Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Улсын яллагч С.Солонго,

Шүүгдэгч Ж.*******, С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Солонгогийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 303 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын *******, Боржигон овогтой ийн ******* нарт холбогдох эрүүгийн 2211001520280 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, “*******” ****** ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, *******, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

*******ын ******* /РД:*******/

Монгол улсын иргэн, -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, “*********” ХХК-д ****** ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, , тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

  Боржигон овогтой ийн ******* /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ж.******* нь 2021 оны 12 дугаар сарын 31-нээс 2022 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн үед Бүгд Найрамдах улсын хотын “” зочид буудлын пабад хохирогч С.*******тай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Яллагдагч С.******* нь 2021 оны 12 дугаар сарын 31-нээс 2022 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн үед Бүгд Найрамдах улсын хотын “”  зочид буудлын пабад хохирогч Ж.*******той маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Ж.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Би улсад аяллаар явж байгаад орой нь задгай пабад сууж байсан. С.******* эхлээд намайг цохиж, нүдний шил ширээн доогуур унасан. С.*******ийн гарыг хорьсон, цохино гэж бодоогүй байхад цохисон. Миний хамраас цус гарсан. С.******* текний араар ороод гарч ирэхдээ намайг цохиж, зодоон болсон.” гэв.

Шүүгдэгч  С.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Би 2021 оны 12 дугаар сарын 31-ний орой гэр бүлээрээ улс руу аяллаар явсан. Шинэ жилийн арга хэмжээ дууссаны дараа бүх юм хаасан. Би шөнө 1 цагийн үед Лоужнаас уух юм авахаар очиход ******* банкны залуучууд уугаад сууж байсан. Текнээс юм аваад эргэж харахад хоёр залуу намайг заамдаж авсан. Би өөрийгөө хамгаалах үүднээс нэг удаа цохисон. Тухайн үед би архи уугаагүй, эрүүл байсан. Тэгээд зодоон болсон.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: Хохирогч С.*******ийн мэдүүлэг /хх-15/, хохирогч Ж.*******ын мэдүүлэг /хх 18/, гэрч Н.ын мэдүүлэг /хх 20-21/, гэрч Б.ийн мэдүүлэг /хх 26-27/, Шүүгдэгч С.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 84/, шүүгдэгч Ж.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 53/,  Ж.*******ын ял шалгасан хуудас /хх-107/, С.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх лавлагаа /хх-106/, Ж.*******ын нийгмийн даатгалын төлдөг талаарх лавлагаа /хх-52/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Шүүгдэгч Ж.*******, С.******* нар өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдэн хохирол, хор уршиг учруулсан учраас гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хохирогч С.*******т шүүгдэгч Ж.******* хохирол төлбөрт 500.000 төгрөг төлсөн. Хохирогч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нэхэмжлээгүй учраас бусдад төлөх төлбөргүй болохыг  дурдуулах, шүүгдэгч Ж.*******, С.******* нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ж.*******, С.******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ж.*******, С.******* нар нь 2021 оны 12 дугаар сарын 31-нээс 2022 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн орчим Бүгд Найрамдах улсын хотын “” зочид буудлын пабад сууж байх даа ширээн дээр ирж архи нэхлээ гэх шалтгаанаар маргалдаж харилцан зодоон хийж С.*******т эрүүл мэндэд нь баруун 7,8 дугаар хавирганы зөрүүгүй шугаман далд хугарал, баруун 6-р хавирганы мөгөөрсний шугаман хугарал, хоёр нүдний зовхи, хүзүү, хэвлий, хоёр бугалга, зүүн шуунд цус хуралт, баруун дал, зүүн шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол, Ж.*******ын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд бүдэг шаргал өнгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Ж.*******ын өгсөн: “...Би тэр шөнө 2021 оны 12 дугаар сарын 31-ээс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний шилжих шөнө Бүгд Найрамдах улсад аялал жуулчлалаар явж байгаад бусадтай монгол улсын иргэн болох С.******* гэгчтэй хэрүүл маргаан хийж хоорондоо харилцан зодолдож байсан юм. Тэгээд дараагаар нь эндээ Монгол улсад ирээд тэр хүн эхлээд надад холбогдуулж гомдол гаргасан байна. Тэгээд би энэ хэрэгт шалгагдаж байгаа. Яагаад гэвэл бид нарын бие махбодод аль алинд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт гарсан. Би бусдын биед хүндэвтэр гэмтэл шарх учруулсан буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 41 дүгээр тал/

- Мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “..., , нарын хамтаар сууж байсан чинь шөнө нэг үл таних залуу 01:00 цагийн үед манай ширээн дээр ирээд нөгөө залуу болох С.******* нь бид нарыг хараад зогсоод байсан. Тэгээд бид нартай хэрүүл маргаан хийж байгаад бид хоёр хоорондоо адилхан барьцалдаж байгаад эхлээд тэр хүн намайг цохиж аваад миний өмсөж байсан цамц цус нөж болгоод тэгээд бас намайг цохиж аваад байхаар нь би түүнээс өөрийнхөө биеэ хамгаалж байгаа нь энэ гээд тэр хүнтэй хэрүүл маргаан болоод бас адилхан түүнтэй зодолдож байгаад тэр хүнийг зодсон юм. Тэр хүн ******* нь намайг эхлээд гараараа миний нүүрэн тус газарт хоёр удаа цохиж аваад миний хамраас их хэмжээний цус гарч байсан. Тэгээд миний өмсөж байсан хувцас хунар нэлээн их цусаар бохирлогдож байсан тул би тэр хүнээс өөрийгөө хамгаалан адилхан цохилцож авсан юм. Миний зүүн талын нүд хавдаж гэмтсэн байсан. Тэгээд толгойн арын хэсэг нь хөндүүрлэж байсан юм. Бид хоёрын маргаантай асуудалд хөндлөнгөөс хэн нэгэн хүн оролцоогүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 18 дугаар тал/

 

2. Мөрдөн байцаалтад яллагдагчаар С.*******ийн өгсөн: ...Тухайн үед би тек нь дээр очоод нөгөө залуучуудын эсрэг харж зогсоод вино захиалаад зогссон чинь араас хүн дуудахаар нь эргээд хартал нэг бүдүүн залуу байсан. Тэгснээ шууд намайг үгийн зөрүүгүй заамдаад хүзүү хоолой боогоод хажуу талаас бас нэг жижигхэн залуу давхар боогоод авахаар нь та нар яаж байгаа юм бэ ямар шалтгаан байна гэсэн чинь чи ямар зэвүүн залуу вэ чамайг ална тална гээд намайг гараараа цохиод зодоод эхэлсэн. Би зодуулаад газар хэвтээд толгойгоо хамгаалсан. Тэгэхэд намайг хаа хамаагүй зөндөө олон удаа хөлөөрөө өшиглөж, гараараа цохисон. Тэр үед харин манай аяллын группэд хамт явсан 2 ах намайг салгасан. Тэгээд би өөрөө буудлын өрөө рүүгээ орсон... гэх мэдүүлэг,

 

- Мөрдөн байцаалтад хохирогчоор С.*******ийн өгсөн: ...2021 оны 12 дугаар сарын 31-ээс 2022 оны 01 дүгээр сарын 01-ыг шилжих шөнө улсын хотын зочид буудалд амарч байсан. Тэгээд тэр шөнөдөө үл таних залууст зодуулсан. Тэр хоёр нэг нь бүдүүн нөгөөх нь намхан туранхай залуучууд байсан. Ингээд би тэр хүмүүстэйгээ тэр өдөртөө наашаа Монгол улсад хамтдаа ирж байсан. Тэгээд энд ирээд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэртэй зочид буудалд буугаад 3 хоног тусгаарлалтад байж байгаад өчигдөр гарч ирсэн юм. Тэгээд тэр залуучуудад хариуцлага тооцуулахаар танайд гомдол гаргаж өгсөн юм...Ямар учраас намайг ингэж зодсон гэдгийг нь би мэдэхгүй байна. Ямар нэгэн шалтгаангүйгээр зодсон. Маргааш өглөө нь тэд нартай очиж уулзаад асууж байсан. Та нар ямар учраас намайг ингэж зодож байгаа юм бэ гэхэд тэд нар ямар нэгэн юм дуугарахгүй байж байгаад манай дээр ирсний чинь төлөө зодсон гэж хэлж байсан. Би тэгэхээр нь танай ширээн дээр очих ямар ч шаардлага байгаагүй ээ та нар худлаа ярьж байна шдээ гэж хэлсэн юм...миний нүүрэнд нэлээн цохиж аваад ам хамар хэсэг болон хоёр нүдний орчмоор цохиж аваад хавдаж хөхрүүлсэн байгаа. Мөн миний толгой тархи өвдөж байна. Тэр жижиг намхан залуу бол намайг олон удаа цохиж байсан. Тэгээд би газарт унасан байсан. Тэр үед тал талаас нь толгой тархи болон биеийн бүхий л хэсэгт цохиж авч өшиглөж байсан юм. Тэгээд миний зүүж явсан гинж алга болсон. Тэгээд дээрээс нь тэд нарын хагалсан сувинерийн төлбөр болох 150 ам долларыг нь би төлсөн. Миний тэр гинж бол 2021 оны 08 дугаар сард Зоос гоёл дэлгүүрээс 800.000 орчим төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15 дугаар тал/

3. Мөрдөн байцаалтад гэрчээр Н.ын өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 31-ээс 2022 оны 01 дүгээр сарын 01-ныг шилжих шөнө байсан. Тэр үед бид нар гадаах талбай дээрх Пабад сууж байсан. Тэгэхэд нэг үл таних монгол залуу бид нар дээр ирээд согтуурхаад хэл ам гаргаад байсан. Тэр хүн удаа дараа ирээд байсан нэг удаа цаашаа яв гэж хэлээд явуулж байсан. Тэгсэн чинь буцаад хүрээд ирсэн. Тэгж байгаад бид нартай хэрүүл маргаан болоод манай ажлын залуу болох ******* гэгчтэй хоорондоо хэрүүл зодоон болоод байсан. Тэрнийг нь би өөрөө салгаж байсан. Тэгээд тэр хавын Пабын зөөгч бармен гэх улсын иргэд ирээд салгаж байсан. Тэгээд тэр нөхөр өөрөө цаашаа өрөө рүүгээ яваад өгсөн юм. Харин бид нар үлдээд сууж байгаад өрөөндөө орж байсан. Бид нар тэрнийг нь ерөөсөө ойлгоогүй. Тэр хүнтэй ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй байсан. Тэр  өөрөө л бид нар дээр хүрч ирээд хэрүүл өдөөд байсан. Бид нар тэр үедээ зүгээр л Пабад сууцгааж байсан юм. Би зүгээр л салгаж байсан. Тэр хүнийг зодож цохисон асуудал байхгүй. Манай ажлын газрын залуу болох Ж.******* гэгчтэй хоорондоо зодолдож байсан. Тэгээд түүний нүүр ам нь гэмтэл шарх учирсан байсан. Ж.*******ын зүүн нүд нь хавдаж хөхөрсөн, бас хамраас нь цус гарсан байсан, С.*******ийн бас зүүн нүд нь хавдаж хөхөрсөн, хүзүү хоолой хэсэгт нь улайссан байдалтай байсан. Энэ хоёр хүн нь бол угаасаа хоорондоо харилцан зодолдож байсан. Тэрнээс биш өөр энэ хоёр хүнтэй хэрүүл зодоон болсон хүн байхгүй байгаа...Тэр үед маргааш нь өдөр 13:00 цагийн үед Ж.******* бид хоёр буудлынхаа гадаа автобусандаа суух гээд байж байсан чинь С.******* нь бид хоёр дээр ирсэн. Тэгээд та нар яагаад намайг зодож байгаа юм бэ надаас уучлалт гуйсангүй гэж байсан. Бид нар чи өөрөө бид нараас уучлалт гуйх байх гэж бодоод хүлээгээд сууж байна гэтэл С.******* нь өөрөө буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан. Та өөрөө эхлээд бид нар дээр ирээд хэрүүл маргаан үүсгэсэн гэтэл үгүй гэж хэлээд байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 20 дугаар тал/

4. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.ийн өгсөн: “...Пабад нь нэг ширээнд суугаад ярилцаад байж байсан чинь тухайн буудалд амрагч, аялагч үл таних эрэгтэй хүн бид нарыг чиглэн ирж ямар нэгэн яриа өрнүүлээгүй бид нар луу муухай хараад зогсоод байсан. Тэгтэл бид нарын нэг болох гэгч нь тэр ахад та намайг таниж байна уу би танай гэр бүлийн зургийг авч өгсөн гэж хэлж байсан чинь нөгөө согтуу ах тэгээд юу гэж хэлээд муухай харж байсан. Тэгээд та санахгүй байгаа бол яах вэ бид нар хамт олноороо сууж байна та цаашаа явчих уу гэж байсан чинь тэр ах юу гэнээ гэж хэлээд дахиад муухай харж байсан. Тэр үед ******* та тэгээд цаашаа яваад өгөөч ээ гэж хэлсэн чинь тэр согтуу ах *******ыг ямар ч үгийн зөрүүгүй нэг удаа нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж аваад хамраас нь нэлээн ихээр цус гарч байсан. Тэгэхэд та яаж байгаа юм бэ цаашаа бай гэж хэлээд цааш нь түлхээд холдуулсан. Тэгтэл  ******* нь та намайг яагаад ингэж байгаа юм бэ, би ямар буруу зүйл хийсэн юм бэ гэж хэлж байсан. Тэгтэл нөгөө согтуу ах та нар тэгээд намайг яахын гэж хэлээд орилоод байсан. Тэгээд ******* босож ирээд тэр ахтай зууралдаж барьцалдаж байсан. Энэ хооронд нь салгах гэж оролдоод дийлэхгүй байсан. Тэгээд ******* тэр ах хоёр хоорондоо харрилцан хоёр биенийгээ цохиж авч байсан. Тэгж байгаад манай ширээнд хамт сууж байсан утсаар хариуцаж явж байсан гайдуудаа дуудаж байсан. Тэр үед хоёр гайд бас нэг хоёр залуу зэрэг хүсүүс ирээд тэд нарыг салгаж авсан. Тэгээд нэг мэдсэн чинь нөгөө согтуу ах дээгүүрх хувцасаа тайлаад цээжин бие нь нүцгэн заал тойрч гүйгээд байсан. Гайдууд салгаад авсан чинь нөгөө ах эд нар намайг зодсон гэж худлаа хэлээд байсан. Бид нар бол зодоогүй *******той муудалцсан гэж хэлсэн. Тэгээд  бид нар өрөө өрөөндөө орцгоосон. Харин маргааш нь бид нар өдөр цайндаа ороод гарч ирсэн чинь нөгөө ах бид нар дээр ирээд өчигдөрийн асуудлаас болж буудалд 150 ам долларын төлбөр нэхэж байна бүгдээрээ төлөх үү гэж байсан. Гайд  нь бас хэлсэн. Бид нар ямар ч буруу байхгүй учраас төлбөр төлөхгүй гэж хэлээд төлөөгүй. Тэгээд автобусаа хүлээгээд зогсож байх хооронд , ******* бид гурав хамт зогсож байхад нөгөө ах бид нар дээр хүрч ирээд 150 доллар төлөх үү гэсэн. Тэгэхэд нь бид нар зүгээр байхад та өөрөө бид нар дээр асуудал үүсгэж манай хүнийг зодсон гэж хэлсэн чинь тэр ах та нар ******* банкных гэлүү банкныхан ч ядуулдаа та нар төлж чадахгүй л дээ яахав би төлчихье гэж хэлээд Монголд очоод удирдлагуудад чинь хэлж би асуудал үүсгэнэ гэж дарамтлах өнгө аястай үг хэлж байсан. Тэгээд бид нар буруугүй шдээ та хэлэлдээ гэж хэлсэн. Тэгээд тэр ах цаашаа яваад өгсөн. Бид нар ч гэсэн автобусандаа суугаад явцгаасан. Тэр үедээ нөгөө ах эхлээд *******ыг нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж авч байсан. *******ын хамраас нь цус нэлээн ихээр гарч байсан. Тэгээд дараагаар нь тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад гараараа хоёр биенийгээ адилхан харилцан цохилцож байсан. Тэгээд маргааш нь тэр хоёрыг харахад *******ын хамран тус газарт нь хавдаж хөхөрсөн байдалтай, зүүн талын нүд нь хавдаж хөхөрсөн байсан. Нөгөө ах хар нүдний шилтэй, масктай байсан тул би сайн анзаараагүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 26-27 дугаар тал/

5. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.гийн өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 31-ээс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний шилжих шөнө аялагчдын амарч байсан буудлаас зохион байгуулсан шинэ жилийн арга хэмжээнд оролцсон. Тэр үедээ бид нар дөрвүүлээ сууцгааж байсан. Пабад , , ******* нарын хамт ажлынхаа тухай ярилцаад сууж байсан. Тэгээд биднийг ярилцаад сууж байхад үл таних согтуу эрэгтэй сандлын цаанаас ажиглаад байсан. Тэгээд ын зүгээс та яах гээд энүүгээр яваад байгаа юм бэ бид хамт олноороо байна. Би таньтай аяллын эхний өдөр таараад эхнэр, хүүхдүүдтэй чинь зургийг чинь далайн эргээр яваад зураг авч өгсөн санаж байна уу. Та чинь гэр бүлээрээ явж байгаа юм байна лээ шдээ гэхэд үл тоосон шинж гаргаж байсан. Тэгээд тэр ах эргэж цаашаа яваад текний тэнд очоод буцаж ирээд *******ыг цохиж авсан. Тэгээд  ******* эхлээд цохиулчхаад та яаж байгаа юм бэ гээд сууж байсан. Тэгсэн чинь нөгөө ах би энүүгээр явж болохгүй юмуу та нарын өмчлөөд авсан газар уу гэж байснаа буцаад ******* руу дайрч байсан. Тэгтэл ******* уурлаад босож ирсэн. , хоёр хажууд нь болиоч ээ гэж хэлсэн. ын зүгээс дундуур нь орох гэж оролдож байсан. Гэвч  дийлэхгүй байсан. Миний зүгээс ийн утсаар нь бусад аялалд хамт явсан аялалын хөтөч нарыг дуудаж ирүүлсэн. Тэдний ирэх хугацаа ойролцоогоор 5-7 минут болсон. Ирэх хугацаанд тус зодоон харилцан байдлаар үргэлжилсэн ба согтуу ах заалаар гүйж байсан. Мөн цамцаа тайлсан байсан. *******ын цамц цустай өмсөх аргагүй болсон. Тиймээс цамцаа тайлаад тэнд нь үлдээсэн. Тэр ах заалаар гүйж байхдаа өөрийн гар утасыг зааланд унагаасан байсныг миний бие олоод тус аялалын хөтчид өгсөн. Аялалын хөтөч нарын зүгээс гомдолоо өглөө шийдсэн нь дээр одоо тарж амарцгаасан нь дээр гээд бүгд тараад өрөө өрөөндөө орсон. Маргааш өглөө нь харахад *******ын нүд нь маш их хавдартай байсан тул нүдний шил зүүж, саравчтай малгайтай байсан. Нөгөө ахын хувьд масктай, хар нүдний шилтэй байсан тул ажиглах боломжгүй байсан. Аялалын хөтчийн зүгээс 150 долларын төлбөр гарсан хувааж төлөх талаар бидэнд хэлэхэд миний зүгээс бид гомдолтой байгаа тул тус төлбөрийг төлөхгүй. Бид ямар ч асуудалгүй байхад ирж зодоон хийснээс болж манай хамт сууж байсан ажилтан хохирсон. Тиймээс  ямар ч төлбөр төлөх боломжгүй талаар хэлсэн. Аялал ажилтай дуусч байхад бидэнд тус согтуу хүн ирж *******ыг зодож тухайн нөхцөл байдалд ая тухтай байдлыг алдуулж, сэтгэл санааны дам хохирол бидэнд үзүүлсэн. Гаднаас харахад нөгөө согтуу залуу эхэлж цохисон. Тиймээс *******ын зүгээс өөрийгөө хамгаалан. харилцан зодолдсон. салгах гэж оролдсон. болиоч ээ гэж хэлсэн. Миний зүгээс утсаар бусдыгаа дуудаад зогсож байсан. Тэр согтуу ах та нар намайг яахын гээд орилоод гүйгээд байсан.Тэр 2 хоорондоо гараараа бие биенээ харилцан цохилцсон, ямар нэгэн юм байхгүй байсан. Маргааш нь харахад *******ын нүд хавдаж хөхөрсөн, шил зүүсэн, саравчтай малгайтай байсан. Нөгөө ах масктай, хар шилтэй байсан тул ажиглаж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 29 дүгээр тал/

6. Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн, Шүүх Эмнэлгийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн, Шүүх Эмнэлгийн Шинжилгээний Газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 1678 дугаар: Ж.*******ын биед зүүн нүдний дээд, доод зовхинд бүдэг шаргал өнгийн цус хуралт  гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт,

/хх-ийн 32 дугаар тал/

7. Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн, Шүүх Эмнэлгийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн, Шүүх Эмнэлгийн Шинжилгээний Газрын шинжээч эмч Ц.Бадралын 1468 дугаар: С.*******ийн биед баруун 7,8 дугаар хавирганы зөрүүгүй шугаман далд хугарал, баруун 6-р хавирганы мөгөөрсний шугаман хугарал, хоёр нүдний зовхи, хүзүү, хэвлий, хоёр бугалга, зүүн шуунд цус хуралт, баруун дал, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. гэх дүгнэлт,

/хх-ийн 34 дүгээр тал/

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 106-107 дугаар тал/

9. шүүгдэгч Ж.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд,

/хх-ийн 48-53 дугаар тал/

10. шүүгдэгч С.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 83-88 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ж.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч С.*******ийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч С.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Ж.*******ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.*******, С.******* нар нь харилцан зодолдсон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба харилцан зодолдсоны улмаас С.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл, Ж.*******ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 1678,1468 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Ж.*******, С.******* нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

   Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ж.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ж.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.*******ийн бие махбодод хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч “...500.000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...”,

Шүүгдэгч С.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.*******ын бие  махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч ...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...гэсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж тус тус үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Ж.*******, С.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож прокурортой тохиролцсон ялын төрөл хэмжээний дотор буюу 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр  торгох ял,

Шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож прокурортой тохиролцсон ялын төрөл хэмжээний дотор буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял  тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

     Шүүгдэгч Ж.Баттулга, С.******* нар нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.        

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

            Шүүгдэгч Боржигон овогтой ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус  тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******, С.******* нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ж.*******, С.******* нар нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******, С.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ