Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/101

 

 

 

 

 

 

 

 

2022           06           16                                         2022/ШЦТ/101

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                        

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

улсын яллагч Б.Ариунтөр,

шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Цид холбогдох эрүүгийн 2219000000119 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 1 дүгээр баг Чайраг гэх газарт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Мэргэн овогт Н-ийн Ц- /РД:ЕМ93030118/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Викторя баарны гадаа Б.Болдхүүтэй үл ялих зүйлийн улмаас маргалдан, зодож эрүүл мэндэд нь баруун дээд 1 дүгээр шүдний булгаралт, дээд уруулын шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун дээд 3 дугаар шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Н.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 14-ний орой бааранд орж архи уусан. Согтсон байсан. Адъяа нэг хүнтэй муудаад байх шиг байсан. Би голоор нь орсон. Миний дүү намайг салгасан. Тэр шөнө эрүүлжүүлэхэд хоносон. Хохирогчид 2.500.000 төгрөгийг өгч хохирлыг барагдуулсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрнө. Миний буруу гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Б.Болдхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр найз А.Адъяагийн хамт Сайншанд суманд байх Викторя бааранд 22 цаг өнгөрөөгөөд орсон ба тухайн бааранд нийт 6 пиво, 400 гр архи бид 2 хувааж уусан. Ууж дуусаад баар хаах дөхсөн байх үед Адъяагийн найз гэх залуу найзынхаа хамт ирж суусан. Манай найз Адъяа дагуулж ирсэн найзтай нь маргалдаад байсан. Тэгээд байж байтал баарны хамгаалагч гараарай гэхээр нь гарцгаасан. Адьяа суугаад үлдсэн ба би тамхи татах гээд түрүүлээд гарсан. Тэгтэл араас Адъяагийн найз нь хамт ирсэн найзын хамт гарч ирээд дагаж ирсэн найз нь над руу дайраад байсан ба би учраа олоод байж байтал Адъяагийн найз хажуугаас орж ирээд нүүр рүү гараа атгаж байгаад нэг цохиод унасны дараа хэд хэдэн удаа өшиглөсөн. Би хэсэг ухаангүй болсон. Адьяа гарч ирж намайг аваад Викторя баарны 00-д орж гар нүүрээ угаасан. ...Гэртээ очоод нүүрээ толинд харахад дээд уруул сэтэрсэн, үүдэн нэг шүд хугараад езоор үлдсэн нэг шүд нь талаараа хугарсан нийтдээ 2 шүд хугарсан баруун нүд хөхөрч хавдсан, духны зүүн хэсэгт хавдсан байдалтай байсан. Гэрээсээ шууд эмнэлэг ороод урууландаа 3 оёдол тавиулсан. Намайг Цанадорж гэгч нь зодсон гэсэн мэдүүлэг /хх 5-6 ху/,

          -Гэрч А.Адъяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр найз Б.Болдхүүгийн хамт Сайншанд суманд байх Викторя бааранд 22 цаг өнгөрөөгөөд орсон ба тухайн бараанд нийт 6 пиво 400 грамм архи бид 2 хувааж уусан. Ууж дуусаад баар хаах дөхсөн байх үед надтай он жав Цанадорж гэх залуу ирээд хамт суусан. Тэгээд байж байтал Цанадоржийн найз нь бололтой нэг хүн манай ширээ нь дээр ирээд Цанадорж юм яриад байсан. Тэгж байснаа над руу хандаж 'Чи намайг таних уу гэж асуусан. Би үгүй гэж хэлсэн. Тэгтэл нөгөө нөхөр над руу хэдэн юм хэлж байсан ба баарны хөгжимд сайн сонсогдоогүй. Тэгээд над руу дайраад байхаар нь би салаавч гаргасан ба намайг бааранд байсан 4 хөлтэй сандлаар толгойн хэсэг рүү 1 удаа цохисон. Тэр үед манайн найз болох Болдхүү голоор орж ирээд салгасан. Миний толгой өвдөөд байсан тул хэсэг суусан ба Болдхүү, Цанадорж нөгөө найзын хамт гарцгаасан. Би араас нь хэсэг байж байгаад гартал Болдхүү зодуулсан байдалтай Викторя баарны гадаа амнаас нь цус гарсан газар хэвтэж байсан. Цанадорж, найзын хамт 25-30 м орчим зайд хоорондоо юм яриад зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хоёр руу “Найз яаж байгаа юм  бэ?" гээд орилоход цаашаагаа алхаад яваад өгсөн. Тэгээд бид 2 Викторя баарны нойл орж нүүрийг нь угаачхаад таксинд суулгаад эхнэр лүү нь залгаж хэлээд явуулсан. Надад гэмтсэн зүйл байхгүй. Тухайн үед сандлаар цохиулаад хэсэг өвдөж байсан. Одоо зүгээр гэсэн мэдүүлэг /хх 9-10 ху/

-Гэрч Н.Мэндсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр манай төрсөн ах Цанадорж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай  Викторя гэх нэртэй бааранд байгааг мэдээд Викторя гэх бааранд очсон. Бааранд ороход Цанадорж нь өөр 2 найзын хамт сууж байсан. Би очоод ахыгаа авах гэтэл хамт байсан Адьяа гэх манай ахын он жав гэх залуутай маргалдсан. Би тэгэхээр нь бааранд байсан түшлэгтэй сандлаар Адьяа гэгч хүнийг нь цохих гэхэд манай ах Цанадорж голоор орж ирж болиулсан. Тэгээд тухайн баарнаас гарцгаасан бөгөөд баарны баруун талд гараад байж байтал Адьяа гэх хүнтэй нь хамт байсан хүн над руу хандаад "Адьяаг яагаад цохиж байгаа юм бэп гээд надтай ярилцаад байж байсан. Тэгтэл манай ах Цанадорж хажуунаас орж ирээд Адьяагийн найзын нүүр хэсэгт нэг удаа цохиод унахаар нь нэг удаа өшиглөж байсан. Би тэгэхээр нь голоор нь орж салгаж аваад гэр лүүгээ аваад явсан гэсэн мэдүүлэг /хх 20-21 ху/,

 

-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02/0217 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.Б.Болдхүүгийн биед баруун дээд 1 дүгээр шүдний булгаралт, дээд уруулын шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун дээд 3 дугаар шүдний эмтрэл гэмтлүүд тогтоогдлоо.

2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Учирсан баруун дээд 1 дүгээр шүдний булгарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлнө.

4.Учирсан дээд уруулын шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг томоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун дээд 3 дугаар шүдний эмтрэл гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 12-13 ху/,

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-21 ху/,

-Яаралтай тусламжийн хуудас, эмчилгээний баримтууд /хх 14-15 ху/,

-Н.Цийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 35-44 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 45 ху/

-Хохирогчоос гаргасан хүсэлт /хх 52 ху/

-Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх 53-54 ху/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Н.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Викторя баарны гадаа Б.Болдхүүтэй үл ялих зүйлийн улмаас маргалдан, зодож эрүүл мэндэд нь баруун дээд 1 дүгээр шүдний булгаралт, дээд уруулын шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун дээд 3 дугаар шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрнө. Миний буруу” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Болдхүүгийн “...Манай найз Адъяа дагуулж ирсэн найзтай нь маргалдаад байсан. Тэгээд байж байтал баарны хамгаалагч гараарай гэхээр нь гарцгаасан. Адьяа суугаад үлдсэн ба би тамхи татах гээд түрүүлээд гарсан. Тэгтэл араас Адъяагийн найз нь хамт ирсэн найзын хамт гарч ирээд дагаж ирсэн найз нь над руу дайраад байсан ба би учраа олоод байж байтал Адъяагийн найз хажуугаас орж ирээд нүүр рүү гараа атгаж байгаад нэг цохиод унасны дараа хэд хэдэн удаа өшиглөсөн. Би хэсэг ухаангүй болсон. ...Гэртээ очоод нүүрээ толинд харахад дээд уруул сэтэрсэн, үүдэн нэг шүд хугараад езоор үлдсэн нэг шүд нь талаараа хугарсан нийтдээ 2 шүд хугарсан баруун нүд хөхөрч хавдсан, духны зүүн хэсэгт хавдсан байдалтай байсан" гэсэн мэдүүлэг /хх 5-6 ху/, гэрч А.Адъяа, Н.Мэндсайхан нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед баруун дээд 1 дүгээр шүдний булгаралт, дээд уруулын шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун дээд 3 дугаар шүдний эмтрэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0217 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.   

Энэ хэргийн улмаас хохирогчид биед баруун дээд 1 дүгээр шүдний булгаралт, дээд уруулын шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун дээд 3 дугаар шүдний эмтрэл бүхий хохирол учирсан ба иөрдөн шалгах ажиллагааны явцад 2.500.000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 52 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн хүсэлтээр нотлогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анха удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Мэргэн овгийн Н-ийн Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 9 /ес/ сарын хугацаанд сард 90.000 /ерэн мянга/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА