Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/108

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                            Ч.Алтанзул

Улсын яллагч                                             Б.*******

Шүүгдэгч                                                     Э.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мал малладаг,  ам бүл 2, ээжийн хамт амьдардаг. Завхан аймгийн Завханмандал сумын баг 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар: /РД:*******/

Шүүгдэгч Э.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Завханмандал сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “” гэх газар иргэн *******ын гэрийн гадна 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Т.*******тай маргалдан нүүрэн тус газар нь цохиж, цээжний хэсэгт өшиглөн биед нь дээд үүдэн баруун зүүн 1 дүгээр шүдний уналт, баруун хацрын доод хэсэгт зулгаралт, баруун нүдний салстад, баруун суганы ар хэсэгт цус хуралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Завханмандал сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “” гэх газар иргэн *******ын гэрийн гадна хохирогч Т.*******тай маргалдан нүүрэн тус газар нь цохиж, цээжний хэсэгт өшиглөсөн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

Зодуулсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Т.*******гийн “...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би бог малаа хариулаад Баян-Улааны ар талд явж байсан. ...Удалгүй ******* мотоциклтойгоо ирсэн. Тэгээд өврөөсөө 0.75 литр  Ерөөл нэртэй архи гаргаж ирсэн. ...архийг бид 2 тал дунд нь оруулаад гэдэг айлд очсон. ...архиа  ууж байтал ******* манайд ирээд ямаа самнаад тус болдоггүй гээд айлд агсам согтуу тавьсан. Тэгэхээр нь чи айлд битгий агсам согтуу тавиад бай гэсэн чинь намайг ******* намайг зодсон юм. ...******* миний толгой болон нүүр лүү гараа атгаж байгаад 5 удаа цохисон. Мөн унагааж байгаад цээж рүү 4 удаа өшиглөсөн. Би *******д зодуулаад үүдэн 2 шүдгүй болсон одоо юм идэхээр өвдөөд байгаа...”гэсэн мэдүүлгээр,

Хохирогчийн мэдүүлгийг баталж  мэдүүлсэн гэрч З.ийн “...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр манай бэр ...******* манайд агсам тавиад байна гэсэн. ...гэрийн гадна *******, *******гийн дээр гарчихсан гараа атгаад цохиод байсан. Тэгээд би салгах гээд гараас нь татсан чинь гараа угз татаж аваад *******г зодоод байсан. Тэгээд наад хүнээ аллаа шүү одоо болиоч гээд орилсон чинь болиод боссон юм. ...Бид хоёрыг очиход гэрийн гадаа зодож байсан. Ямар нэгэн багаж зэвсгээр зодоогүй гараа атгаж байгаад нүүр лүү нь зөндөө цохисон мөн унагаад байгаад цээж рүү нь өшиглөөд байсан...”гэсэн мэдүүлгээр,

Гэрч У.ын “...2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн орчимд Баян-Улаан багийн иргэн Т.******* нь бусдад зодууллаа гэж манай эмнэлэг дээр ирж үзүүлсэн. ...үзлэгээр нүүрний зарим хэсэг шалбарсан шинэ шархтай баруун нүдний цагаан хэсэгт цус хурсан, баруун суганы ард арьсандаа цус хурж хөхөрсөн, баруун талын 7,8 дугаар хавирганы засвараар эмзэглэлтэй, үүдэн 2 шүд унасан буйл хонхортой шархтай байсан. Гэрэлд харахад дээд мөчний яснуудад хугарал илрээгүй мөн хавирга ясанд хугарал илрээгүй...”гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн Э.*******гийн “... 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Ургамал сум руу орж бензин аваад буцаад гэр рүүгээ явж байхдаа дэлгүүрээс 2 лааз пиво авсан түүнийгээ уугаад сууж байхад хохирогч ******* залгаад чи төв орсон бол ганц юм аваад ирээч гэхээр нь буцаж дэлгүүр ороод 0.75 литр хэмжээтэй хараа нэртэй архи аваад  Завханмандал сумын нутаг дэвсгэр болох Баян-Улаан гэх газарт 14 цагийн орчимд дунд зам дээр ******* намайг хүлээж байхаар нь  ...бид хоёр гэх айлд очоод үлдсэн архиа хувааж уусан. Тэгтэл ******* чи миний 5 ямааг хулгайгаар авч яваад самнасан гээд гүтгээд агсраад байхаар нь түүний нүүр, эрүү орчимд нь 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгтэл түүний уруул, амнаас нь цус гарсан. Энэ үед багийн эмч , , нөхөр ын хамт ирээд бид хоёрыг салгасан... Би хохирогч Т.*******д эмчилгээний зардал гэж 500.000 төгрөг бэлнээр өгсөн...” мэдүүлгээр,

Шүүгдэгч Э.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Т.*******гийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад П.гийн “...Т.*******н дээд үүдэн баруун зүүн 1 дүгээр шүдний уналт, баруун харын доод хэсэгт зулгаралт, баруун нүдний салстад, баруун суганы ар хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо үйлчлэлээр үүсгэгдэж болно. Иргэн Т.*******н дээд үүдэн баруун, зүүн 1 дүгээр шүдний уналт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.52.2-д заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдалтанд 10 хувиар нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун доод хацрын доод хэсэгт зулгаралт, баруун нүдний салстад, баруун суганы ар хэсэгт цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Т.*******н биед учирсан гэмтлүүд нь нийт байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн  дүгнэлт болон бусад  хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Э.******* нь хохирогч Т.*******н Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангажээ.

Иймд шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Хохирогч болон иргэний нэхэмжлэгчид “хохирлоо бүрэн барагдуулсан, гомдол санал байхгүй” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                  2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Э.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.*******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан  болохыг тус тус дурдах нь зүйтэй  гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард  /166.666 / төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Э.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДЭЛГЭРМАА