Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/104

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                                  М.Баярмэнд

Улсын яллагч                                                  Б.*******

Шүүгдэгч                                                            П.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Б.*******

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч          Б.*******     

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.         

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Завхан  аймаг Улиастай суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эгчийн хамт Завхан аймгийн Улиастай сумын *******од оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******ийн ******* /РД:/

Шүүгдэгч П.******* нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний орой Завхан аймгийн Улиастай сум Чигэстэй баг тоотод байрлах гэртээ иргэн Б.г “хялар, сохор” гэж хэлсэн хэмээн уурлаж улмаар түүний нуруун тус газар буцалсан халуун  цай /ус/ цацаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч П.******* нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний орой Завхан аймгийн Улиастай сум Чигэстэй баг тоотод байрлах гэртээ  Б.тэй  маргалдан  халуун цай цацаж түүний нурууг түлсэн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:

Энэ талаараа мэдүүлсэн хохирогч Б.гийн “...П.******* нь юунаас болоод гэдгийг нь мэдэхгүй уурлаад байсан. Тэгтэл гэнэтхэн ус буцалгагчинд буцалж байсан халууг цайг миний нуруу руу асгасан. Тэгээд эгч Б. бид хоёр эмнэлэгт очиж боолт хийлгэсэн. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх хохирол байхгүй...” гэсэн мэдүүлгээр,  

Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Б.*******ийн “...Б. тэр өдөр гэртээ байсан хоол хийх гээд мах хэрчээд сууж байтал охин П.******* нь гэнэтхэн уурлаад хөргөгчийн хажууд ус буцалгагчинд цай чанаж байхад буцалсан усыг аваад Б.гийн нуруу руу нь асгасан. Тэгээд “хөөе яадаг билээ, юу болов” гэхэд үлдсэн жаахан усыг нь над руу цацсан. Миний гарын шуу хэсэгт бага зэрэг улайж түлэгдсэн байсан одоо зүгээр ямар нэгэн шарх сорви байхгүй эдгэсэн байгаа...” гэсэн мэдүүлгээр,

Хэргээ хүлээн мэдүүлж яллагдагчаар өгсөн П.*******гийн “...2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр би группээ сунгуулаад ээжтэйгээ хамт орой 19 цагийн орчимд гэртээ ирсэн. ...ус буцалгагчинд цай чанаж байхад эгч Б. намайг хялар, сохор гэх зэргээр доромжлоод байхаар нь гэнэтхэн уур хүрээд ус буцалгагчинд буцалж байсан цайг аваад Б. эгчийг цаашаа хараад сууж байхаар нь нуруу руу нь цацсан ийм л асуудал болсон. Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгээр  тогтоогдож байна.

Шүүгдэгч П.*******гийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 00000131 дугаартай “...1.Иргэн Б.гийн биед гэмтэл учирсан байна. 2.Иргэн Б.гийн биед нурууны зүүн талд, зүүн дал, мөр дайрсан түлэгдэлт гэмтэл учирсан байна. 3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4.Уг гэмтэл нь халуун хэмийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 5.Хохирогчийн биед үүссэн гэмтлийг халуун шингэн зүйлээр үйлдсэн байх боломжтой. 6.Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй. 7.Биеийн эрүүл мэндэд түр хугацаагаар сарниулна. 8.Иргэн Б.гийн биед нурууны зүүн талд, зүүн дал, мөр дайрсан түлэгдэлт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон  хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг  нотолсон байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд түүний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч П.******* нь хохирогч Б.гийн нуруун тус газар буцалсан халуун цай  цацаж  түлсэн үйлдэлдээ шууд санаатай хандсан байна.

Шүүгдэгч П.******* хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангажээ.

Иймд шүүгдэгч П.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Хохирогч Б.  нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч П.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу  1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч П.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгч П.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэж, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч  П.*******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан ялаас чөлөөлж болох гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөргүй, гомдолгүй гэсэн хүсэлт болон хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувьтай зэрэг түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-д заасныг баримтлан оногдуулсан дээрх торгох ялаас чөлөөлөх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд  нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч П.*******д 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

П.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1,6, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  П.*******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгийн торгох ялаас  чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч П.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч П.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэгчтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н. ДЭЛГЭРМАА