Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Г.Баясгалан,

Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 128 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн *******д холбогдох эрүүгийн 2207000000127 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *******, ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй.

овогт гийн ******* /РД: *******/,

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч О.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хороо ******* тоот дахь гэртээ хохирогч Г.*******ыг “Эрүү мөргөсөн гэх” шалтгаанаар түүний нүүр хэсэгт тохойгоороо цохин халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зовхи, хацар, шанаа, эрүү, уруул, хүзүү, хоёр чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салст, завжинд шарх, баруун доод 1-дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  О.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр би Налайхад хүн эргэчхээд айлд очсон. Очиход нэг, хоёр хүн архи уугаад сууж байсан. Би эхнэртэйгээ доод талын дэлгүүр орж ганц нэг авсан. Би машин барьж байсан тул тэнд нэг их архи дарс уугаагүй. Тэгээд ******* танайх хөдөө байдаг юм байна, танайд очъё гэхээр нь гэр лүүгээ аваад явсан. Хүн гэртээ авчирч байгаа юм чинь яаж зүгээр байх вэ гэж бодоод замдаа нэг шил архи авсан. Тэгээд очиж архиа уугаад нэлээд согтоцгоосон. Манайх давхар гэртэй, орой унтах гээд хэвтэж байтал үүдний гэрт юм түчигнээд байхаар нь очоод хартал ******* үүдний хатавч руу шээх гээд зогсож байсан. Тэгэхээр нь наана чинь шээж болохгүй гээд гаргаад шээлгэсэн. Манай хажууханд ДДШ-ийн антен гурван дугуйн дээр тавьсан байсан. Хоёр гэрийн залгасан залгаа руу ооччихсон юм. Босгож ирээд нөгөө давхар гэр лүүгээ оруулах гэтэл намайг эрүүн доороос мөргөчихсөн юм. Тэгээд би хэлээ хазчихсан. Чи яасан үгэнд ордоггүй юм гээд тохойгоороо цохитол үүдний тэнд ооччихсон. Тэгээд босгоод гэрт оруулж эхнэрийнх нь өвөрт хэвтүүлсэн.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: хохирогч Г.*******ын мэдүүлэг /хх 9/, гэрч Б.йн мэдүүлэг /хх 13/, гэрч Б.*******гийн мэдүүлэг /хх 15/, шинжээчийн 5878 дугаартай дүгнэлт /хх 20-21/, хохирогч Г.*******ын гомдол саналгүйг илэрхийлсэн бичиг /хх 62/, хохирлыг төлж барагдуулсан зарлагын баримт /хх 63/   зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болохыг дурдаж, эрүүгийн хариуцлагыг оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Үүнд шүүгдэгч О.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон. Харин эсрэгээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. О.******* нь яллагдагчаар прокурорын  хяналтын шатанд байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хохирогчтой эвлэрсэн талаараа хүсэлтдээ дурдаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Прокурорын зүгээс хүсэлт болон хэргийг хянаж үзээд  нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирол төлбөрөө төлсөн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзээд түүнтэй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал дээр тохиролцсон. Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа бичгээр үйлдэж баримт гаргасан тул шүүгдэгч О.*******г бусдад төлбөргүйд тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдуулах саналтай байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд О.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 22 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хороо ******* тоот дахь гэртээ хохирогч Г.*******тай согтууруулах ундааны зүйл хэрэглэж гарч бие засахдаа  үүдний хатавч руу шээх гэлээ гэж холдуулан буцаж орохдоо “Эрүү рүү мөргөлөө” гэх шалтгаанаар түүний нүүр хэсэгт тохойгоороо цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зовхи, хацар, шанаа, эрүү, уруул, хүзүү, хоёр чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салст, завжинд шарх, баруун доод 1-дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар О.*******гийн өгсөн: “...******* нь гэрт шээх гэж байхаар нь гаргаж бие засуулаад буцаагаад оруулж явахад миний эрүү рүү мөргөсөн. Өөрөө ч намхан хүн байна лээ. Их согтуугаасаа болоод гуйвж дайвж байгаад яг миний эрүүн дээр толгой нь таараад мөргөгдөх үед би хэлээ хазсан. Тэгээд л жоохон дургүй хүрээд тохойгоороо цохисон. Айхтар маргалдаж муудалцсан зүйл бол байхгүй...Би гараараа *******ын зүүн талын эрүү, шанаа хоёрын голд нь тохойдсон...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 34 дүгээр тал/

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Г.*******ын өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр танил гийн гэрт эхнэр йн хамт 12 цагийн үед салхинд гарахаар ирсэн. Ингээд гийн эхнэр Цэцэгээ хоол хийж өгөөд байж байтал 13 цагийн үед тухайн танилцсан ******* эхнэр Эрдэнтуяагийн хамт ирсэн. Тэгээд бид нар 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад дахиад бид нар дэлгүүр орж 1 шил 0,5 литрийн Хараа, 1 шил 0,33 литрийн Хараа нэртэй архи аваад буцаж явах замдаа 0,33 литрийн Хараа нэртэй архийг хувааж уугаад дуусгаад гийн гэрт очиж эхнэрүүдтэйгээ нийлээд хамтдаа 0,5 литрийн Хараа нэртэй архиа уунгаа дуулж хуурдаад хөгжилдөж байгаад 19 цагийн үед байх ******* эхнэртэйгээ явахдаа манайх ойрхон байдаг юм ах, эгч хоёртой сайн танилцлаа манайд очиж амар гэхээр нь эхнэр бид 2 зөвшөөрөөд дөрвүүлээ *******гийн машинтай Налайх дүүргийн 1 дүгээр хороо Их ам гэх нэртэй газар байх *******гийн гэрт очсон. Замдаа дэлгүүрээс 1 шил 0,5 литрийн Соёрхол нэртэй архи авсаныгаа хувааж уугаад хоорондоо ойр зуурын юм ярьж байгаад 22 цагийн үед дуусгаад унтахаар бүгдээрээ хэвтээд би бие засчхаад унтая гэж бодоод бостол ******* бас хамт гарч бие засая гэхээр нь зөвшөөрөөд хамтадаа гараад бие засч байхад ******* түрүүлээд буцаад гэр рүүгээ орсон. Би араас нь орох гэтэл хаалга нь дотроосоо цоожтой байхаар нь цохиод онгойлгохгүй болохоор нь хүчтэй балбаад цохисон чинь ******* хаалгаа онгойлгохоор нь яваад ортол миний зүүн шанаа руу цохиод би газар унаад хэсэг хугацаанд ухаан алдсан бололтой нэг сэртэл *******гийнх 2 гэр давхарлаад барьсан байсан ба үүдний гэрийн үүд хэсэгт хэвтэж байсан болохоор босоод мөлхөөд арын гэр рүү ороод хөгшинийхөө хажуугаар ороод хэвтсэн чинь хамар, амнаас цус гараад байхаар нь үүрээр 4-өөс 5 цагийн үед эхнэртээ хэлээд босоод иртэл ******* байхгүй эхнэр нь байхаар нь болсон асуудлыг хэлээд шууд унаа дуудаалаад Улаанбаатар хотод ирж эмнэлэгт үзүүлсэн. Миний нүүрний зүүн тал тэр чигтээ хавдаад завжны дотор талд 3 оёдол тавиулсан. Мөн үүдэн нэг шүд хөдөлсөн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 9 дүгээр тал/

3. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.йн өгсөн: “...Би 2022 оын 04 дүгээр сарын 16-ны өдөр нөхөр Б.*******ын хамт 12 цагийн үед Улаанбаатар хотоос Налайх дүүрэгт автобусаар ирээд Буян Налайхын автобусны буудлын наана буугаад Налайх дүүргийн ын нээвтийн хашаа гэх том хашааны манаач гэх хүний гэрт очоод сууж байсан чинь гаднаас нэг машинтай ******* гэх залуу эхнэр ******* гэх эмэгтэйн хамт ирээд бид хэд хамтдаа 0,75 литрийн Хараа нэртэй 3 шил архи хувааж уугаад, танилцаад сууж байгаад нөгөө ******* сайхан танилцлаа хэдүүлээ манай гэрт очъё гээд би нөхөртэйгөө хамт *******гийн гэрт очоод дахиад 0,5 литрийн Соёрхол гэх нэртэй архи хувааж уугаад 21 цаг өнгөрч байхад бид хэд архи дуусаад унтаж амрах гээд сууж байсан. Тэгээд манай нөхөр, ******* хоёр гэрээс бие засах гэж гараад 15 гаруй минут болоод эргээд манай нөхөр гэрт орж ирэхэд амнаас нь цус гарсан байдалтай орж ирэхээр нь яасан бэ гэсэн чинь манай нөхөр юу ч хэлэхгүй бид хоёр унтаад шөнийн 03 цагийн үед ус гэхээр нь ус өгөх гэж харсан чинь нүүр нь хавдаад юм сайн ярьж чадахгүй байхаар нь би чи яг яасан юм бэ гэсэн чинь бид хоёр бие засах гээд гараад эргээд орох гэсэн чинь ******* гэрийн хаалгаа цоожлохоор нь хаалга гээд тогшсон чинь ******* намайг гараараа цохисон. Би өөр зүйл санахгүй байна гэсэн. Тэгээд би *******тэй уулзах гэсэн гэртээ байгаагүй хаашаа явсныг мэдэхгүй байна. Тэгээд *******гийн эхнэртэй хамт Улаанбаатар хот орж Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Манай нөхрийн биед одоо амны хоёр талын завж дотор 3 оёдолтой, доод уруул 4 оёдол тавьсан. Одоо юм ярьж хэлж чадахгүй, зүүн хацар нь хавдаад юм харж чадахгүй байгаа...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13 дугаар тал/

4. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.*******гийн өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр манай нөхөр бид 2 Налайх дүүрэгт орж ирээд өвс авах гэсэн чинь байхгүй байхаар нь манай нөхрийн найз гийн гэрт 11 цагийн үед болов уу очсон. Тэгтэл гийн гэрт ******* нь эхнэр йнхээ хамт ирсэн хоол унд хийгээд байж байхаар нь хоол унд идчихээд байж байтал 1 шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архи гаргаж ирээд тэрийг хувааж уучхаад дахиад нэг шил архи авахаар болоод *******, , манай хөгшин 3 яваад 1 шил архи авчирсан байхаа сайн санахгүй байна. Тэгээд авчирсан архийг нь хувааж уугаад манай нөхөр бид 2 явах болоод хөдлөх болтол *******, нар нь манай гэрт очино гээд машин дотор орж ирээд суучихсан гийн эхнэр нь буулгах гэхэд буухгүй гээд байхаар нь хөдлөөд замдаа дэлгүүр дээр зогсоод би 1 шил 0,5 литрийн соёрхол нэртэй архи аваад Бодбаатар, нар архи авсан эсэхийг мэдэхгүй байна. Миний толгой өвдөөд дээрээс нь архи уусан байсан болохоор сайн санахгүй байна. Ингээд манай гэрт 16 цагийн үед болов уу ирээд би авчирсан архиа гаргаж өгөөд тэрийгээ хуваагаад ууж байснаа санаж байгаа тэрнээс хойш юу болсоныг санахгүй байна. Нэг мэдэхэд би унтаж байгаад сэрж байсан ба манай нөхөр *******, *******, нар ширээ тойроод сууж байсан. *******, нар нь хоорондоо архины хэрүүл хийгээд байгаа бололтой эхнэр нь нөхөр рүүгээ чи архи их уулаа гээд ******* нь болохоор чи архиа гаргаад ир уумаар байна гээд хоорондоо маргалдаад байхаар нь би тоолгүй унтаад өгсөн. Ингээд нэг сэртэл *******, ******* нар хоёулаа байхгүй нь хойморийн орон дээр ягаан хөнжил нөмөрсөн унтаж байхаар нь за гадаа байгаа юм байлгүй гэж бодоод хэсэг дуг хийгээд дахиад хартал хойморийн орон дээр ******* ороод ирсэн доошоо хараад суусан эхнэр нь унтсан хэвэндээ байхаар нь нөхрийгөө хартал байхгүй байхаар нь дахиад л унтаад өгсөн. Өглөө 04 цаг өнгөрөөд 05 цагийн үед сэрээд бостол манай нөхөр ******* байхгүй байхаар нь хаашаа явсан юм болдоо гэж бодоод гайхаад ямар ч байсан галаа түлээд цай чанах гээд нааш цааш явж байтал ******* гуайн нүүр нь тэр чигтээ хавдсан байхаар нь яасан бэ, юу болсон гэхэд ******* танай нөхөр цохисон гэхээр нь би айгаад шууд такси дуудаад удалгүй ирэхээр нь , ******* бид 3 суугаад шууд эмнэлэг дээр ирсэн ба нөхөр рүүгээ залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд орой нь гэртээ иртэл манай нөхөр ******* ирсэн байхаар нь болсон асуудлыг хэлэхэд намайг мөргөөд би хэлээ хазахаар нь гараараа цохисон юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15 дугаар тал/

            5. Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмчээр Б.Ганзоригийн өгсөн: “...Г.*******ын биед учирсан гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгүй. Учир нь нүүрний зүүн хэсэг их хэмжээний хаван хавдартай, уруул, хүзүү, эрүүний баруун хэсэг, баруун чих орчимд цус хуралтуудтай, баруун 1-р доод шүд суларсан зэрэг гэмтлүүд нь 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжгүй. Мохоо зүйлийн 2 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Г.*******ын биед унах үеийн сонгомол шинж байхгүй байна. Учир нь унах үед нүдрэх, нүдрэгдэх, хүчний үйлчлэлээр зулгаралтууд биеийн төвгөр хэсэгт үүсдэг. Г.*******ын биед зулгаралт байхгүй. Хаван, хавдар, зөөлөн эдийн няцралтууд байна...” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 23-24 дүгээр тал/

6. Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 5878 дугаар: “Г.*******ын биед тархи доргилт, зүүн зовхи, хацар, шанаа, эрүү, уруул, хүзүү, хоёр чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салст, завжинд шарх, баруун доод 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-ийн 21 дүгээр тал/

7. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 5-6 дугаар тал/

8. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 50 дугаар тал/

9. шүүгдэгч О.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 51-58 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч О.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Г.*******ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.******* нь хохирогч Г.*******ын нүүрэн хэсэгт нь тохойгоороо цохисон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид цохиулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 5878 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч О.*******г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

   Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч О.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******ын бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...эмчилгээний зардалд 1.312.000 төгрөг авсан. Гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд О.*******г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул прокурортой тохиролцсон ялын төрөл хэмжээний дотор буюу 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

     Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******г  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

   5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ