Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч  Д. Ц даргалж,  тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Дорноговь аймгийн Өргөн сумын 2 дугаар багт оршин суух, Т овогт Д.Т-н  нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Т нь 1978 оны 01 дүгээр сарын 01-нээс Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд малчнаар орж 1989 оныг дуустал ажилласан бөгөөд хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэн учир 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Т  нь 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл  Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Т нь 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1980 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хоньчин, 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчнээр тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгын тодорхойлолт, Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ Амьдрал” нэгдлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 54 дугаартай ээлжийн амралтын мөнгө олгох  тухай тушаал, 1988 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ Амьдрал” нэгдлийн даргын 77 дугаартай ээлжийн амралтын мөнгө олгох тухай тушаал, 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дүгээр сарын 20-ны өдрийн Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ Амьдрал” нэгдлийн даргын 71 дугаартай ээлжийн амралтын мөнгө олгох тухай тушаал, гэрч Ш.Б “Би 1978 оноос 1989 он хүртэл Д.Т-тай Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд хамтдаа мал маллаж ажиллаж байсан. Тухайн үед Д.Т бог мал маллаж байгаад цэрэгт яваад эргэж ирээд бод мал буюу үхэр маллах болсон. Би тухайн үед тус нэгдэлд үхэр малладаг байсан бөгөөд 2 дугаар хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Д.Т нэгдэлд мал маллаж байхдаа аав, ээжтэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд Өргөн сумаас зүүн зүгт Сэнж гэдэг газар нутагладаг байсан.” гэсэн мэдүүлэг, гэрч О.Д “Д.Т “Шинэ-Амьдрал” нэгдэлд мал маллаад нэг жил болсоны дараа жил би уг нэгдэлд малчнаар орж ажиллаж эхэлсэн. Д.Т бид нар 8 дугаар ангийн боловсрол эзэмшээд илгээлтээр мал маллаж эхэлсэн. Д.Т “Шинэ-Амьдрал” нэгдэлд хонь маллаж байгаад цэрэгт явж ирээд үхэр маллаж эхэлсэн. Би тухайн үед хонь маллаж байсан. Д.Т нь 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оныг дуустал Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг гэрчилж байна.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож  байна.

Иймд дээрхи нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Д.Т-г Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1980 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хоньчин, 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчнээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  нэхэмжлэгч Т овогт Д.Т-г 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1980 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хоньчин, 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчнээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ         Д.Ц