Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/104

 

 

 

 

 

2022           06            21                                         2022/ШЦТ/104

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                           

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

улсын яллагч Б.Догмиддорж,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гад холбогдох эрүүгийн 2219000000093 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, халх. бүрэн бус дунд боловсролтой, каранист мэргэжилтэй, группид байдаг, ам бүл 1 Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг Шинэ зууны 2-207 тоотод оршин суудаг улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Түмэд овогт Б-н Г /РД:ЕВ65021113/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн орой Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Сидней нэртэй дэлгүүрийн үүдэнд хохирогч Ш.Отгонжаргалын нуруун тус газар хутгаар хутгалж, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Сидней дэлгүүрийн гадаа зогсож байсан. Отгонжаргал ирсэн. Бид 2 уулзаад байж байгаад маргалдан нуруун тус газар нь хутгалсан. Бид 2 найзууд, хамт архи уудаг. Хэргийн хувьд маргах зүйлгүй. Зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Ш.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Дэлгүүрийн урд Ганбат надад ууттай юм барьж бай гээд өгсөн. Мөн тулж байсан таягаа барьж бай гэхээр нь би үгүй ээ явлаа гэхэд намайг гартаа барьж байсан таягаараа нүүрний гол хэсэгт 2 удаа цохисон. Би таягийг булааж авах гэхэд баруун бөөр хэсэгт халуу оргиод явахаар нь баруун гараараа үзэхэд гар цус болсон. ...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор архины халуунд тоогоогүй байсан. Маргааш өдөр охин үзээд эмнэлэгт үзүүлсэн. Ганбат намайг гарын үзүүрт зарах гээд байхаар нь би үгүй, чадахгүй гэж хэлсэнд уурлаж таягаараа цохин намайг хутгалсан байх гэсэн мэдүүлэг /хх- 12-13 ху/,

 

-Гэрч О.Сугарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Дэлгэрэх хүнсний дэлгүүрийн гадаа өөрийн төрсөн аав болон Ш.Отгонжаргалтай таарсан. Манай аав архи уусан бололтой согтуу байдалтай ганцаараа явж байсан бөгөөд миний бие өвдөөд байна, би өчигдөр хүнд хутгалуулчихсан. Би шархаа цэвэрлүүлмээр байна, эм уучихаад унтмаар байна гэсэн. Би хутгалуулсан гэх шархыг нь харахад баруун талын бөөрний дээд талдаа хутгалуулсан байдалтай байсан ба боосон, цус тогтсон зүйл байгаагүй. Аавыг авч аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлээд цагдаагийн байгууллагын 7052102 дугаарт дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг /хх 16-17 ху/,

 

-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 02/0132 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.Ш.Отгонжаргалын биед нурууны шарх, зүүн чих, чамархайд цус хуралт, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Учирсан гэмтлүүд нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх 20-21 ху/,

 

-Яаралтай тусламжийн хуудас /хх 24-25 ху/,

-Б.Гад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 35-41 ху/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 55 ху/,

-Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 84 дугаар шийтгэх тогтоол /хх 57-60 ху/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн орой Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Сидней нэртэй дэлгүүрийн үүдэнд хохирогч Ш.Отгонжаргалтай маргалдан нуруун тус газар хутгаар хутгалж, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би Сидней дэлгүүрийн гадаа зогсож байсан. Отгонжаргал ирсэн. Бид 2 уулзаад байж байгаад маргалдан нуруун тус газар нь хутгалсан. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ш.Отгонжаргалын “...Дэлгүүрийн урд Ганбат надад ууттай юм барьж бай гээд өгсөн Мөн тулж байсан таягаа барьж бай гэхээр нь би үгүй ээ явлаа гэхэд намайг гартаа барьж байсан таягаараа нүүрний гол хэсэгт 2 удаа цохисон. Би таягийг булааж авах гэхэд баруун бөөр хэсэгт халуу оргиод явахаар нь баруун гараараа үзэхэд гар цус болсон. ...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор архины халуунд тоогоогүй байсан. Маргааш өдөр охин үзээд эмнэлэгт үзүүлсэн. Ганбат намайг гарын үзүүрт зарах гээд байхаар нь би үгүй, чадахгүй гэж хэлсэнд уурлаж таягаараа цохин намайг хутгалсан байх” гэсэн мэдүүлэг /хх 12-13 ху/, гэрч О.Сугарсүрэнгийн мэдүүлэг, хохирогчийн биед нурууны шарх, зүүн чих, чамархайд цус хуралт, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0132 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Энэ хэргийн улмаас хохирогчид нурууны шарх, зүүн чих, чамархайд цус хуралт, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон бөгөөд хохирогч нь хохирол нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэж, оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвхэгддэг хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Түмэд овогт Б-н Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Гад оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн ясан оруулгатай, төмөр бариултай эвхэгддэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА