| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2022/0097/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/103 |
| Огноо | 2022-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн,
улсын яллагч М.Отгонбаатар,
шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бд холбогдох эрүүгийн 2219000000159 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, С.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч С.Б нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн ...... тоотод Д.Дг зодож, түүний эрүүл мэндэд “зүүн нүдний алимны салстын цус харвалт, баруун, зүүн нүдний зовхи, зүү шуу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч С.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр тэр айлд хоночихоод маргааш нь явах санаатай байтал найзууд ирж 2 шил архи уусан. Тэгээд унтаж байтал нэг хүн цүнхнээс татаад байхаар нь зодсон. Эрэгтэй, эмэгтэй хүн аль нь байсныг мэдээгүй. Харахад эрэгтэй хүн шиг л байсан. Хохирогчид 600.000 төгрөгийг төлсөн. Нэмж ярих зүйлгүй. Хэргийн хувьд маргахгүй. Зөвшөөрнө. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Бие муу, группэд байсан. Элэгний В, С вирустэй. Эрхэлсэн ажилгүй, энэ байдлыг харгалзан үзнэ үү гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Мын гэрт ороход танихгүй эрэгтэй хүн Мын гэрийн зүүн ор нь дээр хэвтэж байсан... Мыг хүлээгээд баруун ор нь дээр сууж байхад М бас танихгүй нэг бүдүүн ахыг дагуулаад гэрт орж ирэхдээ Хараа нэртэй 0 75 литрийн 2 ширхэг архи аваад ирсэн ба бид 4 тухайн 2 ширхэг архийг хувааж ууж дуусгаад байж байхад бид хэд нилээн согтсон ба найз М, Т 2 гэрээс гараад явсан юм. Тэр үед гэрт С.Ба бид 2 үлдсэн ба би зүүн орны өмнө газар шал нь дээр сууж байхад С.Ба нь баруун орны хойд хэсэгт сууж байгаад босож ирээд намайг баруун гараараа миний зүүн хацар дээр алгадахад би дээшээ хараад газарт унахад С.Ба нь миний дээр гарч суугаад 2 гараараа миний нүүрний хэсэгт хэд хэдэн удаа цохиход гаднаас М орж ирээд та болиоч эмэгтэй хүн зодоод яаж байгаа юм бэ гээд С.Быг миний дээрээс босгож салгасан. ...Би С.Бас эмчилгээний зардал болох 600.000 төгрөгийг авсан. Одоо С.Бд ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 6-7, 8 ху/,
-Гэрч Л.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Д.Д нь танай гэрээс цүнхтэй хувцсаа авах гэсэн юм гэж байсан ба би удалгүй өөрийн гэр болох Дорноговь аймаг Сайншанд сум 1 дүгээр багийн ...... тоотод ирэхэд манай гэрт С.Б, Д нар хамт байж байсан. С.Бын найз Т гэх залуу манай гэрт ирэхдээ Хараа нэртэй 0.75 литрийн 2 ширхэг архитай ирсэн юм. Бид 4 нийлээд тухайн 2 ширхэг архийг ууж дуусгаад 15 цагийн үед би Тгийн хамт гэрээс гарч хүнтэй уулзаад буцаад Тгийн эхэнд гэрт орж ирэхэд С.Б манай гэрийн зүүн ор нь дээр Д.Дгийн дээр нь ташаа хэсэг дээр нь суусан байдалтай, ...Д.Дгийн толгой буюу нүүр хэсэг рүү зүүн гараараа олон удаа цохиж байсан ба Д.Дгийн нүүр нь хавдсан байхаар нь би С.Бд хандаж та одоо болиоч эмэгтэй хүн зодоод байхдаа яадаг юм гээд шууд С.Бын араас нь татаад босгоход С.Б нь надад хандаж Д Дг эмэгтэй биш эрэгтэй хүн байна. Бас Хятадаар яриад байна гээд байсан гэсэн мэдүүлэг /хх 13-14 ху/,
-Гэрч С.Үын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...эх Д.Д нь миний гар утас руу залгаад хүнд зодуулчихлаа хүрээд ир гэхээр нь... Мын гэрийн гадаа ирэхэд эх Д.Дгийн нүүр хэсгээр нь хавдсан хүнд зодуулсан байдалтай. ...Мын танил эрэгтэй зүгээр байхад минь зодсон гэж хэлсэн. ...М эгч С.Ба гэж хүн ээжийг чинь зодсон талаар хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-23 ху/,
-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02/0261 дугаартай дүгнэлтэнд:
1.Д.Дгийн биед зүүн нүдний алимны салстын цус харвалт, баруун зүүн нүдний зовхи, зүү шуу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх 29-30 ху/,
-Яаралтай тусламжийн хуудас, эмчилгээний баримтууд /хх 31-36 ху/,
-С.Бд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 47-57 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 62 ху/,
-Хохирогчоос гаргасан хүсэлт /хх 78 ху/,
-Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх 79-80 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч С.Б нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн ...... тоотод Д.Дг зодож, түүний эрүүл мэндэд зүүн нүдний алимны салстын цус харвалт, баруун, зүүн нүдний зовхи, зүү шуу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хэргийн хувьд маргахгүй. Зөвшөөрнө. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Дгийн “...Мын гэрт ороход танихгүй эрэгтэй хүн Мын гэрийн зүүн ор нь дээр хэвтэж байсан. ...Мыг хүлээгээд баруун ор нь дээр сууж байхад М бас танихгүй нэг бүдүүн ахыг дагуулаад гэрт орж ирэхдээ Хараа нэртэй 0 75 литрийн 2 ширхэг архи аваад ирсэн ба бид 4 тухайн 2 ширхэг архийг хувааж ууж дуусгаад байж байхад бид хэд нилээн согтсон ба найз М, Т 2 гэрээс гараад явсан юм. Тэр үед гэрт С.Ба бид 2 үлдсэн ба би зүүн орны өмнө газар шал нь дээр сууж байхад С.Ба нь баруун орны хойд хэсэгт сууж байгаад босож ирээд намайг баруун гараараа миний зүүн хацар дээр алгадахад би дээшээ хараад газарт унахад С.Ба нь миний дээр гарч суугаад 2 гараараа миний нүүрний хэсэгт хэд хэдэн удаа цохиход гаднаас М орж ирээд та болиоч эмэгтэй хүн зодоод яаж байгаа юм бэ гээд С.Быг миний дээрээс босгож салгасан" гэсэн мэдүүлэг /хх 6-7, 8 ху/, гэрч Л.М, С.Ү нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед зүүн нүдний алимны салстын цус харвалт, баруун зүүн нүдний зовхи, зүү шуу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0261 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Энэ хэргийн улмаас хохирогчийн биед зүүн нүдний алимны салстын цус харвалт, баруун зүүн нүдний зовхи, зүү шуу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролд 600.000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 78 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн хүсэлтээр нотлогдож байх тул төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, оршин суух Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооноос гарч явахыг хориглох үүргийг хүлээлгэж, оногдуулсан ял албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Довон овгийн С-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БА