| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2022/0085/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/99 |
| Огноо | 2022-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн,
улсын яллагч Б.Догмиддорж,
шүүгдэгч Х.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.От холбогдох эрүүгийн 2219000900103 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Х.О
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Х.О нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр..... байх хохирогч С.Зтай түүний гэрт үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж улмаар зуухны тагаар гаран тус газар нь мөн гараараа толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Х.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Тухайн үед зуухны тагаар Зг цохисон. Мыг цохих гэж байгаад Зг цохисон. Хохирогчид эм тарианы үнэ 50.000 төгрөг өгсөн. Хэргийн хувьд маргахгүй. Хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу. Хохирогчтой уулзаж уучлалт гуйсан. Надад ажил хийх боломжгүй. Аав маань нүд муу, бага насны хүүхэдтэй байдлыг харгалзан үзнэ үү гэсэн мэдүүлэг,
-Хохирогч С.Згийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манай гэрт М гэх эрэгтэй 2022 оны 02 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед хонох газар байхгүй, танайд хоночихоод маргааш өглөө явъя гэж хэлээд манай гэрт байж байхад О, Уранаа гэх 2 хүн орж ирээд М гэх эрэгтэй рүү О чи муу энэ айлд юу хийж байгаа юм гэх мэтчилэн хэлж дайраад, юм шидээд байхаар нь би урдуур нь яаж байгаа юм гэж хэлээд ортол галын зуухны таг аваад далайгаад цохих үед нь урдуур нь орох таарсан. Миний баруун гарын булчин хэсэгт зуухны тагаар 1 удаа цохихоор нь би яаж байгаа юм бэ миний гарыг түлчихлээ гэж хэлсэн чинь О нь хэн чамайг Мыг гэртээ байлга гэсэн юм гэж хэлээд миний үснээс зулгаасан чинь Уранаа бид хоёрын голоор орж салгасан. М нь бид хоёрыг муудаж байх үед манай гэрээс гараад явсан байсан. О нь надад хандан намайг уучлаарай би уурандаа ийм зүйл хийчихлээ гэж уучлалт гуйсан. ...би Отай, М гэх эрэгтэй хүнээс болж муудсан юм. Айлын гэрт орж ирчихээд хүнтэй муудлаа гэж муудсан юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 13 ху/,
-Гэрч Уийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Згийн гэрт очиход Оын нөхөр болох М нь Зтай хөзөр тоглоод байж байсан. О, Згийн гэрт ороод сайн байна уу гэж мэндэлсэн. Оаяр ширээн дээр байсан аягыг М руу авч шидсэн чинь М нь босч ирэн О луу баруун гараа далайн гэрийн баганы баруун талаар гарах гэсэн чинь О зуухны тагаар Мыг цохих гэж дайрах үед З нь Мы урдуур нь орж зуухны тагаар баруун гар хэсэгтээ цохиулсан. ...З нь Мы урдуур орж Оын барьж байсан зуухны таганд цохиулснаас болж хоорондоо муудаж О болон З нар нь нэг нэгнийхээ үснээс зулгаахаар нь би тэр хоёрыг салгасан гэсэн мэдүүлэг /хх 35 ху/,
-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02/0125 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1.С.Згийн биед тархи доргилт, баруун бугалганд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Учирсан гэмтэл нь өндөр хэмийн болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Учирсан тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
4.Учирсан баруун бугалганы зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй дүгнэлт /хх 22 ху/,
-Яаралтай тусламжийн хуудас гэсэн дүгнэлт /хх 20-21 ху/,
-Х.Оыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 26-33 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 36 ху/,
-Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоол /хх 39-44 ху/,
-Хохирогчоос гаргасан хүсэлт /хх 59 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Х.О нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр..... байх хохирогч С.Зтай түүний гэрт үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж улмаар зуухны тагаар гаран тус газар нь мөн толгойн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тухайн үед зуухны тагаар Зг цохисон. Мыг цохих гэж байгаад Зг цохисон. Хэргийн хувьд маргахгүй. Хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу. Хохирогчтой уулзаж уучлалт гуйсан байгаа” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Згийн “...манай гэрт байж байхад О, Уранаа гэх 2 хүн орж ирээд М гэх эрэгтэй рүү О чи муу энэ айлд юу хийж байгаа юм гэх мэтчилэн хэлж дайраад, юм шидээд байхаар нь би урдуур нь яаж байгаа юм гэж хэлээд ортол галын зуухны таг авсан, далайгаад цохих үед нь урдуур нь орох таарсан. Миний баруун гарын булчин хэсэгт зуухны тагаар 1 удаа цохихоор нь би яаж байгаа юм бэ миний гарыг түлчихлээ гэж хэлсэн чинь О нь хэн чамайг Мыг гэртээ байлга гэсэн юм гэж хэлээд миний үснээс зулгаасан чинь Уранаа бид хоёрын голоор орж салгасан” гэсэн мэдүүлэг /хх 13 ху/, гэрч Уийн мэдүүлэг, хохирогчийн биед тархи доргилт, баруун бугалганд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0125 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэргийн улмаас хохирогчид тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь “хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Х-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-ыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.От оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА