ сандраад бид нарыг ахалж байсан хэсгийн ахлагч Бт дуудаж хэлсэн. Тэгтэл хар өнгийн приус машины жолооч машинаасаа буугаад ирчихсэн байсан бөгөөд удалгүй эмнэлэг, цагдаа ирчихсэн байсан. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...Би зүүн зүг рүү харчихсан явган хүний зам шүүрдэж байтал баруун талаас сүнгэнээд л ороод ирчихсэн. Тэгээд би Г рүү харахад бөөн цус болчихсон, Н машины хойд талд толгой нь язарчихсан дээшээ хараад хэвтэж байсан гэсэн мэдүүлэг /хх 23 ху/,
-Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...цэвэрлэгээ хийж байсан чинь Н ах бид гурвыг “нааш ирээ” гээд дуудаад байхаар нь очтол хар өнгийн приус машины хойд талд буюу засмал зам дээр Н, Г нь шороон дээр бөөн цус болчихсон хэвтэж байсан гэсэн мэдүүлэг /хх 25 ху/,
-Гэрч Х.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу Залуус хорооллын засмал зам дагуу замын цэвэрлэгээний ажлыг Б, Б, Н, Г, Н нарын хамт хийж байгаад Б, Б бид 3 урд талдаа буюу Мандах наран хорооллын ойролцоо цэвэрлээгээгээ хийгээд явж байтал Залуус хорооллын 319 дүгээр байрны ертөнцийн зүгээр урд талын засмал замын дагуу засмалын хойд талын цэвэрлэгээ хийж байсан Н бид гурвыг “нааш ирээ” гээд дуудаад, орилоод байхаар нь очтол хар өнгийн приус машины хойд талд буюу засмал зам дээр Н, Г нь шороон дээр бөөн цус болчихсон хэвтэж байсан гэсэн мэдүүлэг /хх 29 ху/,
-Гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн диспансерийн их эмчээр ажилладаг бөгөөд 2021 онд манай тасагт Ю.Б нь хэвтэн эмчлүүлж байсан. ...сүрьеэгийн эм /Твикит/-ийг хэрэглэсэн хүний дотор муурхайрах, огих, бөөлжих, даралт ихсэх, элэгний өөрчлөлттэй хүний хувьд реакц өгөх тохиолдлууд бол байдаг гэсэн мэдүүлэг /хх 145 ху/,
-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 02/0111 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1.Ц.Нгийн биед бүсэлхийн 1 дүгээр ахар сүүлний 1 дүгээр нугалмын хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Эмнэлгийн бичиг баримтаар учирсан гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт /хх 39-40 ху/,
-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02/007 дугаартай дүгнэлтэнд:
1.Амь хохирогч Гийн цогцост хийсэн шинжилгээгээр их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээр цусан хураа, баруун тал бөмбөлгийн тархины эдийн няцрал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн талд чамархайн ясны хөхлөг сэртэн дайрсан хугарал, суур ясны хугарал, хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, дагз, духны шарх, баруун чамархайн шарх, дух цээж, баруун тавхайн дээд хэсэг, зүүн өвдөг, зүүн шагайн дотор хэсэг, зүүн тавхайн 1 дүгээр хурууны ар дээд хэсгийн цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4.Амь хохирогчийн цогцсоос авсан цусанд спиртийн агууламж илрээгүй байна.
5.Амь хохирогч Г нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна.
6.Амь хохирогч Г нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нас барсан байна гэсэн дүгнэлт /хх 61-64 ху/,
-2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд: ...Югийн Бгийн эзэмшилд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нь: 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт орж MNS4598-2011 стандарт хангаж тэнцсэн нь замын хөдөлгөөнд оролцож байх үедээ тээврийн хэрэгслийн техникийн стандарт хангаж техникийн хувьд бүрэн бүтэн байсан байна. ..... ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эд ангийн эвдрэлгүй замын хөдөлгөөнд оролцож явсан байна. Техникийн хувьд эвдрэлгүй байсан тул осол гарахад нөлөөлөөгүй. Ослын дараа Тоёота Приус-20 маркийн, ..... ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр нь шалгаж үзэхэд жолоочийн болон зорчигчийн суудлын бүс ажиллагаатай байна. .....дга улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгаж үзэхэд тормозны систем бүрэн ажиллагаатай, тормозны шингэн дүүргэлт хэвийн, зогсолтын тормоз хэвийн ажиллагаатай байна. ........ ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тээврийн хэрэгcлийн техникийн хяналтын үзлэгт орж стандарт хангаж тэнцсэн замын хөдөлгөөнд оролцох эрх нээгдсэн байна. Хэрэв тогтоосон хугацаанд тээврийн хэрэгcлийн техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй бол замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог. ..... ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцох эрхтэй. Осол үйлдэгдсэн шалтгаан нь техникийн бүрэн бус байдлаас болоогүй гэсэн дүгнэлт /хх 57-60 ху/,
-2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай мөрдөгчийн магадалгаанд: ..... улсын дугаартай, хар өнгөтэй, Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан 65 настай, эрэгтэй, Ин овогт Ю овогтой Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах зүйл заалтуудыг зөрчсөн байна гэж үзлээ. Үүнд:
1.11.3.Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.
2.12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.
3.12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болж зам тээврийн осол гарсан байна гэсэн дүгнэлт /хх 97-100 ху/,
- Шүүх сэтгэц гэм судлалын 11 дугаартай дүгнэлтэнд:
1.Ю.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй болно.
2.Ю.Б нь өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай.
3.Б нь болсон үйл явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно гэсэн дүгнэлт /хх 150-152 ху/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-9, 90-97 ху/,
-Зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10 ху/,
-Өвчний түүх /хх42-52, 69-89 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 111 ху/ ,
-Ю.Бг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 131-142 ху/,
-Хохирлын үнэлгээ /хх 157-158 ху/,
-Яллагдагч Ю.Бгийн жолооны үнэмлэх, ..... ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 180 ху/,
-Хохирлын баримтууд /хх 201-209ху/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх 221-222 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Ю.Б нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Залуус хорооллын урд талын аспалтан зам дээр Приүс 20 маркийн ..... ДГА улсын дугаартай авто машиныг жолоодож хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Ц.Нгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Гийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...хүүгийндээ хүүхдийг нь хүргэж өгөөд гэрийнх нь гадаа тамхи татаад зогсож байснаа л санаж байна. Тэрнээс хойш огт санадаггүй. Нэг мэдэхэд хүн машины хаалга онгойлгож хүн хүн дайрчихлаа гэсэн. Гараад харахад эрэгтэй, эмэгтэй 2 хүн газар хэвтэж байсан. ...Миний үйлдлээс хүний амь нас хохирсныг ойлгож байгаа” гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Яын “...Манай ээж 37 насандаа энэ хүний хариуцлагагүйгээс амь насаа алдлаа. ...Эмнэлэгт 22 хоног эмчлүүлсэн. Ээжийгээ эмчлүүлж байх үед нь Бгийн талаас эм тарианы мөнгө 3-4 сая төгрөг зарцуулсан байх. Оршуулгын зардал 12.319.678 төгрөг, ээжийгээ 18 жил ажиллана гээд сарын 467.000 төгрөгөөр тооцож 100.872.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг нэхэмжилнэ. Сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг нэхэмжилнэ. Нийт 134.191.678 төгрөгийг нэхэмжилж байна. Маш их гомдолтой” гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Гийн “...Үнэхээр маш их гомдолтой байна. Хохирлыг дүү Яын нэр дээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн, гэрч Б.Мөнхбаярын “... Би Бгийн төрсөн хүүхэд. Яын нэхэмжилсэн нэхэмжлэлээс оршуулгын зардал 12.319.678 төгрөг, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг зөвшөөрнө. Аав маань группэд байдаг. Энэ хэргээс хойш талийгаачийг эмнэлэгт байхад шаардлагатай эм тариаг боломжоороо авч өгч байсан. Эмчилгээнд зориулж 4 сая гаран төгрөг зарцуулсан. Нөгөө хохирогч нь харьцангуй гэмтэл нь гайгүй байсан. Бүс, эм тариа авч өгч байсан. Одоо аавын машин журмын хашаанд байгаа. Би бас өөрийнхөө машиныг зарах гээд л хөөцөлдөж байгаа. Шүүхийн шийдвэрийн дараа аавын машиныг, мөн өөрийнхөө машиныг зарж хохирлоо төлнө гэж бодож байгаа” гэсэн, шинжээч эмч Б.Анхбаярын “Хохирогчийн цогцост хийсэн үзлэгээр шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Талийгаачид учирсан олон тооны гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Учирсан гэмтэл нь олон, эдгээрийг 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэж үзэх боломжгүй” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ц.Н /хх 16 ху/, гэрч Д.Н /хх 23 ху/, гэрч Б.Б /хх 25 ху/, гэрч Х.Д /хх 29 ху/, гэрч М.Билэгмаа /хх 145 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогч Ц.Нгийн биед бүсэлхийн 1 дүгээр ахар сүүлний 1 дүгээр нугалмын хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр зэргийн гэмт учирсныг тогтоосон шинжээчийн 02/0111 дугаартай дүгнэлт, амь хохирогч Гийн биед их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээр цусан хураа, баруун тал бөмбөлгийн тархины эдийн няцрал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн талд чамархайн ясны хөхлөг сэртэн дайрсан хугарал, суур ясны хугарал, хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, дагз, духны шарх, баруун чамархайн шарх, дух цээж, баруун тавхайн дээд хэсэг, зүүн өвдөг, зүүн шагайн дотор хэсэг, зүүн тавхайн 1 дүгээр хурууны ар дээд хэсгийн цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт бүхий гэмтлүүд учирч, гавал тархины гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон 02/007 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ю.Бг сэтгэцийн ямар нэг өвчингүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болохыг тогтоосон шүүх сэтгэц гэм судлалын 11 дугаартай дүгнэлт, гэрэлт зургийн үзүүлэлтүүд, өвчний түүх, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ю.Бд холбогдох авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хүний амь нас хохирсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан нэг төрлийн гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалд багтаж байх тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг давхар зүйлчлэх шаардлагагүй гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокуророос шүүгдэгч Ю.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 болгон өөрчилж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ю.Бгийн Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хохирогч Ц.Нгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан болон хохирогч Гийн амь насыг хохироосонтой шалтгаант холбоотой байх бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандсаны улмаас хүний амь насыг хохироосон байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ю.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг нь “ тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч Ц.Нгийн хохирлыг төлсөн, мөн амь хохирогчийн хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан шүүгдэгч Ю.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5–т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, энэ хугацаанд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчингүй төгөлдөр болсон үеэс эхлэн тоолбол зохино.
Энэ хэргийн улмаас хохирогч Ц.Нд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд “хохиролд 639,277 төгрөгийг нэхэмжилж төлж хохиролгүй болговол гомдол санал байхгүй” /хх 144 ху/ гэсэн байх бөгөөд шүүгдэгч нь шүүхийн шатанд төлж барагдуулсан байх тул хохирогч Ц.Нд төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтуудыг гаргаж 12.319.678 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүхийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж амь хохирогчийг 18 жил ажиллана гэж тооцоод сарын 467.000 төгрөгөөр бодож 100.872.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг, нийт 134.191.678 төгрөгийг нэхэмжилж байна.
Дээрхи нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгч нь “оршуулгын зардал 12.319.678 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөгийг төлнө” гэж хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлээс 33.319.678 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдааны явцад 5.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болохыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нотолж байх тул үлдэх 28.319.678 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.
Харин амь хохирогчийн 18 жилийн цалин болох 100.872.000 төгрөг нэхэмжилснийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт дутуу тул хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.
Шүүгдэгч Ю.Бгийн В ангиллын 73616 дугаарын жолоочийн үнэмлэхийг хурааж, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвд хүргүүлж, энэ хэрэгт хураагдсан Тоёота приүс 20 маркийн ..... ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч Ю.Бд олгож, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Ц.Нгийн хохирол төлөгдсөн болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокуророос шүүгдэгч Ю.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 болгон өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Их мянган овгийн Ю-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Бг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ю.Бд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэх үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 188 дугаар зүйл, 189 дүгээр зүйлд зааснаар тэнцсэн хугацаанд шүүгдэгч Ю.Бд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Бд оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчингүй төгөлдөр болсон үеэс эхэлж тооцож, түүний В ангиллын 73616 дугаарын жолоочийн үнэмлэхийг хурааж, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвд хүргүүлсүгэй.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Ю.Бгаас гэм хорын хохиролд 28.319.678 /хорин найман сая гурван зуун арван есөн мянга зургаан зуун далан найм/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорноговь аймаг Сайншанд сум 2-р баг Шинэ зууны 3-326 тоотод суух Яд /ЕЮ02221428/ олгож, үлдэх 100.872.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
9.Энэ хэрэгт хураагдсан Тоёота приүс 20 маркийн ..... ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч Ю.Бд олгож, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Ц.Нгийн хохирол төлөгдсөн болохыг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
10.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА